Saturday, November 1, 2008

АХ МИНЬ ЯВЧИХААД ЭРГЭЖ ИРСЭНГҮЙ



Хорь дугаар зууны Монголын түүхэнд хуруу дарах хэдхэн гарамгай түүхчид тодорч аугаа их түүх соёлоороо бахархах зүрх сэтгэлийн минь галыг бадрааж өгсөн юм. Тэдний нэг нь их түүхч Гүнжийн Сүхбаатар гуай байлаа. Би түүнтэй их л хожуу танилцсан юм. Ерөн гурван оноос манай Соёлын сан “Монгол сувдан сондор” нэртэй соёл, эрдэм шинжилгээний аялал зохион байгуулж, түүндээ монголынхоо нэрт түүхч археологич судлаачдыг урьж оролцуулдаг байв. Мэдээж хамгийн түрүүнд урих хүний нэг нь Гүнжийн Сүхбаатар гуай байв. Ийнхүү тэр их хүнтэй аяны дөрөө харшиж, Хүннүгийн хаадын онгон орших Хараагийн Ноён уул, Түрэгийн хаадыг онголсон Хөшөө цайдам, Өндөр гэгээний бясалгалын орон Төвхөн хийд, Цогт хунтайжийн номын өргөө байсан Цагаан балгас гээд Монголынхоо түүхийн алтан мөрүүдийг бичиглэсэн газар орноор аялж мэргэдээс ном сонсож, чих онгойж, нүд нээж явлаа. Тэр нэгэн аялалын турш би Сүхбаатар гуайгаас холдсонгүй. Бид Хөшөө цайдамд хүрч ирэхэд Түрэгийн Билгэ хааны гэрэлт хөшөөний бичээс рүү Сүхбаатар гуай маань шунгаад орчихов. Эртний судлалын эрдэмтэн хүнд түүх соёлын энэхүү ховор чухал дурсгалын үг үсэг бүрийн халуун мөрийг нүдээр үзэж гараар тэмтрэх нь хосгүй завшаан буй заа. Гэрэлт хөшөөнд хожим нэмж Сандо амбаны бичүүлсэн бичээсэнд тэрээр тийм ч таатай хандахгүй байв. Сандо амбан чинь тэр цагт Монголын түүх соёлын өвийг хамгаалж засварлуулж их ажил хийсэн юм байна шүү дээ гэж хэн нэгэн нь өдөхөд Сүхбаатар гуай Монголын түүхийн хувь заяанд Манж, Хятадын зүгээс нөлөөлсөн муу үр дагавруудыг зад шүүмжилж гарлаа. Тэрбээр Хубилай хааны талаар тун таа муутай явдаг нь илт. Монголын тусгаар тогтнолын түүхэнд хар толбо үлдээсэн хэнбугайг ч бай зад шүүмжилэхэд бэлэн явна. Өндөр гэгээний улс төрийн үйл хэргийн талаар ч бас тийм таатай үг хэлсэнгүй. Түүний зүрхэнд эх орны түүхэн үйл явдалын амьд халуун мөрүүд урсан өнгөрч, сэтгэл нь нэг үе омог бахархлаар дэврэн оргилж, нэг үе харуусал эмзэглэлээр шаналж өвдөж байх шиг санагдана. “Монголын түүхийн дээж бичиг” хэмээх нэг чухал номынхоо оршилд түүний бичсэн нэг тод өгүүлбэр бий. “Эх түүхийн үнэнийг мэдсэнээр өнгөрсөн үеийн баатарлаг үйл, гайхамшигт бүтээл туурвилаар бахархахын зэрэгцээ эх орныхоо тусгаар тогтнолоос урвах явдлыг жигшин үзэж, түүхэн хөгжлийн нэн бартаатай замнал, сургамжийг танин мэдэж, ойлгох болно” хэмээн бичсэн нь түүхээр зөвхөн бахархахын хамт эх орны тусгаар тогтнолын бартаат сургамжийг ямагт санаж явахын учрыг хойч үеийнхэндээ сануулан сэнхрүүлсэн их түүхчийн зүрхний цусаар бичигдсэн үг тэр буй заа. Сүхбаатар гуай түүхэн хүмүүсийн гавьяаг бахдахын хамт алдаа согогийг хайр найргүй шүүмжилнэ. Тэрээр алдааг үл уучилна. Манайханы зарим нь түүнтэй саналын зөрүүтэй бодлоо хааяа хэлэх боловч тэрбээр юуг ч үл сонсон, ямар ч аугаа түүхэн хүний алдааг цулайтал хэлнэ. Харин энэ тухай би тийм тийм номынхоо төд дэхь хуудсанд биччихсэн байгаа хэмээн уншихыг сануулна.Түүний энэ араншин баахан зөрүүд хүний байдалтай мэт санагдах авч түүхийн гашуун сургамжийг хэзээ ч үл давтаасай хэмээсэн эрдэмтэн түүхч хүний гал халуун эх оронч зүрх сэтгэлийн нь тодхон зураг болж хоногшин үлджээ. Бид Хараагийн Ноён ууланд ирлээ. Хүннүгийн хаад ихсийн онгоныг хадгалсан энэ оронд эртний түүхийг нэвтэрхий судалсан их эрдэмтэнтэй цуг өнгөрүүлсэн хэдэн мөч минь юутай үнэтэй билээ. Ноён уулын онгон маань бидний сүсэглэж очсоноор онгон зэрлэг, газар орон байсангүй. Баахан сэндийлсэн нүх, овоолсон шороо. Эндээс Козловын малтлага хийсэн Хүннүгийн хаадын дурсгалт их эд өлгийн соёлын үнэт зүйлс нь Санкт Петербургийн Эрмитажид хадгалагдаж буй бөгөөд манай түүхийн музуйд ширдэгний өөдөс тэргүүтэн жаахан юм бий л дээ. Ядахдаа энд нэг сайхан пайз босгож, үүх түүхийг нь бичээд харуул хамгаалалтай болгох сон гэж бид ярьж явлаа. Уулын ам өгсөөд модон дундуур баахан алхав. Сүхбаатар гуай маань харин энд дуугаа хураагаад дүнсийчихэв. Уул нь бид малтлага хийсэн онгоныг бүртгэж явсан юм. Гэтэл хуучин алтны уурхайн гаргасан хонгил нүх, хэргээ бүтээгээд гээгдсэн техникийн сэг, мөнөөх өвгөдийн онгоны малтсан малтаагүй булштай холилдоод толгой эргүүлчихэв. Энд хэзээ нэгэн цагт алт ухсан хүмүүс булш бунханыг хөндөж сүйтгэсэн байхыг үгүйсгэх аргагүй. Үнэхээр энэ Ноён ууланд байгалийн их алт, соёлын их алт эрдэнэстэй холилдон оршиж байжээ. Аль алиныг нь ухаад ачаад явчихаж. Юутай харамсалтай, юутай гунигтай. Сүхбаатар гуай цүнхээ уудалж баахан зураг тэмдэглэл гаргаж ирээд энэ булшнаас ийм ийм юм гарсан, тэрнээс тийм тийм юм гарсан гээд нүдэнд харагдтал ярьж явав. Малтлага хийгээд их юм олох ч яахав, дараа нь дээдсийн оршсон энэ газрыг хэрхэн хадгалах, хамгаалах, хойч үеийнхэндээ танин мэдүүлэх, хайрлуулах талаар түүхчид та нар юу хийх ёстой вэ гэх маягийн сэдвээр яриа өдөв. Түүхч маань баахан сэтгэл өвдсөн маягтай. Ноён уулыг ийм сэг болсон онхол цонхол, нүх довноос өөр юмгүй орон гэж төсөөлөөгүй болтой. Г.Сүхбаатар гуай, Н.Цүлтэм гуай, С.Эрдэнэ гуай бид хэд булш болгоныг дугаарлаж, зураглалыг гаргаж, тэмдэгжүүлэх, алсдаа энд нь нэг сайхан үзмэрийн понарам байгуулах тухай санал боловсруулж болох юм гэж ярьж зогслоо. Би Сүхбаатар гуайгаас -Та энд олон ирсэн үү гэж асуугаад мэл гайхав. Тэрбээр энд анх удаагаа ирж байгаа ажээ. - Та чинь тэгээд судлаад л байсан биз дээ гэхэд эрдэмтэн - Тийм гэснээс өөр юм хэлсэнгүй. Нүд нь баахан гунигтай болж ирээд - Намайг чинь эсэргүү үзэлтэн, үндэсний үзэлтэн энээ тэрээ гээд гадагш ийш тийш явуулдаггүй, томилолт өгдөггүй байсан юм шүү дээ хэмээн харамсангүй өгүүлэв. Түүний амьдрал, бүтээлч үйлсийн нэгэн хэсэг цаг үеийг нь хэлмэгдүүлэлтийн хар шуурга дайран өнгөрсөнийг бид мэднэ. Тэрбээр алдсан цаг хугацаагаа нөхөн авах эрч хүчийг хуримтлуулж байна уу гэмээр хөнгөн шингэн, өглөө эрт босоод гүйнэ. Биеийн тамир хийнэ. Бид түүнийг урт наслах байх улам л их юм хийх байх гэж бодож явлаа. Гэвч хорвоо энэ их түүхчийг төрүүлж, монгол улсад хүлээлгэн өгсөн шигээ бас нэгэн өдөр буцаагаад аваад явчихсан юм. Тэр нэгэн намар түүхчийн зүрх зогсчээ. Жинхэнэ гал халуун эх оронч түүхчийн зүрх зогссоныг би их л хожуу дуулж, ганцаараа баахан гуниглаж суусан билээ. Түүний зүрхэнд эх орны мянга мянган жилийн түүх, бахархах бахархалтайгаа, халаглах харамсалтайгаа багтаж байх шиг санагддаг асан билээ. Одоо надад тэр их хүнтэй шадарласан нэгэн аяллын халуун агшинуудыг бичиглэсэн хэдэн гэрэл зураг л үлджээ. Бас өөрийн судалгааныхаа арга барилыг үзүүлсэн Ноён уулын соёлтой холбоотой зурагт тэмдэглэл нь бас хадгалагдаж үлджээ. Г.Сүхбаатар гуайгаа дурсах бүрд Хүннү, Сяньбигийн үеийн шүлэг санаанд буудаг юм.
Ах минь явчаад эргэж ирсэнгүй Аль алинаасаа салан холдох нь хялбарАхин бие биетэйгээ уулзах нь хэцүү…Энд эх нутаг минь үзэгдэхгүй ньЭлэг зүрхийг минь шимшрүүлнэ…
Эртний түүхийн халуун мөрийг шингээсэн энэ шүлгийг их эрдэмтэн Г.Сүхбаатар ах маань орчуулсан байдаг юм. Түүхчид төдийгүй зохиолчид, манай эртний яруу найргийн нэгэн эрдэнийн шигтгээ хэмээн тэмдэглэх боллоо. Монголын Сяньби аймгийн үед зохиогдсон энэхүү “Ахын дууг” одоо би таныг дурсахдаа дуулмаар санагдаж байна. Та түүхч төдийгүй бас сайн орчуулагч байжээ. Таны орчуулгаар эртний өвгө дээдсийн зүрхний халуун айзмыг бид энэ яруу найргаас мэдэрч байна. Тиймээ! Ах минь явчихаад эргэж ирсэнгүй…Хүннүгийн залгамжлал Сяньби Улсын нэгэн аймгийн толгойлогч Мугонхүй эв эвдрэлцэн алсад салж одсон ахаа санагалзан дуулсан гэмшлийн энэ дуу гуниш гашуудлыг бидний үед байнга сануулан сэнхрүүлэхийн тулд уламжлагдан үлдсэн ажээ. Их түүхч Гүнжийн Сүхбаатар ах маань ч үүнийг чухам өөрөө орчуулсан нь учиртай буй заа. Эв зангиагаа үл тасалж, эх орныхоо тусгаар тогтнол, эгэл түмнийхээ хувь заяаны төлөө хатан зүрхнийхээ цохилт болгоныг зориулахын учир утгыг чухам энэ шүлгээр дамжуулан бидэнд учирласан юм байна шүү хэмэн бодогдном. Энгүй их энэ эрдэмтнийг дурсахад элэг зүрх минь шимширнэ. Тэр сайхан эрүүл чийрэг хүний зүрх тийм амархан зогсох байсан гэж үү? хэмээн харамсдаг байлаа. Амьдрал шимшрэлээр дүүрэн ажээ. Түүний зүрх ч эх орныхоо түүхийн шимшрэлээр дүүрэн байсан байх аа. Он цаг урсан өнгөрч, бүх юм улиран одлоо ч эх оронч эрдэмтэний зүрх сэтгэлийн халуун элч үл хөрмүй. Ах минь явчихаад эргэж ирсэнгүй. Гэвч та өөрийнхөө агуу их бүтээл туурвилуудыг бүгдийг хойч үеийнхэндээ өвлүүлэн үлдээжээ. Хорвоогийн жам ийм ажгуу.
Г.МЭНД-ООЁО.

No comments:

Post a Comment