Tuesday, January 26, 2010

УРАН БҮТЭЭЛИЙН ХИШИГ ӨДРҮҮД

Г.МЭНД-ООЁОГИЙН УТГЫН БОЛОР СҮМ” УРАН БИЧЛЭГ,
БИЧИГ СОЁЛЫН ҮЗЭСГЭЛЭН


“Утгын болор сүм” уран бичлэг, бичиг соёлын үзэсгэлэн 2010.01.27-02.03-нд Монголын Уран Зургийн Галерейд зохион байгуулна. Үзэсгэлэнд яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлүүдээс гадна, Г.Мэнд-Ооёогийн яруу найрагт зориулсан өнөө үеийн монголын уран бичлэгийн төлөөлөгчид болох Д.Баттөмөр, Жалайр Батбаяр, С.Бадрал, Д.Ганбаатар, Ж.Түвшинжаргал, Д.Болдгарав Б.Буд Ц.Тамир нарын уран бүтээлчдийн шилдэг бүтээлүүд, мөн Г.Мэнд-Ооёогийн цуглуулгын сан хөмрөг дэх уран бичлэг нийт 80 орчим бүтээл дэлгэгдэнэ. Үзэсгэлэн бүхэлдээ Монголын бичиг соёлын сэргэн мандалт, орчин үеийн уран бичлэгийн сэтгэлгээ болон чиг хандлагыг илэрхийлэхийн хамт уран бичлэг, яруу найргийг найрсуулснаараа онцлог юм. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо 1980-аад оны сүүл үеэс эхлэн үндэсний монгол бичиг соёлыг сэргээх үйлсийг манлайлагчдын эгнээнд явсан бөгөөд эдүгээ цаг үед монгол уран бичлэгийг хөгжүүлэх үйлсэд өөрийн бүтээлч оюуныг зориулсаар явааг уг үзэсгэлэнгээс харах болно. Үзэсгэлэнд уран бичлэгээс гадна яруу найрагчийн тамга, бичгийн хэрэгсэл, ховор гар бичмэл, цуглуулгын дээжис орж байгаа нь уг үзэсгэлэнг улам баялаг болгож байна.
Г.Мэнд-Ооёо болон түүний нөхөдийн яруу найрагтай найрссан уран бичлэгийн бүтээлүүд Унгар, Австри, Бельги, Япон, Солонгос зэрэг оронд үзэсгэлэнд дэлгэгдэж байснаас гадна өөрийн оронд хэд хэдэн удаа үзэсгэлэн зохион байгуулж байсан юм.
Үзэсгэлэн бүхэлдээ монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Утгын болор сүм” дэх оюун билиг, бичиг соёл, яруу найргийн ертөнцийг тольдон үзүүлэх болно.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёо нэгэнтээ:
Бийрийн мөрөөр мянганы тэртээ аялмуй
Дууны аялгуун дотор мянган жил амьдармуй
хэмээн шүлэглэжээ.



“ЯРУУ НАЙРАГЧИЙН ТАЙЗ”

“Үгийн эрчим хүчний шидэт долгион” лекц



Үг нь хүмүүний сэтгэл оюунаас гадагш тэсрэн гарах бөгөөд хязгааргүй увдисыг өөртөө шингээж цацарсан агуулга нь хүмүүний зүрх сэтгэл рүү атомын эрчим хүчний урсгал мэт очно. Үгийн эрчим хүчний энэхүү шидэт долгион нь хүмүүний төдийгүй байгал ертөнц, нийгмийн оршихуйд өөрийн үйлийн шалтгааныг нөхцөлдүүлж эерэг ба сөрөг нөлөөлөл үзүүлэн мөнхөд оршдог ажээ.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёо 2001 онд Австралид болсон Дэлхийн яруу найрагчдын их хуралд “Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион” хэмээх илтгэл тавьж байсан бөгөөд мөн байгалийн болон үгийн эрчим хүчний шүтэлцээ, үгийн ид шидний тухай олонтоо бичсэн билээ.
Яруу найрагч бээр 2007 онд “Хар хэл амны харшлах шалтгааныг амирлуулахуй “ хэмээх томоохон эссээ бичиж “Өдрийн сонин”-д нийтлүүлж атхаг сэтгэлээс үүдэлтэй үгс буюу хар хэр ам нь нийгмийн оюун санаа, цэвэр тунгалаг ахуйг бохирдуулан, байгаль цаг агаар нийгмийн осол гамшиг учруулах хүртэл муу уршигтайг сэрэмжлүүлж сайн үгсээр нийгмийг өөд хөтлөхийг уриалсан байдаг.
“Үгийн эрчим хүчний шидэт долгион” лекц нь яруу найрагчийн олон жилийн ажиглалт, бодрол, эрэлийн үр дүн, үгийн тухай, хэл яриа, бичиг соёлын тухай нэгэн цогц хураангуйлал юм.



“НОМ НЭЭХ ЦАГ”
Г.Мэнд-Ооёогийн шинэ бүтээлийн багц


Яруу найрагч Г.Мэнд-Ооёо нь яруу найраг, хүүрнэл зохиол, бодрол бясалгал, нийтлэл судалгааны 30 гаруй ном хэвлүүлсэн бөгөөд үүний дотор гадаад орнуудад 6 ном нь англи, япон, хятад, бенгаал, македони хэлнээ гарчээ. Түүний яруу найргийн анхны ном 1980 онд “Бодлын шувуу” нэртэй хэвлэгдэж монголын уран зохиолын хаалгаар анхаарал татаж орж ирсэн бол “Өлзий утас” /1984/, “Хуурын магнай” /1987/, “Утгын болор сүм” /1997/, “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” /2002/ номууд нь туурвилынх нь өөрийн чиг хандлагыг илэрхийлсэн юм. Яруу найрагч энэ удаа өөрийн яруу найргийн бүтээлүүдийг:
“Хэсэг цагаан манан”, “Гэрэлтэх агшин бүр” нэртэйгээр хэвлүүлж байна. Монгол нүүдэлчдийн оюун сэтгэлгээний оршихуй, энэрэл нигүүлсэл, дотоод амар амгаланг, монгол хэл аялгууны эгшиглэн яруу найргийн урлахуйн эрхэмсэг найруулгыг эдгээр бүтээлээс үзэх боломжтой. Дэлхийн яруу найрагчдын дунд зарласан “Бурханы хайр” сэдэвтэй яруу найргийн наадамд тэргүүн байр эзэлсэн “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цагт”, НҮБ-ийн төв байрнаас 1000 яруу найрагчдын бүтээлтэй хамт энхийн шувуу болон ниссэн “Сарны шүлэг” зэрэг олон шинэ бүтээлийг нь энэ номуудаас унших болно.
Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн бүтээлэд АНУ-ын Калифорни муж улсад бүртгэлтэй Дэлхийн Урлаг Соёлын Академийн удирдах зөвлөлийн шийдвэрээр өнгөрсөн намар “поэт лауреат” цол алтан титмийг Унгарын нийслэл Будапешт хотноо олгосон бөгөөд энэ нь монголын соёл, уран зохиолын чухал үйл явдал болсоныг мэдээлсэн билээ.


“ЗӨӨЛӨН АЙ” CD


Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн зөөлөн уянгын шүлэг найргийн шинэ CD дээрх номуудтай цуг уншигч, сонсогч олноо очиж буй бөгөөд яруу найрагчийн өөрийн дуу хоолойгоор уншсан шүлгүүдээс гадна, Монгол улсын гавъяат жүжигчин Г.Равдан, Л.Чаминчулуун, Б.Жагдаг, Ж.Батбаяр болон уран уншигч Б.Даваа нар түүний шүлгүүдийг уншжээ.



“ЗӨӨЛӨН АЙ” ЯРУУ НАЙРГИЙН УНШЛАГА


Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн туурвилын онцлог нь: монголын өргөн уудам хээр тал, нүүдэлчин ард түмний өвөрмөц соёл, уламжлалт сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлийн байгаллаг ахуйг тольдон үзүүлэхийн хамт хүмүүний оюуны гэгээн тунгалаг, дотоод амгалан оршихуй, энэрэл нигүүлсэл зөөлөн сэтгэлийг илэрхийлдэг болой.
Түүний яруу найргийг гадаад дотоодын судлаачид “Номадизмын дуулал”, “намуун уянгын эзэн”, “гэрэл гэгээний дуучин” “хайрын мөн чанар мөнхийн дууны эрэлчин” хэмээн тэмдэглэсэн нь олонтай. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо бээр Ази, Европ, Австрали, Америк тивийн олон оронд очиж яруу найргаа уншиж, дотоод сэтгэлийн эрхэмсэг намуун аялгууг сонсгож байсан бөгөөд өдгөө тэрбээр өөрийн намуун уянгын шүлгүүдээ, хамгийн амгалан, анир гүм орчинд шүтэн бишрэгч, уншигч нартаа зориулан уншихаар бэлтгэж байна. Яруу найрагч нэгэнтээ өөрийн тухай “Зөөлөн ай бол миний яруу найргийн зан чанар юм” хэмээн хэлсэн бөгөөд нэгэн шүлэгтээ:
Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм
гэж бичсэн нь “Зөөлөн ай” яруу найргийн уншлагын өнгө төрхийг тодорхойлж байна




“ОЮУНЫ ХИШИГ ӨДӨР” БУЮУ СОЁЛ, ЯРУУ НАЙРГИЙН АКАДЕМИЙН ӨДӨРЛӨГ


Г.Мэнд-Ооёо 2005 онд Монголын Соёл Яруу найргийн Академи болон соёл, утга зохиолын GUNU сэтгүүлийг үүсгэн байгуулсан бөгөөд эдүгээ утга зохиол, нийгэм соёлын үйлсэд нэр нөлөө бүхий байгууллага болж чаджээ. Тус байгууллагын 5 жилийн ой энэ онд тохиож байна. Тус Академи болон түүний гишүүд, дэмжигчид ойрын жилүүдийн үйл ажиллагааны төсөл хөтөлбөрийнхөө талаар мэдээлэл солилцохын хамт уншигч олондоо оюуны болон номын өглөг хишиг түгээх өдөрлөгийг энэ үеэр зохион байгуулж байна. Тус байгууллага өөрийн бүтээлийн дээжээс олон улсын утга зохиолын байгууллагуудад илгээхийн хамт, үндэсний номын сан, зарим их дээд ерөнхий боловсролын сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэм оюуны садан нартаа хишиг хүртээдэг уламжлалтай.


“МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ҮНЭТ ЗҮЙЛС БА ОРЧИН ҮЕ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ


Яруу найрагч Г.Мэнд-Ооёо үйл ажиллагааныхаа нэгэн чиглэлийг монголын уран зохиолыг дэлхий дахинд танилцуулахад зориулсан уран бүтээлч юм. Түүний санаачилгаар Данзанравжаа, Б.Явуухулан, О.Дашбалбар, Ц.Бавуудорж, Дан.Нямаа, Ж.Дашдондог нарын зэрэг яруу найрагчдын түүвэр болон Монголын яруу найргийн антолог, Монголын уран зохиолын дээж, монголын залуу үеийн 7 яруу найрагчийн бүтээлийн цоморлиг зэрэг олон ном англи хэлнээ орчуулагдан хэвлэгдсэн байна. Тэрбээр сүүлийн 10 гаруй жил дэлхийн яруу найргийн томоохон үйл явдлуудад байнга оролцож, монголын яруу найргийн тухай “Хүн төрөлхтөний яруу найрагт монголчуудын оруулсан хувь нэмэр”, “Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион”, “Даяаршилын үеийн монголын яруу найраг” зэрэг илтгэл тавьж байснаас гадна соёл, яруу найргийн “GUNU” сэтгүүлийг 5 жилийн турш англи хэлнээ эрхлэн гаргаж монголын уран зохиол, соёлыг сурталчилж байна. Яруу найрагч 2006 онд Монгол улсад Дэлхийн яруу найрагчдын 26 их хурлыг амжилттай зохион байгуулсан билээ. Өдгөө дэлхийн олон улс оронд монголын уран зохиол, түүний дотор монголын яруу найргийн талаар сонирхон судалж, хэвлэн нийтэлж байна.
Г.Мэнд-Ооёогийн санаачилгаар зохион байгуулж буй “Монголын яруу найргийн үнэт зүйлс ба орчин үе” эрдэм шинжилгээний бага хуралд академич Д.Цэрэнсодном, доктор, профессор Л.Хүрэлбаатар, доктор С.Дулам, Д.Цэнджав, Б.Магсаржав, Д.Цэвээндорж нарын зэрэг утга зохиол судлаач эрдэмтэд илтгэл тавина. Энэхүү бага хурал монголын яруу найргийн судалгааг арвижуулахад үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна.


“МОНГОЛ БИЧИГ СОЁЛЫН ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ


Мянга илүү жилийн түүхтэй үндэсний бичиг, түүний олон зуун жилийн өвийг сэргээх, хамгаалах, дэлгэрүүлэх асуудал яригдаад 20 гаруй жил болов. Өдгөө монгол бичиг үсгээрээ бахархаж сурч эзэмших үйлс улам идэвхжиж байна. Ялангуяа монгол уран бичлэг шинээр хөгжих эх суурь тавигдаж, үзэсгэлэн, сургалт, тэмцээн наадам зохиогдох болов. Монголын дүрслэх урлаг, уран зурагт үндэсний бичиг үсэг дүрслэлийн хэрэглүүр болж нэвтрэв. Монгол каллиграфч, Дэлхийн оюуны олимпоос алтан медаль авав. Монгол уран бичлэгийн хөгжлийн энэхүү шинэ цаг үеийн ололт, бэрхшээл, гажуудал, түүний цаашдын төлөвийг хэлэлцэх нь бичиг соёлын хөгжилд чухал хөшүүрэг болно гэж үзэж байна.

No comments:

Post a Comment