/Хүн төрөлхөтний сод их яруу найрагч Р.Таагүрийн мэлмий гийсний 150 жилийн ойд/
Г.МЭНД-ООЁО
Р.ТААГҮРИЙН “ӨРГӨЛИЙН ДУУЛАЛ” НОМЫН МОНГОЛ ОРЧУУЛГЫН
ЯРУУ НАЙРАГТ ХИЙСЭН ЗАРИМ АЖИГЛАЛТ
Жамцын
Бадраагийн туурвилын сан хөмрөг дотор яруу найргийн орчуулгын бүтээл
том байр суурь эзэлнэ. Түүний орчуулгын бүтээлийн томоохоноос дурдвал
Орос хэлнээс “Евгений Онегин”, дуурь “Лусын дагина” дуурь, санскрит
хэлнээс “Энэтхэг цэцэн үгс”, хинди хэлнээс Р.Таагүрийн “Өргөлийн
дуулал”-ыг орчуулсан байна. Өнөөдөр бид Энэтхэгийн их соён гэгээрүүлэгч,
яруу найрагч, гүн ухаантан Рабиндранаат Таагүрийн Нобелийн шагнал
хүртсэн “Өргөлийн дуулал” хэмээх суут бүтээлийн монгол орчуулгын яруу
найргийн өв санг эргэн ажиглахыг хүсч байна.
Одоогоос
40 гаруй жилийн өмнө Ж.Бадраа агсан энэ сод бүтээлийг орчуулахдаа
дорнын бичгийн мэргэд томоохон туурвил бүтээлдээ зориулж төгсгөлийн
шүлэг бичдэг уламжлалаар “Өргөлийн дуулал орчуулсан тухайд” хэмээх
төгсгөлийн шүлэг (1964 онд) бичжээ. Тухайн үеийн үзэл сурталын
шалгуураар орж төгсгөлийн шүлэг нь нийтлэгдээгүй ч зохиогчийн эрдэм
номын сан хөмрөгт нь үлдэж хоцорсон байна. Одоо энэ шүлгийг үзье.
“Өргөлийн дуулал” орчуулсан тухайд
“Амрахын чөлөөнөө алгасал үгүй тавтай тухтай
Амин насны төгөлдөр өргөлийн дуу дуулмаар санаднам!”
Хэмээн соён айлдсан эрдмийн гэгээн Таагүр таны
Хэмэш үгүй гүн яруу “Өргөлийн дуулал” үүнийг
Хэтэрхий гүйхэн сурлага, арвис дургандаан гонсойлгүй,
Хэнхэдгийн чанад хураасан сан нимгэнээн чамлалгүй,
Үзэг зүрх хоёрынхоо мохоогүй байгаад эрэмшин
Үлгэрийн орон шиг Энэдхэгийг үзэж харсандаан урамшин
Даамай хурц нарны нь төөнөх илчинд амьсгаадаад,
Дал, бибал модны нь төгөлдөр сүүдэрт амсхийж,
Тогос бүжин залах Ягшасын зардас үүлний нь
Тогтоолтой хугацаанд авчирдаг хурын рашааныг амталж,
Хаан Гүдүбүддийний байгуулсан хан өндөр цамхаг дээрх
Хар Охин Зарц таны өлмийн оронд бараалхаж,
Шар нохой жилийн зургаан сарыг зарцуулан
Шамдаж шимтэж байж Хинди гадарласан буянаар
Харагчин туулай жилийн өвлийн тэргүүн сар
Хавтай урин улирлын өлзийт хорин долооноо
Эгшиглэнт монгол хэлнийхээ эрдэнийн алтан самбар дээр
Энэдхэг хиндии хэлнээс эвлүүлэн хөрвүүлж төгсгөвэй.
Өөрийн биеийг дөвийлгөж нэр горилсон минь бус
Өвгөд дээдсээс уламжилсан нэгэн заншлыг хүндэтгэж,
Судар номыг орчуулсны учрыг өчин мэдүүлэх
Сулхан атугай ч үнэн хэдэн мөрийг хэлхэлтэй!
Дээрээн ахлах мэргэд буйд өчүүхэн биеэн өргөж
Дэмий хоосон бардамнан өрвийж сөрвийх хэрэг юун?
Доороон залгах дүүнэр буйд номхон даруу болох гэж
Дотроон санаснаан илтгэхгүй нормойх урвайх учир юун?
Эцэг эхийнхээ хайрласан Бадрангуйцогт нэрийг
Эз дутсаны харгаагаар эвдэж хураан зуршуулсан
Салан хэлмэрч миний мэтгэж монголчилсон энэ ном
Санаа сайт түмнийхээн тааллыг хүртэх болоосой!
Буруу зөвийг дэнслэх өнөө маргаашийн мэргэд
Бундуу нахиа мэт дэлгэрэх үе хойчийн залуус
Буцлам халуун сэтгэлээр ослы минь ялган айлдваас
Булчин шөрмөс сунасны минь дээдийн заяа тэр буй заа!
Ж.Бадраагийн төгсгөлийн шүлгээс үзэхэд өргөлийн дууллыг орчуулсан тухайд хэд хэдэн чухал баримтыг бид олж харж болохоор байна.
1. Өөрийн сурсан эрдмээ нимгэн хэмээн чамлалгүй орчуулахаар зориглосоноо өгүүлж,
2. “Үзэг, зүрх хоёрынхоо мохоогүй байгаад эрэмшин”, өөрөөр хэлбэл энэхүү дууллыг орчуулах зориг зүрхтэй насныхаа омогийг бахадаж,
3. “Үлгэрийн
орон шиг Энэдхэгийг үзэж харсандаа урамшин”, Р.Таагүрийн эх орныг
нүдээр үзсэн нь орчуулгын ажилд ихээхэн түлхэц болсноо хэлж,
4. Эртний
Энэдхэгийн суут зохиолч Галидасын “Үүлэн зардас”-ын “хурын аршаанаас
амталж” түүний орчуулгын уламжлал, аяс намбыг баримталж
5. “Шар
нохой жилд зургаан сар зарцуулан шамдаж шимтэн байж Хинди гадарласаны
баянаар” уг зохиолыг орчуулах нөхцөл нь дээрх хэд хэдэн хүчин зүйлээр
бүрдсэнийг шүлэгт маш тодорхой товчоолсон байна
6. “Харагчин туулай жилийн өвлийн тэргүүн сарын хорин долооноо” орчуулан төгсгөжээ. Энэ нь 1964 он байна.
“Өргөлийн
дуулал”-ыг орчуулахдаа зохиолч их зохиолчийн Нобелийн шагналт бүтээлийг
монгол уншигч олныхоо сэтгэл оюунд толилуулах эрдэм соёлыг
эзэмшсэнхийхээ чадлыг сорих урам итгэлдээ дулдуйдаж, яруу найргийн дорно
дахины орчуулгын эртний уламжлалыг баримтлахыг чухалчилан монгол хэлний
яруу найруулгын боломжийг чадамгай хэрэглэх зорилго талбиж, түүнээ
биелүүлжээ гэж үзэж болно.
Р.Таагүр бенгаал хэлээрээ “GITANJALI” хэмээн нэрлэсэн энэ дуулалаа 1912 онд англи хэлнээ үргэлжилсэн үгийн шүлэг болгон орчуулахдаа “SONG OFFERINGS” хэмээжээ. Оросоор “ЖЕРТВЕННЫЕ ПЕСНИ” гэж орчуулагдсан байна. Санскрит болон бенгаль мөн хинди хэлнээ “GITА” хэмээх нь дуулал, “ANGELI” нь
тэнгэрийн дагинас, сахиулсан тэнгэр шүтээн гэж буудаг юм байна.
Ж.Бадраа энэ бүхнийг харгалзан үзэж, “Өргөлийн дуулал” хэмээн буулгасан
байна. “Өргөлийн дуулал” номын нэр нь хүний амин насан
буюу насан хутгийн дуулал, амин насны урсгалаар хамаг юм нөхцөлдөж
байдаг бөгөөд тэрхүү жам ёсны тэнгэрт өргөсөн өргөл юм хэмээх өргөн
агуулгыг тодорхойлж байна. Нэрийг оноож орчуулна гэдэг нь маш чухал,
хаад ихэсийн бол титэмийг нь бүтээхтэй адил буюу.
“Өргөлийн
дуулал”-ын орчуулгад яруу найргийн амин насны тэнгэрт өргөсөн дууллын
уянгалан хүүрнэсэн, учирлан ятгасан, ухааран тайтгарсан дотоод дүр, хөг
хэмнэл хийгээд гэгээн гэрэлт өнгийг шүлэгнээс шүлэгт нэвт сүвлэж
илэрхийлсэн байна. Энд нэг шүлгээр жишээлэн өгүүлье.
НЭГЭН САЙХАН ДУРДАТГАЛ
Нэгээхэн ч юм би чамаас гуйгаагүй
Нэрээн ч одоо болтол чихэнд чинь дуулгаагүй дээ.
Яваад өхөд чинь би тэхэд
Яахаа ч мэдэхгүй гөлрөн зогсож байсаан.
Тэр үес би ганцаархнаа худгийн дэргэд зогсож байсан.
Тэндэх моддын сүүдэр худаг дээр бууж ирсэн.
Шавар ваараа мялхтал ус дүүргээд усчин хүүхнүүд
Шаламгайлан гэр гэр өөдөө буцацгаасан.
Тэгснээ тэд намайг дуудаад: «Бидэнтэй яваа, орой боллоо гэсэн»
Тэгэвч би бүдэгхэн дуугаа л гүнгэнэсээр
Тэндээ л зогссоор байсан саан.
Хажуудаа чамайг ирэхэд хөлийн чинь чимээг сонсоогүй.
Харц чинь над дээр тусахдаа гуниг дүүрэн байсан.
«Ээ дээ, би тун их цангаж явна » гэсэн дуунд чинь
Эцэж ядарсан шинж илэрхий байсан.
Өдрөөр унтаад сэрсэн юм шиг би босон харайгаад
Өөрийнхөө хумхаар алган дээр чинь цэвэр ус хийж өгсөн.
Тэгэхэд моддын навч шаржигнан шуугиж,
Тэртээ далдаас хөхөө донгодоод,
Тэргүүр замын эргүүлгээс гаадамбын цэцэг анхилан байж билээ!
Нэрий минь асуухад чинь ичээд дув дуугүй зогссон.
Нээрээ ч чухам намайг дурсах гэж нэрий минь асуухаар
Нэмэртэй тустай юу ч хийчихсэн билээ дээ би?
Ашгүй цангаагий чинь гаргах гэж ус өгсөн дөө гэсэн
Аятайхан сайхан дурдатгал зүрхэнд минь цэцэрлэг дэлгэрүүлж,
Амьд явах хором бүрий минь амттай сайхан болгох бий
Өглөөн цаг үд тийшээ хэвийхэд
Эцсэн дуугаар шувуухай шаагилдана бизээ.
Өндөр дээрээс нимбийн навчис шаржигнахаас залхууран согтуурна заа.
Эндээ л суугаа би ямархан нэгэн бодлого болж
Өнө удтал, өнжиж оройттол бодон бодсоор байх биз ээ.
Хүний
сэтгэлд гэрэл гэгээ болж хоногшсон амьдралын жирийн нэгэн агшин
“зүрхэнд цэцэрлэг дэлгэрүүлж, алсад явах хором бүрийг амттай сайхан
болгох” тэрхүү дурдагчийн сэтгэлийн зөөлөн хөг энэ шүлэгнээс ятгын
аялгуу мэт эгшиглэнэ. Уншсан хүний сэтгэлд басхүү өөр нэгэн дурдатгалыг
сэрээн эгшиглүүлнэ. Ядарсан хүн худаг дээр ирсэн, ус хийж өгсөн, тэр
агшинд бие биесэд хандсан бүлээн зөөлөн харьцаа. Ийм л нэг агшин. Үүн
дотор байгаа яруу хөг, гэгээн дурдатгал, хүлээлт, итгэл, тээнэгэлзлэл,
тэр агшины дүр зураг, байгалийн байдал, нийгмийн ахуй, хүний зан чанар
бүгдийг ганц агшины гэгээн дурдатгалын дэвсгэр дээр багтаан зураглажээ.
Энэ шүлэг орчуулга уу, Ж.Бадраагийн шүлэг үү гэдгийг ялган зааглахад нэн
бэрх. Энэ орчуулгад хүчээр албадсан, албаар оноож тавьсан үг алга,
сэтгэлээс нэгэн хоромын онгодоор шууд л урсан гарсан мэт.
Яруу
найргийн орчуулгын тухай утга зохиолын орчуулагч Х.Мэргэн нэгэнтээ
хэлэхдээ “Шүлэг зохиол орчуулна гэдэг бол яг торонд байгаа шувуу шиг юм. Нэг
талаас чи хүний санаа, хүний сэтгэл, хүний айзам, хүний хэмнэл, хүний
адилтгал, хүний зүйрлэлд баглаастай, нөгөө талаас чи найргийн тэнгэрт
эрх чөлөөтэй дүүлэх ёстой” гээд цааш “Гэхдээ эх зохиолтойгоо увдис чацуу
орчуулга байдаггүй биш, байдаг юмаа” гэсэн байдаг. Ж.Бадраагийн энэ
орчуулгыг би чухам тэр увдис чацуу орчуулга мөн хэмээн
ойлгож байна. Энэ бол орчуулагчийн махчлал яавч биш, зохиогчийн дүр
дүрслэлд хэт автаж баригдсан текник ажиллагаа ч биш юм. Харин “Өргөлийн
дуулал” бүтээлийн сүнс сүлд доор сэрсэн яруу найрагчийн онгодын орчуулга
хэмээн үзэж байна.
Ж.Бадраагийн
орчуулгын яруу найраг нь дорно дахины яруу найргийн эртний монгол
орчуулгын уламжлалын шууд тусгал буюу үргэлжлэл гэхээр байна. Энэ нь
орчуулагчийн эрдэм, шүлэглэх ур чадвар, хэл соёлын баялаг мэдлэгтэй шууд
холбоотой. Мөр бадаг болгондоо хүүрнэл хйигэд дүрслэл, зүйрлэл
чимэглэлийг тэгш найруулж сэтгэл хөдлөлийн олон өнгө, хувирал,
наминчлал, залбирал, цөхрөл, гутрал, тэмүүлэл, эрмэлзлэлийг хурц
илэрхийлсэн дотоод хэмнэлтэй яруу найргийн орчуулга цогцлоон бүтээсэн
байна. “Заяагүйяа” хэмээх шүлгээр жишээ авъя:
ЗАЯАГҮЙ ЯА
Явж ирээд хажууд суужээ тэр минь, тэхэд нь би сэрсэнгүй.
Яагаад ингэж их нойр хүрээ вэ? Заяагүй ч юм даа!
Яг түүнийг ирэхэд амгалан шөнийн цаг байлаа.
Ятга сайхан хуурыг тэр бариад ирсэн байлаа.
Яруухнаа жингэнэх эгшгээр зүүд минь урсаж байлаа.
Сэрж үзвээс зандан анхилам өмнийн салхи харанхуйд
Сэвэлзэн үлээж тансаг үнэрээ дөрвөн зүг түгээж байлаа.
Хамаг шөнө минь юуны учир ийнхүү хулжин зугтаа вэ?
Халуун амьсгаа нь намайг шүргээд байсан мөртөө
Харж, үзэж уулзаж учирдаггүйн учир юу болоо!
Халаг минь дээ! Сондор нь элгэнд хүрээд байсан билээ л
Харин тэврээд авч чадаагүй л юм даа хөөрхий!
Зүүд
ч юм шиг, үнэн ч юм шиг барин тавин хийгээд зөн мөрөөдлийн торгон
ирмэг, хүслэн биелэх хийгээд үл гүйцэлдэхийн зааг дээрх хүний амьдралын
амттай бөгөөд халаглалт мөчийг нэн яруусалтай дуулсан байна. Хүн гэгч аз
жаргал, амтат цэнгэлийг барин алдан байх, тэр нь хүслэнт хүнийх нь
хүзүүний сондор элгэн дээр нь хүрээд байхад тэвэрч амжаагүй байх шиг
тийм эгзэгтэй байдаг эгшинийг уншигчидад бэлэглэж байна. Зүүдэнд нь
урсах ятга хуур, зандан анхилсан өмнийн салхи, шүргэх халуун амьсгаа цөм
энэ шүлгийн амтат тэр агшиныг чимэглэж байна. Тэгсэн мөртлөө эдгээр нь
сэтгэлийн цангааг тайлсангүй, хүсэл таашаалыг хангасангүй. Амьдрал бол
ийм ажгуу. Ийм яруу шүлгийг бүтээнэ гэдэг орчуулагчийн чадал буюу.
“Хөлний
чимээ” хэмээх шүлэгт амин судалд ирэх цаглашгүй баяр, “баясгалангийн
дохио” нүдэнд үл үзэгдэх, хөлийн чимээнд нуугдан, түүнийг хүлээх ахуйд
“салхинаас балын үнэр анхилах”-ыг тогтоон барьж бичиглээд “Учрыг
хянаваас чи минь нэн ойрхон ирсэн буй заа” хэмээх итгэлийн гэрэлт цэг
дээр шүлэг төгсөж байна. Яруу найраг бол сэтгэлийн дүр юм. Яруу сайхны
үнэт агшин юм. Яруу найргаас философичийн онч мэргэн үг хайх хэрэггүй.
Яруу найраг үзүүлдэг юм. Таагүрийн “Өргөлийн дуулал”-ын амин сүнс нь
чухам ийм бөгөөд Р.Таагүрыг монгол уншигчдадаа “увдис чацуу” хүргэх
зорилгодоо хүрчээ гэж үзэж байна.
Ж.Бадраа “Өргөлийн дуулал”-ыг орчуулахдаа туурвил зүйн баялаг туршлагыг чадамгай ашигласан байна. жишээ татвал,
Өрөвдөм хөөрхий өлмийн орон тань ээжээ!
Өглөө цагийн час улаан туяан дээр байнам (“Улаан туяа”: “Өргөлийн дуулал” 19-р тал) Өглөөний
нарны туяаны улбар их гийгүүлэл дотор үгүй болсон ээжийгээ байгаа мэт
дурсан үзэж буйг зүгээр нэг тоочин өгүүлсэнгүй. Үгүй болсон ээжийнхээ ул
мөрийг “өлмийн орон тань” хэмээн бурхад дээдсийг хүндэтгэн хэрэглэдэг
дээд найруулгын үгсийг сонгосон байна. Эрхэлж наадаж өссөн багын нөхрийн
эдүгээн дүр гэнэт “Сүрт дүр” /шүлгийн хэр/ болон үзэгдэж буйг
дүрслэхдээ “Огторгуй тэнгэр мэлэрч, наран саран гөлөрнөм” (“Өргөлийн
дуулал” 51-р тал) гэжээ. Энэ мэт уран яруу хэрэглүүр орчуулагын эл
бүтээлд арвин байгаагийн заримаас гэрч болгон татвал “Сонсохуй чимэгт”
дууны тухай бичихдээ
“Энэ дуу үгийн хашлагаас сулран алдуурч
Эгшигийн
долгио болон одох буюу” (“Өргөлийн дуулал” 56-р тал) гэсэн бол бүрхэг
шөнийг дүрслэхдээ “шөнийн зовхи, үүлсийн ачаанд дарагдан хамхигджээ”
(“Өргөлийн дуулал” 58-р тал) гэх буюу. “Шинийн хоёрын сарны хангал залуу
туяа” гэжээ. Зүгээр нэг залуу туяа бус бүүр “хангал залуу туяа” гэсэн
нь яруу найрагийн хүчийг нэмэгдүүлж омогдуухан өнгөөр чимэглэж байна.
Энэ мэт урлахуйн маш олон жишээг татаж болох боловч тэр бүхнийг тоочих
зорилго тавьсангүй.
Ж.Бадраагийн
орчуулгад байгаа бас нэг чухал зүйл бол монгол хэл найруулгад ховор
хэрэглэгдэж байгаа буюу бараг хэрэглэхээ байж хуучирч мартагдсан үгийг
сэргээн хэрэглэсэн явдал юм. Жишээлбэл: “ухаан санаа минь монширч байна. /36-р тал/, ёрог хувцаст /54-р тал/, эрэмцэл найдал /57-р тал/, насан турхруу /70-р тал/, чинхэр чанхар дуу чимээ /81-р тал/, нэн ужиж саатсан билээ /91-р тал, үлээх салхины хумхи /99-р тал/, мишил хар нүдээрээ / 107-р тал/ гэх мэт.
Дорно
дахины уламжлалт яруу найргийн онолын найруулгын арван эрдэм буюу
“эвсэл найрагт, маш тунгалаг, тэгш чанарт, яруу сонсголонт, орь залуу,
утга тодорхой, агуу их, сүр жавхлант, өнгө үзэсгэлэнт, уран сэтгэмжит”
(Дандины зохист аялгууны толь” шинэчилсэн орчуулга тайлбар. Ш.Бира,
Х.Гаадан, О.Сүхбаатар. УБ 1981) байх үүднээс авч үзвэл Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” номын орчуулгад дээрх
арван чанар бүгд найрсан бүрджээ гэж хэлж болохоор байна. Энэ нь
Ж.Бадраа орчуулгын эл бүтээлдээ дорно дахины уламжлалт яруу найргийн
найруулгын эрдэм ухааны уламжлалыг сайтар баримтласантай нь шууд
холбоотой.
Нөгөө
талаар Яруу найрагч Ж.Бадраагийн өөрийн нь сайтар эзэмшсэн дорно дахины
болон монгол бичгийн найруулгын эрдэм хйигээд өөрийн нь яруу найргийн
бичлэгийн арга барилтай найрсан сүлэлдэж буй нь тохиолдлын хэрэг биш ээ.
Ж.Бадраа
Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” бүтээлийг орчуулахаар шулуудан шийдсэн
урам зориг нь Таагүрийн ид шидлэг, тэнгэрлэг яруу найрагт нэвтрэн орж
танин мэдэхийн хамт монгол яруу найргийн орчуулгын найруулгын уламжлалыг
чухам энэ бүтээл дээр илэрхийлэн гаргах таатай боломжийг өөртөө олж
барьсан нь мэдээж буй заа. Иймээс ч өгүүлэн буй эл номын орчуулгын яруу
найруулга нь түүний яруу найргийн бүтээл, тэр дотроо дууны яруу найргийн
бүтээлтэй нь салшгүй холбоотой төдийгүй бүүр уялдан найрсаж байгааг
анхаарах хэрэгтэй. Хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор
Л.Хүрэлбаатар, Ж.Бадраагийн дууны яруу найргийн бүтээлийн
тухайтад чухам онож хэлсэн дүгнэлт нь басхүү Р.Таагүрийн “Өргөлийн
дуулал” яруу найргийн орчуулгын бүтээлийн нь талаар хэлэх үгтэй минь
утга хоршиж байгаа тул эрдэмтэний үгийг энд яг хэвээр нь үлдээж эшлэн
хэлэхийг хүсч байна. “Ж.Бадраагийн дууны яруу найргийн эрдмийг Монгол, дорно дахины яруу үгийн туршлага дээр задлан үзэхэд: авиа эгшгийн утгын зохирол, чанга сулын нийлэмж, хүнд хөнгөний жин, урт богинын хэмжээг “Тэнгэрийн
ачаа ” мэт тэгшид барих хэрнээ, үсгийн чанга сулын байрлалыг үдшийн од
мэт өтгөрүүлж, чингэж өтгөрүүлснээс үүрийн од мэт шингэрүүлж, чингэх
атлаа өчүүхэн нялахын үе гишүүн сулаас орь залуугийн нас биед шилжин
өсөх мэт алгуур ахиунаар чангаруулж, авиа үсгийн сул чангын эрдмийг аль
зохистоор уран яруу найруулсан, үгийн хуучин хийгээд шинэ, зохист ба
зохист бусын харьцааг жагсаал олон агтын дотроос, аль утгын холыг туулах
тэнхээ тамиртайг нь сонгон олох атлаа бас явдал гүйдэл уран удганы нь
танин барьж эмээллэх мэт үгийн элбэг баян, уран ярууг эрхэмлэсэн, дуун
хийгээд утгын хувийг сайтар тэнцүүлэн, уран үг, гүн утгын
сөөм цоожийг нээхийн тулд урнаар сэтгэх яруугаар дүрслэхийн тохой
туршийн түлхүүрийг олж тааруулсан, шүлгийн утгын гүнзгийрэл, санааны
баялаг нь утгын хаалгыг түлхэх бүр улам шинээр нээгдэн гарах “үлгэрийн
лусын эд баялаг мэт” бөгөөд ямар ч ахуйд аль ч санааг өгч өмсгөвч
шүлгийн доторхи бодит ахуйн гол эш модон хэдий өндөрийн хэрээр, түүнийг
дагаж ороон ургах уран санааны ороонго модон төдий өндөрт хүрэх мэт,
дууны яруу найраг нь санаа ахуй сайтай, агуулгын багтаамж ихтэй,
шүлэглэлийн толгой холбох, сүл таацуулах хэмжээ хэмнэл, айзам аялгуу,
цацалга цохилго, жигд найруу нь усан тэлмэн, удган жороон явдал мэт
ялдам ялгум усхал тэгш ажээ,” /Л,Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист” УБ
2005, 437-р тал/
Миний
бие эл бяцхан өгүүлэлдээ “Өргөлйин дуулал” –ын орчуулгын монгол яруу
найрагт шингэж цогцолсон орчуулгын яруу найргийн урлах эрдмийг бахархан
баясах сэтгэлээ илэрхийлэх төдий, хойчийн мэргэд номын дүү нарт судлан
суралцахын тухайд сануулан илбэх төдийг л арай чарай хэллээ.
Бичгийн утгач, яруу найрагч, дуун хөрвүүлэгч Ж.Бадраагийн “Өргөлийн дуулал” –ын монгол орчуулгын бүтээлийн
туршлага нь хүн төрөлхтөний яруу найргийн сонгодог бүтээлийг үндэсний
хөрсөн дээр тарьж ургуулан, улмаар уншигч шимтэгч нарын оюуны таалалд
соёолуулан цэцэглүүлэхийн нэгэн сайн үлгэр болсон бөгөөд Монголчуудын
олон үеийн туршид цогцлоосон шилдэг орчуулгын тоонд баттайяа өөрийн байр
сууриа эзлэх бүтээл, цаашид судлан шинжлэх, суралцан шимтэх их зүйлийг
агуулсан соёлын үнэт өв мөн хэмээн үзэж байна. .
Ашигласан ном, бүтээл
1. Р.Таагүрийн “Өргөлийн дуулал” УБ 1965. /Орч. Ж.Бадраа/
2. Калидаса “Үүлэн зардас” УБ 1963 /Орч Б.Ренчин/
3. Ж.Бадраа “Ардын билиг ухааны оньс” УБ 2005
4. Л.Хүрэлбаатар “Эсэруагийн эгшиг дуун” УБ 1999
5. R.Tagor “GITANJALI” New York 1962
6. Р.Таагүр “Өргөлийн дуулал” /хинди хэлээр/ Дэли 1969
7. Р.Тагор “Собрание сочинений в четырех томах” Москва 1981
8. “Яруу Найргийн орчуулгын түлхүүр” хамтын бүтээл УБ 2006.
9. Л.Хүрэлбаатар “Дуун утгын яруу зохист” УБ. 2005.
No comments:
Post a Comment