Цаг хугацаа, зүг чиг, орон зайн баримжаа алдагдан төөрөх үе байх ажээ. Мексик хүртэл хорь гаруй цаг нисэх боловч, ертөнцийн хугацааг хорь шахам цагаар сөрж товчлох юм. Мексик баруун зүгт хэмээн бид бодно. Гэтэл бидний онгоц зүүнш Японы арал дээгүүр гарч Номхон далай дээгүүр тувт дорно зүгийг замнана. Тэгэх мөртлөө Мексикийн хойгт баруунаасаа ирж байх юм. Энэ бол бидний нэгэн хэв маягийн иргэн¬шилдээ хэтэрхий дасан зохицсон сэтгэлгээний дадлаас хамааралтай тогтнолшилийн үр дагавар ажгуу. Бидний өвгө дээдэс болох Төв Азийн өндөрлөгийн монголжуу төрхөтнүүдийн нэгэн их сүрэглэл умарш нүүдэл¬лэн улмаар Аляскийн хуурай газраар дамжин говийн чулуун соёлоо тээн эдүгээн Америк тивд хүрч очих тэр цагт цагийн зөрүү хийгээд зүг чигийн баримжааны хямрал огт байгаагүй ажгуу. Яагаад гэвэл тэд өөрсдийн ахуй, дадал, зан үйл, соёлыг тээн, үхэж төрж, үр удмаа өсгөсөөр аажуу тааваар аймаглан нүүсэн юм. Тэд он цагийн урсгалд үүтгэн бүтээж, мөн¬хүү он цагийн алдралд уусан шингэсээр байлаа. Дорнод Азиас гаралтай тэрхүү монголжуу төрхтөнүүд Америк тивийн эх газрыг нээж олоод өөрсдийн соёл иргэншлийг цогцлуулж эхэлсэн нь арван мянган жилээс чинагш болой.
Бидний
очсон Мексик бол тэдний буй болгосон Майя соёлын нэгэн голомт бөгөөд
тэрхүү их соёл иргэншлийн агуу сүрлэг ул мөр бол эдүгээн Мексикийн
пирамид ажгуу.
Дэлхий дахинаараа Египедийн пирамид руу аялан цувж, гайхан шагшиж байх цаг дор Мексик, пирамидын тухай зүүдлээ ч үгүй байлаа. Жараад
онд нэгэн жаал хүү ууланд ямаагаа хариулж яваад нэг чулуун
хүүхэл-дэйрхүү юм олжээ. Жаал хүү аавдаа үзүүлж, аав нь таньдаг
түүхчиддээ үзүүлж. Эртний хүний онго тахилгын холбогдолтой тэрхүү
“хүүхэлдэй” археологичдын анхаарлыг татвай. Чулуун онго олдсон шовгор
ууланд малтлага хийсэн даруйд л хүрзний ирмэгээр тэгш дөрвөлжин засмал
чулуун довжоо гарав. Шаталсан довжоог ахиулан ухах тусам малтлага доош
биш уул өөд өгссөөр байв. Хэдэн жил малтаад харсан чинь мөнөөх уул нь
тэр чигээрээ Пирамид болохыг мэдэв. Эртний хүмүүсийн бүтээсэн пирамидын
дээр хөрс шороо дарж, өвс ногоо, мод бут ургаад уул болон тогтсон нь энэ
байжээ. Археологичд Пирамидын орой дээрээс эргэн тойрон цэнхэрлэх ижил
уул¬сыг халиав. Уул болгон Пира¬мид мэт. Дахиад л малтлага. Дахиад л
пирамид. Мексикийн хойг дөчөөд мянган уултай. Уулс нь бараг бүгдээрээ
шовх гурвалжин оройтой. Энэ болгон уул уу, пирамид уу? Ийнхүү наяад
оноос хойш Мексик Пирамидын эх орон болохоо мэдвэй.
***
Мехико
хотын ойролцоо Тиотихоукан хэмээх эртний хотын аварга том цогцолборыг
малтаж ил гаргаад байгаагийн төв хэсэг дэхийг нь Нарны пирамид хэмээнэ.
Галт уулын хүрмэн чулууг шоо дөрвөлжлөн засаж, сүмбэр уулын шатлалаар
үеслүүлэн зүмбэрлүүлсэн энэ¬хүү наран тахилгын пирамид жаран давхар
байшинтай дүйцнэ. Наран тахилгын оройгоос сарны пирамид, гал тахилгын
пирамидууд тод харагдана. Монголын таван найрагч /Дан.Нямаа,
Ц.Бавуу¬дорж, Б.Золбаяр, Б.Дашзэвэг, бас орчуулагч Г.Инжбадар бид/ таван
мянган жилийн түүхтэй энэхүү гайхамшигт наран- пирамидын оройд эх
нутгийнхаа уулсыг хадаг яндарт чулуун овоон дээр байгаа мэт хийморь
сэргээн алсыг халиан зогсоно. Уулсыг дуурайсан пирамидууд,
цаашлаад зөв гурвалжин дүрст пирамидан уулс тэнгис далай хийгээд
тэнгэрийн хаяа руу алсран цэнхэртэж үргэл¬жилнэ. Түүнээс цааш далай
тэнгэрийн хярхаг, бодлын алс. Бодлын алсад эх нутгийн минь ноён уулс,
талын минь намхан толгод дээрх чулуун овоо үзэгдэнэ. Монголын хээр талын
хад чулуунаа онго шүтлэгийн дүрслэлээ сийлэн үлдээнэ. Тэнгэр эрхис, од
саранд тахилга өргөж асан эртний нүүдэлчид хувь заяа, зам мөрөө даатган
их гал өрдөн залбирч дуулж хуурдаж зан үйлийн соёлоо тээн ирж, улам
өргөжүүлэн сүндэрлүүлэн зүрх сэтгэлийнхээ тэмүүллийг агуу том пирамид
болгон наранд өргөсөн нь энэ буюу.
Монголчуудын
овоо босгох ёс хийгээд сүмэрийн Зиккурат сүм, Энэтхэгийн Гуптагийн
соёлын суварган барилга, Бурхан багшийн агуу том суваргууд, Майя
шүтлэгийн Пирамидууд нь нэг угшилт соёлын гинжин цувуу болох тухайд
манай нэрт сэтгэгч Ч.Эрдэнэ нэгэнтээ дурдаж байсан нь чухам энд л тодрон
бодогдож байна.
Хээр
талын нүүдэлчид пирамид хэлбэрт уулынхаа чулуун овооноос дээр хөхрөгч
тэнгэр эцэгтээ сүслэн залбирах хийгээд энэхүү пирамидийг бүтээгч Майя
нар уул хэлбэрт пирамидынхаа оройгоос тэргэл улаан нарандаа сүслэн
залбирахын утга чанар төрөл садны сүлбээтэй болохыг илүү тод мэдэрвэй.
Энэхүү
Пирамид соёлыг бүтээх цагт Майя нар сарны хуанли зохиож, өвөрмөц
адармаат дүрс үсгээр ном барлаж, пирамид цогцолбор бүхий уран барилга,
вааран урлалыг нэн гайхалтайгаар хөгжүүлж байжээ.
Майя
соёлын энэхүү хөрсөн дээр манай тооллын өмнөх 613 оноос Мексикийн
хуанли эхэлж алт мөнгөн урлал, уран барилга, ном соёл бүхий олон хот
тосгон буй болж аандаа Майяпан төр улсыг байгуулж зуу гаруй жил оршин
тогтносон байдаг. Удалгүй Майяпан эвдрэн нурж үнс нурам болоод
оройд нь дайнч үндэстэн Ацтекууд Майяг эзлэн мөхөөж мөнөөх агуу
пирамидууд дээр амьд хүнээр тахил өргөдөг зан үйлийг тогтоож барилга
байгууламжийн хормойгоор цусан гол урсгах суваг хүртэл бий болгожээ.
Бараг хоёр зуун жил хүчирхэгжиж цэцэглэж ирт сэлмээр хавь ойроо
чичрүүлсэн хүчирхэн Ацтекийн эзэнт улсыг Эрнан Кортес хэмээх испани
эрээр удирдуулсан жижигхэн дээрэмчдийн отряд хурдан морь, галт зэвсэгтэй
орж ирээд эзлэн авсан гэдэг. Ийнхүү Майя соёл иргэншлийн аварга том
хотууд, өдий төдий уран барилгын цогцолборууд үнс нурам, үртэс тоосонд
хувилж түүний оронд испани маягийн хот тосгод буй болов.
Зан
үйл, өмнөх үеийн сэтгэлгээ соёлтойгоо цуг мартагдсан пирамидуудыг он
цагийн тоос шороо дарж, хагд шарилж далдлаад, даан удалгүй мод бут ой
шугуй эзлэн халхлаад нэг мэдэхэд цэнхэр цэнхэр уулс болон хувирсан
байна.
***
Пирамид
хотуудын шороон дээр испани маягийн хот тосгон буй болсоны адил Майя
дуу шүлэг, үлгэр домгийн балар эртний улбаа нь хэл соёлтойгоо онгон
эдгэрч тэрхүү хөрсөн дээр хожмын Латин Америкийн Испани хэлт утга
зохиолын томоохон суваргууд буй болов. Үүний дотор Индианы домог мифүүд
хийгээд ялангуяа мексик домог үлгэрүүд нэн алдартай. Өнгөрсөн жил
Нобелийн шагнал хүртсэн Францын яруу найрагч, зохиолч Жиэн-Мари Густав
Ли Клөзио бээр олон шилдэг бүтээл туурвисны дотор эртний мексик
домгуудын франц орчуулга нь гол бүтээлд нь зүй ёсоор тооцогддог. Испани
хэлт яруу найрагчдаас Ч¬лийн Пабло Неруда дэлхий дахиныг цоглог хурц дуу
хоолойгоороо бишрүүлж байв. Тэрбээр Монголд ирж “Тэнд миний садан
нутагладаг юм” хэмээх шүлгээ монголчуудад бэлэглэж байлаа. Дэлхийн яруу
найрагчдын XXVIII Их хурлын тайзны төвд Мек¬сикийн яруу найрагч Нобелийн
1990 оны утга зохиолын шагналт Октавио Пазын зургийг нэн тод томруунаар
голч болгон бүтээгээд тойруулан дэлхийн яруу найргийн 28 дахь удаагийн
Их хурлыг зохион байгуулсан яруу найрагчдын хөргийг зурсан байв. Дэлхийн
Испани хэлт утга зохиолд хамгийн их нөлөөтэй байгаа 1985 оны Нобелийн
энх тайвны шагналт Эрнесто Кахан энэ удаагийн их хурлын гол удирдагчийн
нэгэн. Аргентинд төрж, Израйлаар овоглодог энэ яруу найрагч, физикч
тэрбээр атомын цөмийн эрчим хүчний судалгаанд гайхалтай нээлт хийсэн
төдийгүй, яруу найргийн мөр бадаг үг, авианд ч тийм цөмийн эрчим хүчний
задаргаа хийж болох юм хэмээн үздэг. Эрнесто Кахан бол өөрийн гарвал язгуурыг монголтой холбож,
-Кахан гэдэг миний овог бол танай монгол хэлний Хагаан буюу Хаан хэмээх үг юм шүү дээ хэмээн ярих дуртай.
Эртний дундад зуунуудыг шинэ эринээр сольсон
Эрх чөлөөний оршил нь тэр буюу
хэмээн Чингэс хааны тухай их үйлсийн тухай гайхам сонин шүлэг бичсэн тэрбээр
-Чингэс
хааныг алаач, талаач хэмээн сурах бичгээс уншиж, тийм мэдээлэл дунд
өссөн би “үл үзэгдэхүйн мэдэрхүйгээрээ” энэ шүлгийг бичсэн хэмээн ярьж
Дундад зууны сэргэн мандалтыг Чингэс хаан эхэлсэн гэж лекц уншдаг нэгэн
билээ.
Мексикийн
бахархал болсон яруу найрагч, зохиолч, утга зохиолын шинжээч О.Паз
мөнөөх эртний индиан гарвалтай үлгэр домгийн мөр улбааг өөрийн уран
бүтээлдээ шингээн сүлсэний үрээр дэлхий дахинаа алдаршсан юм билээ. Мексикийн бас нэгэн өвөрмөц яруу найрагч Жэйм Сабинесийн тухай нутаг нэгт найрагчид нь байнга дурсдаг байсан нь учиртай.
Ялаа хэдхэн хоногийн настай
Яст мэлхий хоёр зуун настай
Ямар ялгаатай гэж?
Иймэрхүү
утгатай түүний шүлгийн бадгаар Японы яруу найрагч каллиграфи бичээд
үзэсгэлэнд тавьсан харагдана лээ. Мексикийн өнөө үеийн хамгийн том яруу
найрагч Мануэл С.Лэева Мартинез гуай юм. Дэлхийн яруу найргийн “Алтан
титэм”-ийг тэргүүндээ залсан цөөхөн яруу найрагчийн нэгэн тэрбээр
манайхаар бол Б.Явуухулан юм. Түүний дүү, охин, ач нар нь бүгдээрээ яруу
найрагч бөгөөд Мануэл С.Лэева гуайн утга зохиолын их сургуулийг
Мексикийн эдүгээгийн олонхи найрагч төгссөн гэж бодвол Мексикийн яруу
найргийн хойч үе бараг бүгдээрээ түүний шавь ажээ. Мануэл С.Лэева гуай
энгэртээ Монгол, Энэтхэгийн их хурлын хоёр тэмдэг зүүж нээлтэд ирээд, Чи
Энэтхэгийн хуралд очоогүй болохоор энэ тэмдэгээ чамд дурсгая хэмээн
Энэтхэгийн тогос нартай тэмдэг миний энгэрт хадаж билээ. Түүний утга
зохиолын сургуулийн сүлжээ Мексик даяар арав гаран буй бөгөөд энэ
удаагийн их хурлын тодорхой зардлыг тэрбээр хувиасаа хандивлажээ. Мануэл
С.Лэева гуайн Монголд зориулсан хос сонет шүлэгт:
Таалал орших талын Монголын яруу найргийн
Тавилан оршихуйн дээдэд мандал өргөвэй.
Молор тунгалаг оюун сэтгэлээсээ, Мексикээсээ
Морьтон ард таны эрчимт мандалд өргөвэй.
Ийм нэгэн сайхан бадаг буй билээ. Тэрбээр 2006 онд Монголд 10 шавьтайгаа ирж яруу найргийн мандал өргөсөн болой.
Эдүгээн
Мексик яруу найраг нэн эртний Майя нарын Пирамид соёлын хөрсөн дээр
испани хэл соёлын үрийг суулган буй болгосон Латин-Америкийн соёл
иргэншлийн өвөрмөц онцлогийг хадгалан цэцэглэж буй ажээ. Яруу
найргаараа хүмүүнийг улам гоё сайхан болгоё хэмээсэн энэ удаагийн хурлын
тунхаглал бол чухам Мануэл С.Лэева гуайн яруу найргийн голч тэнхлэг буй
заа.
***
Пирамидын
тэг дөрвөлжин суурь дээрээс дээш зүмбэрлэх тэгш өнцөгт гурвалжин талууд
нь ертөнцийн дөрвөн зүгийг тольдон номин далай, ногоон талаас мөнх хөх
тэнгэр лүү хурцлагдан шовхорч цойлох амой. Басхүү тэнгэр од эрхис, нар
сарнаас ирэх гэгээн эрчимийг шовх үзүүртээ соронздон татаад пирамидын
налуугаар эх газрын их далайн дөрвөн зүг найман зовхис руу гулсуулан
урсгах болой. Харин пирамидын суурь нь хэвтээ дөрвөлжин мэт боловч,
магадгүй төв Азийн тэгш өндөрлөгт эртний нүүдэлчдийн бэлгэдэл
дөрвөлжингийн хас дүрст тэмдэглээний ул мөрийг илэрхийлсэн байж тун
магадгүй санагдвай. Америк тив рүү нүүн одсон эртний монголжуу төрхөт
нүүдэлчдийн үлдээсэн хас язгууртай хадны бичээс, Хүннүгийн үеийнх
хэмээдэг рүни бичигтэй төсөөтэй бичээс хийгээд Америк тивийн хадны дүрс
тэмдэгнүүдтэй нэгэн язгуур илэрч байгаа хийгээд Пирамид ба тахилгын
овооны утга агуулгын хоорондын хамаарлаас ургуулан яагаад ч юм ийм бодол
төрсөн хэрэг. Тэгээд ч пирамидын орой дээрээс нь буюу тэнгэрээс хавтгай
дээр байгаагаар халиаваас
дөрвөлжин, гурвалжин, дугуй гурван дүрсээс бүтсэн байгаа нь орчлон
ертөнцийн үүсэл хийгээд оршихуйн зүй тогтлыг багтаасан гэлтэй. Мөн уг
дүрслэлд ертөнцийн тогтмол чанар хийгээд, хөдөлгөөний үндсэн чанар
хадгалагдсан харагдана.
Ерөөс
Пирамид бол мөнх тэнгэрийн эрчим хүчийг эх газар луугаа урин
буулгагч-цэнэг хуримтуулан дамжуулагч аж. Пирамидаас хожуу буй болсон
Бурханы суваргууд, Сүмэрийн Зиккурат байгууламжууд, шовгор оройт
барилгууд, монгол нүүдэлчний гэр сууц, цөм л мөнөөх эрчим хүчний эх
булагтай гинжин холбоотой.
Эртний
Майя нар Пирамид соёлыг бүтээж ахуйд Энэтхэг дахинд Веда агуу их яруу
найраг – гүн ухааны хөлгөн туурвилууд хүмүүний оюун ухаанаас ундран бууж
байв. Гэхдээ Веда яруу найргийн дууллууд хүнээс гарсан уу, тэнгэрээс
буусан уу гэдгийг одоо ч бүрэн тайлдаггүй. Пирамид бүтээсэн цаг
үеийг ертөнцийн хүний байгаллаг зүй тогтлоор авч үзвэл, оюун санааны тиг
нь яах аргагүй ураг садан ажгуу. Яруу найраг хийгээд гүн ухааны
тэнгэрлэг нэгэн ухаарлын цэгээс пирамидын тэгш гурвалжин налуугаар доош
уруудуулан буулгахуйд тэгш дөрвөлжин шүлгэн байгууламж болон хувирна.
Яруу найргийн бичиг үсгээр хэлбэржсэн тэгш хэм, тэг
дөрвөлжин донж дан нь хүн төрөлхтөний соёлд буй болоод мөн л хэдэн
мянган жилийг элээжээ. Яруу найраг өөр өөр хэл, сэтгэлгээ, ондоо ондоо
үсэг бичгээр бүтэх боловч нэг л ижил байгууламжтай харагддаг нь ер сонин
юм шүү. Бичиг үсэг үүсээгүй байхад ч ардын дуу юм уу мөргөл залбирлын
дуудлага, аман яруу үгсийг хэл аялгуунаас хэлбэршилд шилжүүлэхэд мөн л
ийм дүрсэнд илэрхийлэгдэнэ. Энэ бол жам. Пирамид хийгээд яруу найргийн
бүтээн байгуулалтын донж данг ийн адилтган бодох тухай төсөөлөл огт
байгаагүй миний ой тойнд ижилсүүлэх ийм нэгэн тиг буусан нь Мексикийн
пирамидын оройд болой. Пирамидын оройн голч цэгэн дээр мөнгөн гадас гүн
тийш нь хатгасан байх бөгөөд мөнөөх гадасны зулайд хуруугаа хүргэж эрчим
хүчээр өөрийгөө цэнэглэх гэсэн олны цуваа үл тасрах нь бас л нэгэн далд
учигтай буй заа.
***
Орчлон
ертөнцийн ухамсарт тэмүүлэл нь хэдий цагт анхлан үүссэн байнав, Веда
тэр цагт үүссэн хэмээн Энэтхэгийн хожмын мэргэд айлддагтай яг адил
утгаар пирамидын байгууламжийн санаа мөн л тийм үүсгэлтэй байхаа. Вэдийн
яруу найраг нь нэгэн түм гаруй шүлэг, тарниас бүтэх бөгөөд судлаачдын
тэмдэглэснээр манай тооллын өмнөх дөрвөн мянган жил орчмоос хоёр мянга
орчим он дамжуулан үе уламжлуулан туурвисан гэдэг нь бас л манай дэлхий
дээрх олон Пирамидуудын настай адил сонсогддог юм. Веда судрыг зохиосон
эзний тухай ямар нэгэн мэдээ уламжлаагүй, мэргэн арш нар үнэнийг таньж
ухаарсан дотоод гэгээрлийнхээ туршлагаар тэнгэр-Богдосын хэлийг үгээр
дамжуулан илэрхийлсэн нь юм хэмээх нь буй.
Ведийн
ариун үгс нь орчлон цогцлон бүтсэн тэрхүү эрчим хүчтэй эн тэнцэхүйц
эрчим хүчтэй хэмээн үзнэ. Дэлхийн яруу найрагчид хуран чуулах бүрийд
Энэтхэг яруу найрагчдын бахархал болгон дуудах нэгэн өвөг шүтээн байдаг
нь энэхүү Веда болой. Ведийн шившлэг шүлгүүдэд замбутив, бурхан,
диваажин гурав онцгой байртай бөгөөд энэ нь бодит ахуй, бурханлаг үйлс,
мэдрэмж ухаарал энэ гурвыг илэрхийлнэ. Ведийн мэргэдийн шүлэг нь дотоод
совин бил¬гээс үүдэн үнэнийг танигч мэдлэгээс ундарч, гарцаагүй буй
болох зүйлийг эрч хүчтэйгээр зөгнөнө. Веда яруу найргийн сахиус нь
тэнгэрүүдийн ертөнцөөр зорчиж, тарнийн нууцлаг гүн утгасыг мөнхийн цаг
хугацааны хязгааргүйд гаргаж тавьдгаараа агуу. Энэтхэгийн суут яруу
найрагч, соён гэгээрүүлэгч Равиндранат Таагүрийн “Өргөлийн дуулал”
хэмээх Нобелийн шагнал хүртсэн бүтээлийн амь сүнсийг тэтгэгч нь Веда
яруу найргийн мөнхийн санаа зориг болой. Чухамхүү хэлбэл Веда хэмээх
агуу их зохист аялгуун пирамидын суурь хийгээд сүндэрлэгч эрчимээс
Энэтхэгийн хожмын их хөлгөн судрууд, Бурхан багшийн “Ганжуур” хийгээд
Галидааса тэргүүтний агуу их яруу найраг үүдэлтэй. Яруу найраг бол нэгэн ёсны оюун санааны ертөнц дэх үгээр цогцлоосон Пирамид буюу.
Яруу
найрагчийн онгод урам сэрэхийн цагт эрт галавын домог сэлт амилан,
эрхэс одод хөдөлгөөндөө орж, байгал дэлхийн өнгө аялгуу найрсан оюун
сансарын тэрхүү хэт алс цэгээс пирамид мэт налуугаар ямар нэгэн тэгш
дөрвөлжин байгууламжинд хувилан шүлэг төрнө. Үүнийг дорно дахинд зохист аялгуу хэмээн нэрийдэх болой.
***
Мексикийн
Пирамидийн эрчимт орой биеэс дэлхийн нөгөө бөөрөн дээрх Отгонтэнгэр
уул, Дарьгангын Алтан-Овоо, Богд Дүнжингарав уул цэлсхийн үзэгдэх мэт
болбой. Пирамид хийгээд Ведийн тэртээх цаг үед эдүгээн Монголын Алтай,
Хангай Хэнтийн уулсын их хөндий, гол мөрдийн сав даган нүүдэллэх овог
аймгууд Хойд цэнхэрийн агуй, Рашаан хад, Ямаан ус, Их Тэнгэрийн аманд
дүрслэл сэтгэлгээний бүтээл болох сүг зургуудаа туурвиж, магадгүй хээр
талын уртлаг эрчимт аялгуугаар яруу сонсголонт тэгш хэм бүхий урт дуугаа
шадлан дуулж асан буй заа. Тэр аялгуу, тэрхүү зохист ялгууны тэмдэглээ
нь өдгөөгийн бидний хадны сүг зураг хэмээн нэрлэх туурвил мөн байх.
Өндөрлөг эрчимт газраа овоо яндар босгож гал асаан од эрхис, нар саранд
тахил өргөн өвдөг газрыг өлцөртөл, хажуу газрыг халцартал дуулалдах
тэдний дуун монголын хад чулуунаас хангинан сонсогдох мэт болном.
Манай
Монголын нэгэн их эрдэмтэн Х.Нямбуу агсан тэмдэглэхдээ “Түмэн насан
буюу хас тэмдэг дэлхий дахинд тархсан хэдий ч Монгол газар сайгүй янз
бүрээр бүр Хүрлийн үеэс юмуу, түүнээс ч эрт хад чулуунд сийлэгдэн, хүрэл
зэсээр цутгагдан үлджээ. Хас тэмдэг нь мөнөөх Хойд Цэнхэрийн агуйн хоёр
тэмдгийн гайхалтай уран сийлбэр загвар болох нь алт” гээд Хас тэмдгээр
онолын физик болон сансар судлалын нэн шинэхэн ололтыг ч нэгэн зэрэг
дүрсэлж болно хэмээсэн нь буй. Нээрээ л тийм. Хас дүрст загвар
бол бас л яруу найргийн тэгш дөрвөлж байгууламжтай мөртлөө дөрвөн шад
бүхий мөнхийн хөдөлгөөнт дүрслэл хийгээд түүний голчоос омего цэгийн
хоорондох гурвалжин тэргүүтэн нь эргээд л пирамид сэтгэлгээтэй мөргөнө.
Хас бол хоёр хосын нийлбэр, бас хоёр хосоор шадалж дөрвөн өлмийд бадаг
үүсгэдэг монгол яруу найргийн шүлгийн тогтолцооны анхны илэрхийллийн
томьёо гэмээр.
***
Мексикийн
пирамидын оройгоос, түүний эрчимт мандлын гулсалтыг даган уруудаж эх
газартаа буувай. Тэгээд дэлхийн бөмбөрцөгийн налууг тойрон уруудаж эх
нутагтаа газардвай. Мексик, түүний Пирамид миний зүүдэнд даруй
зуу гаруй хоног үзэгдэв. Бас Мексикт юу болов, ямар содон сонин мэдээ
сонсогднов хэмээн чих тавих болов.
Мексикийн пирамид бүхий хотын туурь орчимоос нэгэн болор хүний хохимой толгой олджээ. Тэр
хохимой толгойг олсон хүний зүүдэнд хэдэн мянган жилийн тэртээх түүхэн
үйл явдал кино мэт үйл явдлаараа үзэгддэг болов гэнэ. Мөнөөх хохимой хүн
төрөлхтөний эрдэмтэдийн гайхашралыг төрүүлээд зогсохгүй эртний өвгө
дээдэс энэ хохимойг юунд хэрэглэж байсан, ямар багажаар хийсэн, ер манай
дэлхийн хүмүүс эртний иргэшлийн үед ийм юм хийсэн байж таарах уу гэх
олон асуулт эрдэмтэдийг шаналгасаар байгаа юм байна. Ийм болор толгой
зөвхөн Мексик, Америкт төдийгүй Монголд нэг байна гэх сураг гаргаад
шуугиад өнгөрөв.
Үүнийг ч бараг манай яруу найрагч, зохиолч, нийтлэлч нар амсаад үзэв бололтой. Монголын энэ үеийн содон нийтлэлч Б.Золбаярын маань “Давалгаа болорших дайд” хэмээх нийтлэл 2008 оны тэргүүн нийтлэлүүдийн гутгаарт “Балдорж сан”-гаас
нэрлэгдэж, МЗЭ-ийн шагнал хүртэж, эрин үеийн сод найрагч Ц.Бавуудорж,
Дан.Нямаа нар Хөдөлмөрийн гавьяаны хийгээд алтан гадас одон энгэртээ
зүүв. Мөн энэ үед надад Монгол Улсын Шинжлэх ухааны академи тэргүүлэх
профессор цол олгосон юм. Энэ бүхэн бол яруу найргийн алмааз мөрүүдийн
нэгэн тунхаг болой.
Мексикийн
яруу найрагчдын их чуулганы үеэр тив тивээс ирсэн үзэг нэгтнүүдээ
үндэсний сархад болох “Такила” хэмээх архиар дайлсан юм. Энэ сархадыг
зуун наст ургамалаас, гэхдээ зуун настын эртний өвөг болох аварга том
шүүслэг ургамалаас нэрж гаргаж авдаг юм хэмээн, мөсөөр сэрүүцүүлж бидэнд
өгдөг байлаа. Бид ч усыг уувал ёсыг дагана хэмээх ардынхаа үгэнд
орж, бас ч гэж Мексикийг амталж мэдрэхээр шийдэж мөнөөх догшин
хайрханаас багагүй хүртэц¬гээсэн болой. Сонины буланд мэдээ гарчээ.
Үзвэл, эрдэмтэд Мексикийн “Такила” хэмээх архинаас алмааз гаргаж нээлт
хийжээ. Алмааз гэнээ. Бид чинь тэгээд мөнөөх шин-гэн алмаазыг дажгүй
хүртсэн биш үү!
Яруу найргийнхаа ач буянаар газрын хол, усны уртаас алмааз эрдэнийг амсаж явлаа хэмээн бодоход ч сайхан санагдана. Тэгээд пирамид зүүдлэхэд үү?
Акапулко 2008.X
Улаанбаатар 2009.II
Өдрийн сонинд 2009.03.02
No comments:
Post a Comment