Thursday, June 28, 2012

ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁОГИЙН ЯРУУ НАЙРГИЙН ШИДЭТ ЕРТӨНЦ



            Гомбожавын Мэнд-Ооёо өөрийн бүтээл туурвилаараа яруу найргийн урлалын сан хөмрөгт эрхэмсэг гэгээн, гоо сайхны ариусахуй, мөнхөд хадгалагдах үлэмжийн чанарыг буй болгож бүрдүүлсэн утга зохиолын хөгжилд шинэчлэгч, нээлт хийсэн сод туурвигч болохыг Монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн гол төлөөлөгчид, эрдэмтэд, зохиолч найрагчид бүрнээ хүлээн зөвшөөрсөн байна. Г.Мэнд-Ооёог дорнын яруу найрагт “дахин сэргэн мандалтыг” авчирсан үг утга зүйн болоод оюун сэтгэлгээний хурц тод үзэгдэл гэхэд болно.

            Өөрөөр хэлбэл дорно дахины олон улс орны өвөрмөц сэтгэлгээг нэгтгэсэн ай савын улатжлалт арга барилд зөвхөн Г. Мэнд-Ооёогийн гэхээр өөрчлөлт хувьсал, арга хийц маяг, донж загварыг “эсгэж” хийснээрээ энэхүү гавьяаг нь чухам юутай зүйрлүүлж болохыг таашгүй юм. Түүний яруу найраг, яруугаар өгүүлэхүйн эссэ, өгүүлэлт шүлэг, туурь туульс, шүлэг найргийг үзэх онол, үзэл санааг нэгэн дор эмхлэн хураагаад Монголын судлаач, шүүмжлэгчид “Зөөлөн айн урсгал чиглэл” хэмээх шинэ томъёолол дэвшүүлэн гаргаж, энэ урсгал чиглэлийг боловсруулагч төдийгүй нэрт төлөөлөгчийн нэг нь энэ эрхэм гэсэн нь чухам нүдээ олжээ. “Зөөлөн ай” гэх энэхүү томъёолол дорно дахины яруу найргийн онол сэтгэлгээн доторхи нэгэн урсгал болсныг олон урсгал чиглэлт дэлхийн уран зохиолын онол, тулгуур үзэл санаанд тунхаглан зарлаж байгаа юм. Дорно дахины уламжлалт яруу найргийн “найралт, маш тунгалаг, тэгш чанарт, яруу сонсголонт, орь залуу, утга тодорхой, агуу их, сүр жаврлант, өнгө үзэсгэлэнт, уран сэтгэмжит” гэсэн арван амьд дүйцэл бүхий шалгуурыг бүрнээ агуулсныг шүлэг бүтээл бүр нь харуулдаг. Уран үгийн ертөнц түнэр харанхуйг ч, баясгалант гэгээнийг аль алинаар нь бүтээж чаддагаараа хосгүй гайхамшигтай. Оюуны самуурал хэрээс хэтэрсэн балмад авирлалыг зогсоож, ариун гэгээн бүхний өмнө мэхийн хүлцэхэд энэхүү утга зохиолын “Зөөлөн айн” урсгал үнэт чанараа харуулж, мөнхийн бурханлаг, тарнилаг, шидлэг чанар байдлаараа хүмүүний дотоод ертөнцийг ариусган, хир буртагийг цэвэрлэж чадах увьдастай юм. Тиймдээ ч дэлхийн энх тайвны нэрт зүтгэлтэн, яруу найрагч, төгс гэгээрсэн, бясалгагч агсан Шри Чинмой “Мэнд-Ооёо бол үнэхээрийн оюун санааны зөнч найрагч юм. Түүний тарнилаг шүлэгнүүд нь мөнхийн цаглашгүй сэтгэл зүрхрүү уншигчдыг шуурхай зөөвөрлөдөг” гэсэн бизээ. Дорнын уламжлалт яруу найраг дахь бодитоос хийсвэрлэх, утгын гүехнээс гүнзгийрэл тийш, бүдэг сулавтараас хурц тод, хязгаарлагдмал утгаас түгээмэл дэлгэмэл санаа, ил тоочин өгүүлэхээс утга далдалсан гүнзгийрэл, утга огоорч үл ойлгогдохоос нарийн цэгцтэй илэрхийлэх байдал хэт битүү таамаглалыг тодосгож тусгасан хурц мэдрэхүй, шашны үл тайлагдахуй үнэний мөн чанар болгон хувьсгах утгын мэлмийн урлахуйд нээлт хийсэнд түүний яруу найргийн ид шид оршино.
            Г. Мэнд-Ооёогийн шүлгийн бүтэц хэлбэр, урлах арга, зохиронгуй чанар, онч тайлал, бясалгал, гүн ухаан нь алдарт Жокандагийн инээмсэглэл адил нууцлаг оршдог. Эртний Грекийн сэтгэгчдийн тунхагласан гоо сайхан, ялдам зөөлөн уянга өнгө аяс Монголын төдийгүй дэлхийн уран зохиол судлаачдын сонирхолыг сүүлийн арав гаруй жилийн туршид гижигдэн татаж, олон эрдэмт хүмүүн хуурмаггүй үнэн сэтгэлээсээ бахархалтай үнэлж иржээ. Дэлхийн урлаг соёлын Академийн Ерөнхийлөгч Энэтхэгийн яруу найрагч Ж. Мохан “Түүний шүлгүүд үнэхээрийн сэтгэл хөдөлгөм. Эмерсоны хэлсэн шиг энэ найрагч үнэхээрийн гайхамшигт найрагч. Тэр үнэхээр гайхалтай, тайлагдашгүй” гэж хэлсэн нь түүний яруу найраг тэр чигээрээ энэ эрхэм хүний өмнө шүлэг алмааз эрдэнэсийн талст мэт гялалзан харагдсан буй заа.
            Ингэхлээр Мэнд-Ооёогийн олон жилийн туршид ажиглаж, бусдын бүтээлийг үнэлж цэгнэн, оюунлаг хүрээллийг үүсгэж, энэ урсгалын төлөөлөгч яруу найрагчдын бүтээл номыг эмхэтгэж, өмнөтгөл үг бичиж, өөрийн орны болон дэлхийн томоохон их сургуулиудад лекц уншиж, бүтээл туурвилынхаа үзэсгэлэнгээ дэлгэн харуулж, утга зохиолын долоо хоногийн цуваа өдрүүдийг учир утгатай тэмдэглэж, энэ нь улмаар цаашдаа “Зөөлөн айн” онол сэтгэлгээний нэгэн тогтолцоо болон хөгжих эх суурийг тавьлаа.
Г.Мэнд-Ооёо эх хэлнийхээ, үгсийн санг баяжуулан тэлж, үгийн утгыг нээхүйн ид хав, үгээр илэрхийлэгдэх шидлэг, бурханлаг, гэгээрэлт мөн чанарыг яруу найрагт бий болгосоноороо оюун гэгээрлийн үргэлждийн оргилолт булаг болгосон гэхэд болно.
 Мэнд-Ооёогийн “Зөөлөн айн” урсгал явж явж нүүдэлчин монгол орны ахуй амьдрал, намуун талын аяз, бурхан тэнгэрээс ид шид, онгод хийморь, эрчис хүч хайрласан Алтан овоо, хөл нүцгэн гүйсэн Дарьгангын нам гүм шар тал, мэдээ орсон цагаасаа чих сонордсон алдарт морин хуурч эцэг Гомбожавын хайлсан морин хуурын эгшиглэн, явган зэрэглээ гүйх жижиг гүвээ толгод, бороон манан дунд нэгэнтээ үзэгдэн, нэгэнтээ үл үзэгдэн бөртийн бүүдийх морь адуу мал, үхэр тэрэгний дугуйгаар өвс налуулах хөсөг нүүдэл, сүмийн зул мэт дэрсний цагаан гэрэл, борог өвс нэвт дэвтэх адил бөөдий болжморийн өд сөд, үхрийн зэлэн дээр ч, унага тамгалах галын дэргэд ч, морин дэл дээр ч, айлын найранд ч гэнэсэрэггүй унагаж байдаг эмгэд өвгөдийн мэргэн буурал ухаан л түүний зөөлөн мэдрэхүй, зөөлөн тусахуй, зөөлөн өршөөхүй, зөөлөн ариусахуй, зөөлөн эевэрүү ааш авир, зөөлөн бурханлаг буддалаг чанар болсон нь гарцаагүй.
Г. Мэнд-Ооёогийн ном туурвил, ярилцлага, эссе, дурсахуйгаас шинжиж мэдрэхэд тэрбээр “Яруу найраг бол бүхэлдээ шидэт долгион хуралдсан эрчим хүч, эерэг урсгалт эрчис, хүмүүний оюун ухаанаар дээд тэнгэр, уул ус байгалтай харьцах шидэт бөөмс” гэж үздэг юм байна лээ. Амьдрал тааварлашгүй, хүний оюун ухааныг бүүр тааварлашгүй, тааварлашгүйн цаадахи тааварлашгүй газраас тэнгэрийн эрхистэй ярилцах ухаан, гүн анир чимээгүйг нээх үлэмжийн чанар, дуулгаварт болон дуулгавар үгүйн орчлонг эзэмдэх мэргэн ухаан, бишрэлт гоо сайхан, далд нууцлаг, ид шидлэг яруу найргийг эзэгнэгч Г.Мэнд-Ооёогийн ертөнц тааварлашгүй юм. Гомбожавын Мэнд-Ооёо бол зөн совинт, бөө удган мэт уул хангай, тэнгэртэй ярилцах ухаант, торго мэтгэх шиг хэл найрууламж, ил далд үл мэдэгдэм сүлжээсийг тайлагч оюуны шидэт ертөнц мөнөөсөө мөн.


Монголын уран зохиолын академийн ерөнхийлөгч
Монгол улсын их сургуулийн доктор,
Профессор Долгорын Цэнджав

2011.02.23

No comments:

Post a Comment