Зохиолч, орчуулагч, судлаач Я.Ганбаатар |
Аливаа шүлгийг олон талаас нь, олон янзаар тайлбарлан
дүгнэж болно. Гэвч энэ удаад би багтаамжтай шүлэг гэдэг нэгэн ойлголтыг хөндөн
ярихыг хүсч байна. Тийм ээ, багтаамжтай шүлэг. Ийм ойлголт ямар ч зүйл дээр
байж болох ч шүлэг гэдэг жижиг хэмжээний уран бүтээл дээр авч үзэхэд аргагүй л
уран бүтээлчийн авьяас чадал, билиг онгод, ур ухаан, мэдлэг боловсролыг бэлхнээ
тусган илтгэсэн, аргагүй л чухаг содон ухагдахуун мөн. Багтаамжтай шүлэг. Энэ
бол жижиг хэмжээний шүлгийн маш бага орон зайд асар ихийг, бүр хязгааргүй ихийг
багтаасан, агуулга, илэрхийллийн далайцтай тийм сайн шүлгийг хэлж байгаа хэрэг.
Ийм жишээ дэлхийн яруу найргийн их далайгаас олныг шүүрдэн үзэж, шүүн хэлэлцэж
болно. Энд нэгэн жишээ татья:
Дорно дахины яруу
найрагт хятадын ард түмний оруулсан гайхамшигт өв болох нангиад найргийн
илэрхийлсэн утга санааг бүрэн гүйцэд ойлгож мэдрэхийн тулд аргагүй л гүн
сэтгэлгээ, чөлөөтэй, хязгааргүй сэтгэж задлан бодох чадвар шаардана. Ийм ч
учраас аль ч шүлгийг нь тэр хэдхэн шад мөрөнд хадсан хэдхэн үгсийн шууд утгаар
хүлээж авах нь өрөөсгөл явцуу ойлголт болох юм. VII зууны
үеийн нангиадын яруу найрагч Бай Зюй И-гийн “Мацаг барьдаг шөнө” шүлэгт:
Мацаг барьдаг шөнө саргүй харанхуй, галгүй хүйтэн,
Манант харанхуйд хүлүүлэн цэцэгсийн думд шөнийг үднэм.
Мандах үүрийн хяраагаар насаан үргээж буцаанам.
Магадтайяа дөч хүрэхэд ганцхан жил үлджээ... гэж
өгүүлдэг.
Дөрвөн шад бүхий нэг бадаг энэ шүлгийн шад бүхэн гүн утга
агуулсан байна. Эхний шад нь нэгэн шөнийг хэлж. Гэхдээ ердийн нэг шөнө биш,
мацаг барьдаг шөнө. Үүгээр бурхны шашны их ёс, магадгүй нангиад газар дэлгэрсэн
хөхийн шашин, эсхүл буддын шашин, нангиадын гүн ухааны хосолмол Бомбын ёсны зан
үйлийг ч зааж байх шиг. Ёс төрийг эрхэмлэдэг дорно дахинаа аливаа зан үйл тун
их учир утгатай, дэг жаягтай билээ. Дээр нь бас энэ удаагийн мацаг барьсан шөнө
саргүй харанхуй, ёсоо дагаад гал ч гаргахгүй болохоор гэрт хүйтэн жихүүн ажээ.
Энэ нь гүн утгаараа “ертөнцийн бодит ахуй чухам ийм ээ” гэдгийг хэлж байна.
Удаахь шадад манант харанхуй болсон ертөнцийн бодит, зовлонт
ахуйд өөрийн эрхгүй ”хүлүүлэн” цэцэгсийн думд шөнийг үдэж буй аж. Найрагч энд
цэцэгсээр төлөөлүүлэн мөнөөх зовлонт ертөнцийн дунд агч хүмүний аж төрөл угаас
өнгөн төдий нүд баясган үзэгдэх алаг цэцэгс мэт хуурамч зүйл ээ гэдгийг
хэлэхдээ, тиймээс энэ насны аж төрөл бол “цэцэгсийн думдахь шөнө” лугаа адил аа
гэж хэлэх мэт.
Гутгаар шадад эцэс хязгааргүй мэт үүр цайж, мацаг барьсан
зовлонт шөнө арай ядан өнгөрлөө хэмээн баясан амарлин бодох атал, сая үзэхүл
өөрөө нэгэн нас нэмж буй аж. Дорнын цаг дохионы тооллоор монголын цагаан сар,
хятад, солонгосын хаврын баяр, түвд, японы шинэ жилийн эхний өдөр–шинийн нэгэн
гармагц нэгэн нас нэмлээ хэмээн тооцдог. Үүн шиг хятадууд томоохон тоололт цаг
дохионы өдрийг мөн тэгж үздэг байна. Чингээд шүлэгч бээр насаа үргээн буцааж
буй нь мөн л хятадын ёс заншил. Тоолоод үзэхүл дөч хүрэхэд нэгэн он үлджээ. Энэ
сүүлчийн шадад найрагчийн сэтгэлийн олон өнгө аяс шингэснийг олж мэдэж болно.
Юуны өмнө тэрбээр нас тогтож буйгаа, насны даваан дээр гарч, насны намар гадаа
ирж буйг хэлж хөнгөхөн гуниглаж шүүрс алдах шиг болном.
Нөгөөтэйгүүр дөчин нас гэдэг дорно дахинаа эр бие
тэгширч, сэтгэл оюун уужирч тогтнодог нас. Манай ардын сургаалд “Дөч хүрсэн эр,
дөрөө даасан ат” гэж хэлцдэг. Тэгвэл хятадын ёс суртахууны гүн ухаанд мөн ийм ойлголт
бий. МЭӨ-V зууны үед дорнын их сэтгэгч гэж алдаршсан Күнз ингэж сургажээ:
“Арван тавтайдаан номын далайд умбаж,
Гуч
хүрээд сая би тогтоньюу.
Дөчтэйдөөн
энэ ертөнцийн элдэв явдалд
Эргэлзэх
сэтгэл минь арилавай.
Тавьтайдаан
тэнгэрийн бошгыг ухаж,
Жартайдаан
чих минь алт болж,
Далтайдаан
сэтгэлээ чагнан дагах боловой”
гэсэн нь ерөөс
хүмүүн гэгч, амьдралынхаа он жилүүдийн аль цаг үед хэрхэн яаж ухаажин сэнхэрч,
сэтгэлийн хир арилан, нүдний ялгаа гардагийг заасан үг бөлгөө. Тиймээс шүлэгч
маань нэг талаар “цаг цохилж, цагийн хэмээр нас цогисоор” буйд гуниглан
эмзэглэвч, нөгөөтэйгүүр энэ насанд хүрч “ертөнцийн элдэв явдалд эргэлзэх сэтгэл
арилж” буйдаан бас ч баярлаж, өөрийгөө “тоон” итгэж байгаа нь илт. Шүлгийн гүн
утга гэгч чухам ийм байдаг ажээ. Үгээр эс хэлэвч утгаар хөтлөх ёсон гэгч энэ
буюу.
Одоо Японы яруу найргаас хэдэн
жишээ авья. Шүлгийн хэмжээ бүр багассан ч багтаамж нь улам ихэссэнийг харуулна.
Хайку бол яруу найраг төдийгүй гүн ухаан гэдэг. Түүний хэлбэр бүтэц, утга
агуулга, дүр дүрслэл, илэрхийлэл, найрагчийн хэлэх гэж шингээж өгсөн гүн
мэдрэмж, сэтгэлийн их хөөр баяр, эс бөгөөс догдлол, эс бөгөөс уйтгар гунигийн
хэм хэмжээг төвөггүй олж харж болно. Нэг үгээр хэлэхэд хайку шүлгийн арван
долоон үет үг бүхий гуравхан шад мөрөнд тухайн цаг үеийн тэр торгон агшнаа
найрагчийн бодол оюуны тэнгэрт хэрхэн
онгодын хур шаагин бууж, тэр торгон агшнаа найрагчийн сэтгэлийн их
догдлол мэдрэмж ямархан ивлэн сад тавьж гарч ирсэн нь буй аснаараа нэвт шингэн
илэрсэн байдаг. Энэ бүхэн нь хайку шүлгийн багтаамж ямар хязгааргүй их болохыг
харуулж байгаа хэрэг.
Хайку
шүлгийн илэрхийлсэн утга санааг бүрэн гүйцэд ойлгож мэдрэхийн тулд аргагүй л
гүн сэтгэлгээ, чөлөөтэй, хязгааргүй сэтгэн задлан бодох чадвар шаардана. Ийм
учраас аль ч хайку шүлгийг тэр гуравхан шад мөрөнд хадсан хэдэн үгсийн шууд
утгаар хүлээж авах нь өрөөсгөл явцуу ойлголт болох нь мэдээж. Одоо нэг шүлэг
задлан үзье:
Шөнө, сарны туяан дор
Гэрэлт цох чимээгүйхэн,
Туулайн бөөр жимсний хальсыг
мэрнэ…
Шөнө
гэдэг нь ертөнц юм, сарны туяа нь ертөнцийн байдал юм аа. Тодотгож хэлвэл шөнө
нь орчлон ертөнц, байгаль дэлхий, сарны туяа нь түүний нэгээхэн агшин,
найрагчийн дуулан буй тэр торгон агшин юм. Цаашлан ухаж ойлгохул ертөнц дэлхий
даяхнаа энэ торгон цаг үест ямархан буйг ч илэрхийлэн уншигч танаа хүргэх нь
юун гэхүл шөнө бол үнэхээрийн аниргүй нам гүм, намуухан агаад энэ байгаль
дэлхий тэр аяараа амгалан тайван, амсхийж нойрсож байдгийг хэлж байна. Сарны туяа эл байдлыг бүр тодотгон хэлж өгнө. Харин
тэр аниргүй, амгалан нам гүмийн думд амьдрал үргэлжилсээр буйг гэрэлт цохоор
төлөөлүүлэн илэрхийлж байна. Тэгэхлээр цох хорхой бол амьдралын төлөөлөл мөн.
Тэр амьдрал, тэр “гэрэлт цох” энэ
байгаль дэлхий дээр амьд байж, амьдарч буйг сүүлчийн шад хэллэгээр илэрхийлжээ.
Тийм ээ: “Туулайн бөөр жимсний хальсыг мэрнэ…” Тэр өчүүхэн цох хорхой, нэг
бяцхан жимсэн дээр суугаад хальсыг нь мэрэн идэж буй нь үл анзаарагдам ялихгүй
дүрслэл мэт боловч үнэндээ маш гүн гүнзгий утга санааг багтааж шингээсэн тод
томруун дүрслэл мөн.
Одоо
энэ шүлгийг бүхэлд нь эхнээс нь эргэн үзэхүл шөнө, сарны туяан дор гэсэн агуу
ихийн тухай өргөн дэлгэр ойлголтоос улам нарийсган нарийсгасаар туулайн бөөр
жимсний хальсыг чимээгүйхэн /шөнийн амгаланг эвдэхийг үл төвдсөн мэт/ мэрэх
өчүүхэн гэрэлт цох дээр онцгойлон бууж очих нь гайхалтай. Хайку шүлгийн
гайхамшигт чадал чансаа чухам үүнд оршиж байна. Тийм ч учраас түүнийг гүн ухаан
гэж дүгнэсэн нь алдаагүй болой. Өөр нэг шүлэг үзье:
Сарыг үзэхүл
Хэдтэй юм бол оо,
Арван хоёр, арван гурав…
Жинхэнэ
дорно дахины үзэл, ойлголт бүхий энэ шүлгийг өрнийнхөн үзээд шууд ойлгодог бол
уу? Үгүй л байх гэж бодож байна. Энд шүлгийн илэрхийлэх ур чадал, багтаамж, гүн
утга, далд ёгт утга гээд олон зүйл нөхцөлдөж байгааг уншигч та олж харж байгаа
биз ээ. Манайд ийм жишээ байна уу? Байлгүй яахав. Хоёр нэгийг иш
татья. Б.Ринченгийн “Хээр намар” гэж шүлэг бий.
Нүд алдам
уудам хээр тал
Хачин чимээгүй шарланхан
халиурч
Дэлхийн чимээ болсон
царцаахай нам гүм,
Дээр тэнгэрт л тогоруу
дуугарнам.
Алтан дэлхийн гандсан
шар мандлаас
Аятайхан, хачин сонин
үнэр ханхлан,
Хиргис хүүр дээрх хүн
чулууны духнаас
Хөлс гоожих шиг хяруу
хайланхан барзайнам.
Төв Азийн уудам их хээр талыг нүдэнд
харагдтал урлан дүрсэлсэн энэ шүлэг бол байгалийн сэдэвт шүлэг бөгөөд
өгүүлэмжийг нь авч үзвэл намар цагийн тал нутгийн тухай аж. Гэхдээ хээр тал,
царцаахай, тогоруу, хиргисүүр, хүн чулуу гээд яах аргагүй дорно дахины яруу
найргийн сэдэв өгүүлэмж, тэр тусмаа эртний сонгодог шүлэглэлийн шинж төрх нэвт
шингэсэн байгаа нь харагдана. Түүнийг уншихад дэлхийн үрчлээт магнай болсон Төв
Азийн уудам их хээр тал бүхий л үүх түүхээрээ хамран үзэгдэх шиг болж, эхлээд
тал өөрөө буй болж, дараа нь талын анхны амьд эд эс болсон өвс ургамал, царцаа
голио үүссэн нь нүднээ дурайж, улмаар талын энгээр болж өнгөрсөн хүмүн
төрөлхтний буурал түүхийн үлгэр цадигийг өдгөө бидэнд хүн чулуу хайлан хүүрнэх
шиг болох авай.
Энэ 2012 оны 7
дугаар сарын 27-ны өдөр Английн нийслэл
Лондон хотноо хүн төрөлхтний хамг ийн том спортын наадам болох олимпийн XXX тоглолт нээлтээ хийнэ. Хүн төрөлхтний хамгийн агуу их
баяр ёслол, цэнгэл наадам болсон энэхүү арга хэмжээний үеэр Олон Улсын Олимпийн
Хорооны гишүүн бүх 204 улсын яруу найргаас төлөөлүүлэн шилж сонгосон шүлгүүдийг
англи хэлээр орчуулан номын хавчуурга дээр хэвлээд нисдэг тэрэгнээс цацан олимпийн
цэнгэлдэх хүрээлэнгийн тэнгэрт шүлгэн хур буулгах ажээ. Улмаар тэдгээр
шүлгүүдийг зурагт хуудас, ил захидал, түүвэр зохиол зэрэгт хэвлэн мөнхлөх аж.
Хүн төрөлхтний
түүхэнд ховорхон тохиолдох энэ гайхамшигт ёслолд манай улсын, ерөөс нийт монгол
үндэстний, нийт монгол туургатан ард түмнүүдийн яруу найргийн төлөөлөл болгон
Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Ертөнцийн явдал”
шүлгийг сонгон авчээ. Бахархалтай. Эл арга хэмжээний эхний алхам болгож 2012
оны 6 дугаар сарын хооронд дээрх
шүлгийг Их Британийн BBC
радио, Шотландын Яруу найргийн номын сантай хамтран нэг долоо хоногийн туршид
радиогоор уншиж, номын сангийн вэб хуудсанд байрлуулсан билээ. Энэ бол дэлхийд
нэр хүндтэй тус радиогоос хэрэгжүүлж буй “Шүлгээр дэлхийн улс үндэстний хосгүй
нэгэн хөргийг бүтээе” төслийн нэг хэсэг нь юм. Энэ шүлгийг одоо монгол
хэлээрээ тольдоцгооё:
Ертөнцийн
явдал
Үүрийн бялзуухайтай цуг
морь мориндоо мордоцгооно.
Үдшийн шаазгайтай цуг
уяа уяандаа бууцгаана.
Зуун зуун жил арьс
элдэж, мод огтолж, сэлэм давтана.
Зул бөхөж, бас мандаж
дараачийн хүмүүс түүхийг давтана.
Голын ус булингартаж
нэг, тунгалагшиж нэг урсана.
Галын цучил мөрний
хөвөөнд нэг унтарч, нэг асна.
Жил жилийн явдал суудалдаа
дэлхийн чулуу элэгдэнэ.
Жирийн л нэг өдрүүдийн
тоосондоо хүний явдал булагдана.
Ялан мандахын өглөөгүүр
морь мориндоо мордоцгооно.
Ядарч сульдахын үдшээр
уяа уяандаа бууцгаана.
Мянга мянган жил сэлэм
ирлэж, булш малтан, зул барина.
Маргааш болоход сурсан
зангаараа л мориндоо мордоно.
Хот балгад нэг нь
байгуулна, Хорссон нөгөө нь галдан шатаана.
Хоёулаа дайтаж жанжид
болно. Хожим нь зөвхөн домог л үлдэнэ.
Ертөнцийн явдал энэ мэт,
элэрсэн сэлэм шиг давтагдаж,
Ердийн оройн хоолны даруулгатай
цуг мартагдана.
Энэ шүлэг бол
товчхон хэлэхэд Төв Азийн нүүдлийн соёл иргэншил хэмээх агуу гайхамшигт соёл,
иргэншлийг бий болгож бүтээлцсэн монгол үндэстний, монголчууд та бидний зуун
зуун, мянга мянган жилийн намтар цадиг, аж төрөл, үйл хэрэг энэ хэдхэн шад
мөрөнд хураангуйлаастай, хуйлаастайгаараа байнам. Дэлхийн магнай болсон Төв
Азийн уудам их хээр талыг эзэгнэнхэн төрсөн нүүдэлчин, малчин монгол хүн хэрхэн
аж төрж, ямар үйл эрхэлж, намтар цадигаа хэрхэн бичиж үлдээснийг энэ шүлгээс
тод томруун, эгэл энгийнээр ойлгож мэдэх боломжтой анам. Үүнд л энэ шүлгийн
багтаамж, чадал чансаа оршиж байна.
Ийм нэгэн шүлэг
олимпийн тэнгэрт, эртний сонгдог соёлт буурал Европын тэнгэрээс найргийн хур
болон бууж, найргийн тэнгэр Янжинлхамын эгшигт дуунаар аялгуулан дуурьсах гэж
байнам. Одоо энэ шүлгийг орчуулагч Саймон Викхам Смитийн англи хэл рүү
буулгасныг нь үзье:
The Way of the World
We
set out on our horses, and the small birds of dawn were with us.
We return to the tethering-lines with the magpies at evening.
For a hundred, hundred years, working skins, cutting wood,
We return to the tethering-lines with the magpies at evening.
For a hundred, hundred years, working skins, cutting wood,
forging swords,
humans will forge history after the candle goes out and blazes forth.
The river waters flow cloudy, and then clear again.
The firewood is doused, and flares again, upon the river bank.
The rocks of the world wear away, year by year,
humans will forge history after the candle goes out and blazes forth.
The river waters flow cloudy, and then clear again.
The firewood is doused, and flares again, upon the river bank.
The rocks of the world wear away, year by year,
as they move and settle.
The ways of people are buried in the dust of a regular day.
We set out on our horses in the victory of morning.
We return to the tethering-lines in the weariness of evening.
For a thousand, thousand years, sharpening swords,
The ways of people are buried in the dust of a regular day.
We set out on our horses in the victory of morning.
We return to the tethering-lines in the weariness of evening.
For a thousand, thousand years, sharpening swords,
digging graves, lighting candles,
we will set out on our horses to learn, when morning comes.
Some of us will build a town. Others, angry, will burn it down.
The two will set their generals to fight each other.
we will set out on our horses to learn, when morning comes.
Some of us will build a town. Others, angry, will burn it down.
The two will set their generals to fight each other.
Later only stories will remain.
The way of the world is like this, like a sword it is forged,
forgotten like a draught to settle a full stomach.
The way of the world is like this, like a sword it is forged,
forgotten like a draught to settle a full stomach.
18 November 2008
First New Moon of spring in the Year of the Rat
Монголын уран
бүтээлчид, тэр тусмаа яруу найрагчид: “Шүлэг минь, хүлэг минь, чи бид хоёрт
дэлхий дэвжээ хэрэгтэй!” хэмээн шүлэглэж
сэтгэлийн чин хүслэнгээ илэрхийлж ирсэн билээ. Тэрхүү орь хүслэн биеллээ олж
эхэлж буйн нэгэн тод жишээ бол энэ үйл явдал мөн. Монгол хүн бүхэн үүнд
баярлахгүй яах юм бэ. Монголоо гэсэн сэтгэлтэй бүхэн энэ гайхамшигт үйл явдлыг
халуун дотноор хүлээн авч, бахархан баярлахгүй яах билээ. Тийм ээ, энэ бол яах
аргагүй бид бүгдийн бахархал, бүх монгол үндэстний бардамнал омогшил мөн. Монгол
түмний их хөлгөн туульс “Ертөнцийн явдал” олимпийн тэнгэрт хур болон бууж, дэлхийн
сонорт эгшиглэнэм.
Зохиолч, орчуулагч Я.Ганбаатар
"Өнөөдөр" сонин 2012.07.24 Мягмар №167 (4631)
No comments:
Post a Comment