Эрхэм та бүхнийг яруу найрагч, зохиолч Г.Мэнд-Ооёогийн хувийн цахим дэвтэрээс түүний бичсэн нийтлэл, үгүүлэл, шүлэг найраг, зохиол бүтээлүүдээс уншин, улмаар уран бүтээлийнх нь шинэ, шинэ мэдээ мэдээлэлүүд болон түүний уран бүтээлийн ертөнцтэй танилцахыг хүсье. Яруу найргийн үлэмжийн шидэт эрчимээр хүмүүний сэтгэлийн сүүдэртэй талд илүү тод гэрэл тусгая.
Wednesday, November 26, 2008
Монголын морин хуур
Монголын морин хуур дэлхийн чихийг дэлдийлгэж, хаа очсон газар болгондоо гайхагдан шагшигдаж байгааг мэдрэхэд омог барархал оргилно. Гадаадынхан одоо зөвхөн сонсогч байхаа хэдийнээ больжээ. Өөрийгөө Даваадондов гээд монголжуу нэрэлчихсэн Америк шар залуу монгол дээл өмсчихсөн гарч ирээд манай “Жонон хар”-ыг амилуулаад хүлгийн дэл дээр яваа юм шиг толгой ганхуулан цээж найгасхийж байна. Япон бүсгүй Макамура “Хэнтийн өндөр уул”-ыг хуурын аялгуунд чадамгай тоглож байна. “Түмэн агтын төвөргөөн-Токио” хамтлаг гээд зарлахад бас нэг юм бодогдож байна. Японд одоо ажиллаж байгаа морин хуурын сургалтын газар дөрвөн зуу гаруй бий гэж байна. Өвөр Монголын хуур урлаачид нэг түмэн морин хуурыг Японы зах зээл дээр борлуулжээ. Японоос ирсэн Өвөр Монголын Чи Булаг хуурчийн хүү Чи Бүргэд хэмээх залуу монголын цөлжилтийн сэдвээр морин хууранд зориулсан хөгжим зохиож өөрөө хуурдаад зүрх сэтгэл дотор элчилгүй шаргал говь, эрмэг сэрвэг өвс уйтгарт салхинаа эх газраасаа салж ядан сэрчигнэхийг нүднээ үзэгдэж сэтгэл сэмэртэл эгшиглүүлэв.
Дөнгөж сая Улаанбаатарт болсон Морин хуурын олон улсын наадам-симпозиумын үеэр л энэ мэтийг нүдээр үзэж чихээр сонслоо. Нэлээд хэдэн жилийн өмнө Японд болсон Азийн бага олимпийг морин хуураар нээж, Нобелийн шагналын ёслол ч морин хуур, уртын дуутай болж байна хэмээн сонссоноо ч эргэн санав. Дэлхийд алдартай Токиогийн “Орчард” танхим, НҮБ-ийн төв байр, Венийн филармонийн “Брамс” алтан танхимд морин хуур эгшиглэхдээ В.А. Моцарт, Ж.Бизе, Ж.Пуччини, П.Чайковскийг дуурсган гайхуулав.
Морин хуур нүүдэлч малчин айлын хоймороос төрийн хоймор хүртэл дуурсч, улмаар монголын нэрийн хуудас, бэлгэ тэмдэг, бидний омог бахархалын аялгуу болон дэргэдэх дэлхий даяхан дээрх тэнгэр хурмаст хүртэл цацран дурсах хувь тавилантай байжээ.
Морин хуурын ийм их амжилтанд хүрэх зам амар хялбар байгаагүй. Хорь дугаар зууны хоёр дахь хагаст морин хуур нүүдэлч малчдын ахуйн хэрэглээнээс арилж байв. Чухам ийм цаг үед монголын урлагийн зүтгэлтэнүүд, тухайлбал их хуурч Г.Жамьян гуай тэргүүтэн морин хуурыг урлагийн тайзнаа гаргаж, тив дэлхийд толилуулж эхэлсэн юм. Улмаар морин хуурын сургалт буй болгож Ц.Батчулуун тэргүүтэн гарамгай хуурчид төрсөн түүхтэй. Г.Жамьян гуайн хөшөөг алтаар босголтой. Ц.Батчулуун Морин хуурын чуулгыг нөхдийн хамт үүсгэн байгуулж арван таван жилийн дотор дэлхийн дэвжээнд шагшуулан гаргаж чадлаа. Монголын морин хуурын чуулга дэлхийн чихийг дэлдийлгэхэд манай хөгжмийн зохиолчдын бүтээлүүд, түүний дотор Н.Жанцанноров эрхэмийн гавъяа үлэмж болой. Чухамхүү Н.Жанцанноров, Ц.Батчулуун хоёрын нэгэн цаг үед тохиосон уран бүтээлийн андлал монголын морин хуурын хөгжлийн оргил үетэй давхцсан нь монголчууд бидний эрхэм хувь тавилан буй заа. Өөрийгөө хүлж цэнэдэг нөмрөгөө авч шидчихээд бидний эрин үеийн энэ их хоёр хүмүүний аугаа гавъяаг ам дүүрэн хэлчихэд судсаар нь монгол цус гүйж байгаа хэн боловч найз нараа магтлаа хэмээн атаа нисгэхгүй байхаа.
Монголын ард түмэн морин хуурыг бүтээж буй болгохдоо улалмжлалт сэтгэлгээ, оюун соёл, шүтлэг бишрэл бэлгэдэхүйн эрхэм дээд бүхнээ морин хуурандаа цогцлоожээ. Морин хуурын цар буюу лус савдгийн унаа хөлөг нь байгаль уул устайгаа шүтэлцэж, морин хуурын тэргүүн нь мөнх хөх огторгуйд нумын хөвчийн тавилтаар хязгааргүй дүүлж буй байдлаар тэнгэр шүтлэгтэйгээ нэгдэж, хүлгийн тэргүүн эх газар луу эргэн үүрсэж буй дүрслэл нь Майдар бурханы ирээдүй цагийн ногоон морийг бэлгэднэ.
Морин хуурын оршихуйн амин сүнс нь адууны сүүлэн чавхдасанд буй. Адууны сүүлээр хийсэн чавхдас л уул ус, өвс ургамал, хад чулуунд нойрсох байгалийн үл сонсогдох хөг аялгуутай хүүрнэн, нүднээ үл үзэгдэх лус савдаг газрын сахиустай ойлголцох буй заа. Тиймээс ч хуурын царыг монголчууд ширээр хийж байсан нь цаанаа ийм учиртай юм билээ. Адуу мал, тэнгэр хурмаст морин хуурын ийм байгаллаг зан чанарт илүү уярах ёстой болоод л манай ард түмэн адуу малынхаа арьс үсийг сонгосон байх. Дарьгангын Чансан хуурч түмэн адуун дотроос хамгийн сайхан янцгаадаг хүлгийг сонгож хуурынхаа чавхдасыг хийдэг, тэр нь ижилгүй сайхан дуутай болдог байсан хэмээн домоглон хэлэлцдэг нь ухаж бодууштай хууч болой. Морин хуурын чавхдасыг сатурк мэт нийлэг зүйлээр хийж, улмаар металл утас ч оруулж байгаа гэхийг сонсоод дээрхийг эргэн дурсахад хүрлээ. Ингэвэл морин хуур өөрийн төрөлх шинж чанараа алдана гэсэн үг. Тэгвэл түүнийгээ ямар хийл ч гэдэг юм, өөрөөр нэрлээд морин хуураас өрх тусгаарлах хэрэгтэй. Ер нь тайзны эрэлт шаардлагаар Оросын хийлийн мастер Денис Яровой хэмээх хүн морин хуурын өнөөгийн бүтэцийг эхэлж буй болгосон түүхтэй. Морин хуур хөгжмийнхөө оргил үед нэгэнт хүрч иржээ. Ц.Батчулуун, Ч.Батсайхан, Г.Идэрбат, И.Цогбадрах нарын дараачийн үеийг залгаж нэрт хуурч Пүрэвхүүгийн хүү Тэмүүжин, болон Р.Амарбаяр, Д.Шинэцог гээд чадварлаг хуурчид гараад ирлээ. Үнэнхээр бахархмаар шүү. Монголчуудын удмын санд морин хуурын чанад хөг аялгуу нь байсан цагт цагийг эзэлсэн хуурчид төрсөөр л байх юм байна.
Морин хуурынхаа хийц бүтэцийг үүнээс цааш “сайжруулах” гэж оролдох хэрэггүй л болов уу. Харин уламжлалт язгуур хуурынхаа тухай одоо л ярихгүй бол оройтох гэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2002 онд морин хуурыг дэмжин дэлгэрүүлэх тухай зарлиг гаргаснаас хойш албан газар, айл гэрт залах болоод морин хуур сурах талаар их л ахиц гарлаа. Гэхдээ нүүдэлчин малчин айлд тайзны мастер хуур байх нь тохиромжтой харагдахгүй байна. Иймд арьсан цартай, тавиухан аралтай язгуур морин хуураа хийж, нүүдэлч малчид уул ус, тэнгэр эрхисээ аргадаж, адуу малтайгаа хүүрнэж, ингэ ботгоо буйлуулж, ус булгаа тунгалагшуулж байгаасай. Морин хуурын царыг хийх арьс хийгээд адууны сүүл хялгасны шинж чанарт дахин нарийн судалгаа хийгээд морин хуураа язгуур чанараар нь улам сайн болгох боломж байгааг үгүйсгэхгүй байх. Ингэж морин хуурынхаа соёлын язгуур чанарыг хадгалж үлдэхгүй бол хийлтэй төрөлсөх цагт нь эргүүлэн авчирч чадахгүй болчихож мэдэх юм.
Саяын наадам, симпозиум сайхан болж өнгөрлөө. Их ч юм бодогдууллаа. Морин хуураараа бахархах ааг омогшил юуныг бадраахын хамт цаашид бодох юм байгааг ч сэрдхийн сануулллаа. Оюуныг дэмжигч санхүү бизнесийн байгууллагууд гараад ирж байгаа нь юутай сайн. “Монгол Шуудан” банк тэргүүтэй хорь шахам байгууллага морин хуурын наадмыг ивээн тэтгэжээ. Ингэж л дэм дэмэндээ, дээс эрчиндээ чангарах ёстой буй заа.
Монгол Улс одоо, морин хуурандаа нэг сайхан өргөө барьж өгөх цаг болчихжээ. Эртний нүүдэлчин өвөг маань эх нутгийнхаа чулуун элгэнд хас бэлгэдлээр хүрд мэт хурдалж яваа дөрвөн хүлгийн тэргүүнийг дүрсэлсэн нь морин хуураар хөглөгдсөн сэтгэлгээ юм байна хэмээн санагддаг билээ. Тийм нэгэн хас өргөөг төр улс барьж байгуулах шийдвэр гаргаад хөрөнгийн талыг нь ч бол шийдээд өгвөл хандивлан дэмжигчид хаа сайгүй гараад ирэх бололтой байна. Тэрхүү хас өргөөг хас чулуугаар урлаж хойморт нь морин хуураа алтаар бүтээж залсан ч хотойхгүй их алт эрдэнэтэй улс билээ, манай Монгол.
Морин хуур эгшиглэхэд айл гэрийн жавар үргэнэ гэдэг. Цаашлаад монголын амар амгаланг даллана. Тэгээд бүр дэлхийг тайтгаруулна.
2005.V.6
Г.МЭНД-ООЁО
Labels:
Нийтлэл
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment