Эрхэм та бүхнийг яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёогийн хувийн цахим дэвтэрээс түүний бичсэн нийтлэл, үгүүлэл, шүлэг найраг, зохиол бүтээлүүдээс уншин, улмаар уран бүтээлийнх нь шинэ, шинэ мэдээ мэдээлэлүүд болон түүний уран бүтээлийн ертөнцтэй танилцахыг хүсье. Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний сэтгэлийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая.
“Хөх нулимстай тэнгэр” номын эзэн Э.Болдын тухай сонирхуулахад, 1966 онд ӨМӨЗО-ы Алшаа Баруун хошуунд төрсөн. 2004 онд Баруун Хойтын Үндэстний их сургуулийг монгол хэл, утга зохиолын мэргэжлээр төгсч, 2001 онд “Яруу найраг-Зүрхэн хөдөлгөөний зураг”, 2004 онд “Далд тэнгэрийн өчил” шүлгийн түүврээ хятад хэлээр хэвлүүлж, уншигчдад барьж байжээ. Мөн тэрбээр “Гилгүүн-Уянга-2007” яруу найргийн наадмын тэргүүн байрын Алтан-Од шагналт, Дундад улсын “Тэнгэрийн ботго” яруу найргийн наадмын зохион байгуулах комиссын дарга, Алшаа хошууны дуу хөгжмийн нийгэмлэгийн хүндэт тэргүүлэгч, Алшаа хошууны уртын дууны нийгэмлэгийн хүндэт тэргүүлэгч, Алшаа хошууны Зохиолчдын нийгэмлэгийн дэд тэргүүлэгч бөгөөд одоо Алшаа зүүн хошууны Утга урлагийн холбооны тэргүүлэгчээр ажилладаг юм.
Харин түүний эл бүтээлийн англи хэл рүү орчуулсан Английн орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смит нь Монголын уран зохиолыг сүүлийн жилүүдэд орчуулж, судлах үйлст идэвхтэй ажиллаж буй нэгэн билээ. Тэрбээр Английн Кингс коллежийг англи хэл, утга зохиол судлаач мэргэжлээр төгссөн, герман, түвд, франц, итали хэлийг эзэмшсэн. Түвдийн VI Далай лам Цаянжамжийн “Янагийн дуулал” хэмээх алдарт яруу найргийн бүтээлийг орчуулан судалж байхдаа Монголын Говийн Ноён хутагт Данзанравжаагийн тухай олж мэдсэнээр улмаар монгол хэл, уран зохиолыг бие даан сонирхон судалж эхэлжээ.
Түүний анхны том хэмжээний уран бүтээл нь Данзанравжаагийн бүрэн түүврийг англи хэлнээ орчуулж “Үлэмжийн чанар” нэртэйгээр хэвлүүлэн гаргасан. 2005 оноос Монголын Соёл яруу найргийн академитай хамтран ажиллаж, эрт эдүгээгийн яруу найрагч, зохиолчдын төлөөлөлийг багтаасан “Эртний сайхан”, “Монголын Уран зохиолын дээж”, Б.Явуухулангийн шүлгийн түүвэр, Г.Мэнд-Ооёогийн “Алтан Овоо” хөлгөн судар, О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана”, “Газрын төлөөх тулалдаан эхэллээ”, Ж.Дашдондогийн “Аав ээж би”, Б.Золбаярын “Бүтэн”, Д.Урианхайн “Холдох төв”, Ц.Бавуудоржийн “Нэг их том цагаан заан”, Т.Эрдэнэцогтын “Сэтгэлийн огторгуй”, Дан.Нямаагийн “Сонет цэцгэн эрхи зэрэг бүтээлүүдийг орчуулан хэвлүүлээд байгаа юм.
Саймон Вэккхам Смит Монголын яруу найраг, утга зохиолыг барууны уншигчид, судлаачдад танилцуулах зорилгоор эрдэм шинжилгээний олон өгүүллэг, шүүмж, эссэ бичжээ. Тэрбээр энэ чиглэлээр “Хэцүү зүйлийг хялбараар хэлэхүй: Данзанравжаагийн яруу найргийг англи хэлнээ хөрвүүлэхэд холбогдох зарим асуудал”, “Ахуйн тусгал гэхээсээ дотоод сэтгэлийнх нь буулгалт гэмээр” Г.Мэнд-Ооёо “Алтан Овоо”, “Очирбатын Дашбалбар ба хайрын яруу найраг”, “1938-1956 онууд дах Монголын уран зохиолын хоосон орон цаг”, “Явуухулангийн яруу найраг ямархан нэгийг шивнэхүй” зэрэг судлал шүүмжийн үгүүллэгүүд бичжээ. Мөн тэрбээр Монголын яруу найргийн талаар АНУ-ын Баруун Вашингтоны их сургууль, Станфорд, Калифорниа болон Канадын Бритиш Колумбиа зэрэг их сургуулиудад лекц уншиж байсан аж. Тэрбээр одоо Вашингтоны их сургуульд Монголын уран зохиолын сэдвээр докторын сургалтад суралцаж байгаа. Мөн удахгүй МУИС-д бүтэн нэг жилийн турш Монгол хэл судлалаар суралцах юм байна.
Саймон Вэккхам Смитийн Монголын уран зохиолын орчуулгад Америкийн “ПЕН” клубын 2008 оны шагналыг олгосон байна. Мөн онд Монгол Улсын Засгийн газраас Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнажээ.
Мөн энэ өдөр түүний орчуулгаар хэвлэгдсэн “Stories from the Steppe” хэмээх Монгол өгүүллэгийн түүвэр номын баяр давхар болсон юм. Тэрбээр Монгол өгүүллэгүүдээс дээжилсэн “Stories from the Steppe” түүвэртээ Б.Ринчин, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн, М.Ядамсүрэн, Г.Сэр-Од, Д.Намдаг, П.Лувсанцэрэн, С.Эрдэнэ, Д.Гармаа, Ч.Галсан, Д.Намсрай, До.Цэнджав, Г.Мэнд-Ооёо, Л.Өлзийтөгс, С.Анударь, Б.Золбаяр зэрэг зохиолчдын бүтээлээс дээжилсэн байна.
Саймон Вэккхам Смит өмнө нь Ш.Цогийн хамт “Монголын яруу найргийн дээж”, “Монголын уран зохиолын дээж” хоёр антологи хэвлүүлсэн бөгөөд энэ удаа өөрийн орчуулгын сангаас эмхэтгэн монголын богино өгүүллэгийн дээжийг хэвлүүлж, англи хэлт утга зохиолын ертөнцөд толилуулж байна.
Уг номын нээлтэд ӨМӨЗО-ны Алшаа Зүүн хошууны яруу найрагч Э.Болд, утга зохиолын орчуулагч, монгол судлаач Саймон Вэкхам Смит, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Д.Гармаа, Я.Ганбаатар, До.Цэнджав, Д.Бямбаа, Б.Золбаяр, Д.Бямбадорж , Б.Магсаржав, Т.Эрдэнэцогт, Г.Сонинбаяр, Олон улсын тоймч, сэтгүүлч Б.Дашзэвэг болон АНУ-ын Монголын Буддын Шашин судлаач хатагтай Вешна,Америк-Монголын сургуулийн захирал гэр бүлтэйгээ болон Францын аялагч, хүүтэйгээ гээд нийт 60 гаруй зочид хуран чууллаа. Энэ үеэр зохиолч, орчуулагч тэдний мэргэжил нэгт анд нөхөд нь өөрсдийн шүлгийн мөрүүдийг сонордуулан өөр хоорондоо халуун дотно яриа өрнүүлж, номын хур буусан өдөрлөг болж өнгөрсөн юм.