Эрин зуунуудыг эрихэлсэн хуучин судрын хуудсанд
Элэнц хуланц дээдсийн минь оюун сүнс буй
Хөлөөрөө яваад хүрэхгүй элин галавын тэртээд
Хэлээрээ улаа нэхээд хүрэхийн ерөөл буй
Хэдэн зууны цаадтайд Цогт тайжийн цэцэлсэн үг
Хээр талын чулууны монгол элгэнд шингээд
Оргилж дэвэрсэн онгодоор өргөж дэвшүүлсэн дуу нь
Олон үеийн чанадаас одоо ч сонсогдсоор буй.
Ган гачигт нэрвүүлж газар дэлхий хагсахад
Гамшигт энэлсэн говийн найрагч Гэлэгбалсан
Үлэмжийн тэнхээ хүчийг үг бүхэндээ хурайлан
Үүлгүй тэнгэрээс хур дуудаж шүлэглэхэд
Горь хүслийн биелэл борооны түрүүч шаагин
Говь нутаг тэнийж, ган тайлсан гэдэг.
Монгол хүний амны билиг бүтэхийн учир
Молор эрдэнийн хэлний минь арвис чадалд буй
Аяа, миний төрөлх хэлний агуужим тийм хүчийг
Атхаг хар санааны хорт сумд болгож
Тэр нэгэн өдөр Нацагдоржийн минь зүрх рүү
Тэнэсэн сум шиг зэрлэг үгээр буудсан юм биш байгаа!
Урваагүй байж, урвагч гэж зүрхээ зүсүүлсэн
Улс орондоо хайртай байж, хайргүй гэж элгээ эсгүүлсэн
Төөрөг заяа нь төөрсөн, хөөрхий ах нар минь хаана байна?
Төгс үнэн хэл минь мэдэх бүхнээ ярь аа!
Авирлагч хэн нэгнийг алдрын тэнгэрт нисгэсэн
Асарлагч хүн нэгнээ газрын мухарт гүтгэсэн
Бурангуйн буртаг тоосыг тунгааж ариусга, хэл минь!
Харанхуйн дунд гэрэлтэхээр тунгалаг бай, хэл минь!
Шинэ цагийн араншингаар дуу авалцан хашгирцгааж
Ширмэн бөмбөг шиг үгийг бие бие рүүгээ шидэцгээнэ.
Өндөр уул намхан толгод бүхэн чинь шингээж байгаа!
Өнөөдөр хэлсэн бүхнийг чинь өнө хожмынхон сонсоно!
Алмааз шиг гэрэлтэй, аяа түүн шиг бөх монгол хэл минь,
Аялгуу шүлгийн минь амин цогцос үг бүхэн
Эх хэлнийхээ өмнө өргөж буй алтан тангараг минь!
Эрхийгээ эсгэж үнэнээ гэрчлэх ган болдон тонгорог минь!
Үг бүхнээсээ үнэний гэрэл цацраасан
Үзэл бодол, оюун билгийн болор толь,
Зуун билиг төгөлдөр сонсголонт миний хэл
Зуун зууны цаана сонсогдох МИНИЙ ҮГИЙГ ХЭЛ!
Зуурдын тавиланг алгасах хамгийн холч хүлэг
Хуурын аялгуут хэл минь эзнээ хэзэ ч явгалахгүй ээ!
Ядарч галираад унасан мориноос буух хорвоод
Яасан ч би хэлсэн үгнээсээ буухгүй ээ!
No comments:
Post a Comment