Tuesday, February 9, 2010

ӨВЛИЙН СҮҮЛ САРЫН АРВАНТАВНЫ ТЭРГЭЛ ШӨНӨ

ӨВЛИЙН СҮҮЛ САРЫН АРВАНТАВНЫ
ТЭРГЭЛ ШӨНӨ БУЮУ НЯМСҮРЭН БИД ХОЁР

Өвлийн сүүл сарын арвантавны тэргэл шөнийг
Өдөр хэмээн андуураад хоёр шүлэгч дуулбай
Дээрээ ганцхан дэнлүүтэй шөнийн дээвэр доор
Дэврүүн хоёр шүлэгчийг хэн ч эс сонсвой

Бүүдэн бор үүлнээс бүлтийн зүтгэсээр сугарсан
Бүрх малгай шиг сарны бүгээн туяанд
Сүүдэр, гэрлийн дундах эртний бичигт чулуу шиг
Сүүтийн зогсогчийг Данзангийн Нямсүрэн гэмүй

Ургүй хөшөө шиг түүний шалмин шар халимгийг
Утсан цагаан туяагаар тэнгэрийн бүсгүй самнаж
Тонж нарийн эсгийгээр тонч урласан бүрх шиг
Толгой дээр нь сарыг тогтоож өмсгөхийг үзвэй

Саран бүрхтэй найрагч мөнгөн жүнз гаргаад
Цантай цагаан чулуун дээр жин хийтэл тавибай
Харахын зуурдгүй жүнз нь хашийн шимээр дүүрч
Хангай дэлхийдээ тэрбэр нанчдаа хүртээж амжвай

Цагариглан хэвтсэн эрт галавын амьтан шиг
Цаст уулын бэл рүү цагаан туяа гулсаж
Цалин мөнгөн өнгийг нь улам гялтайтал зүлгэсээр
Цагийн будан шүлэгчийн дуунд арилбай

Мөнгөн сарны доор ганцаар архидаж суусан
Мөнхийн согтуу Ли Байн дарс хүртсэн сарыг
Малгай болгож тавьчихаад дуулж суугаа найрагчийн
Магадын энэ зургийг тогтоон барьж авбай

Утга уянга, сэтгэлд нэвтэрч ирэхийн цагт
Уужмын дунд юм бүхэн байдалдаа төстэй
Дээлийн минь хээтэй сарны дугариг ижилсэх
Дэлхийн цөм, хүний зүрх нэг хэмээр лугших

Өөдрөг сэтгэлээр дуулахад юм бүхэн чимэгтэй
Өвсний толгойг гоёж цаг ххүрэг молцогловой
Хуучин цасны чахар чухар дуун ч
Хуучир болоод шанзны аялгууг дэмнэвэй

Өвлийн сүүл сарын арван тавны тэргэл шөнийг
Өдөр хэмээн андуураад хоёр шүлэгч дуулбай
Бужигнасан олон оддыг уншигчаа хэмээн андуурч
Будаггүй цагаан тайзнаас шөнөжин шүлэг уншвай

1992 он

No comments:

Post a Comment