Wednesday, June 27, 2007

Алтан-Овоо номын орчуулагчийн үг

АХУЙН ТУСГАЛ ГЭХЭЭСЭЭ ДОТООД ЕРТӨНЦИЙНХ НЬ БУУЛГАЛТ ГЭМЭЭР




Алтан-Овоо нь Монголын яруу найрагч Г. Мэнд-Ооёогийн эдүгээ хүртэлх шилдэг туурвилуудынх нь нэг юм. Тэрээр энэ бүтээлээ туурвихдаа төрсөн нутгийнхаа түүх, соёл, ёс заншлийг энэ номын нэр болсон Алтан-Овоонд төвлөрүүлэн, Монголын Дарьганга нутагт өсөж хүмүүжсэн өөрийн намтар цадигаа он цагийн хэлхээнд хүүрнэж хөвөрдсөн утга зохиолын цомирлог хэмээн нэрлэх бөлгөө.
Монголын судлаач шүүмжлэгчид Мэнд-Ооёогийн бичлэг уншигчдад чухам юуг өгүүлнэ вэ гэдгийг нь тэр бүр нарийн ойлгож ухаарахгүй байгаагаа илэрхийлсэн байдаг нь үнэний талтай. Түүний хэллэг учир битүүлэг гэхээсээ илүү цогц бөгөөд ярвигтай, төсөөлөл нь утга зохиолын гэхээсээ зөн билэг рүү хэтийдсэн чанартай, зүйрлэл адилтгал нь өөрийнх нь оршин амьдрагч бодит ахуйн тусгал гэхээсээ дотоод ертөнцийнх нь буулгалт гэмээр байдаг. Энэ бүхэн нь түүний өөрийнх нь хувь хүний эевэрүү нягт нямбай чанартай нь уялдсанаар Алтан-Овоо-г онцгой бүтээл болгож чадсан байна.
Алтан-Овоо нь цаг хугацааны уртрагийг даган урсдаг, гэвч энэ нь түүхчлэл биш. Алтан –Овоо нь монголын соёлыг өвч өгүүлнэ, гэхдээ энэ нь түүнд нэвтрэх хөтөч ном биш. Харин энэ нь зүүд, зөн билэг, ид шидийн ертөнцийг ойлгон нэвтрэх хувь хүний дотоод мэдрэмж, хэлний гүн хүч чадал, нүүдэлчин ардын ураг элгэнсэг чанар, тэдний зовлон зүдгүүр баяр баясгаланг дэлгэн үзүүлсэн туурвил юм.
Мэнд-Ооёогийн өгүүлэмж бидэнд жигүүрт хүлэг морьдын ертөнц, дуучин хуурчид, шилийн сайн эрсийн явдал, хайр сэтгэлт хосууд, тэдний нандин үгсийг өгүүлнэ. Тэгснээ цааш нь хүмүүний ертөнцийн эгэл түүхийг тод томруун хийгээд далд гүнзгий санаагаар өгүүлэмж зүйрлэлийг хослуулан байж зугуухан дэлгэх болно.
Энэ номны бичилт хэлэх гэснээ аяндаа хэлсэн байх, эсвэл огт юу ч хэлэхгүй байх... Орчуулагчийн хувьд надад Монгол Англи хоёр хэлний гэхээсээ, Монгол Англи хоёр соёлыг шууд утгаар нь холбон дүрсжүүлэх явдал байсан бөгөөд илэрхийлэх үгээр хомсдох явдал тохиолдож, түүнийгээ давах гэж ихээхэн чармайх хэрэгтэй болж байлаа. Гэхдээ Мэнд-Ооёотой шууд харилцан ярилцаж, дэмжлэг авдаг байсан маань үнэхээр их тус болсон. Түүний тайлбар нь өрөөний нэг булангаас над руу тавих шидэт сум мэт, хүссэн бай нь намайг монголын одон орны нууц дундуур дагуулан залж, үлгэр домгийн оньсгот нэгэн хэсэгт аваачихаар аль байдаг аргаа хэрэглэн чармайн зүтгэх мэт байдаг.
Эцэст нь энэ номыг орчуулахад тусласан бүх хүмүүст баярласан сэтгэлийн халуун үгсээ дэмжуулахыг хүслээ.


Саймон Вэккхам-Смит
Улаанбаатар, Монгол Улс
2007.05.09

No comments:

Post a Comment