Showing posts with label Нийтлэл. Show all posts
Showing posts with label Нийтлэл. Show all posts

Wednesday, March 21, 2012

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ


3.21 Дэлхийн яруу найргийн өдөрт
Г.МЭНД-ООЁО

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ЕСӨН ГАЙХАМШИГ
Жинхэнэ яруу найраг бол цаг хугацаанаас үл хамааран оршигч дотоод эрчимийн үгээр амилсан шидэт долгион юм. Яруу найргийг дээдийн оюун санааг хадгалж, зуун болоод мянганы чинадтайд хүргэх зөөгч гэж болох юм. Ямар ч өндөр технологийн дижитал төхөөрөмжөөр дүрслэн бичиглэж үл чадах долгисыг зөвхөн яруу найраг л тогтоон барина. Яруу найргийн өөр нэгэн гайхамшиг нь тухайн хэл сэтгэлгээний үнэт зүйлсийг хадгалан өвлүүлэгч болохын хувьд оюуныг дээдлэгч хүмүүст бол үнэт очир эрдэнэсээс ч үнэтэй буюу. Материаллаг баялагт хэт шунан шимтэгч өдгөө цаг үед яруу найргийн ханш буурсан гэх буюу технологи хэт өндөр хөгжсөн зарим оронд яруу найраг үгүй болж байгаа мэтээр ярих болсон ч өнөөдөр манай дэлхийд зуу зуун сая хүн яруу найраг дахь тайлагдашгүй дотоод эрчим рүү нь шимтсээр, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсээс дотоод оюунаа ариусган гэгээрүүлж, яруу найргаас үлэмжийн чанарыг олж нээсээр байна.
Монголчуудын бүтээсэн яруу найргийн гайхамшигууд гэвэл бид юу юуг нэрлэж, тэрхүү эрдэнэсийн санд оруулах вэ? хэмээх асуултыг өөртөө тавьж бичсэн шинэ номынхоо эхээс товчлон эхэн удаад дараах есөн гайхамшигийг нэрлэж байна. 


Monday, September 26, 2011

яруу найраг гэж юу вэ?....


/2006 онд бичсэн нэгэн нийтлэлийнхээ төгсгөлийн хэсгээс.../

..... Би урт холын аянд нисч явахдаа яруу найргийн тухай яриа яахлаараа дандаа дүүлэн нисэх утга агуулгатай байдаг билээ хэмээн бодож суув. Ер нь яруу найраг гэж юу вэ? Гэсэн асуултанд хамгийн сонгомол тодорхойлолтыг хэн өгсөн билээ? гэж ном судар онгичиж үзэв. Абуль Фараж нэгэнтээ “Яруу найраг гэж юу болохыг би маш сайн мэднэ. Яг энэ гээд хэлчих гэвэл мэдэхээ байчихдаг” гэснийг хамгийн оносон хариулт гэж үзсэн ч байна. Яруу найргийн тухай, яруу найргийн үг хэлний тухай ч юмуу тодорхой нэг хэсэг ойлголтын тухай бол оночтой үг олон байнаа. Яг, яруу найраг гэж юу вэ? гэсэн асуултанд төгс хариулт одоо болтол гараагүй юм байна даа хэмээн бодоход хүрлээ.
Саяхан нэг өдөр Дэлхийн Яруу Найргийн өдрийг тэмдэглэх тухай бодож суугаад Явуухулан багшийнхаа “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх алдарт шүлгийг дахин уншаад ганцаараа дуу алдаж, босон харайлаа. Тэрбээр яруу найргийг,

УХААН БОДЛООС БОСООГООРОО ТӨРСӨН ГУУРСТ ХҮЛЭГ

хэмээн тодорхойлжээ. Морин дэл дээр нисч омог омогшил авсан Монгол найрагчаас өөр хэн ингэж томъёолж чадах билээ? Чухам бидний эрээд хайгаад байсан яруу найраг гэж юу вэ? гэсэн асуултанд өгсөн төгс хариулт энэ л байна. Би эрснээ оллоо! Олох олохдоо Монголоосоо оллоо!
Монголын үр сад бидний морин дэл дээр нисч ахуйд “ухаан бодолд” өдөлсөн тэрхүү онгодын “гуурст хүлэг” буюу яруу найргийн жигүүр дэвэн дүүлэх цаг болоод нөхцөл нь бүрдвэй. “Гүү-үү-үү-үүг”!

Яруу найрагч Г.МЭНД-ООЁО.

Улаанбаатар. 2006.III

Monday, September 12, 2011

Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ”


/Хүн төрөлхөтний сод их яруу найрагч Р.Таагүрийн мэлмий гийсний 150 жилийн ойд/
Г.МЭНД-ООЁО

Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ” НОМЫН МОНГОЛ ОРЧУУЛГЫН
ЯРУУ НАЙРАГТ ХИЙСЭН ЗАРИМ АЖИГЛАЛТ
Жамцын Бадраагийн туурвилын сан хөмрөг дотор яруу найргийн орчуулгын бүтээл том байр суурь эзэлнэ. Түүний орчуулгын бүтээлийн томоохоноос дурдвал Орос хэлнээс “Евгений Онегин”, дуурь “Лусын дагина” дуурь, санскрит хэлнээс “Энэтхэг цэцэн үгс”, хинди хэлнээс Р.Таагүрийн “Өргөлийн дуулал”-ыг орчуулсан байна. Өнөөдөр бид Энэтхэгийн их соён гэгээрүүлэгч, яруу найрагч, гүн ухаантан Рабиндранаат Таагүрийн Нобелийн шагнал хүртсэн “Өргөлийн дуулал” хэмээх суут бүтээлийн монгол орчуулгын яруу найргийн өв санг эргэн ажиглахыг хүсч байна.
Одоогоос 40 гаруй жилийн өмнө Ж.Бадраа агсан энэ сод бүтээлийг орчуулахдаа дорнын бичгийн мэргэд томоохон туурвил бүтээлдээ зориулж төгсгөлийн шүлэг бичдэг уламжлалаар “Өргөлийн дуулал орчуулсан тухайд” хэмээх төгсгөлийн шүлэг (1964 онд) бичжээ. Тухайн үеийн үзэл сурталын шалгуураар орж төгсгөлийн шүлэг нь нийтлэгдээгүй ч зохиогчийн эрдэм номын сан хөмрөгт нь үлдэж хоцорсон байна. Одоо энэ шүлгийг үзье.


Monday, March 22, 2010

БАЙРОНЫ ГАРЫН ҮСЭГ /Byron's signature in Chillon



Лорд Байроны гарын үсэг /Шиллоны ханан дээр Byron's signature in Chillon/




Шиллоны шилтгээний дэргэд /Швейцарь/




ШИЛЛОНЫ ШИЛТГЭЭНИЙ ХАНАН ДАХЬ БАЙРОНЫ ГАРЫН ҮСЭГ



Цаст уулын тунгалаг гол усаар улам цэнгэгшиж болор мэт гэрэлтэгч нуурыг Леман буюу Женев гэнэ. Цэнгэг тунгалагаараа дэлхийд гайхагдах энэ нуурыг Франц болон Швейцарийн гоёмсог хотууд бүслэн оршиж, цаст уулсаас нь салган тусгаарлах боловч, цал буурал Альпийн ханхар оргилууд өндөр харш ордуудын дээгүүр сүгнийн өнгийж нуурын уснаа ихэмсэг дүрээ тольдох нь нэн гайхамшигтай. Тэрхүү байгалийн сүр хүчтэй үзэсгэлэн юугаа булаалдаж Женевийн нуурнаа нэгэн мянган жил тольдсон гайхамшигт шилтгээнийг Шиллон хэмээнэ. Английн Савой аймгийн үе үеийн эзэд, гүнтэнгүүдийн ихэмсэг хэв маяг, дэгжин бардам байдлын сүрийг хана туургандаа шингээсэн Шиллоны шилтгээн мянган жилийн түүх, соёл, мандал бууралтын түүхийг өгүүлэх үй түмэн үзмэртэй боловч, түүний доторх алга дарам газарт жуулчин, гийчин олны нүд сэтгэл булаагдан сатаарах ажээ. Энэ бол Английн суут яруу найрагч Жорж Байроны гарын үсэг ажгуу. Чухам юуны учир Байроны шилтгээний багана дээр нэрээ ирт зэвсгээр сийлж үлдээв? гэх сониучхал хүн бүрийг хатгана.
Байрон улс төрийн үзэл бодлоосоо болж төрөлх Англи нутгаа 1816 онд үүрд орхин Рейн мөрнийг дагаж явсаар Швейцарьт ирж яруу найрагч Перси Шеллитэй гүн дотно нөхөрлөсөн юм. Тэд хоёулаа шударга ёс, эрх чөлөөний төлөө тэмцэгч найрагчид байлаа.
Хоёр анд Женев нуурын хөвөөгөөр аялан Шиллоны шилтгээнийг үзэж явахдаа дээд давхарт нь дэгжин баячууд хагартлаа найрлаж байхад, хонгилд нь хатуу тамын шоронд хэцүү тамланг үзэж эгэл доодчууд тарчлан зовж байсныг мэджээ. Ялангуяа тэрхүү шоронгийн ян цэвдэг тамланг эр зоригоороо туулан гарсан домогт эр Симон Бониварын түүхийг сонсооод удалгүй “Шиллоны хоригдол” хэмээх алдарт найраглалаа бичсэн түүхтэй. Энэхүү найраглал нь мөнөөх домогт эр Симон Бонивар болон Жорж Байрон хоёрын нэртэй цуг Шиллоны шилтгээнийг дэлхий дахинд алдаршуулан, аянчин гийчин, жуулчин нарын цуваа үл тасрахын шалтаг болсон юм. Ялангуяа шилтгээний багана дах Байроны гарын үсэг нь бүхий л түүхийн арилшгүй сорви, үгүйсгэшгүй бат тамга болон дархлагджээ. Яруу найрагч тэнд гүн сэтгэл хөдлөлд автаж, хэзээ нэгтэйх алдрын алтан мөчийг зөгнөн чинжаал хутгаа сугалан хурц үзүүрээр нь гарын үсгээ зурсан нь лавтай.

Жорж Гордон Байрон

“ШИЛЛОН-Д ӨРГӨХ СОНЕТ”

/"Sonnet on Chillon" by Byron
translated into Mongolian by D Byambaa/

Мөхөшгүй Оюун ухааны мөнхрөхүй Сүнс
Мөс шиг гянданд ч гэгээрэхүй Эрх чөлөө
Мөчлөх тамлалд ч мохошгүй Зүрх зориг
Мөнийг түшсэн хайр ганцаараа үл дийлджээ.
Хөвгүүд чинь гав дөнгөнд хүлэгдэвч
Хөгцөт хүйтэн хонгилд өдрийг үл үзэвч
Эх орон нь үхэл зовлонг даван гэтэлнэ дээ.
Эрх чөлөөний жигүүрээ салхи сөрөн дэлгэнэ дээ
Шиллон! Чи шорон гэвч ариун газар,
Шалан дээр чинь сааралтах аюум уйтгар
Шаналан бүхний ул мөрийг тодлон үлдээвч,
Цаг нь ирэхээрээ айдас хүйдэс арилан одож,
Бурангуйн орноо Бурханы орон болгох уриа
Бониварынх байсныг хэн ч арчиж үл чадна.

“Шиллоны хоригдол” найраглалыг авъяаслаг орчуулагч Ц.Сүхбаатар орос хэлнээс нэн сайхан монголчилсоныг хэдэн жилийн өмнө уншсанаа санахын ялдамд мөнөөх найраглалынхаа өмнөтгөл болгон Байроны бичсэн сонетийг чадварлаг орчуулагч нэрт гүүш Д.Бямбаа гуайн дэвтэрээс олж үзээд уншигч олондоо хүргэхийг яарлаа.
Яруу найрагчийн явсан газар болгонд мөр нь үлддэг, мөр нь хүрсэн газраас шүлэг нь төрдөгийг гэрчлэх түүхийн энэ нэгэн бичээсийн дэргэд зогсож, Байроны гарын үсгийг хурууныхаа үзүүрээр тэмтрэх төдийд түүний найрагч анд Шелли-гийн зориулсан мөр нь санаанд буув. Тэрбээр Байроныг томъёолохдоо:

Үг бүхэн нь
Үүрд мөнхрөхийн тамгатай
... хэмээжээ.


Г.Мэнд-Ооёо /G Mend-Ooyo, poet/

Sunday, March 21, 2010

САРНЫ ШҮЛЭГЧ СҮ ДҮНПӨ



САРНЫ ШҮЛЭГЧ СҮ ДҮНПӨГИЙН
ГЭГЭЭН ГУНИГ БУЮУ УДЫН ДУУЛАЛ


Хятадын өмнөд далайн эрэг газар, тунгалаг уст гол усаар хүрээлэгдэн орших гоёмсог нэгэн хотыг Хуйзүй хэмээнэ. Бараг нэг мянган жилийн өмнө /1036-1101/ хятадын суут яруу найрагч Сү Дүнпө энд эзний алба хааж байхдаа долоон жилийн дотор бичсэн шүлэг дуулал нь өдгөөх хотынхоны эрхэм дээд бахархал болон үлджээ. Яруу найрагчийн гишгэсэн мөр, гэрийн буйр, шүлгийн мөр бадагтай утга учир хамаатай газар болгонд шүлэг дууллыг нь чулуунд сийлж, хөшөө дурсгал, уран баримал бүхий цэцэрлэгт хүрээлэнг хотынхон цогцлоожээ. Чухам ийм л бахархалаар Гонг Конгийн яруу найрагч Ли Чингийн тэргүүлдэг Олон Улсын яруу найрагчдын Пен клуб ээлжит хурлаа энд хийхээр сонгосон аж. Тан, Сүн улсын үеийн найман их зохиолчийн эгнээнд “Гурван Сү” буюу аав нь хоёр хүүтэйгээ дуудагддаг бөгөөд хамгийн алдартай нь том хүү Сү Дүнпө /Сү Ши/ болой.


/With Li Qing, in Hui Zhou/

Сү Дүнпөгийн байгалийн уянгын шүлгүүд нь сонсоход яруу хөгжимлөг агаад, шүлгүүдээ үзэх яруу найраг болгон дүрслэн зурсан нь нэн гайхалтай ажгуу. Сү Дүнпө хятадын уламжлалт сэтгэлгээний гэгээн тунгалаг, тэнгэрлэг ариун яруу найргийг дахин сэргээн амилуулсан найрагч хэмээн зүй ёсоор тооцогддог бөгөөд түүний яруу найраг нь гэгээн сар, гэрэлт сэтгэл, санагалзан мөрөөдөхүй, хайрлан шаналахуйгаар дүүрэн бөлгөө.
Хуйзүйд ирсэн жуулчин гийчин яруу найрагчийн энэхүү гэгээн тунгалаг, гэрэлт сүмбэр Луфу уулыг зорих бөгөөд Сү Дүнпөгийн яруу найргийн ертөнцөд нэгэнтээ ороод гарна.
Сү Дүнпө энд ахуйдаа намрын шөнийн саран доор холд агч дүүгээ санагалзан хөлчүүрхэж, нэгэн шүлэг бичсэн нь ихэд алдартай бөлгөө. Тэрхүү “Найман сарын тэргэл сарны дуулал” тэргүүтэй дөрвөн шүлгийг эртний монгол хөвүүлэгүүдийн нь хэд хэдэн хувилбар болоод Оросын нэрт орчуулагч Михайл Басмановын орчуулгатай тулган нягталж эдүгээн төрөлх хэлнээ орчилдуулсан бичиглэснээ уншигч олондоо толилуулсугай. Монгол хуучны мэргэд хятадын сонгодог яруу найргийг олон зуун жилийн өмнөөс орчуулж уншиж байсан нь гайхалтай, гагцхүү тэр үеийн ёгт үгүүлэх хэллэгүүд нь эдүгээ нийтлэг уншигчдад ойлгохуйяа бэрх болсныг тэмдэглэе.


НАЙМАН САРЫН ТЭРГЭЛ САРНЫ ДУУЛАЛ

Гэгээн саран хэзээ чухам бий болсон бэ?
Жүнзтэй сархадаа сэржимлэж тэнгэрээс асуусугай
Өндөр тэнгэрийн орны орд харшийн тэндэх
Өнөө шөнийн он тоолол хэзээг заанам бэ?
Салхин хүлгээр сартай мандалд очъёо гэвч
Сахил мэт эрхэмсэн дагахаас жийрхмүй
Дэвэн дэлэн сүүдэртэйгээ бүжиглэх огторгуйн байдалыг
Дэлхий дэх хүмүүний явдалтай яахин зүйрлэлтэй.

Улаан асараас уруудан угалзат цонхоор бууж
Унтах нойр хулжихуйяа, улмаар уймран үймэн
Сэтгэл санаа хомстон бачуурахын энэ цаг дор
Сэрүүн саран тэргэлшихийн учир юусан билээ?
Хүмүүнд зовнил, баяр, хагацал, учрал буй
Саранд тунгалаг, бүрхэг, тэргэл, хэлтэрхий буй
Төгөлдөр бүтэн юмс хэзээнээсээ огт үгүй.
Төрсөн ахан дүүс энх мэнд урт насалж
Төгрөг сарыг мянганы холоос нэгэн зэрэг харж явсугай.



НАМРЫН ТЭРГЭЛ САРАН

Үдшийн улаан үүл эвхэрэн жихүүн амьсгал сэнгэнэж
Тэнгэрийн заадас орчимоор хас саран эргэлдвэй
Амьдын хорвоод үдэш бүхэн зохистой байхгүй ээ,
Айсуй жилийн тэргэл сарыг аль газар үзэхийг мэдэхгүй ээ.


ХАВАРТ ГУНИГЛАХУЙ

Цэцэглээд зулгарсан улаан гүйлс хорчгор
Цэнгэлдэж асан хараацайнууд ч бас нисч одвой
Цэл ногоон ус айлуудын дундуур мушгирч урсвай
Мөчир дээрх уд модны унгирал тоотой хэдхэн үлджээ
Мөнх тэнгэрийн хаяа цэлийх тийш өвс ханарчээ.

Хэрэмийн дотор дүүжин даажин, наадам зугаатай
Хэрэмээс гадагш зам чангааж хүмүүсийг хөтөлжээ
Хэрэмийн дотор царайлаг гоо хүмүүс хөхрөлдөнө
Инээлдэх дуун холд холдсоор, анир тасарвай
Их л найрлажээ, найрлах цаггүй болтлоо найралчихжээ.


ЛЭН ШИ ГОРХИЙН ХӨВӨӨНӨӨ

Уулын бэлийн цахирмаа горхийн хөвөө рүү дэлгэрчээ
Нарсан ойн зам элсэрхэг болоод балчиг үгүй
Намираа борооны зөөлөн сүрчис дунд ятуулаг донгодно.

Энэ төрөлдөө золгосон биднүүс, дахин золгох болов уу?
Үүдэн цаанх горхи баруун зүг зугтаж одчихуй
Үсэн буурал болсон би үүрийн гэгээг дуулаад ч яах билээ.



Г.МЭНД-ООЁО

Thursday, March 18, 2010

СТРУГА ХЭМЭЭХ ЯРУУ НАЙРГИЙН ЭХ ОРОН





Македони Улсын ерөнхийлөгч Ивановын хамт




1.
Дүнхэр дүнхэр ногоон хөх уулс, хүдэн дунд мануурна. Битүү ногоон ширэнгэ ой. Өгсүүр нарийн жим. Явсаар хөхрөн байгаа уулсын дүгнэгэр халзан тагтад гарч ирэв. Македоны хөвч ой, хөглөгөр уулс ногоон цэнхэр өнгийг бие биедээ уусган дуниартана. Яруу найрагч Траян Петровский биднийг эх орныхоо ханхар ногоон уулсын зулайд гишгүүлсний хариуд Македоны Александр хааны тухай “Сулхарнайн тууж” нэртэй домгийг ярьж өглөө.
- Эрт балар цагт Сулхарнай хэмээх хаан мянга насалж, тэнгэрээс дахин хоёр мянган насыг түүнд соёрхжээ. Хаан бээр нэгэн удаа Сүмбэр уулнаа гарч дөрвөн зүг найман зовхисыг халиагаад бас шингэх нартай цуг тэнгэрийн гүн харанхуй руу аялж үзжээ. Сулхарнай тоймшгүй урт дээс томуулаад тусгай хамгаалалт бүхий бүхээгт суугаад газрын доорх ёроолын харанхуй хонгилоор аялжээ. Далайн ёроолын харанхуй хонгилоор явж байтал бие нь үл үзэгдэх нэгэн хүмүүн цөгц дүүрэн ус өгөв. Тэр хүмүүн хэлэх нь: “Сулхарнай чи тэнгэрт соёрхогдож 3000 наслав. Та одоо энэ усыг уувал тэнгэр газар хувилтал мөнх насална” гэв. Сулхарнай дэлхийн гадаргад буцаж гараад нөхдөө цуглуулан мөнхийн усаа өгөв. Тэгтэл нэгэн сэцэн хүн эргэлзэн, чи биднийг мөнх наслахад төрөл садан бүгд үхэж үгүй болно. Ганцаар үлдэгсэд нь энэ усыг яах гэж уув даа хэмээн гэмших цаг ирнэ хэмээн ятгасанд, Сулхарнай цөгцтэй усаа цацаж орхив. Мөнөөх ус арц модны шилмүүсэнд сацарснаар арц мөнх ногоон болсон гэх ажгуу...
Домгийн төгсгөлийг батлах мэт Македоны уулсыг ширдэглэн ургасан арцын үнэртэй анхилуун салхи сэвэлзэнэ.
Македоны партизан цэргүүдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг үзээд цааш хөндий уруудан явсаар малын бууц ханхалсан хөдөөгийн айлд хүрч ирэв. Европын ногоон уулсын дунд малчин айл байх юм чинээ санасангүй. Миний багадаа киноноос үзсэн Александр хаан шиг бадриун хүрэн эр, эндэхийн чилгэр нарс шиг өндөр чийрэг бүсгүй хоёр биднийг юу байдгаараа дайлав. Үнэр нь сэнхийсэн шинэхэн талхыг зүсэх ч үгүй гараараа ураад таваглаж байна. Тараг, бяслаг, нэрмэлийн охь. Юу вэ энэ чинь, монголд байна уу? Мод захлаад ямаад идээшлэн харагдана. Байшингийн адараас бүтэн хонь борцолж дүүжилснийг сониучирхтал, огтолж аваад л өмнө тавьж байна. Тавхан алхамын зайд уулын тунгалаг булаг хоржигноно. Хүйтэн булгийн усанд тараг сүүгээ битонд хийж сойжээ. Яг л манай хөдөөгийнхөн шиг. Жаргаж байдаг улс ажээ. Царай зүс, алхаа гишгээ нь уулын эрүүл чийрэг махбодыг гайхуулна. Манай Дарьгангынх шиг газар ухаж суулгасан шавар зуухан дээр модон тагтай ширмэн тогоо угсраатай байна. Хаа газрын хөдөөх иргэншил төстэй ч юмуу даа.
Яруу найрагч Траян Петровскийн эдлэн гацаа мөн л битүү ойн чөлөөнд зэрлэг чавга, усан үзэм бөнжигнөсөн жимсэн төгөл дунд оршино. Арбинова хэмээх энэ тосгонд Туркийн эзэмшлээс эх орноо чөлөөлөх партизаны хөдөлгөөн үүссэн тэрхүү түүхээрээ бахархана. Петровскийн өвөг эцэг мөн л партизан. Арбинова тосгон ах дүү хоёр Петровскийтой. Ах нь түүх угсаатны ховор нандин зүйл цуглуулж гэр орноо тэр аяар нь музей болгожээ. Дүү нь тосгоныхоо жимсэн төгөл дундах задгай ногоон асартаа тухалж, Македоны оюу ногоон уулсын хүдэн дунд шүлгээ бичнэ. Хол ойроос ирсэн шүлэгч найз нараа зочлоно. Петровскийн гарын нэрмэл охь яруу найргийн адистэдтэй болоод ч тэрүү улам онцгой. Умардад дүнхийх уулс хараачлах задгай асарт сүү, тараг, бяслаг халуун бинг усан үзмийн нэрмэлээр даруулж хүртээд бараг суудлаасаа өндийгөөд л чавга, чангаанзыг эх модноос нь элдэвлэн амтархана. Ийм эх оронд хайрлан дурлахаас яахав.
Түүний хөрш, биендээ шивээстэй бадриун эр биднийг гэртээ оруулж дайллаа. Түүнийг анчин хэмээн танилцуулсан боловч, агнах биш хашаа хүрээгээ амьд амьтны хүрээлэн болгочихсон аж. Хэдэн ямаа. Бас уулын зэрлэг тахиа, туулай, хөхөө шувуу тэнд ижилдэн дасч халуун бин, тариа будаа, шинэхэн лууван зооглосон шиг жаргана. Тосгоны амьдрал гоё юмаа, Харин болсон жимс хөл дор бөмбөрөн унах нь тиймхэн. Жимсээр бол жиргэж байдаг тосгон байна. Ямааны сүү чавганы ундаагаар зочилсон чийрэг улаан анчин, дүүрэн шивээстэй зангирсан булчингаа илбэж жаал суугаач, усан үзмийн нэрмэлээр дайлъя гэж байна. Бас нэгэн ямаачин ирж нийллээ.
Илбэ жилбийг нэвтлэн гарч
Эрх чөлөө рүү нисэн дүүлэхдээ
Гүн ихээр санаа алдсаныг минь
Гүйцэд та нар ойлгохгүй

Траян Петровскийн шүлгийн нэг бадаг. Эрх чөлөө хийгээд элдэв бусын саад тотгор бол улс орны болоод хүмүүний амьдралд байж л байдаг зүйл. Александр хааны үед мандан бадарч, бас дараа нь ядран зовж, хожуухандаа Югославын холбоонд нэгдэж социализмыг байгуулж явлаа, эд нар. Югославын бужигнааны дараа холбооны улсууд салж, эртний алдарт жанжныхаа нэрээр Македон гэж улсаа нэрлэчихлээ. Грек түүнд нь дургүй. Македоны Александр манайх гэж булаацалдах.
Македон улс анхныхаа ерөнхийлөгчийг сонгоод удаагүй. Их сургуулийн профессор Иванов бээр ерөнхийлөгч болоод сар болсоны дараа Стругагийн яруу найргийн наадамд оролцогч нартай уулзаж вино тулгаж зогсох нь нэн аятай. Охрид нуур луу шахаж орсон хойгийн битүү модоор хүрээлэгдсэн ногоон уулсын халзан зулай дээрх байгалийн асарт Ерөнхийлөгч бидэнтэй дотносон ярилцав. Эрч хүч, эрдэм боловсрол жигдэрсэн залуу удирдагч эх орноо өөд татах нь лавтай. Аль дивангарт эртний Грекийн үеэс яруу найрагчдад дипломат эрх эдлүүлж, дайн самууныг намжаах энхийн элчээр томилж байсан түүхтэй. Өнөөдөр олон улс оронд хааны, вангийн, ерөнхийлөгчийн ивгээлд яруу найрагч нь хаяглуулж, шадар зөвлөхийн үүрэгтэй байдаг нь мөнөөх л уламжлалтайнх. Норвегийн вангийн яруу найрагч Кнут Өдигард энд эрхэмсэг дэгжин элгэмсэг ёсорхуугаараа ёстой нэг л нүд булааж байна. Энэ удаагийн наадмын гол баатар тэрбээр бүхий л хүндлэлийг хүлээж буй өөр нэг шалтгаан нь эрх ямба төдийгүй эгшиглэнт яруу найраг нь юм.
“Стругагийн яруу найргийн үдэш”. Энэ даруухан нэр явсаар дэлхийн яруу найрагчдын оролцохыг хүсдэг хамгийн том наадам болсон билээ. Пабло Неруда, Роберт Рождественский, Йософ Бродский, Аллен Гинзберг нарын дэлхийд алдартай яруу найрагчид Стругад ирж шүлгээ уншин, “Алтан эрхи” хэмээх эрхэм дээд шагналыг нь хүртэж байсан удаатай. Стругагийн яруу найргийн наадмын өнөө жилийн баатар нь Словянийн яруу найрагч Томас Шаламон. Түүний шүлгийн антологийг нэн гоёмсог хэвлэжээ.
Стругагийн яруу найргийн өөр нэгэн томоохон үйл явдал нь хамгийн шилдэг яруу найргийн нэг номыг шалгаруулж олгодог “Стругагийн гүүр” хэмээх шагнал. Их наадмын зохион байгуулах хороо Юнескотой хамтран шалгаруулж Дрим голын гүүрэн дээрх шагналыг гардуулна. Энэ жил Сенегалын яруу найрагч Оусманид энэ эрхэм шагналыг хүртээв. Жил бүрийн Стругад дэлхийн шилдэг яруу найрагчдын арван номыг хэвлэж, наадмын үеэр хотын аль нэгэн гудамжинд нээлтийг нь хийж уншигчдад танилцуулна. Өнөө жилийн номын баярыг яруу найрагч Траян Петровский удирдаж харагдана. Жил болгон аль нэг улс орны яруу найргийн антологийг хэвлэж, Стругагийн яруу найргийн үдэшээр нээлт хийдэг нь сайхан уламжлал юм даа. Ингээд Струга Дэлхийн яруу найргийн нэгэн том номын сан болчихжээ.

2

Үзэсгэлэнт тунгалаг Охрид нуурын болор мэт ариухан Дрим голын эрэгт орших энэ хотынхон жилийн жилд л яруу найрагт умбана. Голын хөвөө дагуулан дөч гаруй улсын төрийн далбааг мандуулсан байх агаад дунд нь Монголын минь далбаа намирч харагдана.
Стругагийнхан яруу найргийн үдэшлэгийг тэсч ядан хүлээнэ. Бүрий болмогц хот тэр аяараа Дрим голын модон гүүрээр гарч яруу найргийн ордон тийш урсаж байх шиг. “Яруу найргийн ордон”-ы үүдэнд их наадмын сүлд аялгуу уянгалахад хоёр жүжигчин эх нутгаа хайрлан санагалзахуйн зүрхний дуулал болсон “Өмнөд эх нутгаа эгээрэхүй” хэмээх шүлгийг нэн яруу унших ажээ. Ах дүү Константин Миладинов, Димитр Миладинов хэмээх яруу найрагчдын дурсгалд зориулан энэ наадмыг 47 жилийн өмнө нээсэн түүхтэй. Яруу найрагч Константин Миладинов Москвад оюутан ахуйдаа Струга хот, Охрид нуураа санагалзан шаналж бичсэн энэ шүлэг 47 дахь жилдээ Дрим голын хөвөөнд эгшиглэж буй нь энэ ажгуу.

ӨМНӨД ЭХ НУТГАА ЭГЭЭРЭХҮЙ

Бүргэдийнх шиг далавчлах юмсан
Буйр нутаг руугаа би дүүлэн нисэх юмсан
Дассан уул ус төрөлх нутаг руугаа явах юмсан
Шамбалыг харна, төрөлх Куркушаа үзнэ
Мандах нараа бас харна
Манай нутаг энэ газрынх шиг ийм харанхуй биш ээ,

Хэрэвзэй наран ийм туниагүй бүүдгэр байвал
Хэрэвзэй эндэхийн наран сулбагар гэрэлтүүлвэл
Би алсын аяндаа дөрөөлөх болно
Би өөрийн эрэг рүүгээ нисэх болно
Одод шигтгэсэн оёоргүй хөх тэнгэртэй
Охьюу наран гялалзах өөрийн нутаг руугаа!

Одоо энд эргэн тойрон хав харанхуй,
Орчлон дэлхий мананд живээд бүрэнхий
Жавар тачигнаж, шамрага хаялана.
Цасан шуурга, нүдгүйлэн манарна
Зүг бүртээ манан, мөстлөг,
Зүрх сэтгэл хүйтэн, бодол харанхуй.

Үгүй ээ, би энд байж чадахгүй нь.
Үгүй ээ, энэ жавар, мананд байж чадахгүй нь.
Надад жигүүр ургуулаач. Би далавчлая!
Өөрийн эх нутаг рүүгээ дүүлэн нисье.
Өөр лүүгээ, төрөлх газар руугаа
Охридоо руугаа, Струга руугаа нисье.

Тэнд наран ургахдаа зүрх сэтгэлийг дулаацуулдаг
Тэнд наран жаргахдаа хөвчийн ойгоор гэрэлтдэг нь,
Дэлхий ертөнц нь дээдсийн хишигээр заяасан
Дэндүү төгөлдөр бэлгэ, билгийн гайхам сан
Салхин яралж, цагаан цацраатай нуур
Саруул тунгалагаар цэнхэртэх үзэмж,
Эргэн тойрон уулс, тал алиныг ч харсан
Энгүй төгс гоо сайхан бурхадын бүтээл буюу.

Элэг зүрхнийхээ гүн цээлээс Кавалаа эгшиглүүлнэ, би
Ээ, энэ наран шингэх аваас би үхнэ.

Стругагаас ирээд яруу найргийн их наадмын сүлд шүлэг болох Дмитрий Миладиновын “Өмнөд эх нутгаа эгээрэхүй” хэмээх шүлгийг англи орчуулгаас нь буулгах гэж нилээд нухлаа. Нэг л болж өгсөнгүй. Англи эх, өөрийн орчуулгын хубилбарыг зэрэгцүүлээд Лийтэв анддаа илгээв. Тэрбээр Македон утга зохиолыг сайн мэдэх хүний хувьд эх хэлнээс нь орчуулсан орчуулгаа хариу болгож ирүүлэв. Ер нь ханатай. Гэхдээ л англи орчуулгад эх хэлнээс нь хазайсан зүйл нэлээд байна. Ингээд Лийтэвийн эх хэлнээс нь хийсэн хадмал орчуулга, англи орчуулга хоёрын дундаас өөрийн гэх орчуулгыг гаргалаа. “Өмнөд эх нутгаа эгээрэхүй” хэмээх шүлгийн тэмүүлэл санагалзал нь чухам яруу найрагч хүнд л илүү заяадаг хайрлан шаналахуйгаар дүүрэн ажээ.

3
Стругад өнөө жил хоёр зуу гаруй яруу найрагч тавь шахам орноос иржээ. Македоны онгоцны буудалд хөл тавьснаас хойших бүх зардлыг “Стругагийн яруу найргийн үдэш” наадмын сангаас гаргана. Жил бүр засгийн газрын төсөвт яруу найргийн наадмын долоо хоногийн зардал, хэвлүүлэх ном, олгох шагнал, хүлээн авалт бүгдийг тусгаад өгнө. Хуучин социализмын үеэс л ийм байсан, одоо ч ийм. Цаг төр хувьсаж, улс орон уруудан өөдөлж болно. Харин болохгүй юм гэж байх. Улс орныхоо оюун соёлын бахархал, ард түмнийхээ зүрх сэтгэлийн уянгалаг цэцэгсийг л гандааж болохгүй. Югославын холбоо тарж, тусгаар Македон улсыг байгуулахдаа хамгийн түрүүнд нэг л юмыг устгаж болохгүй гэж шийдэж. Энэ бол Стругагийн яруу найргийн үдэш”. Хөгжлийн оргилд тулсан хөгшин Европын хүчирхэг эдийн засаг, зуун мянганыг гэтэлж үлдсэн уран барилга байгууламж, тэр болгонтой арсалдах юун, оюун соёлын үнэт зүйл болох яруу найргийг бахархал болгон дээдлэх уламжлалыг л улам бататгая хэмээн Македоны улс төр, оюун соёлын хүрээнийхэн шийджээ. XXI зууны хүн төрөлхтөний оюуны ертөнцийн хамгийн чухал эрдэнэс нь яруу найраг байх болно хэмээх Юнескогийн тунхаглал ч бас л үүнтэй холбоотой байна. Манай хэллэгээр бол “алтан хайрцагны бодлого” ч гэх юмуу, улс оронд ямар ч төр засаг солигдлоо гэсэн өөрчлөгдөхгүй дотоод ухаан байдаг аж.
Хуучин Югославын үед Македоны их сургуулийн архитекторын ангид суралцаж байсан Монгол оюутан Лийтэв одоогийн нийслэл Скопи хотод тэндэхийн бүсгүйтэй гэр бүл болжээ. Гэргий хүүхдээ дагуулаад Монголдоо ирж ажилласан боловч эхнэрийнх нь эрүүл мэндийн байдлаас болж эрхгүйеэ Скопи руугаа буцав. Тэгтэл Югославын Гадаад Явдлын яаманд бичиг тоот ирж мөнөөх эрийг монголоос нь дуудуулжээ. Хоёр ч хүүхэдтэй болсон эр бээр аж амьдралаа зохицуулж амжаагүй байтал араас нь хоёр хүн томилолт аваад хүрээд ирэв. Монголын иргэнийг нутагт нь буцаахыг орон нутгийн захиргаанд шаарджээ. Хуулийн дагуу манай иргэнтэй гэр бүл болсон тул бид буцаах боломжгүй хэмээн хариу өгснөөр Македон Улс ганцхан Ази хүнтэй үлджээ. Талын монгол эр Намдагжанчивын Лийтэв Европ ёсоор нэрээ жаахан “редакторлаад” Лий Намдаг Жанчивын хэмээн алдаршсан болой. Одоо тэрбээр нэгэн том компанид загвар зохион бүтээгчээр ажилладаг бөгөөд Македоны элит хүрээнд ихээхэн нэр хүндтэй нэгэн бөлгөө. Миний үе тэнгийн энэ эрхэмтэй би гурван жилийн өмнө цахим шуудангаар танилцсан юм. Стругагийн яруу найргийн наадамд оролцох сургаар тэрбээр талын монгол найрагчтай эчнээ танилцсан нь тэр бөлгөө. Би түүнд “Алтан овоо” номоо шуудангаар илгээсэн бөгөөд хээр талын салхи, нүүдэлчин айлын бууц ханхалсан бүтээл маань өөрөөс минь өмнө энэ эрэгт хүрсэн билээ. Лийтэв Стругагийн яруу найргийн наадмын зохион байгуулах хэсэгт ажиллаж, энэ удаагийн наадмын турш бидэнд орчуулга хийж хамт аялсан юм. Ер нь миний ажигласнаар монгол аавын хүүхдүүд аж төрөн амьдран суусан газартаа эрдэм чадлаараа оройлогчийн эгнээнд орчихсон байх юм. Унгарт Д.Ганболд гэж залуу бий. Тэрбээр унгарын утга зохиолын хоёр ч том шагналыг нь хүртчихсэн бол, Австрид Баасанжав сонгуульд нэр дэвшиж байсан удаатай. Америкт Ширчингийн Баатар Монгол судлалын ховорхон номын сан байгуулж, Далай лам, Ажаа ринбүүчийн шашин соёлын үйлсэд нөлөөтэй ажиллаж байна. Лийтэвийн гэргий Буддын шашин соёлын талаар сонирхдог бөгөөд миний Македонид хэвлэглсэн “Nomadic lyrics” номоос “Гэтэлгэгч эхийн сүм” хэмээх бясалгалын найргийг маань уншиж ихэд таалснаа ярьж байв. Эдний ач хүү ааваасаа илүү монголжуу төрхтэй харагдах бөгөөд европын нэгэн бөглүүхэн ногоон уулсын дайдад монгол өрхийн тэргүүнтэй нэгэн ам бүл байгаа нь манай элчин төлөөлөгчийн газар мөн гэлтэй.

“Стругагийн яруу найргийн 47 дах үдэш” Слава Жорж Димоски, Данило Косевский нарын удидлагаар сайхан болж өнгөрлөө. Сурах ч юм ихтэй байлаа. Таатай нэгэн мөчлөгт Монголдоо ийм нэг сайхан яруу найргийн ордон болоод олон улсын наадам бий болгох юмсан гэж зам туж бодов. Нэгэн цагт Стругагийн яруу найргийн наадмын ерөнхийлөгч байсан нэрт яруу найрагч, дипломатич, Траян Петровский, яруу найрагч, хэвлэн нийтлэгч Бранко Цветовский нарыг Монголдоо урьчихлаа. Тэдэнд монголынхоо яруу найргийн ертөнцийг эхлээд танилцуулъя. Дараа нь ойрын жилүүдэд Македонид Монголынхоо яруу найргийн антологийг хэвлүүлж, Стругагийн нэгэн үдшийн хөтөлбөрийг Монгол яруу найргаа сурталчилахад зориулах тэр санаагаа гүйцэлдүүлэхийг хичээх болно. Монголчууд XIII зуунд Македоны Александр хааны тухай үлгэр зохиож, тэрхүү эрэлхэг баатарын жишээгээр ирээдүйн хан хөвгүүдийг сургаж байсны адилаар хоёр орны яруу найргийг хойч үедээ хүргэхийг хичээсний минь ул мөр хожмоо үлгэр болон үлдэх ч юун магад.
Юутай ч Струга хэмээх яруу найргийн эх орон дэлхий дахины яруу найргийн ертөнцөд өвөрмөц нэгэн солонголог туяа татуулсаар байх болно.

Г.Мэнд-Ооёо
2009.Х сар

Thursday, April 30, 2009

ХҮМҮҮН ТОГТВООС ТЭНГЭРИЙГ ЯЛМУЙ


(Тайваньд бичсэн тэмдэглэл)

Аяны урт замд юу эс бодогдоно гэхэв. Аливаа хэлбэр дүрс өөртөө заавал ч үгүй ямар нэгэн агуулгыг хадгалж, бас түүнээ цаг ямагт илэрхийлж байдаг. Бичиг үсэг үүсээгүй байхад ч хүмүүс мод чулуугаар санаагаа илэрхийлэн дамжуулж байлаа. Эртний хүмүүс олсоор утга зангидаж, түүнээс “олсон бичиг”, олсон бичгээс одоогийн бичиг үсэг үүссэн ч гэдэг. Ямартай ч аливаа нэгэн дүрс бэлгэдлийг ойлгох, түүнээ тайлах, тайлснаа илэрхийлэхдээ тэрхүү хязгаарлагдмал томьёололын дотор хязгааргүй их санааг олж харах үед л яруу найраг үүссэн буй заа.
Яруу найрагчдын нөхөрлөл бол улс орнуудын соёлын харилцааны гүүр болж байдаг. Яруу найргийн эрхэм дотны анд Юй Си – гийн тэргүүлдэг “XXI зууны олон улсын соёлын индэр” байгууллагын урилгаар Тайваньд аялах долоо хоногийн хөтөлбөрийн гол агуулга нь хоёр орны эртний түүх, соёл шашин, яруу найраг, хөгжим, урлагийн талаар халз ярилцлага өрнүүлж, оюун сэтгэлгээнийхээ ертөнцөд харилцан аялах, уран бүтээлийн туршлагаа солилцох, хүн төрөлхтөний амар амгалангийн үйлсэд яруу найргаараа юу хийж бүтээж хамтран талаараа хэлэлцэх явдал байлаа. Мэдээж, миний хувьд Тайваны соёл, урлаг, утга зохиол, яруу найрагтай нь гүн дотно танилцах юмсан гэж хүсч явсан олон жилийн мөрөөдөл маань биелэх нь энэ. Өнгөрсөн намар Юй Си бид Америк тивийн баруун эрэгт Номхон далайн хөвөөнд уулзаж байсан бол энэ удаа Тайваны арал дунд нь орших Номхон далайн өмнөд эргээр цугтаа давхиж явлаа.

Хуалян орох замдаа хажууд таарсан нэгэн том самбар дээрх бичгийг хараад яруу найраг биш байгаа даа хэмээн бодогдох зуур юу гэж буйг асуувал яруу найрагч Юй Си анд энэ тухай надад дэлгэрэнгүй тайлбарлаж өглөө. Тэр ярьсан нь:
-Эртний хятадын хаан У Ван улсыг засч байв. Энэрэл ёсоор Улсыг засах хуулинд Жи Та гэдэг хүн санал оруулсан тухай Жоу Улсын түүхэнд тэмдэглэсэн байдаг бөгөөд утга нь “Цэрэг хүчтэй бол хүнийг ялмуй, Хүн хүчтэй болвоос тэнгэрийг ялмуй” гэжээ.
Хожмоо Сүн Улсын үеийн яруу найрагч Лю Го “Сян-Яний дуулал” гэдэг шүлэгтээ яг юу гэж дуулсаныг энд бичсэн байна гэв.

-Энэхүү хос уянгыг чухам яг юу гэж орчуулах ву? хэмээн манай Монголын авьяаслаг орчуулагч Доржсүрэнгийн Болдбаатар дүүгээсээ тодруулбал: Тэрбээр түгдэрсэн ч үгүй уншсан нь.

Хүмүүн тогтвоос
Тэнгэрийг ялмуй…

Би сүүлийн хэдэн жил гадагшаа, дотогшоо нилээд тэнэлээ. Их бага хотууд, замын уулзвар, чухал газруудад ийм том том самбар байх боловч дээр нь арилжаа наймааны ухуулгын чанартай зураг бичиг л дурайдаг сан. Харин би Тайванд явсан орсон газар болгондоо хятад ханзны нэн уран бичээсүүдэд өөрийн эрхгүй нүд унаж, сэтгэл алдаж явлаа.
Тайпейд бидний буусан таван одтой зочид буудал цэлгэр шилэн хаалгаар оруут л хэдэн алдын гүнгэрваатай эртний хятад бичээсүүд угтана. Иймэрхүү зочид буудалуудад урьд нь голдуу л уран зураг, уран шигтгэмэл тэргүүтнийг л үзэж явлаа.

Тайвань бол бичиг үсгээрээ гоёдог орон юмаа. Зоогийн газрын үүдэнд ирлээ. Бас л бичээс.
-Энэ юу гэж байна вэ? Болдбаатараа!
-Гэгээн сар,
Нэгэн дэвэр дарс…

Яруу найрагч Юй Си-гийн өргөөний орох гол хаалганы багана дээр бас л нэг уран бичээс. Учрыг ухваас:
Аливаа хүмүүн бодох, хийхээ
Ариун гэгээнээр үйлдвээс, тэр чинь
Бурханы үйлсээс ялгаа юун,
Аливаа хүмүүн орсон газар болгоноо
Ариун гэгээн орон хэмээн санаваас, тэр нь
Бурханы орноос ялгаа юун… хэмээсэн үгс ажгуу. Үнэхээр ч Юй Си-гийн уран бүтээл нь бурханы үйлс гэлтэй. Түүний уран бүтээлийн өргөө нь бурханы сүм, яруу найраг нь ч бурханы орон мэт санагдлаа. Ингэж бодох нэгэн учир буй. Би нилээд хэдэн жилийн өмнө гадаадын нэгэн сэтгүүлээс түүний шүлгийг олж сониучирхан үзсэн юм. Тэрхүү “Яруу найрагчийн сахиусан тэнгэр” хэмээх шүлэг надад онцгой сэтгэгдэл төрүүлж түүнийг орчуулан GUNU сэтгүүлдээ нийтэлж билээ.
Яг та нарын дээр нэг бурхан байна
Яруу найрагчдыг сахиулахаар
Тэрхүү элчийг тэнгэрээс илгээсэн байна…. гэж тэр шүлэг төгсдөг сөн.

Тэгэхэд би Юй Си-г таньдаг ч үгүй байжээ. Хятадын алдарт арван гурван яруу найрагчийн гэргий нарт зориулсан энэ шүлэгнээс яруу найрагчийн тэнгэрлэг ертөнц, бурханлаг оюун санаа нэвт харагдах мэт болж билээ. Яруу найргийнхаа чөлөөгөөр шашны сургуульд хичээл заадаг. Бидний мэдэх “Доржзодов” буюу “Очироор огтлогч”-ийн тайлбараар оюутануудад лекц уншдаг ажээ. Түүний тогтсон сэтгэл, шашин соёлын өргөн цар хүрээтэй мэдлэг, нэгэн биедээ шингэсэн номын ухаантай нь шууд холбоотой буй заа.

Тогоруут уул. Энд Юү Си-гийн “XXI зууны олон улсын соёлын индэр” хэмээх нэртэй урлан оршино. Гутлаа тайлаад орвол эхний танхимд Юй Си-гийн нарийн бичгийн дарга, компьютер дизайнер, дараалаад зураачид нь сууна. Түүний бичиг захидал болоод гар бичмэлүүд энд цахим бичвэрт орж, зураачид номын чимэг зурагийг хийнэ. Ер нь Юй Си-гийн яруу найргийн ном, роман, хүүхдийн зохиол аль ч бүтээл нь гараас гарангуутаа л уран зураг, хөгжмийн зохиолд шууд хувирна. Ийнхүү түүний нэн гоёмсог номыг гэртээ ч юм уу уншиж эхэлсэн хүн машин дотроо CD-ээр сонсоно. Үзэсгэлэнд очоод уран зургаар харна. Театрт тайзнаас үзнэ. Концертийн танхимд оркестр хөгжимтэй сонсоно гэсэн үг. Энэ бүхний эхлэл нь Юй Си-гийн үзэг цаас… Цэлгэр сайхан танхим угталаа. Энэ бол яруу найрагчийн уулзалтын танхим. Энд олон орноос ирсэн уран бүтээлийнхээ анд нөхөдтэй уулзана. Яруу найрагчийн хэвлүүлсэн номуудын танилцуулга, зурагт хуудас, гар бичмэлийн хуулбар, бүтээлийн танилцуулга ханын дагуу байрлажээ. Хэвлэлийн газрууд, хөгжмийн зохиолчид, зураачид энд хүрэлцэн ирж яруу найрагчтай уулздаг буй заа. Том танхим дотуур энэ тэрийг үзэж сонирхсоор мухарын шилэн ханаар тусгаарласан өрөөнд орвол, арай өөр ертөнц угтлаа.

Агар зандан ширээ, буйдан. Мин Улсын үеийн ятга хөгжим… Эртний хятадын эрт үеийн хээнцэр тансаг эд хэрэгсэл. Гэхдээ бүх юм нь эртнийх биш ээ. Орчин үеийн видео дэлгэц. Тэр дэлгэцнээ XXIII их хурлын үеийн баримтат кино гарч байна. Хөгжмийн нэн ялдам бөгөөд цоглог аялгуу дуурсана. Энэ бол дэлхийн Яруу Найрагчдын XXIII их хуралд зориулсан аялгуу. Доктор Юй Си өөрөө зохиосон юм гэж тайлбарлав.

Танхимын ханаар Юй Си-гийн нэгэн романы гар бичмэлийг жаазанд хийгээд жирийтэл тавьжээ. Д.Болдбаатар бид хоёрын хувьд анх удаа яруу найрагч хүн ямар тэнгэрлэг амьдарч, өөрийн бүтээл туурвил, оюун санааны орчинг хэрхэн ер бусаар бүрдүүлэн бий болгож чаддагийг үзэж биширэх сэтгэл төрж билээ. Бид хөгжим сонсож, яруу найраг уншиж, үүх түүх ярьж, Юй Си-гийн яруу найргийн урлангийн тэнгэрлэг орчинд уусан жаргавай.

Юй Си-гийн хоёр дахь урлан Хө Нань сүм. Энд уран бүтээлийнхээ 180 хоногийг өнгөрөөж, бичих туурвих онгодоо дуудна. Тайпей-гээс онгоцоор нисч хүрэх энэ газар Номхон далайн үзэсгэлэнтэй хөвөөнд оршино.

Бид дээр өгүүлсэн “Хүмүүн тогтвоос тэнгэрийг ялмуй” хэмээх бичээст самбарын утга уянганд автаж, яриандаа халж явсаар далай руу шахаж тогтсон уулын нар тоссон аманд хүрч ирлээ. Сүм шүтээний газар ажээ. Монгол хүний зан юм даа, сүм шүтээн түшиж буусан уулын нэрийг асуулаа.

-Гэгээнийг дэлгэрүүлэгч уул… гэж байна.

Ямар сайхан нэртэй юм бэ? Хорь гаруй жилийн өмнө байгуулагдсан бумбын шашны энэ сүмийн цогчин дуганд Бурхан багшийг голлуулан залжээ. Сүм нь арваад гэлэнмаатай гэж байна. Сэтгэлээ ариусгаж, итгэл бишрэлээ өргөм цэмцгэр сайхан ертөнц биднийг угтлаа. Сүмд зул хүж өргөөд гадагш гарч уул өөд авирав. Алган хэлбэртэй далбагар ногоон навчтай мод шатны хажуугаар эгнэн ургажээ. Бас л нүүдэлчний сониуч зангаар модны нэрийг асуулаа.

-Буяны мод… ? Би бодлоо. Энэ нэрүүдийг Юй Си л өгсөн байх гэж. Сэтгүүлийн эрхлэгч хатагтай Дай-гаас асуулаа,
-Гэгээнийг дэлгэрүүлэгч уул л гэж байна. Буяны мод л гэж байна. Ийм яруу найраглаг нэрийг Юй Си өгсөн үү? гэв. Хатагтай намайг нэгэнтээ цочих мэт харснаа,
-Энэ нэрүүд анхнаасаа л ийм юм. Буяны модны тухай доктор Юй Си найрагтаа олонтоо бичсэн байдаг. Яг энэ модны тухай шүү гээд гараараа зааж байна. Тэрбээр цааш нь,
-Харин энэ Хө Нань буюу Баялагийг арвижуулагч сүм бол хорь гаруй настай. Манай Тайваны сүмүүд заавал нэг урлагийн чиглэлийг барьж хөгждөг. Баялагийг арвижуулагч сүм бол Юй Си гуайн яруу найраг, хөгжим, уран зураг, товчилж хэлбэл түүний урлагийн тэнгэрээр дамжин ариусгал гэгээрэлийн ертөнцийг бүтээж байгаа юм. Одоо цөмөөрөө сүмийн Соёлын ордонд Тайваны Бийбаа хөгжмийн чуулгын концерт үзнээ гэв…Орой болж байна. Үзэгчид цуглан ирсээр. Бид Соёлын ордоны үүдэнд ирэв. Юй Си намайг дагуулан шилмүүс цэцэглүүлэн чимсэн дэлгэмэл бичээсийн дэргэд дагуулж ирээд гараараа заав. Үзвэл манай шинэ бичгээр
“Мөнгөн жүнзэнд цас хундаглахуй” концерт
Ноён Мэнд-Ооёо та тавтай морилно уу? гэж шар дэвсгэр дээр ягаанаар цэвэрхэн бичжээ. Миний хувьд анх удаа л ийм өндөр хүндэтгэл хүлээж байгаа болохоор хөлс чийхрах шиг л боллоо. Гоёмсог сайхан танилцуулга хэвлэсэнээ өглөө. Танилцуулга мөн хятад монголоор байх аж. Танилцуулгыг сөхвөөс эхний хуудаснаа,


“Сэвэлзэх салхины дарвуулыг өргөж,
Сэтгэл хэмээх төрсөн нутгаа зорьюу” хэмээх гарчиг тодорч цааш монголоор бичсэн нь:
“Олон жилийн турш бодож төлөвлөсөн Хө Шань XXI-р зууны соёлын индэр өнгөрсөн жилд албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэнээс хойш шүлэг, хөгжим болон дэлхийн олон орны яруу найрагч, зохиолч, хөгжмийн зохиолчдыг холбох гүүр болсон юм. Богинохон нэг жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс ховорхон авьяастанууд цугларч ур ухаан, авьяас төгөлдөрөө илтгэн харуулсан билээ. Өвлийн дохиог илтгэсэн энэ өдрүүдэд бид “Мөнгөн хундагаар цас аягалахуй” хөгжмийн тоглолтыг алс холын Монгол нутгаас ирсэн хүндэт зочныхоо хамтаар таалан соёрхож байна. Сэвэлзэх салхины дарвуулыг өргөж - Сэтгэл хэмээх төрсөн нутгаа зорьюу Тоглолт бүх хүний сэтгэлийн учгийг хөндөж, та бүхнийг ариусгаж байх болтугай.”
Д.Болдбаатар бид хоёр энэ бүхэнд гайхах баярлах зэрэгцэн “хоёрхон хүнд зориулж, хаа хол Тайпейгээс хөгжмийн энэ нэртэй чуулгыг далайн хөвөөний сүмд урьж тоглуулж байгаа нь гайхмаар боловч, яруу найраг хийгээд соёлыг нэн хүндэтгэн дээдэлж байгаагийн илэрхийлэл юм даа хэмээн хэлэлцэж суулаа.

Бийбаа хөгжмийн уянгалаг яруухан аялгууг сонсох зуур танилцуулгыг үзвээс, удирдсан “Тогоруут уул”, зохион байгуулсан “Баялгийг бүтээгч бурханы урлаг шашны сан”, бэлтгэл хангасан Юы Юань цайны цэцэрлэг, төлөвлөж хэрэгжүүлсэн Пү Инь соёл урлагийн компани, концерт тоглосон Тайпейгийн Мо Чинь оркестр гэсэн байв. Хөтлөгч бүхий л зориулал үгээ Монголын зочид бидэн рүү хандуулж, цэцгийн баглаагаа илгээсээр байлаа.

Эртний Энэтхэгийн домогт энэ ертөнцийн эзэн Брахма тэнгэрийн охин Сарасвати хэмээх яруу найргийн бурханы тухай гардаг. Сарасвати нь төвдөөр Янжинлхам, монголчилбол яруу найргийн Эгшигт охин тэнгэр гэсэн үг болой. Янжинлхам бурхан мутартаа бийбаа хөгжим барьсан байдаг бөгөөд шүтсэн хүмүүний дотоод сэтгэл ярууслаар дүүрч, мөнхийн арван найман насны ариун гэгээн чанарыг олж, бийбаа хөгжмийн аялгуу мэт хэлний уянгат чимгийн эзэн болдог гэж сонссон билээ. Бийбаа Энэтхэгээс гаралтай бөгөөд Хятадад дэлгэрээд 3000 орчим жил болж байгаа гэж байна. Бурхан багшийн амьд сэрүүн байх үед бийбаа Хятад газар заларч ирсэн болтой. Яруу найргийн бурхан бийбаа хоёр олон мянган жилийн шүтэн барилдагатай ажгуу. Тэр оройжин бийбаа хөгжмийн яруу аялгууг сонсож, яруу найргийн тэнгэрт аялахын хамт бидэн хоёрт зориулан энэ олон байгууллагын хүмүүс ямар их бэлтгэл хийснийг харахаар санаа зовмоор байлаа.

Алив нутаг оронд өөрийн бэлгэдэлийн цэцэг байдаг. Эндэхийн бэлгэдэл нь цахирмаа цэцэг байлаа. Сүмийн шатны чимэглэлээс эхлээд, бурханд өргөсөн таримал цэцэг бүгд цахирмаа. Модны ёроол, ойн чөлөө тэр аяараа цахирмаа. Цахирмаа ингэтлээ их ургадаг газар уу, аль яруу найраг, бийбаа хөгжим, гэгээн гэрэлт сэтгэлийн ахуйд дэлгэрсэн бурханы инээмсэглэл үү? Модон дундуур алхаж явтал нэгэн ер бусын жиргэх, жирхрэх дуу солонго татуулан хааяа тасалдах боловч, моддын цуурайгаар холбогдон үл тасалдан сонсогдов. Юуны дуу болохыг Юй Си-гээс бас л сониучирхав. Юй Си анд миний тэмдэглэлийн дэвтэрт харандаагаар бичиж өгөөд
-Энэ амьтан гайхамшигтай яруу дуугарч байна. Түүний амьдрах нас нь ч төгс ч байгаа нь энэ гэв. Нээрээ амьдралын эцсийн үг л хамгийн хүчтэй, сүүлчийн дуу л хамгийн сонсголонтой байдаг даа. Миний эрхэм сайн нөхөр их найрагч Д.Нямсүрэн маань “Яаж би Амитаба шиг, Үхэл гэгч амьдаасаа агуулгатайг мэдэх вэ?” хэмээн амьд сэрүүндээ дуулсан нь бий шүү дээ хэмээн бодож явлаа.

Тэрбээр маргааш нь үдийн зоог барихаар ирэхдээ надад нэгэн ер бусын сонин бэлэг авчирлаа. Бэлэгтэй туузыг задалбал дотроос нь царс модон хайрцаг гарав. Хайрцагны тагийг онгойлговоос дотроос нь бөмбөрцөг хэлбэртэй шилэн гуу гарлаа. Түүний шилэн тагийг онгойлговол цахирмаа цэцгийн дэлбээн дээр суусан хүрэлзгэнэ. Тэрбээр тайлбарлаж өгүүлсэн нь:
-Хүрэлзгэнэ хэдэн сар нэн уянгалаг дуугаар жирхэрч байгаад авгалдайгаа газарт булдаг юм. Газарт хадгалсан авгалдайнаас 17 жилийн дараа хүрэлзгэнэ төрнө. Хуяган дотор бие бойжсон хүрэлзгэнэ өдлөн ниснэ. Гуравхан сарын амьдралтай энэ гайхамшигтай амьтан дуу нь улам яруусан ярууссаар дуусдаг болой. ..хэмээвэй.
Хүмүүн хийгээд зөв сэтгэл, бурхан хийгээд бийбаа хөгжим, цахирмаа цэцэг хийгээд уянгалан дуулагч хүрэлзэгэнэ, орчлонгийн яруу сайхан юмс бие биеийг шүтэн оршиж, аль алинаасаа хамааран, нэгэн их цогт төгөлдөр утга санааг зангидан сүлжих буюу. Тэр нь яруу найраг л юм даа.

Баялагийг бүтээгч сүмийн соёлын ордонд өдөржин шүлгээ уншлаа. Соёлын ордоны тайзнаа нуурын уянгат шагшуургыг авчирч эгнүүлэн тавьсан нь эгээ л бидний дуулдаг “хар ус нуурын шагшуурга” гэлтэй. Тайваны Соёл яруу найргийн корпорациас миний яруу найргийн DVD хийхээр найман шүлгийг сонгож яруу найрагчийн өөрийн дуу хоолойгоор унших орчинг бүрдүүлсэн нь энэ. Ширээн дээр гэрэл тусган, тайзны гэрлийг унтраахад шагшуурга нь нэн сүртэй харагдаад сартай шөнө нуурын хөвөөнд шүлэг бичиж буй мэт яруу найргийн тэнгэрлэг орчинг буй болно. Үзэгчийн суудалд Юй Си, манай Д.Болдбаатар, Юй Си-гийн уран бүтээлийн багийн арван хэдэн залуус. Тогоруут уул” сэтгүүлийн хэвлэн нийтлэгч Ван Чин Мэй, хэвлэлийн ерөнхий редактор Тай Сао Чин, сүмийн урлагийн мастер Тон Дуо, мөн Ли Шү Цай, Ши Юү Син, Боби Лин, Цай Ди Шэн.. Нам гүм…Би урьд нь бичлэгийн танхимд өөрийнхөө дуу хоолойг ийм тод мэдэрч, яруу найргийнхаа дотоод орчлон руу ийм гүн нэвтэрч байснаа санахгүй л байна…


Тайваныг “Formosa” буюу Эрдэнэсийн арал хэмээн нэрлэсэн нь учиртай. Цахирмаа цэцгийн цагаан дэлбээтай хаш чулуу ижилсэж, улаан дэлбээтэй нь шүр адилсмуу. Хаш хийгээд шүр бол энэ тивийн бас нэгэн чимэг нь юмаа.

Биднийг буцахын урьд үдэлтийн зоог барьсан газар бол Юй Си-гийн гурав дахь урлан болой. Тэнд би Юй Си-гийн ном, уран бүтээлдээ зориулж бүтээлгэсэн хориод хаш тамгыг сонирхож зогсохдоо дорно дахинд бичиг номыг дээдлэх соёл нэн өндөр хөгжсөнийг, бас түүнээ хадгалан уламжилж яваад үнэхээр бахархаж билээ.
Тамганы нь тос гэж зүгээр л улаан будаг биш ээ. Шүр тэргүүтэн улаан чулууг нухаж уянгат модны тосоор нухаж, наргил, азуй, сэндэн модны анхилуун үнэр хийгээд шим шүүсийг шингээн эрдэнийн чанар оршооно. Чухам ийм л эрдэнийн дээд утга чанарыг зохиол бүтээлдээ шингээж өөрийн яруу найргийн тэнгэрлэг ертөнцийг бүтээгч эрхэм хүмүүнтэй түүний эрдэнэсийн арал – эх оронд нь аялсан долоон өдрийг би догдлон дурсмуй.

Тайваны хааны ордон музейн хаш танхимд би Юань Улсын хаад, бичгийн түшмэдийн хаш тамга, бичиг соёлын хэрэгслийг гайхан шагширч, Хубулай хааны атгаж байсан хасбуу тамга, Пагва ламын номын тийзийн дэргэд алмайран догдолж зогссоноо ч би одоо тодоос тод санаж байна. Ер нь дорнын эрдмийн соёл нэн өндөр бөгөөд ном бичгийнхээ зүйлд эрдэнийн дээд утгыг шингээх болой.

Тайваны аялалын туршид сэтгэл татсан нэгэн чухал санаа гэвэл, Азийн бар болсон энэ орны үсрэнгүй хөгжлийн нууцын тухай төрсөн сэтгэгдэл байлаа. Өнөө үеийнхэн хөгжил цэцэглэлт нь баян чинээлэгийн тухай ярихдаа үйлдвэр, уурхай, ашигт малтмал, наймаа худалдааны бодлогын талаар л ярьдаг. Харин би энэ орны хөгжил, мандал цэцэглэлт, ялангуяа хүмүүсийнх нь оюун соёлын дэвшилтэй холбоотой юм байна гэж ойлголоо. Яруу найрагчид нь л гэхэд бичихийн зэрэгцээ зурна, хөгжим зохионо, ер нь л юм юмтай. Бичгийн соёлоо дээдлэх, урлагийг эрхэмлэх, үгийн үнэ цэнийг өргөн хүндлэх оюунлаг хүмүүсийнх нь өндөр боловсрол улс орных нь хөгжлийн нэгэн эрдэнэсийн чимэг нь мөн ажгуу.
Ихээхэн өргөн утгаар хэлбэл Тайван орон тэр аяараа Юй Си-гийн урлан, Юй Си өөрөө Тайваны нэрийн хуудас юм даа гэж болмоор.. Тэрбээр өнөөдөр дэлхий даяар ихээхэн нэр хүндтэй цууд гарсан яруу найрагч, зохиолч. Роман, яруу найраг, хүүхдийн зохиол бүх л төрлөөр бичнэ. Бас зураач хөгжмийн зохиолч, фото урлагийн гайхамшигт мастер. Философичийн мэргэжилтэй энэ хүн бүхий л амьдралаа яруу найраг хийгээд түүний урлагийн бүхий л төрөл зүйлтэй найрсах тэрхүү үнэт соёлыг цогцлоон бүтээхээр бурханаас заяасан мэт. Зохиолоо бичиж байхдаа үсэг бичгийн зураас татлага нь утга гүн, уран зохиролт зураг болоод явчихна. Түүнээс зураачид шууд л уран зургийн онгодоо дуудаж, бийр бэх нийлнэ. Хөгжмийн бүтээлд зориулсан санаануудаа илэрхийлсэн таталбарууд нь мөн л төдөлгүй ноотонд бууж, концертын тайзнаа хувирна. Ийм ид шидлэг яруу найрагч. Тэрбээр Тайваны үндэсний хөгжмийн “Алтан аялгуу” наадамд дээд уянгыг бүтээсний төлөө дөрвөн удаа тэргүүн шагнал хүртэж байв. Дэлхийн Урлаг Соёлын Академийн Ерөнхийлөгчийн Гарамгай яруу найраг бүтээсний төлөөх “Алтан медаль” нэг дэх дугаарын шагналыг уржинан түүнд гардуулсан бол өнгөрсөн жил Дэлхийн яруу найргийн “эрхэм дээд шагнал”-ыг түүнд олгож, эгшиглэнт алтан титэмийг залсан билээ.
Баялагийг арвижуулагч сүмийн соёлын төвд түүний дөрвөн роман, драмын бүтээлийн нэг, яруу найргийн арван дөрвөн боть тавиастай байсан бөгөөд хөгжмийн бүтээл болон уран зохиолын CD, DVD альбом бол хэдэн арваараа байсан. Тэнд ирэгсэд уут уутаар нь худалдан авч байхыг бид хоёр нүдээрээ үзсэн юм. Зохиол бүтээлийн нэрийг нь асуувал бас л сонин… “Сараар наадах хос загас”, “Амарита”, “Тэнгэрийн шүүдэр”, “Шагшуурган дундах цагаан морь”, “Хяруу унахын дуулал”, “Үсгээр наадах жараахай”, “Шидэт цэцгийн дуу” гэх мэт. Яруу найрагчийн эцгээс өгсөн нэр нь Хун Чин Юү. Уран бүтээлийн нэр нь Юй Си. Юй Си гэж “горхи” ба “загас” гэсэн үг бөгөөд түүний багш Ло Фү нь энэ нэрийг хайрлахдаа горхиор эхлээд далайд хүрэхийг бэлгэдсэн буй заа. Бяцхан горхиос эхэлсэн тэрбээр одоо дөрвөн далайг нэгэнт гаталжээ.
Юй Си Дэлхийн Урлаг Соёлын Академийн утга зохиолын доктор цлоыг 2002 онд хүртэж, Дэлхийн Яруу Найрагчдын XXIII Их хурлын хүндэт Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд Одоо Дэлхийн Яруу Найрагчдын Их хурлын Олон Улсын хороог тэргүүлж байна. Түүний эрхлэн хэвлүүлдэг “Тогоруут уул” – XXI зууны олон улсын индэр” хэмээх сэтгүүл нь өнөөдөр олон улсын урлаг соёлын амьдралын эрхэм хүндтэй индэр болсоор байна. Юй Си найрагч болон түүний анд нөхөд нь манай хятад хэлний орчуулагч Д.Болдбаатарын хэлний мэдлэг, орчуулах авьяасыг гайхан шагшиж байсныг дурдах хэрэгтэй. Би Д.Болдбаатарын ялангуяа эртний хятад хэлийг гарамгай эзэмшсэн хийгээд түүнээ монгол хэлний яруу сонсголонт үг ба эгшиглэнгээр шууд буулган цэцлэх эрдмийг урт аяны замд дахин бишрэв. Монголынхоо эрдэм оюуны гялалзах очир алмаасыг Богд уулынхаа бэлд бус Номхон далайн аралд дахин танин мэдэхдээ энэ мэт эрдэнэсийн гэрэлт чуулган болсон эрдэмт хөвгүүдээ төр түмэн минь танихын хамт улсынхаа хэрэгт жолоодон оруулаасай хэмээн бодож явснаа жич хэлсүгэй.
Үсэг бичигт ард түмний сэтгэлгээний мянга мянган жилийн соёл, оюуны эрхэм нандин гэрэл гэгээ нь шингэж түүнийг бичих, дэлгэх, дээдлэх бүрий ариусан гэгээрүүлэгч эрчимт цацрагийг түгээнэ. Эрдэнэт номын үсгийг хүмүүн төдийгүй тэнгэр бурхан богдос ч уншина.. Эрдэнэт номын үсэг уншигдах, харагдах, танигдах бүрий түүнээс мянган утга, түмэн гэрэл цацарна. Бичиг соёлоо дээдлэгч улс үндэстэн өөдлөн дэвждэгийг би ийнхүү нүдээрээ үзлээ.

Бэлгэдэхүй нь өөртөө агуу их боломжийг агуулдаг ажгуу. Хүмүүн нь өмч хөрөнгө, эд баялагтаа сагаж огсойх бус, харин эрдэм номын гэрэл доор сэтгэлээ тогтоож, оюуны баялагтаа шүтэж тэнгэрлэг амьдарах жамтай буй заа.

Хүмүүн тогтвоос тэнгэрийг ялахын учир энэ буюу.


Г.МЭНД-ООЁО
2006,4,26

Saturday, March 14, 2009

ЯВУУГИЙН СҮҮЛЧИЙН ҮГ


Яруу найрагчийн сүүлчийн үг учиртай, учигтай байдаг. Өгүүлэх нь: Миний Монгол телевизэд ажиллаж байсан үе. Уран бүтээлийн үдэшлэг нэртэй нэвтрүүлэг бий болж, манай нэртэй уран бүтээлчид, ялангуяа зохиолчдыг үзэгч уншигчидтай нь уулзуулж, тэр нэвтрүүлгийг хүмүүс ихэд сонирхон үздэг байсан юм. Энэ нэвтрүүлэгт Б.Явуухулан найрагчийг хэд хэд урьсан боловч тэр нэг л “ороолоод” болж өгөхгүй байв. Бас ч гэж учир шалтгаан байсан юм билээ. Явуугийн нэр хүнд тэр үед ид өндөрөө авсан үе л дээ. Төрийн шагнал. Соёлын гавъяат зүтгэлтэн. Ардын их хурлын депатут байв. Бас түүний “Тэхийн зогсоол” болон бусад бүтээлээр нь төрийн шагналд хоёр дахь удаагаа дэвшүүлэх тухай яриа бас сонсогддог байсан юм. Мэдээж ийм үед атаа жөтөө байсан юм билээ. Москвад хэвлэгдсэн номын нь оршилд “олон нийтийн нэрт зүтгэлтэн, дорно дахины их яруу найрагч, жараад хэлээр орчуулагдсан” хэмээн бичсэн нь бас атаархагчдын нь дургүйг хүргэж байсан бололтой. Намын байгууллагын шугамаар байнга матаж, хов жив дээш нисдэг байсан гэнэлэй. Одооных шиг шар сонин гэж байхгүй, харин матаас хэмээх нууц захидлууд, намын шүүмжлэл хэмээх үг сумаар бие биенээ хорлодог үе л дээ. Ийм үед Явуу өөрийгөө өндрөөр цоллуулж, тэдний аазгайг хөдөлгөхийг хүсээгүй хэрэг.
-Намайг магтаж ер болохгүй шүү. Энэ бол зохиолч уншигчдын л уулзалт байх юм шүү гэж хичээнгүйлэн захиад 1982.2.13-нд телевизийн бичлэгт хүрэлцэн ирсэн юм. Уг нэвтрүүлгийг телевизийн авьяаслаг сэтгүүлч Батын Дорж хариуцаж, долоо хоногийн дараа буюу 2-р сарын 20-нд дэлгэцнээ гаргахаар сонинд зарласан байлаа. Уулзалт маш сайхан боллоо. Уншигчид нь найрагчаас олон сонирхолтой асуулт асууж найрагч маань өөрийн алдарт “Би хаана төрөө вэ” шүлгээ уулзалтын магнайд уншиж, уншигчдынхаа олон асуултад тов тодорхой хариулсан юм. Мөн “Өвлийн агаар”, “Хөрөг”, “Гэргий”, “Москва” зэрэг шүлгээ өөрөө уншиж, “Тэхийн зогсоол”-ыг Ш.Гүрбазар уншсан юм. “Хар ус нуурын шагшуурга”, “Дуу минь дуу минь” дуунуудыг Зангад гуай, Түмэндэмбэрэл гуай хоёр дуулж, энэ удаагийн үдэшлэг маш сайхан, урт тэнүүн уур амьсгалтай болж байлаа. Хөтлөгч:
- Явуухулан гуай, манай уншигчид хамгийн сүүлд асууж байгаа нэг асуултыг би танд дамжуулъя. Танд мянган уншигч захиа ирүүлж амьдралд хэрэгтэй нэгэн сайхан үг хэлнэ үү? гэж хүсвэл та юу гэж захих вэ? гэж асуухад, найрагч маань. Энэ хэцүү асуулт л даа. Гэхдээ ганцхан үгээр хариулж болно гээд хэлсэн нь:
-Хатуужилтай бай. Хатуужил бол хүний хамгийн сайхан, дээд зэргийн чанар юм. Зөвлөлтийн ард түмэн дэлхийн II дайнд хорин сая хүнээ алдаад дайныг ганцхан хатуужилаар л туулж гарсан. Зөвлөлтийн ард түмэнд хайртай байгаарай. Хүн гэдэг хатуужлыг л сурах хэрэгтэй. Хүнд баяр баясгалан тааралдана. Зовлон гуниг тааралдана. Энэ бүхэнд хатуужил хэрэгтэй. Ерөөсөө ялахад хатуужил хэрэгтэй...
Яруу найрагч өөрийн хайртай уншигчидтайгаа уулзсан халуун дотно уулзалтын төгсгөлд энэ үгийг хэлжээ. Уншигч олондоо захисан сүүлчийн үг нь энэ буюу... Ялахад хатуужил хэрэгтэй. Телевизийн бичлэг хийснээс дөрөв хоногийн дараа. Утас дуугарлаа. Автал Ш.Сүрэнжав гуай байна.
-За дүү минь сэтгэлээ бариарай. Чамд нэг золгүй мэдээ дуулгая. Явуу багш нас барчихлаа... Би энэ үгийг зүүд байх гэж бодохыг хичээлээ. Чухам яаж очсоноо санадаггүй юм, нэг л мэдсэн Ш.Сүрэнжав ах, О.Дашбалбар бид гурав Сү ахын буйдан дээр зэрэгцээд уйлж сууснаа санадаг юм. Бид Явуугийнд очлоо. Адъяа эгч болсон явдлыг ярьж байна... Хамгийн сүүлд татаад дутуу орхисон янжуурыг нь хүртэл чүдэнзний хайрцаганд хийгээд харуулж байна. Номын өрөө нь яг л өнөө янзаараа. Бичгийн машин дээр нь найман мөр шүлэг харагдана. Анатолий Софроновын шүлгийн эхний найман мөрийг орчуулж дуусаад бичгийн ширээнээсээ босоод явтал...яруу найрагчийн зүрх хөндүүрлэсэн бололтой. Түрүүлгээ харан, амьсгал хураасан байжээ. Яруу найрагчийн бичгийн ширээнээ юу гэсэн мөрүүд үлдсэн вэ?
“Үрэгдэгсэд, үлдэгсэдийн аль алинд нь
Өрөө төлөх цаг заавал надад ирнэ.
Өр өр... Энэ өр, улайрсан бух шиг
Урдуур минь хэрэн ирж заавал нэмэгдэнэ.
Хэдэн арван жил хуримтлагдсан энэ өр
Хэрэг нэхэх данс тооцоогүй ч гэсэн
Оюун санааг минь зовоож байгаа болохоор
Орноос минь улирах цаг төлж чадахгүй!...
Энэ юу гэсэн үг вэ? Нэхэн бодоцгооё. Яруу найрагчийн сүүлчийн үгс хамгийн үнэнийг онож хэлдэг. Тэр л ёсоор Явуу үгээ хэлжээ. Яагаад найрагч зүрхээ хөндүүрлэн байхад энэ бадгийг сонгож орчуулсан юм болоо?!
Явуугийн нас барсан мэдээ Монголыг төдийгүй дэлхийг цочоолоо.
...Ах дүү Монголоос гашуун гунигт мэдээ ирлээ. Монголын үндэсний утга зохиолд төдийгүй, орчин үеийн бүх дорно дахины утга зохиолд арилшгүй мөрөө үлдээсэн гарамгай авьяастны зүрх зогслоо... Зөвлөлтийн “Огонёк” хэмэх алдартай сэтгүүл 1982.2.19-ний дугаартаа ингэж бичжээ.
Явуугийн уран бүтээлийн дотнын анд Оросын авьяас билигт яруу найрагч Римма Казакова
“Амарлингуй тэнгэрээс гуниглан ширтэгч
Анд найз Явуухулан минь ээ!
Хорвоо чамайг хэзээ ч мартахгүй
Ховлож муулж хэн ч хүлцэхгүй
Эрсэдсэн цэрэг шиг нартаас хальсан
Эрхэм сайн анд минь ээ!
Эргэн тойрныг гүдэсхэн зангаараа
Эмгэнэж юундаа ширтэнэ вэ?
Харуулын албаа орхиогүй
Цэрэг эр шиг эрсдлээ чи.
Хан хорвоогийн энэрэлгүй тавиланг
Цэрвэн тойрч болдог биш дээ...”
Д.Нямсүрэн 1982.2.21-ний өдөр Дарьгангаас АН-2 онгоцоор нисэж явахдаа бичсэн нулимстай захиандаа “...Тэр минь нас нөгчлөө гэж үү дээ... Даанч үгүй баймаар даа... Яаж болох юм бэ? Яаж болох юм! Тэр чинь Явуухулан шүү дээ, Явуухулан!!! хэмээн бичээд бороон дусал шиг нулимс нь хөх бэхэн дээр үүл мэт нүүсэн байж билээ.
Тэр цаг одоотой адилгүй. Телевиз, мэдээллийн хэрэгсэл намд харьяалалтай. 1982.2.20-нд нэвтрүүлэхээр зарлагдсан Явуугийн уулзалтыг яг сүүлчийн өдөр нь гэгээн дүр, саруул дуу хоолойгоор нь үзэгч уншигчдад нь хүргэх хувь дутсан юм. Яг тэр үед явсан бол монголын ард түмний сэтгэлд яруу найрагчийн сүүлчийн үгс, сүүлчийн гэгээн дүр нь их юм хэлэх байсан юм. Намын төв хороо үүнээс ихэд болгоомжлон нэвтрүүлгийг хорьсон доо.
Оросын найрагч нөхөд нь хамгийн анх “дорно дахины их найрагч” хэмээх үгийг Явуугийн нэрийн өмнө бичиж, дараа нь манайхан болгоомжтойгоор зугуухан энэ үгийг хэрэглэх болсон нь гашуун боловч сургамжит үнэн юм даа.
Мөнөөх телевизийн нэвтрүүлгийг Явуугийн нас нөгчсөний дуулиан намжиж, хүмүүсийн зүрхний хөндүүрийг илааршин мартагнуулж байгаад жил гаруйн дараа дэлгэцнээ гаргахыг зөвшөөрсөн юм. Ингэж гаргахдаа нэвтрүүлгийн эхэнд дэлгэцний чинадаас
Шүлэг минь хүлэг минь, чи бид хоёрт
Дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн нэвтрүүлэгчийн дуу хоолойгоор тодоос тод уншиж сонордуулсан нь их найрагчийнхаа гэрээсийг ард түмэнд нь зарлан тунхаглах гэсэн уран бүтээлчдийн санаа бодлын илрэл болсон юм. Явуу тэгэхэд өөрөө нэвтрүүлэгчээр энэ шүлгээ далдаас уншуулахаар санал болгосон нь учиртай байжээ. Уншигчийнхаа сүүлчийн асуултад хатуужилтай байхыг яагаад захиж, яагаад оюун санааны өр төлөөсний тухай найман мөрийг орчуулж, яагаад “шүлэг минь хүлэг минь чи бид хоёрт дэлхий дэвжээ хэрэгтэй” хэмээх шүлгээ далдаас уншихийг хүссэн юм болоо? Яруу найрагчийн сүүчийн үг “учиртай” ажгуу.

ЯВУУХУЛАНГИЙН ТУНГАЛАГШУУЛАГЧ УЯНГА



Монголын XX зууны сод яруу найрагч Б.Явуухулангийн 80 насны ой энэ онд тохиож буй бөгөөд Монголын Соёл, Яруу Найргийн Академиас түүний яруу найргийн шилмэл түүврийг “Монгол шүлэг” нэртэйгээр англи хэлнээ хэвлүүлж байна. Энэ удаа уг номын өмнөтгөлд Б.Явуухулангийн шавь Г.Мэнд-Ооёогийн бичсэн нийтлэлийг толилуулж байна.

Янгир дүүлэх шовх шовх хадан уулс тэртээ баруун урагш намсан, агь хөмүүлийн үнэртэй говирхог хөндий цэнхэртэн үргэлжилнэ. Цэнхэрлэгч тэртээ алслах хярхаг дээр цас цагаан тэргүүнтэй усан цэнхэр уул хөндөлсөн харагдана. Энэ бол Хасаг Жаргалантын уул. Чухам ийм л хараа булааж, онгод сэргэх сайхан нутаг, наран ээвэр хадан уулсын “Тасархай” хэмээх малчны өвөлжөөнд их яруу найрагч Явуухулан мэндэлсэн юм. Түүний намтарт 1929 оны 3-р сарын 15-нд төрсөн хэмээн бичсэн байдаг. Бодвол, хэзээ мөдгүй төрөх дөхсөн хүүгээ хүлээж хаврын эхэн сарын ээвэр өдрүүдийг энэ өвөлжөөндөө угтсан буй заа. Чандманалсан гурван гэрийн буурь одоо ч хэвээрээ буй. Говь түшиж өвөлжсөн айлууд урин дулаан болонгуут сэрүүн сэрмүүнийг дагаж Богдын голыг өгсөн Отгонтэнгэр уулын мөнх цагаан оргилыг зүглэн нүүдэллэнэ. Уулын голын хүрхрэх урсгалын чимээ, цаст уулын туйлын цагаан солонгон гэгээ, олон үхэр тэрэгний хонхон дуу жингэнэх нүүдэлчний арган өөжинд бүүвэйлэгдэн аялах бяцхан Явуу “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн” төрсөн нь ийм “учиртай” ажгуу.
Отгонтэнгэр хайрханы мөнх цасны цагаан сэвшээнд цэцэгт цэнхэр уулс түшин зуссан нүүдэлчид намрын сэрүү унуут Богдын голын хоржигнох урсгалыг уруудан нүүсээр уулнаас бууж говийн үзүүр шүргэн өн дулаан өвөлжинө. Дөрвөн цагийн аян нүүдлийн энэхүү замд ирээдүйн яруу найрагч Явуухулан бүрэлдсэн юм.
Хорьдугаар зууны монголын сод их яруу найрагч Б. Явуухулангийн яруу уянга, гэгээн аялгуу бүрэлдэн цогцолсон ахуй нь холын хоёр одны тохиох хөх манхан тэнгэр, цан хүүрэг савсаж, үүлс ороох оргилтой цаст цагаан уул, орог саарал зэрэглээ сүүмэлзэх онгон цэнхэр тал, мөнгөн сарны сүүдэр толиорох хөвөх гол улс, шанхны үзүүр чичирхийлэх тэлмэн жороо хүлэг морь, цээл сайхан эгшигтэй уртын дуу, зүүрмэглэгч хун шиг нүүдэлчний гэр юм.
Тэрбээр харлаг тэх зогсох элгэн улаан хадат говийн өвөлжөөнөөс вансэмбэрүү цэцэг хосоор ханьсаж ургах уулын тагт хүртэл нүүдэл хөтөлж, хангайн царам дахь анчин аавын ангийн отгоос улсын нийслэл Улаанбаатар хот хүртэлх урт аяны замд өвгөдийн хууч яриа, уртын дуу, үлгэр домгийн гайхамшиг дундуур нүүж өнгөрсөн юм. Б. Явуухулан 1953 онд Санхүүгийн сургууль төгсч нийслэл хотод суух болсон тэр жил Бэгз гуай хоёр дүүгийн хамт хэдэн малаа тууж, олон үхэр тэрэгнийхээ хонхыг жингэнүүлэн Улаанбаатар хот руу нүүсэн байна. Санхүүгийн сургуулийн оюутан Б. Явуухулан бээр 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш 1950 онд “Бидний хүсэл”, 1952 онд “Цэнхэр мандлын тэнгэр дор” хэмээх хоёр ном хэвлүүлээд Москва хот дахь А.М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар одов. Дэлхийн утга зохиолын нэгэн их голомт болсон энэ сургуульд /1954-1959/ суралцсан жилүүд бол Б. Явуухулангийн уран бүтээлийн цэцэглэлтийн онцгой үе юм. 1959 онд орос хэлээр хэвлэгдсэн “Лирика- /уянгын шүлэг/, монгол хэлээр хэвлэгдсэн “Мөнгөн хазаарын чимээ” номууд нь түүнийг яруу найргийн ертөнцөд утга уянгын онцгой содон найрагч орж ирснийг зарласан байна. Монголын эртний туульс, ардын урт дуу, үлгэр домог, уламжлалт яруу найргийн үр шимээр амалсан найрагч өрнө дахины утга зохиолын сонгодог өв уламжлалаас суралцах хүртэлх зам харгуй бол түүний яруу найргийн их нүүдэл байсан юм.
Б. Явуухулангийн уран бүтээлд түүний эхэн үеийн хайр сэтгэлийн шүлгүүд чухал байр эзэлнэ.
Зорин ирэх амрагаа хүлээхэд
Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж
Шөнийн чимээгүй гадаа налайн
Унийн углуургаар саран гэрэлтэнэ.
Өнчин дэрэн дээр нойр хулжсан
Ухаангүй дурлалын урхинд байхад
Мөнгөн хазаарын бүдэг чимээ
Онгон зүрхийг цочоон баясгана.
“Мөнгөн хазаарын чимээ” /1959/ хэмээх энэ шүлгийг мэдрэхийн тулд нүүдэлчин ахуйг ойлгох хэрэгтэй юм. Яруу найрагт нүүдэлчин айл, нам гүм аниргүй шөнө. Өрх бүтээлгээстэй. Өрхөн завсраар шургах сарны туяа унийн углуургаар гэрэлтэх нь ямархан нэгэн нууцлаг ахуй, далд явдлын шижим аж. Амраг хайртын ирэх морин төвөргөөн ойртон сонсогдсоор, гадаа ирэх нь мөнгөн хазаарын чимээгээр танигдаж байна. Мөнөөх унийн углуургаар туссан гэрэл, зөвхөн чимээ нь сонсогдох, нүднээ үл харагдах мөнгөн хазаарыг бас гэрэлтүүлнэ. Тэрхүү сарны гэрэлтэй мөнгөн хазаар бол хайртаа очиж буй малчин эрийн гүн дээд хүндэтгэлийн бэлгэдэл болой. Нам гүм шөнийн ахуй, үл ялиг сарны гэрэл, морин төвөргөөн, хазаарын чимээ. Хүлээлт. Юутай тунгалаг шөнө, юутай дотно уянгалаг чимээ вэ.
“Намрын мөнгөн өглөө” /1968/ хэмээх өөр нэг шүлэгт
Уяан дээр бөн бөн чичрээд
Унаган хүлэг минь үүрсч байна.
Өрхний завсраар гэгээ ороод
Үүр цайх дөхөж байна.
Хайрт минь одоо би явъя даа
Хүлэг мориныхоо биеийг халааж
Намрын мөнгөн өглөөний
Сэрүүн тунгалагт давхия даа...
“Мөнгөн хазаарын чимээ” шүлгийн шууд үргэлжлэл мэт санагдана. Явуухулангийн шүлэгт хайр сэтгэлийн шүлэг зонхилох байр суурь эзлэх боловч тэр бүгд хоорондоо заавал нэг, үйл явдал, утгын хэлхээ хамааралтайд гол учир буй юм.
Яруу найрагч 1970 онд алтан саарийгаа бэлхүүс орчимоо задгайлсан энэтхэг хүүхний гоо сайхныг гайхаж шүлэг бичсэн бөгөөд судлаачид магтаж эхлэнгүүт монгол бүсгүйчүүд маань гомдчих вий хэмээн “Монгол бүсгүй” шүлгээ бичсэн байдаг. Энэ бол яруу найрагчийн ууч, өгөөмөр зан чанарыг илрэл юм. Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд бол хүний гоо сайхныг дээдэлсэн яруу найргийн улаан сарнай юм. Хожим нь 1979 онд бичсэн “Монгол шүлэг” хэмээх шүлэгтээ хайр сэтгэлийн дууллуудынхаа түүхийг хураангуйлан томьёолж
Бүсгүй хүн гэдэг
Хүний эх нь учраас
Бүх хүн төрөлхтөн
Гоо сайхнаа авдаг байна.
Бүсгүй хүн гэдэг бас
Гоо сайхны эх учраас
Бүхнээс илүү сайхнаа
Өөртөө хадгалж байдаг байна... хэмээн бичсэн юм.
Б. Явуухулангийн хайр сэтгэлийн уянгын шүлгүүд нь бүх цогцоороо бүсгүй хүнийг хайрлан дээдлэхүйн нэгэн их туульс мэт санагднам. Жинхэнэ яруу найрагчийн бүтээл бол эрээвэр хураавар бодол сэтгэгдэл, үйл явдлын тасархайнууд бус яруу сайхны түүх намтар утга агуулгын цогцлол байдаг нь ийм учиртай ажгуу.
Б. Явуухулан байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтаныг энэрэх хайрлах үзэл санаагаа яруу найрагтаа нэвт шингээж үлдээсэн найрагч билээ. Түүний “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Одод усанд шумбадаг юм билээ”, “Гэрэлтэй газар дулаан”, “Миний араншин”, “Монголын дорнод тал”, “Тайхар чулуу” зэрэг олон шүлэг нь монгол уншигчдын хайр талархал, баяр бахархал, цээжнээ хоногших, сэтгэлээс ундрах уянга дууны оргих эх булаг мөн. Түүний “Би хаана төрөө вэ” хэмээх дууллыг монгол хүн бүр цээжээр уянгалуулан уншиж омог бахархлаа илэрхийлэх нь буй.
...Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би:
Цэнхэр хадган дээрх мөнгөн аягатай сархданд
Цээл сайхан эгшигтэй уртын дууны аянд
Цэнгэх зовох хосолсон хүний хувь заяанд
Цээлхэн дууны эгшгийг эзэгнэнхэн төрлөө би...
Б. Явуухулан 1973 онд Ховд хотын цэцэрлэгт мод тарьжээ. Яруу найрагч өөрийн тарьсан модондоо зориулан бүүвэйн дуу зохиожээ.
...Явуулын хүн дэргэд чинь ирж байг,
Яахав намайг, тэд дурсан ярьж бай,
Яруу найргийн мод, бүүвэй
Явуухулангийн мод, бүүвэй!
Хожим энэ мод тэнгэр баганадам өндөр болжээ. Явуугийн мод хэмээх нэрийг олж сүүдэрт нь залуу хос болзож, шүлэгчид яруу найргаа цуглаж уншдаг, Явуухуланг дурсан хундага өргөдөг болов. Яруу найргийн мод өөрийн түүх намтрыг бичсээр байна. Түүний адил Явуухулангийн найргийн утга уянга унших бүхий улам цэцэглэн навчилах мэт дэлгэрмүй.
Их найрагч Б. Явуухулангийн яруу найргийн өв дотор хамгийн хүндтэй байрыг эзлэх, хүчтэй шүлэг бол түүний “Тэхийн зогсоол” хэмээх дууль юм. 1969 онд бичсэн эл бүтээл нь монголын яруу найрагт төдийгүй, хүн төрөлхтөний яруу найргийн эрдэнэсийн алтан санд зүй ёсоор орох ёстой туурвил мөн.
Мэдээж энэ шүлэг яруу найрагчийн хувийн намтрын зурвас хэсэг юм. Үйл явдал хоёр шугамаар өрнөж байна. Эхнийх нь өвөлжөөний дулаан бууцнаас гарч нутаг сэлгэх гэж буй нүүдэлчин айл. Дараах нь орчлонгоос жам ёсоороо халих гэж буй янгирын тэх. Аль аль нь орчлонгийн явдал...
...Төрсний эцэст үхнэ гэдэг
Амьтны ёс оо!
Төрсөн нутгаа орхиноо гэдэг
Амаргүй даваа!...
...Орчлон хорвоогийн мөнхийн зүй тогтол. Өтөлсөн янгир насны туйлд хүрээд өөрийнхөө төрсөн ууландаа эхээс унасан газраа ирж буй сэтгэл догдолж нулимс унагам учрал тохиолтой анчин таарчээ. Амьдын хорвоогийн тавилан заяа, өнгөрүүлсэн амьдрал, ууж ундаалсан бэлчээрээ сүүлчийн удаа харж ертөнцийн жам ёсны оргил дээр зогсох янгир бол зүгээр нэг ан амьтан бус түүний цаана байгал ээж амьд ертөнц тэр аяараа буй ажгуу. Амьд амьтан, эх нутаг хоёр учран золгох, хагацан салах уулзвар дээр ертөнц оршином. Хэзээ нэгэн өдөр хүмүүнийг ч бас янгирын адил эцсийн зогсоол нь хүлээж байдаг билээ. Тэхийн зогсоолыг дурандаад өдөржин хорвоог бясалгаж буй анчин, янгирын тэхийг үргэж цочоохоос эмээн нүүдэлээ хойшлуулан хорвоогийн жам ёсонд сүсэглэж суугаа хот айлынхан. Энэ бүх үйл явдал, өдөр хоногууд, сэтгэлийн шимшрэлийг зүрхэн дундуураа гаргаж буй бяцхан хүү буюу яруу найрагчийн бага нас, нүүдэлчний амьдралын жаргал зовлон, эх нутаг хийгээд шүтэлцээт бүхий л юмсыг энэрэн нигүүлсэх соёл, орчлонгийн үнэт агшинуудын гэгээн судар энэ гэлтэй. Янгирыг жам ёсоороо хальсны маргааш өглөө нь хот айл ачаалан нүүдэллэж “Тэхийн зогсоол”-ыг эргэж харж “Төрсөн нутаг минь” хэмээн өөртөө хэлж буй төгсгөлд ирэхэд өр нимгэн хэний боловч хоолой зангирч, аньсага чийгтэнэ. Явуухулан бол эх орон, байгал дэлхийн гайхамшигт дуучин, ертөнц өөрийгөө дуулуулахаар илгээсэн “алтан гургалдай” буюу.
Явуухулангийн яруу найргийн амьдралын үлэмж хэсгийг түүний соён гэгээрүүлэх үйлс эзлэнэ. Тэрбээр Горькийн сургууль төгсч ирснийхээ дараа утга зохиолын оройн дээд сургууль байгуулах ажлыг санаачлан эхлүүлж, яруу найргийн уншлага зохиож, дэлхийн сонгодог яруу найргийн сор дээжээс орчуулан түгээж байлаа. Сергей Есенин, Омар Хайям, Гётегийн шүлгүүдийг орчуулж өрнө дахины яруу найргаас суралцаж, уншигч олондоо толилуулж байв. Дорно дахинаас Ли Байгийн шүлгүүд, Японы хайку шүлгээс орчуулж, өөрөө хайку маягаар шүлэг бичиж туршсан зэрэг нь чухам яруу найргийн соён гэгээрүүлэх үйлс байсан юм. Тэрбээр оросын яруу найрагчидтай гүн дотно нөхөрлөж Лев Ошанин багшийгаа монголд урьж ирүүлэн, Римма Казакава, Анатолий Софроновыг орчуулж, зөвлөлтийн болон тухайн үеийн социалист орнуудын зохиолчдын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж байв. Энэтхэг, Этиоп, Кубаар энх тайвны элчээр аялан явж олон сайхан шүлгээ туурвижээ.
Их яруу найрагч бээр өөрийн яруу найргийн үйл амьдралд хоёр үе шаттай хөтөлбөр дэвшүүлсэн хэмээн ярих дуртай байв. Эхний хөтөлбөр нь 1959 онд бичсэн “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмэх шүлэг юм.
Дуулим хорвоод төрсөн минь учиртай:
Дуулж суугаад ээжийнхээ уйлахыг нь үзэх гэж
Дуунд тийм чадал шингэж байдгийг мэдээд
Дуу өөрөө зохиож дуутай хамт амьдрах гэсэн юм би
Дуулим хорвоод төрсөн минь учиртай.
хэмээх тунхаглал нь далаад оны сүүл үе хүртэл бүхий л яруу найргийнх нь оршил аялгуу байжээ. Түүний хоёр дахь хөтөлбөр бол 1977 онд бичсэн “Шүлэг минь, хүлэг минь” хэмээх шүлэг юм.
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Шүүдэр мэлтрэн цэцэг уйлтал дуулах ёстой!
Шүлэг минь-хүлэг минь, чи бид хоёр
Сар мэлмэрэн хээр хонотол дуулах ёстой!
хэмээн эхэлдэг энэ шүлэгтээ тэрбээр “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн шууд ил тодоор тунхагласан байдаг. Ийм учир бас байсан юм. Б. Явуухулангийн бүтээн туурвисан он жилүүд бол монголд социалист нийгмийн тогтолцоо оргил үедээ хүрсэн, нам засаг, Октябрийн хувьсгал, Ленин, Зөвлөлт улс, найрамдлыг магтан дуулахыг уран бүтээлчдээс шаарддаг тийм он жилүүд байлаа. Чухам ийм үед тэрбээр тэр цаг үеийн золиос болохгүйн тулд цөөн бус шүлгээ дээрх уриа шаардлагад нийцүүлэн зохиож, түүнийхээ шүхэр дор уянгын шүлгүүдээ бичиж байлаа. Утга зохиолын харилцаа ч тухайн социалист орнуудын хүрээнд болж, дэлхийн ихэнх оронд монголын утга зохиолыг мэдэхгүй байсан тэр үед “хүлэг бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн тунхаг бол гайхалтай содон, эр зоргийн дуулал байсан юм. Гэхдээ тэрбээр үзэл суртлын дарангуйлал, атаа жөтөө, утга зохиолын дайсануудаасаа хол байгаагүй, уран бүтээлчийн бүхий л саад бэрхшээл, зовлон гамшигийг туулсан бөлгөө. Их найрагч Б. Явуухулан өөрийнхөө хүрэх ёстой оргилыг харж байсан юм. Дэлхийн хэмжээний яруу найрагч гэдгээ аль эрт мэдэрч, өөртөө төдийгүй Монголын яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргах их холын зорилго түүнд байсан юм. Их найрагч бээр сүүлийн жилүүддээ монголын зохиолчдын эвлэлд яруу найргийн зөвлөлийг тэргүүлж, залуу яруу найрагчдын клуб хичээлүүлж тэр үеийн яруу найргийн хорхойтон биднүүс түүнийг бишрэн дагаж “Явуу багш” хэмээн хүрээлсэн юм. Явуу багш бээр шүлгийг илүү, дутуу үггүй маш нарийн нягт, хөгжимлөг, айзам хэмнэл бүхий өө сэвгүй урлах ёстой гэж шаарддаг байсан бөгөөд яруу найргийн хамгийн гол зүйл бол дотоод сэтгэлийн дүрийг илэрхийлэх ёстой гэж үздэг байв. Яруу найраг бол үгийн урлаг учраас үгийг илүү ч үгүй дутуу ч үгүй байранд нь онож тавих ёстой гэдэг байлаа. Мөнөөх дээр дурдсан “Тэхийн зогсоол” бол яруу найргийн урлахуй хийгээд дүр бүтээхүйн гайхамшигт том сургууль бөлгөө.
Б. Явуухулангийн 1950-аад оны сүүл үеэс наяад оны эхэн үеийг хүртэл бичсэн шүлэг, дууль нь Монголын яруу найргийн XX зууны бүхий л ололтын охь байсан гэж үзэж болно. Түүний суралцсан багш нь монголоосоо ардын яруу найраг, Инжинаши, Гулиранс, Равжаа, Нацагдорж байсан юм. Монголын уламжлалт яруу найргийн туурвил зүйн сонгодог өв уламжлал, дорнын намуун уянга, өрнө дахины яруу найраг дах сэтгэлгээний чөлөөт хэв маяг Б. Явуухулангийн яруу найрагт тун гайхалтай найрсаж түүний яруу найргийн ертөнцийг баяжуулсан байна. Тэрбээр 1930-аад оны сүүл үеэс 1950-аад оны эхэн үе хүртэлх монголын яруу найраг хийгээд уран сайхны сэтгэлгээний хоосролын дараа, шинэ цагийн яруу найргийн туурвил, сэтгэлгээний чиг хандлагыг илэрхийлэгч нь болж гарч ирснээрээ цагийг эзэлсэн их дууч нь болсон юм.
Б. Явуухулан өөрөөсөө өмнөх бүхий л цаг үеийн монголын яруу найргийн ололт хийгээд өөрийн цаг үеийг эзлэн дагуулагч нь төдий бус өөрөөсөө хойших залгамжлах үеийн яруу найргийг бойжуулахад маш хүчтэй нөлөө үзүүлсэн яруу найрагч бөгөөд өдгөөгийн Монголын яруу найргийн гол төлөөлөгчид болох Ш.Сүрэнжав, З.Дорж, Д.Цоодол, Д.Нямсүрэн, О.Дашбалбар нар бол түүний шууд үргэлжлэл юм.
Эдүгээ XXI зууны монголын яруу найрагт хамгийн их нөлөөтэй байгаа Д.Нямсүрэн, О.Дашбалбар нараас суралцагч залуус тэдний өмнөх Б. Явуухулантай заавал ч үгүй холбогдох тавилантай ажгуу.
Б. Явуухулангийн яруу найраг нь урлан туурвихуйн томоохон дэг сургууль, яруусал төгс уянгалахуйн гайхамшигт үлгэр, дотоод сэтгэлийн гэрэл цацарсан дуулал юм. Тэрбээр монгол хэлний шүлэглэл зүйн дээд боломжийг төгс эзэмшсэн урлахуйн ухааны инжаан, шүлгээр аялгуу эгшиг бүтээхүйн их туурвигч бөлгөө.
XX зууны монголын сод яруу найрагч Б. Явуухулангийн зүрх 1982 оны өвөл гэнэт 53 насандаа зогссож монголын уран зохиолд хүнд гарз тохиолдсон юм. Алтан өлгий дэх шарилын хавтан дээр “Алаг дэлхийд төрсөн минь учиртай” хэмээх шүлгийн мөрийг нь сийлсэн бөгөөд харин “хүлэг минь шүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээх зорилтоо хойчийнхондоо даатган үлдээсэн юм.
2006 онд Монгол Улсад Дэлхийн яруу найрагчдын их хурал зохион байгуулсан үйлс нь дэлхийн дэвжээнд монголын яруу найргийг гаргах гэсэн Б. Явуухулангийн мөрөөдлийн үргэлжлэл болсон хэмээн зарим хэвлэл мэдээлэл тайлбарлан бичиж байсан нь үнэний хувьтай. Дэлхийн яруу найрагчдын их хурлын сүлд тугийг Б. Явуухулангийн төрсөн бууц, тэхийн зогсоол, Отгонтэнгэр хайрханы тэнгэрт мандуулахдаа бид “Шүлэг минь, хүлэг минь би бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн омог бардам дуулж явлаа.
Монголын яруу найрагчдын эрхэм дотно нөхөр авъяаслаг орчуулагч Саймон Вэккхам Смит Б. Явуухулангийн шилмэл шүлгүүдийг англи хэлнээ орчуулан уншигчдад толилуулж байгаа нь зөвхөн монголын утга зохиолд тохиолдож буй маш чухал үйл явдал төдийгүй, дэлхий дахины соёлт уншигчид, утга зохиолын зүтгэлтнүүд, яруу найрагчдад барьж буй үнэт бэлэг хэмээн үзэж болно. Их яруу найрагч Б. Явуухулан яруу найргаараа дэлхийн дэвжээнд өөрийн байр суурийг шинээр эзлэх боломжийг энэхүү орчуулга олгоно гэдэгт итгэж байна.
ХХ зуун, XXI зууны зааг дээр өргөн олон нийтийн дунд “зууны манлай”-г шалгаруулах санал асуулга явуулахад Б. Явуухуланг “ХХ зууны манлай яруу найрагч”-аар ард түмэн нь өргөмжилсөн юм. Дорнын их яруу найрагч, зууны манлай яруу найрагч хэмээх алдар цолыг тэрбээр тэнгэрт хальснаасаа хойш ард түмнээсээ авсан билээ. Яруу найрагч амьддаа хүртээгүй алдараа үгүй болсон хойноо хүртдэг хувь тавилантай ажээ. Монголын сод их яруу найрагч Б. Явуухулан яруу найргийг “ухаан бодлоос босоогоороо төрсөн гуурст хүлэг” хэмээн томьёолжээ. Тэрхүү гуурст хүлгийг эмээлэн мордсон яруу найрагч зуун зууныг ч гэтлэн, мянганы чанадтай хүрэх нь дамжиггүй буй заа.
Их найрагчийн амьдралын тэн хагас нь монголын нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн байна. Угаас нүүдэлчин яруу найрагч бээр сав л хийвэл Туул голын хөвөөнд очиж онгодоо дуудах дуртай байлаа. Гол ус түүнд утга уянга, гэгээн тунгалагийг өгдөг байснаас тэр буй заа. Яруу найрагч Туул голыг олон шүлэгтээ, од сартай нь ангир шувуудтай нь дуулжээ. Тэр цагт гол ус ч, яруу найраг ч тунгалаг байжээ. Одоо гол ус тоорогтож, яруу найраг ч бас булингартжээ. Тунгалагшиж нэг, булингартаж нэг урсах нь гол усны хувь тавилан ажээ. Яруу найраг ч бас тийм ажгуу. Явуухулангийн гэгээн уянга байсан цагт, гол ус ч тэр, яруу найраг ч тэр, хүмүүний зүрх сэтгэл ч тэр, цагийн цагт ариусан тунгалагшсаар байх буй заа.
ГОЛ УС ТУНГАЛАГШИХ ЦАГ
Эргийн дээрх бургас бүхэн мөчиртөө шувуутай
Эрвийн сэрвийх навч болгон алгандаа гэрэлтэй
Хатан ус ариусан тунгалагших намар бол
Ханаран мөшийх Туулын найргийн даллагатай цагаа!
Намрын дунд сарын гол усны зургийг
Нарийн бийрээр торгон үзүүрээр тогтоон барьмаар
Явуухулангийн хоёр ангир бас л эндээ хөвсөөр
Яруу найрагч нь эзгүйг хөөрхий тэд мэдэхгүй ээ
Хөшгөн цагаан манан урсгал сөрж босоод
Хөлгөн дөрвөн уулынхаа хөндийг өгсөж хөвлөө
Билгүүн төгс Явуугийн залуу навчис өвгөрчээ
Бишрэлт хатан Туул нь яг л өнөө янзаараа
Өвс бүхнийг үзвээс дууны долоон өнгөтэй
Үүлс бүхнийг ажваас адууны түмэн зүстэй
Гуулин навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад
Гуниг болооп буртгаас энэхэн бие ариусмуй.
Дуулим шүлэгч Явуугийн дуу бүхнийг би мэднэ
Дуулж амжаагүй болгоны нь бол Туул гол л мэднэ ээ
Чингисийн эзгүйд Монгол минь нэг ядарсан юмаа
Чиний эзгүйд яруу найраг минь зүдэрлээ
Туул голын ус намартаа нэг тунгалагших мэт
Туулах цагийн урсгалд яруу найраг минь тунгалагших биз ээ
Төгөлдөр авьяаст хөвгүүд яруу найргийн тэнгэрт
Төрж мэндэлсээр байхыг Туул минь үзэх биз ээ
Эртний судрын элэрч шарласан хуудас мэт
Эмзэгхэн шаржигнах намрын хонгор навчсыг
Хатан Туул мэргэн их мэлмий болоод сонор
Хайхран анзаарч хадгалан бичиглэх нь лавтай
Яг л энээхэн хавьд хожмын шүлэгчид ирнэ ээ
Ялгуун сарыг тэнгэрт нэг, усанд нэг харна аа
Одод усанд шумбахыг Явуу минь тэр жил үзсэн шиг
Ондоо бас нэг гайхалтайг тэд бас үзнэ ээ
Үдшийн бүхий улаан бургас нөмрөн
Үргэсэн гэрэл голын ёроолд буугаад
Туж юмс бүүдэн буудан болсоор байхад
Туул голын ус л улам улмаа гэрэлтвэй.
Мөнгөн навч хөвсөн Туулынхаа уснаас залгилахад
Мянган жилийн бүдэг бадаг түүний гэгээнд тодорвай
Гол ус ариусан тунгалагших найргийн энэ Шамбал дор
Зул мэт шүлгээ гэрэлтүүлж Явуухуландаа өргөвэй.
2008.XI.7
Улаанбаатар