Showing posts with label Шүүмж судлал. Show all posts
Showing posts with label Шүүмж судлал. Show all posts

Friday, July 27, 2012

“ЕРТӨНЦИЙН ЯВДАЛ” ОЛИМПИЙН ТЭНГЭРТ ХУР БОЛОН БУУЖ, ДЭЛХИЙН СОНОРТ ЭГШИГЛЭНЭМ



Зохиолч, орчуулагч, судлаач Я.Ганбаатар

Аливаа шүлгийг олон талаас нь, олон янзаар тайлбарлан дүгнэж болно. Гэвч энэ удаад би багтаамжтай шүлэг гэдэг нэгэн ойлголтыг хөндөн ярихыг хүсч байна. Тийм ээ, багтаамжтай шүлэг. Ийм ойлголт ямар ч зүйл дээр байж болох ч шүлэг гэдэг жижиг хэмжээний уран бүтээл дээр авч үзэхэд аргагүй л уран бүтээлчийн авьяас чадал, билиг онгод, ур ухаан, мэдлэг боловсролыг бэлхнээ тусган илтгэсэн, аргагүй л чухаг содон ухагдахуун мөн. Багтаамжтай шүлэг. Энэ бол жижиг хэмжээний шүлгийн маш бага орон зайд асар ихийг, бүр хязгааргүй ихийг багтаасан, агуулга, илэрхийллийн далайцтай тийм сайн шүлгийг хэлж байгаа хэрэг. Ийм жишээ дэлхийн яруу найргийн их далайгаас олныг шүүрдэн үзэж, шүүн хэлэлцэж болно. Энд нэгэн жишээ татья: 

Thursday, June 28, 2012

ГОМБОЖАВЫН МЭНД-ООЁОГИЙН ЯРУУ НАЙРГИЙН ШИДЭТ ЕРТӨНЦ



            Гомбожавын Мэнд-Ооёо өөрийн бүтээл туурвилаараа яруу найргийн урлалын сан хөмрөгт эрхэмсэг гэгээн, гоо сайхны ариусахуй, мөнхөд хадгалагдах үлэмжийн чанарыг буй болгож бүрдүүлсэн утга зохиолын хөгжилд шинэчлэгч, нээлт хийсэн сод туурвигч болохыг Монголын утга зохиолын судлал шүүмжлэлийн гол төлөөлөгчид, эрдэмтэд, зохиолч найрагчид бүрнээ хүлээн зөвшөөрсөн байна. Г.Мэнд-Ооёог дорнын яруу найрагт “дахин сэргэн мандалтыг” авчирсан үг утга зүйн болоод оюун сэтгэлгээний хурц тод үзэгдэл гэхэд болно.

Thursday, December 24, 2009

ТҮМЭН АМГАЛАН ЯРУУ НАЙРАГЧ

Нэг. Эхлэл.

“Түмэн амгалан” хэмээх тодотголыг үзэг барьсан гар минь ганцхан хүний нэрийн өмнө тавихаа сайн мэднэ. Хэд хэдэн сайхан хүний тухай хөрөг нийтлэлүүддээ ч энэ хүнийг яг л ийм тодотголтойгоор хавчуулснаа бас сайн мэднэ. Цагаан магтаал урсгаснаас ганц хоёрхон оновчтой үгээр хэдхэн зураас татчихвал аандаа тэр хүний хөрөг тодорхойёо босоод ирдгийг уншигч авгай нар мэддэг бол сайн л биз, мэдэхгүй бол миний л ур чадваргүйнх.
Тухайлахад, саяхны нэг нийтлэлдээ би түүний тухай “…Энэ хөшөөний эхийн санааг Нямсүрэнгийн дотно нөхөр, түмэн амгалан зант, “Би анх тэгсэн юм шүү” гэж хэлэхийг Алтан-Овоо руугаа нулимахын дайтай нүгэлд төсөөлдөг Мэнд-Ооёо хэлж өгсөн нь хамаагүй, миний эчнээ танил Дүүрэнтөгс хүү бол ёстой жинхэнэ утгаараа ДҮҮРЭН агаад ТӨГС авъяастай хүү юм даа гэсэн бодол өөрийн эрхгүй тархи руу минь харван оров…” хэмээн мөн л “хавчуулах” төдий оруулсан байсан чинь ганц хоёр хүн Нямсүрэнгийн хөшөө болгож Дүүрэнтөгсийн хийсэн эх зургийг Мэнд-Ооёо голсон мэтээр ойлгоод мань эр лүү утасдаж, золтой л бид хоёрын хооронд яс хаячихаагүй юм билээ. Хэзээ хойно нь мань хүн өнөөх нийтлэлтэй сониныг миний нүдэн дээр анх удаа уншсаныхаа дараа л тийм юм болсныг хэлж байгаа юм даа. Хэрвээ мань мэтийн овилгогүй хүн байсан бол уншаагүй мөртлөө шууд утасдаад л Зевс бурхан шиг тэнгэр дээрээсээ аянга чулуудах байсан даа.
Ийнхүү, энэ тодотголыг би өөрөөсөө харамлах нь холгүй олон жил болжээ. Гэхдээ энэ тодотголыг авах цорын ганц хүн маань “очиж очиж нэг муу яруу найрагч” байхдаа яахав дээ! “Хувь заяаны шоглоом” гэж ёстой л үүнийг хэлдэг байх.
Миний л мэдэхээс Мэнд-Ооёогийнх гэж нэг шар будаа шиг олон залуус бужигнасан айл байх. Голдуу л өнөөх яруу найргийн “сэгсгэр залуус” маань. Эхнэр Эрдэнэчимэг нь ч хажиглана гэж байхгүй, хүүхдүүд нь ч хичээл номоо давтмаар байна гээд уурлаж, ундууцна гэж байхгүй. Мань хүн налайчихаад л, Энх-Амгалан хаан шиг үл мэдэг мушийсхийгээд сууж байх. Нэг л сайхан өрхийн тэргүүлэгч шиг тэр ч хүний уран бүтээлийн чигийг зааж, энэ ч хүний гарыг их найргийн ганзганд хүргэх л үндсэн ажилтай мэт. Балбар ч, Нямсүрэн ч энэ л хүнээр дамжин их найргийн “охин тэнгэрүүд”-тэй танилцсан. Тэр олон “сэгсгэр залуус” нь хааяа бас “болохгүй” ээ.
Нэг удаа би яваад ордог юм байна. Утасных нь аппарат хэдэн хэсэг болчихож. Ооёо тэрнийгээ мэлхий ширээн дээрээ тавьчихаад нэг хугархайг нь чихэндээ, нөгөөг нь амандаа ойртуулчихаад утсаар л ярих гээд байгаа бололтой юм.
–Наадхи чинь яачихаад байгаа юм бэ? гэсэн чинь мань хүн:
-Өө, энийг үү, Балбар л өчигдөр орой хана руу шидчихсэн юм бол уу даа гэж байна.
Тэгсэн чинь ийм юм болжээ: Урьд орой нь Балбарыг дагаад баахан залуус ороод ирж гэнэ. Шүлэг, дарс хоёртоо цусан дахь адреналиных нь хэмжээ ихэсчихсэн улсын дуу гэж өрөөний хана хагалчих гээд л байсан биз. Тэгэхээр нь Балбар хэзээнийхээ л задгай зангаар:
-Чимээгүй байгаач, гөлөгнүүд ээ! гэчихэж.
Гэтэл Болд-Эрдэнэ нь ч гэл үү, Уянга, эсвэл Галсансүх нь ч юм уу урдаас нь:
-Хөв, хөв! гэчихэж.
Балбар, мэдээжийн хэрэг шүү дээ, жинхэнээс нь тэднийгээ “гөлөг” гэсэн биш, “гөлөг” гэдэг үг бол түүний хувьд бараг л “Хүү минь, дүү минь” гэсэнтэй л адилхан юм чинь, гомдолгүй яахав, “даргилан буцлаад” ширээн дээрээс утасны аппарат аваад явуулчихаж.
Цаадхи нь гялсхийгээд бултчихсан чинь хананд очоод тасхийхгүй юү. Ингээд л маргааш нь Ооёо маань үл мэдэг инээвхийлчихээд эвлүүлж, дэвлүүлээд сууж байх нь тэр.
Яруу найрагч хүнд бол угаасаа л “агсам, танхай дүртэй, атлага зээтүү хэлтэй, адгуу, догшин зантай, арчаагүйдүүхэн амьжиргаатай” гэсэн тодорхойлолт, үнэлэлт-дүгнэлтүүд аливаа хүний хацар дээрхи мэнгэ шиг нь илүү зохидог байлтай. Гэвч “бичигдээгүй хуулийн цоорхой” гэж найрагч заяанд ч бас байдаг юмсанжээ.

Хоёр. Нэгэн сонгодог шүлгийн тухайд

Тийн, мөхөс миний бие түмэн амгалан энэ хүний тухай бичихсэн гэж “шүлсээ гоожуулсаар” олон жил болжээ. Түмэн амгалан зангийнх нь ч тухай гол нь биш, түмэн онд ч дамжин уншигдах бяр сайтай, зангарагтай бүтээлүүд гаргаад байдгийг нь олон жилийн өмнөөс мэдэх болохоор тэр. Гэхдээ л хөрөг нь нэг л босож өгөхгүй санагдаад байсан юм. Түүхий юм хийснээс таг чимээгүй байсан нь дээр. Нуулгүй хэлэхэд сүүлийн хэдэн жил, ялангуяа “Хүмүүсийн тухай роман” хэмээх хөрөг-нийтлэлийн маань ном гарснаас хойш надаар ганц хоёр юм хэлүүлчих ч юм уу, номынхоо тухай дуугаруулчих гэсэн хүн олон гарах болсоон. Тэр бүхний тухай би үнэндээ бичээд байж чаддаггүй. Янз янзын шалтгаанаар… Олон ч хүнийг гомдоож л яваа байх. Харин “Миний тухай ганц үг ямар нэг юмандаа унагачихаач” гэж хэзээ ч ам нээж байгаагүй мөн ч олон сайхан хүний талаар бичихсэн гэхээс шүлс минь дандаа гоожиж явдаг аа. Тэдний нэг бол яах аргагүй энэхүү түмэн амгалан Мэнд-Ооёо бөлгөө.
“Их мөрөн дөлгөөн.
Эрдэмтэй хүн даруу” хэмээн монголчууд ярьдаг. Гэтэл шуудхан хэлэхэд, хэн нэг хүний тухай хөндлөнгөөс нь сайн юм дуугарахаа больсон өнөө цагт өөрийгөө л сайтар рекламдахгүй бол тэр хүнийг уран бүтээлчийн хувьд юу ч биш юм билээ хэмээн боддогчуул даанч олон болсон нь харамсалтай. Уншихаа больсон үндэстний л эмгэнэл юм даа. Бас шуудхан хэлэхэд, Мэнд-Ооёог ердөө хэдхэн хоногийн өмнө Дэлхийн Урлаг, соёлын академийн “Алдрын навчин титэм” авсныг нь сонсчихоод хөөрөн ярьтал нэг их “том” хүн жаахан голонгуй шинжтэй хямсалзав. Миний муу гацаатай зүрхний гүн рүү шүдэнз хавираад шидчих шиг болов. “Шүлгийнх нь гүн рүү өнгийгөөгүй байж энэ муу одоо юу юм бэ” гэж бахардан бодоод, мөнөөхөн барьж авч зүрхлэхгүй байсан уран бүтээлийн хөргөө босгохыг яарсан минь энэ болой.
“…Ногооны униар дунд гон бие хүн чулуу
Нойрмог янзаар салхинд гуядуулан торойгоод
Орчлонд энэ хүний зүрх юуны төлөө цохилж байсан бол гэх
Оньсого тааврын гарваль эрж он цаг нисэн ирнэм.
Инч хурам бүрийн эрхин цуваа хэлхэж,
Эрдэнийн алтан үсгийн уран мэлмий амсхийх завгүй,
Эрин зууны хил алхсан мэргэдийг бидэнтэй нөхөрлүүлж
Ирж байгаа хойч үе рүү зуучилсаар он цаг нисэн одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.
Ор санаандгүй явтал он цаг яарсаар нисч ирнэм.
Олон адууны үнэр ханхалсан цэнхэр суунаг босоод,
Цэцгийн баланд эрвээхэй шандуурч биесийг хөөцөлдөөд,
Цэн тогоруу байгалийн заяаны цам бүжгээ дэглээд,
Цаад уулын жимс одод түгэх шиг үржээд,
Цагаан морь хөрвөөхөд улаан болж босоод,
Амталж ханашгүй эх нутгийн аман хишиг дэлгэрээд,
Амьтан бүхэн эдэлж баршгүйд он цаг яарсаар нисэж одном.
Гол усны чулууг хүүхдүүд царгил хөгжим болгоод,
Ган цохилуур шүргэх ялдар “Дөрвөн цаг” налайгаад,
Элгэн биендээ түмэн цагийн дуу сонсож шингээсэн
Эх дэлхийн чулууны аялгуугаар он цаг нисэн ирнэм.
Амгалан үдшийн ухаа ягаан уулсын сэрвээгээр
Алтан хараацай дөлөн жигүүртэй нисэлдээд,
Аз жаргалын гал авчирсан эртний домог нэхэж
Ахмад үеэ адилтган санахуй дор он цаг нисэн одном…
…Нарны гэрэл сарны туяагаар зам нэхэж,
Навчилж, цэцэглэж, хагдарч хуучрах жам хэлхэж,
Юм бүхэн таны тулд найрсан оршихын учир
Юу санаснаа амжиж бүтээ гэж он цаг нисэн ирнэм.
Өгөх насаа тээж, өнгөрч элснийг буцааж аваад,
Өглөг хишиг эдлүүлж, хүртээснээ эргүүлж шалаад,
Эдүгээ хэний үйлс үнэн болоод үлэмжийн тустайг
Эрин зуунуудад дамжуулан гэрчлэхээр он цаг нисэн одном.
Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.”
Энэ бол аль тэртээ 1984 оны хавар “Сэтгэлийн байгаль”-ийг нь хүлээн авах ганцхан ажилтай Нямсүрэн биднийг Улаанбаатарт ирээд гэрт нь буусан орой яруу найргийн галынхан дундаа уншиж өгсөн Мэнд-Ооёогийн шүлэг. Үлэмжийн сайхан хорвоод үр ачдаа уншиж өгмөөр энэ сонгодог мөрүүдийг тэрбээр 28-хан насандаа буюу 1982 онд туурвисан юм билээ. “Хоёрын хооронд хор долоосон” зураач Ойдов “нэмэгдэл” нэхэж, “Шар” Мягмарсүрэн амаржсан эхнэртээ шөл өгчихөөд, гүн шөнөөр баярын сэтгэлээ цалгиулан гэр лүүгээ гүйж явахдаа бугуйнхаа цагийг мулзлуулсандаа гоморхон уйлж, мөн тэр өдөр Москвагаас буусан оюутан Дашбалбар “Навчис” гэдэг мөн л айхтар гүн сэтгэлгээтэй шүлгийг нь тоогоогүйн төлөө надад агсарч байхад мань эр бидэнд ийм л ухаарал хайрлаад налайн сууж байлаа. “Гуч л дөнгөж хүрч байгаа мөртлөө бүүр нэг бүрэн боловсорчихсон гүн ухаантай ямар гээчийн амьтан бэ” хэмээн “хөдөөгийн муу хөсрий төмрийн засварчин” би наагуур санаж байж билээ. Гуч хүрээгүй ч жинхэнэ найрагчийн ухаанд гунан үхрийн бяр байдаг юмсанж. Тэрнээс хойш энэ шүлгийн зарим нэг мөр, бадгууд миний санаанаас гарахаа больчихсоныг одоо л нэг эзэнд нь дуулгачихъя, биеэ тоочихгүй нь лавтай. Мөн л шуудхан хэлэхэд, миний санаанд хэр баргийн шүлэг, зохиол хүрдэггүйг уран бүтээлийн хүрээнийхэн тун сайн мэднэ дээ…
Харин дээрхи шүлэг бол үнэнхүү агуу л даа. Цөөхөн хэдэн шадыг нь л би энд сийрүүлсэн болохоос биш, бүгдийг нь уншваас ухаарлын туйлд хүрчих юм шиг бодогдоно. Төгс төгөлдрийн шалгуур гэж болмоор. Гэвч сонингийн нүүр бол Мэнэнгийн тал биш болохоор тэр бүхнийг жишээ татан задалж хэлж өгөөд байх зай даанч алга. Монголд уран зохиолын судлал, шүүмжлэл гэж нэг юм байдаг бол судлаад, задлаад залуу уншигч, уран зохиол сонирхогчдын нүдийг нээх нь тэдний л шууд үүрэгсэн. Даанч тийм юм байхгүй болохоор манай уншигчид ёстой л өнөөх “Ойд төөрсөн сармагчин” шиг. “Оргиниаль” гэдэг шиг. Ерөөсөө л Мэнд-Ооёогийн бүх л шүлгүүд наран гаригаас гэрэл сүвлэсэн юм шиг иймэрхүү аястай (Гол усны чулууг хүүхдүүд царгил хөгжим болгоод, ган цохилуур шүргэх ялдар “Дөрвөн цаг” налайгаад), иймэрхүү ухааралтай (Юм бүхэн таны тулд найрсан оршихын учир юу санаснаа амжиж бүтээ гэж он цаг нисэн ирнэм), иймэрхүү зураглалтай (Амгалан үдшийн ухаа ягаан уулсын сэрвээгээр алтан хараацай дөлөн жигүүртэй нисэлдээд). Жинхэнэ сонгодог (классик) шүлэг л иймэрхүү байдаг билээ! Өөрийгөө рекламддаггүй атлаа сонгодог жишгийн юм чимээгүйхэн л хийгээд явдаг хүн хэдийвээр цөөхөн юм гаргалаа ч гэсэн тэдгээрээс нь оюуны бяр амтагдаад, ухааны гүн мэдрэгдээд, яахын аргагүй зангаргаа харуулаад байдаг юм.
“Мэргэд мэргэдийн зуур зохьюу.
Мунхгууд мэргэдийг хаана мэдхүн.
Алтнаас дээр үнэт зандныг
Мунхгууд нүүрсэн болгосныг үзэдхүн” гэсэн хоёр шад “Субашид”-ад байдаги юм билээ.
Дарьганга нутгийн унаган хүү Гомбожавын Мэнд-Ооёогийн “Алтан-Овоо” хэмээх уянгын том хүүрнэл зохиолыг нь мэдэхгүй хүн Монголд байхгүй ч байж мэднэ. Зүйрлэвээс, Расул Гамзатовын “Миний Дагестан” шиг онгод авъяас, шасдир цадигийн яндашгүй арвин судар билээ. Хуудас бүрээс нь түмэн цэнхэр мөнгөн нуур мэлтэлзэж, мянган жаахан мэнгэн булаг ундарч, монгол өвгөдийн сургааль сонсогдоод, хос хосоороо хунгууд цойлон нисэлдээд, талын бор толгод өндөс өндөс хийгээд, туурайт хүлгийн дуун үүрсээд, монгол үгийн ширгэшгүй баян сангаас атга атгаар нь утгаж аваад улаан нүүр лүү цацах адил бөлгөө. Уншаагүй нь нэг удаа бариад авагтун, уншаад эхэлбэл дахиад заавал хоёронтаа унших нь магад! Тэгээд ч, уншигддаггүй номыг гурвантаа хэвлэнэ гэж байдаггүй юм даа. Сайхан хүн, сайхан бүтээлд үг хайрладаггүй цагаан сэтгэлт миний тойруулан дурдаж буйг минь анзаарсан бол, тэр ном гурав дахь удаагаа хэвлэгдчихээд байгаа юм шүү.
“Монгол шүлгээс цаанаа л нэг сайхан уужим агаар сэнхийгээд, сэтгэл зүрх сэгхийгээд явчихдаг, бачимдал, бухимдал гэж огтоос байдаггүй гэж гадаадынхан ярьдаг” хэмээн Их Урианхай гуай хуучилж байна лээ. Үүн лүгээ нэгэн адил, Мэнд-Ооёогийн дээрхи шүлэг юун тэр Тайваний найрагчийн сэтгэлд байтугай, талын монгол миний ч зүрхэнд эртэн цагийн нэгэн их бичгийн мэргэний үлдээсэн бүтээл лүгээ адил оршчихсон юм. Пушкины хэлснээр, Мэнд-Ооёо бол хэзээ ч “дэггүй шүлгээр цагаа барахгүй” хүн. Түүний шүлгүүд бас хэзээ ч “индрийнх” байж чадахгүй. “Индрийн” шүлгийг билэг танхай онгодтой хүн бичдэг болохоос, “бодлогоширдог”, “дотогшоогоо ариусдаг” түүн шиг хүн бичдэггүй юм. Түүнийхээ харгайгаар хэзээ ч “Болор цом” авахгүй! Харин яруу найргийг авъяас, онгодтой хүмүүсийн уралдаан, урцалдаан биш, гүнзгий яруу сэтгэлгээний эталон болгодог Дэлхийн Урлаг соёлын академи бол “Алдрын навчин титэм”-ээ өгдөг юм байна. “Хэлсэн хийснэ, бичсэн үлдэнэ” гэгч энэ.
Хэтийдсэн гэмээр гүн сэтгэлгээтэй, туждаан ухаарлын түлхэцтэй, мөнх хийгээд мөнх бусын тухай эргэцүүлэл, эх орныхоо хэзээ ч уйдамгүй гайхамшигт биширсэн, бараг л бөөгийн дуудлага гэмээр энэ ба хойд насны гэрэл гэгээтэй дээрхи шүлгийг тухайн үед нь Монголын яруу найргийн хүрээнийхэн хэр хүлээж авсныг хөдөөгийн би сайн мэдэхгүй. Ямар ч байсан, Дашбалбарын “Хүмүүс ээ, бие биеэ хайрла” гэдэг шүлэг шиг, яруу найргийг тоодоггүй хүний ч зүрхэнд хоногшиж чадаагүй нь харамсалтай. Балбар шиг догшин хувилгаан л төгс төгөлдөр юмаа хүмүүсийн тархинд хүчээр аваачаад “шаачихдаг” болохоос биш, Мэнд-Ооёо шиг “Минийх, минийх” хэмээн дуугарахыгаа амны алдас хэмээн заншилсан хүн бол үүнээс сайн юмаа ч хүнд хүргэж чадахгүй л дээ. Ер нь төгс юмыг он цаг нисэн одсоны хойно олж хардаг юм байна. Сая Нобелийн шагнал авсан физикийн хоёр эрдэмтний тэр дижиталь техникийн үндэс, шилэн кабелийн онол л гэхэд аль тэртээх 1966 онд хийгдсэн зүйл шүү дээ. Оюунлаг хүмүүст он цаг хоргодохын учир энэ!

Гурав. “Алдрын навчин титэм”

Одоо жаахан албан ёсны хүүрнэл рүү орцгооё. Манайхнаас ялгаатай нь гэвэл, “сонсож биш, уншиж чаддаг” хөгшин европынхон сонгодог чанарын юмыг өөрсдөө таньчихдаг юм билээ. Тэд эхнэрийнхээ дээлийг нөмөрч өглөө гараад мориныхоо уяан дээр очоод босоогоороо шээчихдэг ч юм уу, огторгуй сансрын эрчим хүчийг бөөгнөрүүлээд буулгаад ирдэг пирамид шиг хэлбэртэй мод, эсгий сууцанд бүгдээрээ хамт унтаж байдаг манайхны “агуйн” ёс заншлыг биш, сэтгэлгээг нь сонирхдог, үнэлдэг болж. Манайх шиг ахуй, соёлын хувьд европжсон нүүдэлчид дэлхийгээр нэг байж л байна.
Бидний сэтгэхүй л гайхалтай өвөрмөц. Тиймээс ч Буддын шашны сэтгэлгээнд орох гээд гүйлдээд байдаг болсон юм. Шашин, шашны дундаас Буддын шашинд мухар сохроор итгэх (фанатикдах) биш, ердөө л хамгийн зөв сэтгэлгээтэй гэдгийг, Буддын шашны сургааль дорнын ард түмний сэтгэлгээгээр төрсөн, цаг үргэлж тэр л сэтгэлгээгээрээ баяжиж байдаг гэдгийг ч сайн мэдэх болж. Хүн төрөлхтний аврал нь тэр юмсанж. Үүний хамгийн наад захын жишээ гэхэд 2005 онд Лос-Анжелес хотод болсон “Бурханы хайр” сэдэвт яруу найргийн наадмын тэргүүн шагналыг Мэнд-Ооёогийн “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цаг дор” хэмээх шүлэг шүүгчдийн 100 хувийн саналаар авч, тив дэлхийн найрагчид мөргөх нь холгүй болсон гэдгийг хамт явсан хүн нь хүүрнэж билээ.
“Гадаадынханд мэдүүлэхийн тулд гайгүйхэн шүлгүүдээ гадагш нь орчуулуулахыг бод” гэж Галсансүхэд (модернист шүлгүүдийг нь за даа, мөн европынхон ч шүтнэ дээ) ч, Баяржаргалд (гариг эрхэс, сансар орчлон, бас салхин сарны явдлын тансаг үгтэй шүлгүүд нь их сайн) ч дандаа захиад байдаг учир минь энэ. Тэр залуус ч юм уу, эсвэл монгол яруу найргийн хан бүргэдүүд Бавуугийн Лхагвасүрэн, Дамдинсүрэнгийн Урианхай абугай нар нэгэн цагт Нобелийн шагнал авчих ч юм бил үү? “Аймгийн найрагч яах вэ, улсдаа л гар!” гэж Чойном хэлдэг байсан гэдэг шиг, Монгол яах вэ, дэлхийд гарахын тулд Нобелийн эх нутаг-Европод уран бүтээлээ сайн таниулах хэрэгтэй юм. Их үндэстний инерци гэж нэг юм баймаарсан даа.
Чухамхүү монгол яруу найргийг гадаад ертөнцөд мэдүүлэхсэн гэж 10 хол гаруй жилийн өмнөөс нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсэн хүн бол Мэнд-Ооёо гэдгийг манайхан төдийлөн сайн мэдэхгүй. 1995 оноос Дэлхийн яруу найргийн их хуралтай холбоо тогтоосон Мэнд-Ооёогийн зуучлалаар сүүл үеийн манай олон олон зохиолч, яруу найрагчдын бүтээл Австрали, Африкаас бусад тивийнхэнд хүрсэн. Төвлөрсөн удирдлага задарснаас хойш манай улсын цаанадаж гэхэд Соёл, боловсролын яам, наанадаж гэхэд Зохиолчдын Эвлэлийн хорооны гадаад харилцааны ажлыг ганцаараа шахуу нугалж байгаа газар бол түүний удирдсан Соёл, яруу найргийн академи гэхэд болно. Хоёрхон жилийн өмнө Дэлхийн яруу найрагчдын их хурал Улаанбаатарт болсон нь ч үүний тод жишээ. Хичнээн яруу найрагч нутагтаа очоод Монголын тэнүүн тал, ахуй заншлын тухай бүтээл туурвисныг болон туурвих гээд онгодоороо дуншиж явааг хэн мэдлээ.
Шилмэл шүлгийн түүвэр гэсэн утгаараа урьд нь сонсогддоггүй байсан Испанийн яруу найраг, Төв Азийн яруу найраг, Францын яруу найраг, Энэтхэгийн яруу найргийн бие даасан түүврүүд (Орос, Хятад, Японых бол бүр ч ойлгомжтой) Соёл, яруу найргийн академийн ачаар монгол хэлээр хэвлэгдлээ. Хүн төрөлхтний соёл, утга зохиол, яруу найргийн өв санг монголчууддаа тасралтгүй таниулах их “бослого” эхэлжээ. Монголын орчин үеийн яруу найргийг англи хэл рүү буулгах төсөл хэрэгжүүлж, Саймон Смит гэдэг монгол сэтгэлгээтэй орчуулагч залууг Англиас эх орондоо урин ирүүлж хичнээн ч олон ном гаргав даа. Лав л миний мэдэхээс Явуухулан гуайн, Ж.Дашдондог гуайн, Дашбалбар, Бавуудоржийн англи түүвэр гарчихсан, Нямсүрэнгийнхийг бэлдэж байгаа, Бавуудоржийнх бас испани ч гэл үү, итали ч гэл үү хэл рүү орчуулах захиалгад орчихсон гэж байгаа. Тэр хүү нэг л сайхан юм дуулгаж таарна. Ооёогийн өөрийнх нь бүтээлүүд л гэхэд дэлхийн 30 гаруй хэл рүү орчуулагджээ. “Монголын уран зохиолын дээж”, залуу яруу найрагчдын шүлгийн түүврийн “Нэг их том цагаан заан” гээд лут бүтээлүүд англи хэлтнүүдэд хүрчихсэн байгаа. Энэ мэтээр хөрвүүлээд л хэвлээд л байвал хэнийх нь бүтээл Монголоос өөр газар “нутагших”, хэнийх нь бүтээл сонгодог болохыг гадаад ертөнц биднүүсээр заалгахгүй. Тэр газарт жалга, довын үзэл, “жаран хар”-ын танил, “хүүе хаая”-ын дохио, хээл, хахуулийн цутгалан гэж байхгүй.
Мэнд-Ооёод олгосон “Алдрын навчин титэм” ийм л учиртай юм даа. Оросоор “Лавровый венок”, англиар laurel (laureate, лауреат –шагналтан гэдэг нэр ч ийм л язгууртай) буюу монголоор бол амьд лаавр модны навчсыг сүлжиж хийсэн “Алдрын навчин титэм”-ээр шагнуулсан хүнийг (Олимпийн аваргууд, яруу найрагчдыг л голдуу шагнадаг журамтай байж) эртний грекүүд олонд харуулах гээд гар дээрээ өргөөд гудамжаар явдаг байсан юм гэнэ лээ. Юлий Цезарь халзарснаа нуух гээд лаврын навчин титмийг алтаар дуурайлган урлуулаад тэргүүндээ асаадаг болсноор нэгэн үе нэр хүндийг нь бууруулсан нь харамсалтай ч, дулаан уур амьсгалтай газар нутагт ургадаг, гайхалтай анхилуун үнэртэй, шүлс асгарам амттай мөнх ногоон навчтай лаавр хэмээх (Монгол нутагт байдаггүй хирсэнд хүртэл монгол нэр өгчихсөн мөртлөө яагаад түүнийг манайхан “лаавр” гэсэн нийтлэг нэрээр нь үлдээснийг бүү мэд) модыг грекүүд л анх алдар хүндийн онцгой тэмдэг болгосон цадигтай. Манай эриний өмнөх Олимпийн наадамтай хамт мартагдаад байсан тэрхүү “Poet Laureate” хэмээх хүндлэлийг 1389 онд Английн эзэн хаан дахин сэргээж, тухайн үеийнхээ алдарт найрагч Жеофрей Чосерт (Чингис хааны тухай түүний бичсэн “Дээдсийн үлгэр” хэмээх зөн билгийн туульсын найраглалыг нь нэрт дуун хөрвүүлэгч Дамдины Бямбаа бээр англи хэлнээс монгол руу яруу сайхан буулгасан билээ) анх олгож, бүтэн жилийн уух дарсыг нь хааны сангаас гаргадаг байжээ. Америк руу хөөгдөн гарсан Оросын тэрс үзэлтэн Иосиф Бродскийг бид нэгэн үе “Конгрессын яруу найрагч” гэсэн хэргэм авсан гэнэ, манай Улсын Их Хурал шиг тийм орон тоо гаргаад байдаг ямар хачин мангар газар вэ?” гэцгээж байсан чинь уул шугамандаа бол Конгрессын Номын сангийн яруу найргийн зөвлөлөөс (Зарим улсын номын санд тийм зөвлөл хүртэл байдаг юмсанж) уншигч олны саналын үндсэн дээр олгодог Америкийн “Poet Laureate” хэмээх шагнал агаад 35 мянган доллар дагалддаг юм билээ. Харин Дэлхийн Урлаг, соёлын академи 1969 оноос “Poet Laureate” цолны диплом, алтаар урласан “Алдрын навчин титэм” олгож эхэлсэн нь нэг ёсны Олимпийн аваргын дайтай шагнал, хүндлэл агаад түүнийг өнгөрсөн сард хүртсэн манай Мэнд-Ооёо бол хуруу дарам 10-аадхан хүний нэг болжээ.
“Магнайд цацардаг бадмааргийг
Өлмийд шигтгэдэг ёс байхгүй.
Манлайд гардаг бүжигчнийг
Дагуулд гаргадаг дэг байхгүй” хэмээн Жагарын орны их мэргэн Вишнү Шармаа өдгөөгөөс 1600-гаад жилийн өмнө “Панчатантра”-гаараа сургасныг билэг мэргэн дээдэс маань 700-гаад жилийн өмнөөс монгол руугаа буулгажухуй.
Дөрөв. Төгсгөл
Түүнийг, түүгээр уламжлаад Монголын яруу найргийг одоо дэлхийн яруу найргийн ертөнц андахгүй болжээ. Тэрбээр монгол яруу найргийг дэлхийн дэвжээнд гаргасан нь Ази, Африкийн зохиолчдын “Лянхуа” шагналыг хүртсэн Сономын Удвал агсан, монгол уран зохиолчийн авъяасыг герман хэлтэнд анх таниулан бишрүүлж Шамиссын шагнал хүртсэн Чинагийн Галсан абугай ч юм уу, дэлхийн эмэгтэйчүүдийн шатрын шилдгүүдийн нэг Мөнгөнтуул охин, саяхан дэлхийн оюуны наадмаас алтан медаль хүртсэн Хатанбаатар гэдэг хүүгийнхээс дутахгүй гавъяа юм. Манайхан Олимпийн аваргуудтай болсон нь хичнээн сайхан. Гэвч бас “Биеийн бяраар нэгийг ялна, ухааны бяраар мянгыг ялна” гэгчээр “Алдрын навчин титэмт” яруу найрагчтай болсон нь бүр ч сайхаан. Их үндэстний маань инерци эргээд хүчээ авчихав бололтойдог шүү!
“Шүлэг минь-хүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” хэмээн их Явуухулан дуу алдсан нь цаанаа л учиртай билээ.


Ж.Нэргүй
2009.10.01
Өнөөдөр сонин, 2009.12.23 Лхагва №295 /3858/

Saturday, December 12, 2009

ТЭРГҮҮНДЭЭ АЛТАН ТИТЭМ АСААХУЙ

ТЭРГҮҮНДЭЭ АЛТАН ТИТЭМ АСААХУЙ
БУЮУ
ХУЛСАН ЛИМБНИЙ НҮХЭЭР САЛХИН ГАНСРУУЛАХУЙ


“…түүний номыг “Нүүдэлчний
ахуйн дуулал” гэж нэрлэж болох…”
Др.Шалиин Кумар Сингх


Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжрыг алтлана
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдрэнэ

Хулсан лимбэний нүхээр гансрах салхин нисэн айсаж хөөрхий молхи бичээч миний зүрхний гүнд нуугдсан холын гунигийг нээрээ л сэдрээн хаяад бас өрөөл нэгний, бүр хотол түмний сэтгэлийг сэнсрээхээр алсран одвой. Ийнхүү “хулсан лимбэний нүхээр гансрах салхин”-ы танан аялгуун дор алтан титэмт зохист аялгуучийн хөгжих номин эгшгийн торгон үзүүрийг тэрхүү сэдэрсэн гунигийнхаа хүчээр эрэлхийлэхийг зоривой. Чаднам болов уу? Эс чаднам болов уу?
Нээрээ, тэр торгон үзүүр хаана буй, юунд буй? Олох гэж оролдсу. Үнэндээ тэр торгон үзүүрийг хүн хүн өөр өөрийнхөөрөө л харна. Ухаа нь, Энэтхэгийн доктор Шалиин Кумар Сингх “…түүний номыг “нүүдэлчний ахуйн дуулал” гэж болмоор санагдана” хэмээн үнэлжээ. Үнэхээр онож үнэлжээ. Гэвч балчирхан бага насандаа өвсний толгойд унасан зүү шиг гялтагнах хяруунд нүцгэн хөлөө хайруулахдаа зүүнд хатгуулсан юм шиг догонцож үхрийн халуун шээс хийгээд баасан дээр гишгэн дулаацуулж явсан монгол найрагч бүр тэр ахуйг дуулсан байх аа. Харин дуулахад учир бий гэж молхи би мунхагланам. Чухамхүү энэ зохист аялгууч дуулахдаа нүүдэлчний “алган дээрх хорвоог билгийн нүдээр шинжсэн”(“Мичид зулзгалсан намар”) нь л онцгой бус уу?! Чингэхдээ яаж шинжсэн юм бол оо?
Чамайг болоод намайг гол ус толиндоо үзэж
Чанадын хувь тавиланг алган дээрээ зурах мэт
(“Сарны сонат”).
Үгүй нээрээ, түмэн увьдаст, буман оньсгот байгаль эх өөрөө зуун явдалт, мянган үйлт “нүүдэлчний алган дээрх хорвоог бас алган дээрээ зурж” байдаг тийм нэг нандин нууц байдаг юм байна шүү!
Туул гол зуны сүүл сарыг тэгнэж
Тунгалаг мандалдаа хүмүүний явдлыг тольдож
Саран наран ээлжлэн өнхрөх тэнгэр дор
Саван дотроо өнийг дурсаж, өнөөг дуулж урсму
.(“Зуны сүүл сарын сернада”)
Үгүй нээрээ, ачит байгаль эх маань ухваргүй хүүгийнхээ алган дээрх хорвоог саран наран ээлжлэн өнхөрсөөр ирсэн цаг дор хэвэлдээ хадгалж, нэрэндээ мөнхөлсөөр ирсэн тийм нэгэн нандин нууц байгаа юм байна шүү!
Оёоргүй хөх мандалд нарны зовхи мөстөөд
Жихүүн хүйтний үзүүр лоовуузын соронд шантарна(“Он цагийн хүрд”).
Үгүй нээрээ, “нарны зовхи мөстөж байхад хүйтний үзүүр лоовуузын соронд шантарч” байдгаас ургуулахуй хэзээ ч ялагдахгүй гэж зүтгэдэг байгаль эх хэдийд ч нугарахгүй гэж зөрүүдэлдэг нүүдэлчин хоёр эсэргэлцэн эвлэлдэж, эвлэлдэн эсэргэлцэж явдаг тийм нэг нандин нууц байдаг юм байна шүү.
Цасан шуурга цагаан азарга шиг цамнаж
Цаг үе ч басхүү цасан шуурга шиг агсарч
(“Цасан шуурга цагаан азарга шиг цамнаж”)
Үгүй нээрээ, хязгааргүй хүчтэй байгаль эх шантрашгүй зүрхтэй нүүдэлчинд эр чадлаан үзүүлж ахуйд цаглашгүй үргэлжлэх цаг үе ч бас түүнд агсам тавьж байдаг нэг нандин нууц байдаг юм байна шүү. Цаглашгүй цаг аа гэж!
Хорин насанд тохиосон зуны сүүлчийн хуучин сар
Хонгорхон чиний ээмэгний чулуунд хальтарсныг дурслаа
………………………………………………………………………
Үр ач мэт хэдэн номыг үснийхээ хараар бичлээ
Үес үесийн цагаан үүлс намайг шүргэнэ

Үгүй нээрээ, хонгор бүсгүйнх нь ээмэгний чулуунд сар хальтарснаас цагаан үүлс нүүдэлчний үсийг шүргэх хүртэлхи зайцад, ертөнцийн мөнхийг харуулдаг байгаль, ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг хүмүүн хоёрын завсарт хязгаартай цаг байдаг тийм нэг нууц байдаг байна шүү!
Араг үүрсэн ээж минь нүүдэл хөтөлж
Алаг цэцгийг ээтэн гутал нь үнсэж
Модон тэрэгний мөөр цагийн хөлд шалбарсаар
Монголын талаар он жилүүд өнхөрсөөр
(“Хүлээж байгаа ээж”)
Үгүй нээрээ, он цаг Монголын хээр талаар хичнээн өнхрөвч, модон тэрэгний нь мөөрийг хичнээн шалбалавч гольдрол дундаа мөлсөн чулуу нь хүртэл дуулдаг Монголыг маань, ээтэн гутал нь цэцэг үнсэж байдаг нүүдэлчний маань ахуйг элээн үл чадах тийм нэгэн нууц байдаг байна шүү!
Эрдэнэт хүлгийнх нь зүс хувирч амжаагүйг бодоход
Эртний түүх гэдэг чинь энүүхэн дэргэд байна
Үлгэр домгийн газар нь өвгөрч амжаагүйг бодоход
Өнийн явдал гэдэг чинь хажуухан хаяанд байна
(“Орлой гурван зээрд”) Ахуй соёл хоёр арга билиг хоёр. Гэвч нүүдэлчний хувьд ахуй нь соёлдоо уусаж, соёл нь ахуйдаа шингэн авцалдан барилдсан байдгийн тул аль алин нь арилахгүй хадгалагдахын бас нэг нууц байдаг юм байна шүү!
Дэрсний шилбэнд шуурга салхи түр амсхийж
Дэлхий дээгүүр морин төвөргөөн чимээлэхэд
Мянган адууны туурайнд цас маналзах тал дунд
Өнчин ганц айл ертөнцийн төв мэт үзэгдвэй
(“Цасан шуурга цагаан азарга шиг цамнаж”)
Үгүй нээрээ, алгын чинээ талбайд ширхэг цагаан будаа суулгах гэж бөхөлзөн бөхөлзөн байдаг суурин иргэншил, мянган адууны туурай нь цас маналзуулан дэлхий дээгүүр морин төвөргөөн нь чимээлж байдаг нүүдлийн иргэншил хоёр арга билиг хэмээнэм. Орчлонгийн хамаг бүхэн арга билгийн шүтэлцээнд оршивч цасан шуурга шиг цамнах цагийн аясаар “албингийн гал” сүүмэлзүүлснээрээ аархадаг ч түүндээ эргээд сөхөрч байгаа суурин иргэншил унасан хүлгийн дэл дээр сүлд шиг боссон нүүдлийн иргэншлийг хажиглан доромжилж, хумин хөнөөх гэж өнгөлзөхүйд
Сүрэг тогоруудын гэгэлгэн гунигт дуу
Тоонон дээгүүр зэл татахад
Сүүдэр ч юм уу, нулимс ч юм уу?
Тогоотой сүүнд нь толбо унадаг өнчин ганц айл
Туяан сортой зогдроо сугсрах тэмээн тэшээ
Туяхан салхины хэлийг хуурддаг
нүүдэлчний ертөнцийн төв болон сөрсөөр байгаа тийм нэгэн нандин нууц байдаг юм байна шүү!
Хумхийн тоосны чинээ хувьхан чөлөөнд
Хувилгаан бурхадын гэгээн хөрөг багтмуй
Хулсан лимбэний аялгуун дотор ч диваажин оршмуй
Хуучин сүмийн дээгүүр саран мандахуй цаг дор
…(“Хуучин сүмийн дээгүүр саран мандахад”)
Үгүй нээрээ,
Сарнай цэцгийн хонхорцогт
Сарны туяа дүүрэх үдшээр ертөнцийн төв болсон өнчин ганц гэртээ хуудуу холын гуниг зүрхэнд сэдрээх хулсан лимбэний аялгуунд уяран суудаг нүүдэлчний тархи хичнээн атгахан ч үүлэн гивлүүрийн чанадаас саран шагалзсаар гарч ирдэг үзүүргүй орчлонг багтаадаг, үгүй нээрээ,
Уг чанартаа буй юмс
Утгын бөмбөрцөгт багтдаг
тийм нэг нууц, өөрөөр хэлэхүй их нь багадаа багтдаг тийм нэг нууц байдаг юм байна шүү!
Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм
(“Нээхийн утган хэлхээ”)
Үгүй нээрээ, гүн ухааныг гүн ухаан гэсэн нь үнэхээр оносон юм байна. Тийнхүү өөрт нь нуугдсан дотно ертөнцийг, өөрөөр нь дамжин өөрийгөө олдог гадна ертөнцийг хулсан лимбэний нүхээр салхи гансруулан нээхийн гүн ухааныг олсон энэхүү нүүдэлчин зохист аялгуучийн,
Үүрдийн амь настай, өнө холын мэлмийтэй
Үлгэр домгийн дээжээс амлуулж өгсөн
нүүдэлчин аавын нуган үр нүүдэлчин энэ яруу найрагчийн, Мөнх тэнгэрийн Хөх Монголын хулсан үзэг мутартаа залсан гайхамшигт мэргэдийг залган авсан нүүдэлчин энэ дуучийн хулсан лимбэний нүхээр гансрах салхин “Номын зүрхэн нь магад гансрал, бодь сэтгэл” гэж говийн Догшин ноён хутагт Данзанравжаагийн шүлэглэн айлдсныг батлан, Өрнө хийгээд Дорнын суурин иргэншлийнхний хуудуу холын гунигийг өдөөн өдөөсөөр, гуниглангуйн чанадах тайтгарлыг тэдэнд өгөн өгсөөр Замбуу тивийн зохист аялгуусын Алтан титмийг ариун тэргүүнд нь асаан өгвэй. Юутай гайхамшиг!
Үгүй нээрээ, Замбуу тивийн зохист аялгуусын Алтан титэм гэж юун буй?
Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтлана
Хуучин сүмийн ганжирыг алтлах
сарны хувилгаан туяанаа молхи бичээч миний бие алтан тэр титмийн үүссэн эртний нэгэн түүхийн алтран алсрагч торгон үзүүрийг улбируулж нэхэн эрсү.
Эрт урьдын цагт гэнэ. Их далайн хөвөөнд гэнэ. Домогт Гэрэгийн нутагт гэнэ. Дафна нэрт үзэсгэлэнт гүнж юмсанж. Аполлон алдарт Тэнгэр үзэсгэлэнт гүнж түүнийг гэргийгээ болгохыг хүсэж гэнэ. Гэвч зоргоор тэр гүнж Аполлон Тэнгэрийг тоолгүй, оргож босон зугтаад лаврын мод болон хувилсан гэнэ. Тэр нэгэн цагаас хойш мөнх ногоон лаврын мод найраг эгшгийн Тэнгэр Аполлоны мод болсон гэнэм.
Эртний гэрэгүүд мөнх ногоон лаврын навчийг титэм болгон жирмэн сүлжээнд оруулаад алдар цуут яруу найрагч, хөгжмийн зохиолчдынхоо магнайг мялааж, тэднийг Poet Laureate/laureus-лавр/ буюу Лавран титэмт Зохист аялгууч хэмээн цоллон мөнхлөх болсон байна. Алдар хүндийн энэ титэм Замлин хорвоод түгээд, улмаар уламжлал болон дэлгэрээд өнөө бидний үеийг хүрч ирсэн авай.
XIII зуунд Английн вангийн ордонд Лавран титэмт зохист аялгуучийн танхим байсан бөгөөд тийм зохист аялгуучид вангийн тусгай цалин олгож байжээ.
1488 оноос Оксфордын их сургууль, 1490 оноос Кембрежийн их сургууль Лавран титэмт зохист аялгууч цолыг олгож эхлэсэн байна. АНУ-ын Лавран титэмт зохист аялгуучийн дагалдах шагнал нь 35000 ам доллар ажээ.
1937 оноос АНУ Лавран титэмт зохист аялгууч цолыг бий болгож, Конгресийн номын сангийнх нь яруу найргийн зөвлөл яруу найрагчдыг шалгаруулан өргөмжилж эхлэсэн байна.
Канадад Парламетийн Лавран титэмт зохист аялгууч цол буй. Шотланд, Шинэ Зеланд зэрэг оронд Үндэсний номын сан нь “Лавран титэмт зохист аялгуучийг шалгаруулдаг байна.
Македоны Стругагийн яруу найргийн наадам Лавран титэмт зохист аялгуучийг шалгаруулан цэцгэн эрих олгож, цолгорсон зохист аялгуучийн номыг маш гоёор хэвлэдэг байна.
ЮНЕСКО-д данстай, АНУ-д төвтэй Дэлхийн Урлаг, Соёлын Академийн зохион явуулдаг Дэлхийн яруу найрагчдын их хурал 1969 оноос Poet Laureate алдрыг жирэмлэн сүлжсэн лаврын навчин дүрстэй Алтан титэмийн хамт “алдар хүндийн боол”-уудад олгох болсон байна. Ийнхүү лавран титэм алтан титэмд хувирав. Яг Дафна гүнж лаврын модонд хувилсан шиг!
Үгүй нээрээ, Замбуулинд алдаршсны бэлгэдэл энэ титмийг яруу найрагчдаас хэн хэн нь зулайдаа залсан юм бол оо?
АНУ-ын Лавран титэмт зохист аялгууч алдрыг бидний сайн танихаас Роберт Фрост, Даниел Хофман, Иосиф Бродский, Билл Коллинз нарын арван зургаан яруу найрагч хүртсэн байна.
Өдгөө Норвегийн яруу найрагч Кнут Эдэгорд нь Вангийнхаа Лавран титэмт зохист аялгууч болсон бөгөөд Вангийн цалин хүртдэг байна.
Дэлхийн урлаг соёлын академийн Алтан титэмт зохист аялуучийн алдрыг Роберт Пенн Баррен/АНУ/, Леофольд Седар Сенгхор/Сенегал/ Маниуэл Марнинез Лэвия/Мексик/, М. Карунандахи/Энэтхэг/ нарын хуруу дарам цөөн яруу найрагч хүртсэн байна.
Бүр эртний торгон үзүүрийг нь хөөснөөр мань мэтийнхний магад олж мэдснээр бол
Энэ тэнгэрлэг хааныг Чингис хаан гэдэг байжээ
Эрин цагтаа агуу ихээрээ алдаршин манджээ
Этүгэн даяар эгнэшгүй хэмээн машид гарчээ
Элдэв бүхнээрээ эзэн дээдэс хэмээн магтагджээ
……………………………………………………………
Аху төрийнхөө сүр сүлдийг адбиш сайнаар өргөж явсан
Алдар суутай эрийн хиймроь нь дандаа өрнөж явсан
Эрхэмсэг түүнтэй эгнэх өөр хүмүүн хаана ч тодроогүй
Энэ тэнгэрлэг хаан, энэ Монголын Чингис хаан байжээ
(“Дээдсийн үлгэр” Д.Бямбаагийн орчуулга) гэж “Тэнгэрийн суран ташуур” Чингис хааныг маань гадаадынхнаас анх магтан дуулсан Английн суутай зохист аялгууч Чосер бээр нэгэн мянган гурванзуун наян есөн онд Английн вангийн зарилгаар лавран энэ титмийг оройдоо анхалж залсан байна. Дараа жилдээ хүрэхүйц даргилан хөөсөрсөн дарсаар дайварт нь бас шагнуулсан байна.
Үгүй нээрээ, мөн хачин аа!
Өмссөн дээлийн минь энгэрт өвгийн ёс оршино
Өөрийн энэхэн биед минь дээдсийн цус оргино
Бургиж байгаа булгийг бутаар бөглөж болохгүй
Оргилж байгаа омгийг олсоор даруулж болохгүй
…………………………………………………………
Эртний энэ улбаа чинь Чингисийн зам гэнэ
Эрднийн зээрд хүлэг чинь эзэн Чингисийн унаа гэнэ
Түүх татаад үзэхэд холдсон дүр нь тодроно
Үүд татаад ороход хойч үе нь тормойно
(“Орлой гурван зээрд”) гэж Мөнх тэнгэрийн хөвгүүн Чингис хаанаа дурдан, үр сад нь гэдгээрээ омгорхон шүлэглэсэн Эзэн Чингисийн орны Алтан овооны хүү Мэнд-Оёо бээр Замбу тивийн Зохист аялгуучийн алтан титмийг хоёр мянган есөн онд зулай дээрээ залан ирвэй.
Үгүй нээрээ, арвангуравдугаар зуун, хориннэгдүгээр зуун хоёр ингэж учрахын урьдын ерөөл байв уу? Байсан ажгуу! Есийн тоо нь хүртэл таарч байна биш үү! Ээ, энэ орчлонд шүтэлцээгүй юм гэж огт үгүй бөлгөө. Бэлгэ зохирох гэж чухамхүү үүнийг л хэлнэм бөлгөө…
Үгүй нээрээ, энүүхэн дээр өгүүлснээс үзэхүл лавран титэмт зохист аялгуучаа улс орон атаа хүрмээр үнэлдэг юм байна шүү. Гэтэл Монгол?!...
Дуу хураагуураар гангараад онгоцны буудал дээр шаагилдаж байдаг өнөө сэтгүүлчид хаа очив? Таг чиг! Улсын далбаагаар чамирхаад гудамж бөглөж байсан өнөө жийпнүүд хаа очив? Аг чиг! Шарз хүртэн шал согтоод индэр дээр хэл нь тультарч, хөл нь туйваж байсан өнөө төрийн түшээд хаа очив? Яг алга!
Монголчууд оюунтай төрөгсдөө хэрхэн үнэлдгийн үлгэр энэ!
Тэгвэл өвгөн хатагин би та нарт агсам тавьсу.
Оюуныхаа тэнхээгээр авсан алтан титэмийг дэлхий билиг танхай хөвгүүдийнхээ тэргүүнд нь асааж өгдөг юм, мэдэв үү!
Биеийнхээ хар хөлсийг цувуулж авсан алтан медалийг дэлхий хүзүүнээс нь уяж өгдөг юм, мэдэв үү!
“Би Таны нэрийг Нобелийн шагналын жагсаалтанд оруулахаар хөөцөлдөх болно. Та үүнийг зүй ёсоор хүртэх ёстой” гэж Энэтхэгийн Кришна Ширнавас бичжээ. Ямар гайхалтай сайхан сэтгэл вэ!
Мэнд-Ооёогоо Нобелийн шагнал аваад ирэх аваас молхи хатагин би Мөнх тэнгэрийн өнгөтэй далбаа урлуулж аваад, Мөнх богд Чингисийнхээ хөргийг дээр нь бас залаад, намайг дагах хүн олдохгүй ч байсан гудамжаар ганцаараа хашгаран гүйнэ, мэдэв үү!
Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжрыг алтлана
Хулсан лимбэний нүхээр гансрах салхин
Хуудуу холын гунигийг зүрхэнд сэдрээнэ

Хулсан лимбэний нүхээр гансрах салхин нисэн айсаж хөөрхий молхи бичээч миний зүрхний гүнд нуугдсан холын гунигийг нээрээ л сэдрээн хаяад бас өрөөл нэгний, бүр хотол түмний сэтгэлийг сэнсрээхээр алсран одвой. Ийнхүү “хулсан лимбэний нүхээр гансрах салхин”-ы танан аялгуун дор алтан титэмт зохист аялгуучийн хөгжих номин эгшгийн торгон үзүүрийг, нүүдэлчин түмний, ер нийт хотол түмний алган дээрх хорвоогийн гүн ухааныг билгийн нүдээр шинжсэн энэ торгон үзүүрийг тэрхүү сэдэрсэн гунигийнхаа хүчээр эрэлхийлэхийг зорьсон бөлгөө. Эрэн олж чадсан болов уу? Эс чадсан болов уу? Үгүй нээрээ!



Хатагин Го. АКИМ/Утгазохиолын доктор/

"Үндэсний Шуудан" сонин
2009,12,12

Wednesday, November 11, 2009

ШАР БҮРДЭНД БОЛОХ ЯРУУ НАЙРГИЙН НААДМЫН УРИЛГА

ШАР БҮРДЭНД БОЛОХ ЯРУУ НАЙРГИЙН
НААДМЫН УРИЛГА БУЮУ ЗУНЫ
ДУНД САРД НУТАГ УСАНДАА ИРЭХҮЙ

Зураач урьж уулзалтын тайз чимэглэсэнгүй ээ
Зурхай зохирч зуны дунд сарын нар
Угалзан үүлсийн хөх магнаг сиймхийгээр
Улаан пансан хөшгийг тэнгэрийн хаяанд татвай.

Талын хөх уулс морин зэрэглээнд сундалдаад
Танил өвгөд шиг мордож буун, мордож буун айсуй
Зээрд азаргатай адуу алтан хараацайд ээрүүлэн
Зээгт нарийн хэцээр дэргэж цогин, дэргэж цогин айсуй.

Зуун хэдэн морьтны хазаарын амгай жингэнэлдэж
Зуны дунд сарын тэнгэрт хонхон чимээ өргөх нь
Зулагт монгол гутлаараа цэцэг зайчилж алхах
Зургаадай таягтай өвгөдийн минь Зуугийн бурхан намба нь

Жиргэж байгаа болжморыг наран сөрөг харах
Ергөж яваа хүлгийн туурайн тусгалыг чагнах
Юухан хийхнийг анзаарахад юутай содон санагдах нь
Юм бүхэн ахуй бадалдаа, ая дандаа зохистойнх оо.

Зуун мянган хүнтэй цэнгэлдэхийн мяраан асарт
Зуны аадар шиг алга ташилтанд халамцаж зогссоноос биш
Аяа, би яагаад хөдөөгийнхөө хөх өвгөдийг налан суугаад
Адуу янцгаах аялгуутай шүлгээ уншина гэж яарсангүй вэ?

Гүнж зам шиг, надаас гүлмэрч алсарсан нутаг минь
Гүйгээд ирэхийн цагт өөдөөс гүйсэн нутаг минь
Хөсөг тэрэгтэй нүүдэл хөтөлж одсон аав минь
Хөтөл дээгүүр саравчилсаар хөхөрч сэмэрсэн ээж минь

Бэлчээрт адуу янцгаахад хөхүүрт айраг шуугих
Тэнгэрт одод анивалзахад тулганд гал инэвэлзэх
Ус болоод галыг золгуулж уураг цай болгох
Уг чанартаа буй юмс утгын бөмбөрцөгт эвсэн бүтьюү

Юм бүхэн үүсгэлдээ эргэж ордог шиг талдаа уусъюу
Юм бүхэн үүнээсээ эвдэрч оддог шиг буцъюу
Дурдан Шар бүрдийн минь дундаа нартай толионоос
Дуу, найргийн Янжинлхам дурайхыг нэг үзьюү

Хөх хадган зогдроороо манхны сэрвээ шүргүүлсээр
Хөх завьяа шиг тогорууд хөх усандаа айсуй
Бор ходоодоо гаргасан бондгор бөндгөр жаалууд
Бор шувуудтайгаа цуг нисэн алдан айсуй

Юм бүхэн өөрийн байрандаа, мөн чанартаа зохистой
Юмбүү хөх уул нь уйлахад бүрэлзэж, дуулахад дүрэлзэх
Ямбуу цагаан үүл нь гунихад сэмэрч, мишээхэд намирах
Юм бүхний энгийн чимэг нь энгүй утгыг хадгалъюу

Яргай ташуураа барьж, жийжүү дөрөөгөө жийе
Яруу найргийн минь тайз цэцэгт ногоон дов
Тас бүргэд, жигүүрээ сэрүүцүүлж дэвэх тэнгэр –
Танхимын минь дээвэр цэнхэрлэгч тэр л хавь!

1996.02.5

Wednesday, October 28, 2009

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРГИЙН ДЭНЗЭН НОРГОЙ ХЭН БЭ?

Дэлхийн яруу найргийн эрхэм дээд шагнал
“Роеt Laureate” цолын учир


Монголчуудын аз хийморийн үүд нээгджээ. Их спортын цаст их оргилыг “байлдан” эзэлж монголчуудаас анхны олимпийн их аварга хослон төрөв. Үндэсний хэмжээний энэ их баярын торгон эгшинг монгол хүн бүр амьсгал даран хүлээж ялалтын уухайг одот шөнийн оддын тоогоор орон даяар хурайлан угтсан нь тун саяхан. Энэхүү төрхөмдөө буцсан эмээс төрийн удирдагч хүртэл бүх нийтээр найрлан цэнгэсэн азтай тэр мөч нь ард түмний зүрх сэтгэл, зөн билгийн учрал байлаа.

Монголчуудын олз хийморийн үүц нээгджээ. Оюу толгой, Таван толгой үүц юугаа дэлгэж эртний монголчуудын газар усны нэршлийн утга учир тайлагдаж эхлэв. Тэд аль дивангарт хөрсөн дорхи алт эрдэнэсээ нээж үүцлэн хадгалж түүнээ нэршүүлэн тэмдэглэж хойч үедээ гэрээслэн үлдээжээ. Өвгөдийн маань ухааныг өнөөгийн дэлхийн техникийн дээд ололт дөнгөж тэмтрэх төдий болж байна. Их ард түмний оюуны их нууц далдын чанадад байдаг аж.

Монголын яруу найраг дэлхийд оюут толгойн оюуны үүцээ нээлээ. Нүүдэлчдийн соёл иргэншлийн оюун тамга болсон монголын их утга зохиолын сүүн өрмийг дэлхийн яруу найрагчид “амсахын төдийд” дуу алдан гайхан шагширч байна. Тиймээс Гомбожавын Мэнд-Ооёо дэлхийн яруу найргийн эрхэм дээд шагналын нэг Роеt Laureate /поэт лаурет/ алтан титэмт цол хэргэм хүртэв. Хаан яруу найргийн хаан титэмт энэ шагнал бол Олимпийн аварга төрөх, Оюу толгой нээгдэхтэй агаар нэгэн монголчуудын аз хийморь түшсэн гэрэлт агшин юм.

Монголын яруу найрагч Г. Мэнд-Ооёо дэлхийн дэвжээнээс олон шагнал хүртсэн боловч Роеt Laureate цол нь тэр бүхнээс эрхэм дээд нь юм. Тиймээс Г. Мэнд-Ооёо дэлхийн яруу найргийн шагнал авч л байдаг, түүний л нэгэн биз хэмээн “хэнэггүйтэн” өнгөрч боломгүй. Монголын зохиолч Нобелийн шагналын босгонд тулж ирснийг зарласан энэ эрхэм шагналыг АНУ-ын Калифорни муж улсад бүртгэлтэй Дэлхийн Урлаг Соёлын Академийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр Унгар улсын Будапешт хотноо болсон Дэлхийн Яруу найрагчдын 29-р их хурлаас түүнд олгосон байна. Дэлхийн Урлаг Соёлын Академийн Ерөнхийлөгч Маурис Янг, Дэд ерөнийлөгч Милан Рихтер, Ерөнхий нарийн бичгийн дарга Жермэйн Дроогенброодт нарын гарын үсэг бүхий Дэлхийн Урлаг Соёлын Академийн диплом, лаврын навчин дүрс бэлгэдэл бүхий алтан титэм юуг өгүүлнэ вэ? Ер нь энэ Роеt Laureate цолын утга учир юусан билээ?

Яруу найраг бол хүн төрөлхтний оюун мандлын цэцгэн хур юм. Тиймээс эртний Грек, Ромоос эхлэн яруу найргийг язгууртан ихэс дээдсийн урлаг, бурхан тэнгэрийн адислал, бясалгал гэгээрлийн бичвэр, зарлиг номлолын шаштир хэмээн эрхэмлэн дээдлэн иржээ. Тухайлбал эртний Грект яруу найрагч, дайчин баатаруудыг адилтгаж Апполон бурханы ариун гэгээн адислал хүртээж байсан нь оюуны хийгээд биеийн хүчинг хэм тэгш үнэлж байсны жишээ нь навчин титэмт “лаурет” юм. Эдүгээ монголчууд бид ийм үнэлэмжид тулж ирлээ. Тэр нь яруу найрагч Г. Мэнд-Ооёогийн хүртсэн Poet Laureate цолын хэрхэн хүлээн авахаас цаашдын жишиг тогтох нь тодорхой болж байна.

Роет Laureate шагналыг Английн хааны зарлигаар 1389 онд анх Ж. Чосерид навчин хэлбэрт хаан титэм, жилийн турш хэрэглэх дарсаар шагнажээ. Энэ нь Англичууд яруу найрагч Ж. Чосеридээ суут уран бүтээлч болохыг дэлхий даяар зарлан тунхагласан хэрэг байлаа. Чухамхүү ийм учир шалтгааны үүднээс Роет Laureate шагналыг хааны зарлигаар сонетийн эцэг хэмээгч суут яруу найрагч Ф. Петраркад олгожээ.

Монголчуудын эрхшээн эзэгнэж байсан 13-р зуунаас эхлэн Английн хааны ордонд “pоет laureate”-ийн албан ёсны ажлын танхим байсан төдийгүй хааны сангаас санхүүждэг байсан тухай мэдээ байна. Тэртээ 1488 оноос Оксфордын их сургууль, 1490 оноос Кембрежийн их сургуулиас “pоет laureate” цолд нэр дэвшүүлэн олгож эхэлжээ.
1937 оноос “АНУ pоет laureate” цол хэргэмийг бий болгон Конгрессийн номын сангийн яруу найргийн зөвлөлөөс эрхлэн олгож эхэлсэн байна. АНУ-ын энэхүү эрхэм шагналыг гайхамшигт яруу найрагч Роберт Фрост, Аллен Тате, Элизабет Вышол, Даниед Хофман, Йосиф Бродский, Билл Коллинз, Доналд Халл Кае Райн нарын 17 яруу найрагч хүртжээ. “АНУ-ын pоет laureate”-ийн тэтгэлэг нь 35000 ам доллар байдаг аж. АНУ, Канад, Шотланд, Шинэ Зеланд, Норвеги зэрэг олон орнууд “pоет laureate” цолыг үндэсний номын сан, вангийн сан, Засгийн газраас санхүүжүүлж цалин хангамж, эрх ямбаар хангадаг байна.

АНУ-ын Калифорни муж улсад бүртгэлтэй Дэлхийн Урлаг Соёлын Академи, түүний ивээл дор зохион байгуулдаг Дэлхийн яруу найргийн их хурал 1969 оноос Роеt Laureate цолыг алтан титэмийн хамт олгодог болжээ. Энэхүү шагналыг АНУ-ын Роберт Пэнн Баррен, Сенегалын Леофолд Седар Сенгхор, Мехсикийн Маниуэл Марнинез Лэвия, Энэтхэгийг М. Карунандхи нарын хэдхэн яруу найрагч хүртээд байгаа бөгөөд тэрхүү нэрсийн жагсаалт Монголын Гомбожавын Мэнд-Ооёогоор үргэлжилж байна. Дэлхийн яруу найргийн өндөр хүндэтгэл, дээд жишиг болсон энэхүү эрхэм дээд шагналыг Монгол хүн анх удаа хүртэж буй нь монголын их утга зохиолын тэмдэглэлт онцгой үйл явдлын нэгэн болж байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч Г. Мэнд-Ооёо урт замыг туулан байж энэхүү дэлхийн яруу найргийн өндөрлөгт хүрч ирэв. Г. Мэнд-Ооёо 2001 онд Дэлхийн Урлаг Соёлын Академийн байнгын гишүүнээр элсчээ. Түүнд 2002 онд Румыний Яаси хотноо болсон Дэлхийн яруу найрагчдын XXII их хурлаар утга зохиолын доктор цол олгосон байна. 2001 онд Хятадын Дайлянь хотод болсон Олон Улсын Яруу найргийн ПЕН клубийн шагнал, Олон Улсын Яруу найргийн орчуулга, судлалын төвөөс 2002 оны хамгийн шилдэг яруу найрагч өргөмжлөл, 2003 онд АНУ-ын Соёлын нэгдсэн чуулганаас Олон улсын Энхтайвны шагнал, 2004 онд Кембрижийн Олон улсын Намтар судлалын төвөөс оны зохиолчоор тодруулсан байна.
Г.Мэнд-Ооёо 2005 онд АНУ-ын Лос Анжелос хотод Дэлхийн Яруу найрагчдын дунд зарласан “Бурханы хайр” сэдэвтэй яруу найргийн уралдаанд “Хуучин сүмийн дээгүүр саран мандах цагт” шүлгээрээ тэргүүн байрын шагнал хүртжээ. Дэлхийн Урлаг Соёлын Академийн Ерөнхийлөгчийн “Гарамгай яруу найраг бүтээсний төлөөх” алтан медалийг 2005 онд Лос Анжелост түүнд гардуулсан бол 2006 онд Дэлхийн урлаг соёлын Академийн “Алтан алх” шагнал, Солонгосын Ханчон Соёлын Академийн соёлын шагнал, Грекийн Зохиолчдын Олон Улсын Нийгэмлэгийн шагнал, Энэтхэг дэх Олон улсын Яруу найргийн Академийн шагнал, Дэлхийн Энх тайвны утга зохиолын академийн алтан медаль, 2007 онд Сокагийн их сургуулийн хүндэт шагнал (Япон), XXI зууны олон улсын яруу найргийн форумын дээд шагнал алтан медаль (Тайвань) тус тус олгосон байна.
Ийм урт зам туулсны эцэст Г. Мэнд-Ооёо хэдхэн хоногийн өмнө Унгарын нийслэл Будапешт хотноо болсон Дэлхийн яруу найрагчдын XXIX их хурлын нээлтийн ёслол дээр Дэлхийн Урлаг Соёлын Академийн дээд шагнал “Poet Laureate” эрхэм цол, алтан титмийг хүртлээ.

Г. Мэнд-Ооёогийн яруу найргийн бүтээлийн үнэ цэнийг дэлхийн яруу найргийн нэрт зүтгэлтнүүд олон талаас нь үнэлэн дүгнэж байна. Дэлхийн энх тайвны нэрт зүтгэлтэн, яруу найрагч, төгс гэгээрсэн бясалгагч Шри Чинмой “Мэнд-Ооёо бол үнэхээрийн оюун санааны зөнч-найрагч юм. Түүний тарнилаг шүлгүүд нь мөнхийн цаглашгүй сэтгэл зүрх рүү уншигчдыг шуурхай зөөвөрлөдөг” гэсэн бол Японы нэрт яруу найрагч, соёл, нийгмийн зүтгэлтэн, сэтгэгч Сока Гайкай Интернешнлийн Ерөнхийлөгч Икеда Дайсаку “Миний бие таны гэгээлэг сайхан сэтгэлтэй танилцаад гүнзгий сэтгэгдэл төрлөө… Хүний сэтгэлийг хязгааргүй дэлгэрүүлэх яруу найргийн дахин сэтгэлт бол хүний дахин сэргэлт юм. Түүний төлөө яруу найрагчид босох ёстой” гэсэн байна. Олон улсын Яруу найрагчдын Тив хоорондын Нийгэмлэгийн Ерөнхийлөгч, Дэлхийн Яруу найрагчдын Их хурлыг үндэслэгч Кришна Ширнавас “Таны дур булаам шүлгүүд миний сонирхлыг татлаа. Таны Чам руу би явж байна шүлэг мянганы шүлэг болжээ” гэсэн бол АНУ-ын яруу найрагч, Дэлхийн Урлаг Соёлын Академийн хүндэт Ерөнхийлөгч Росемари С. Вилкинсон “Г. Мэнд-Ооёогийн “Нүүдэлчин одны үлгэр” хэмээх өөдрөг сэтгэл санаагаар дүүрэн, өрөвдөн хайрламаар нэгэн номыг уншлаа. Монгол хэмээх нээгдээгүй хосгүй ертөнц, маш удаан хугацаагаар нууцлаг далд байв. Энэ зохиол бидний мэдрэмжийг хурцалж, сэтгэл догдлуулж…биднийг агуулгандаа тэврэн багтааж, сэтгэлдээ адислаж байна” гэсэн бол Энэтхэгийн яруу найрагч Дэлхийн Урлаг Соёлын Академийн Ерөнхийлөгч Ж. Мохан “Түүний шүлгүүд үнэхээрийн сэтгэл хөдөлгөм. Эмерсоны хэлсэн шиг энэ найрагч үнэхээрийн гайхамшигт найрагч. Тэрээр үнэхээр гайхалтай, тайлагдашгүй” хэмээн дуу алдсан байна. АНУ-ын яруу найрагч Жой Райны Кинг “Г. Мэнд-Ооёо уншигчдыг өөртөө татах увидастай найрагч бөгөөд туурвил нь уншигчдад зохиолынхоо ертөнцөд орших хүслэнгийн өглөгийг түгээж, яруу найргийн оршихуйд нь дэлхий ертөнц илүү гэрэл гэгээтэй сайхан болж харагдаж байна” гэсэн бол Тайванийн яруу найрагч Имре Цолдос “Таны шүлгүүдийг уншаад надад өөрийн эрхгүй Унгарчуудад Петөөфи Шаандор ямар нөлөөтэй шиг та Монголчуудын хувьд тийм чухал хэмээх сэтгэгдэл төрсөн” гэсэн бол Белги Улсын Louvain Их сургуулийн доктор Ши Чаоин “Г. Мэнд-Ооёогийн шүлгүүдийн түүврийг уншиж дуусахад миний сэтгэлд хамгийн түрүүнд буусан зүйл бол ХХ зууны нэрт философич Мартин Хэйдгэрийн алдарт бүтээл болох “Ойн харгуй зам” /Holz wege/-ын нэгэн үг байлаа. Тэрбээр “Энэхүү ээдрээтэй эрин үед яруу найрагч хүн чухам ямар үүрэгтэй вэ?” хэмээн өгүүлсэн байдаг. Г. Мэнд-Ооёогийн яруу найргийн түүврийн эхний шүлэг болох “Нээхийн утгын хэлхээ” шүлгийг уншаад яруу найрагч бидэд өнөөдрийн энэхүү ээдрээтэй эрин үед яруу найрагч хүн чухам юу хийж чадах талаар нэгийг бодогдуулам санаа олж авлаа” гэсэн бол Японы яруу найрагч Кае Морий “Г. Мэнд-Ооёогийн яруу найргаас өнөө үеийн Японд бүдгэрсэн энэрэнгүй зөөлөн урин дулаан сэтгэл халуун бүлээн илч гэгээг мэдрэв” гэжээ.
Г. Мэнд-Ооёогийн яруу найргийн тухай гадаадын эрдэмтэд, уран бүтээлчид ийнхүү бахархан бичиж байхад монголын уран бүтээлчид түүнийг нүүдэлчдийн яруу найргийн шилдэг төлөөлөгч хэмээн тодорхойлж байлаа. Монгол Улсын Ардын уран зохиолч, төрийн соёрхолт Ш. Сүрэнжав “Г. Мэнд-Ооёо байгалийн хөг дуурьсал шингэсэн зөөлөн аялгуут хүн-ятга” гэсэн бол Төрийн шагналт яруу найрагч О. Дашбалбар “Г. Мэнд-Ооёо сэтгэлийн байгалийг бидний үеийнхэнд эхэлж нээснийг мартах учиргүй…Хүн ард зөвхөн бухимдлаа илэрхийлэн тайтгарах бус, гүн ухаанаар тайтгарах, яруу сайхнаар сэтгэхийг эрмэлзэх болно. Тэр цагт Нямсүрэн, Мэнд-Ооёогийн яруу найраг үнэд орж Ахматова, Фет, Явуухулан, Тютчев шиг бусдын сэтгэлийг эзэмдэх болно” гэжээ. Монгол Улсын Ардын уран зохиолч, төрийн шагналт зохиолч С. Эрдэнэ “Г. Мэнд-Ооёогийн “Алтан овоо” бол эх нутгийн дуулал мөн. Пантеист ариун сургаалыг номлосон өөр хүчтэй бүтээлийг би үл мэднэ” гэсэн бол Дэлхийн Урлаг Соёлын Академийн утга зохиолын доктор, нэрт зохиолч Д. Урианхай “Г. Мэнд-Ооёогийн бэлгэ билгүүний хэвд цутгагдсан сэтгэхүйн гольдрол, урлах, найруулах авьяас нь монгол мэргэдийн сонгодог бичгийн хэлний гайхамшигт өвөөс хөхсөн шим шүүсээс эх ундрагатай нь харагдах ч тэрээр өөрөө өнөөдөр эртний мэргэд тэдэнтэй эн зэрэгцэн уншигдах, түүхийн хойтод, эсэргэн цагийн номын хайвуудад өв уламжлал болж дамжих түвшинд монгол хэлээр дуун өгүүлэх эрдэмд боловсорсон нь монголын ахмад, залуу аль аль үеийн зохиолчдыг ихэд баярлуулах боллоо” гэжээ. Нэрт нийтлэлч Ш. Цэрэнпил “Г. Мэнд-Ооёо бол нийтлэлийн төрөл зүйл, өөр бусад загварт баригддаггүй, өөрийн зоргоор яруу тунгалаг болоод өрнүүн эрчлэг хүүрнэдэг өндөрт гарсан уран бүтээлч юм” гэсэн бол яруу найрагч Ж. Болд-Эрдэнэ “Алтан Овоо” нэртэй хөлгөн судар нь Монголын яруу найрагт шинэчлэл болсон” гэсэн байна. Төрийн шагналт Д. Төрбат “Г. Мэнд-Ооёогийн шүлгүүд гол мөрөн намуухан урсаж буй мэт ихэмсэг атлаа дөлгөөн. Өнгөндөө тайван хэдий ч гүндээ шатаж буй мэт санагддаг. Ер нь яруу найрагч өөрөө ч тийм юм” гэсэн бол яруу найрагч Ш. Уянга “Алтан Одоо” үнэхээр гэрэлт номуудын нэг мөн болжээ…Гэрэлт номыг гагцхүү гэрэлт хүн бүтээмой” гэсэн байна.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ц. Дашдондов Төр түмэн нүдтэй нь үнэн юм бол Г. Мэнд-Ооёог дутуу бус гүйцэд үнэлэх цаг нь болсондог. Түүнд Төрийн шагнал ч юм уу, Ардын уран зохиолч цол олгоход хүмүүс гайхахаасаа илүү зүй ёсны хэмээн үзэж баярлах байлгүй. Ер нь бид үнэлэхээ үнэлж, хүндэтгэхээ хүндэтгэж баймаар юм даа. Рашааныг мэдэхгүй ус хэмээн тургиж, алтыг танихгүй гууль хэмээн шидэхгүй байя” гэж саявтархан бичсэндээ миний бие санал нэг байна.

Гадаад дотоодын эрдэмтэн мэргэдийн үнэлэлт цэгнэлтээс үзэхэд монголын яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёод Дэлхийн яруу найргийн эрхэм дээд шагнал “Роет Laureate” цол хэргэм хүртээсэн нь нүдээ олсон хүндэтгэл мөн болохыг бэлхнээ нотолж байна. Түүний яруу найраг нь монголчуудын үе үеийн яруу найрагчдын туурвин бүтээсэн нүүдэлчин соёл иргэншлийн язгуур найргийн энэ цагийн алтан залгамж мөн бөгөөд дэлхийн яруу найрагт түрэн орж ирж буй монголчуудын зөн билэг, зөөлөн эгшгийн дуулал юм.

Ерөөс Г. Мэнд-Ооёогийн туурвил зүй, яруу найргийн язгуур санаа нь энгийн бөгөөд “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” хэмээн номынх нь нэр юм. Газар тэнгэрийн савслага, хүн байгалийн шүтэлцэл, зөн билгийн мэдрэмж, дотоод сэтгэлийн зөөлөн ай нь түүний оюун санааны “Алтан Овоо” бөгөөд бүхэлдээ нүүдэлчний найраг, номадизмын дуулал билээ. Тиймээс Г. Мэнд-Ооёогийн яруу найргийн сэдэв нь нүүдэлчин монголын ахуй байдал, сэтгэлгээ нь тэнгэрийн дуудлага, бичлэг нь монгол босоо бичгийн зөөлөн аялгуу бөгөөд яруу найргийн шидэт долгион ийнхүү дэлхийн түвшинд үнэлэгдэж байна.

Монголчуудын аз хийморийн үүд нээгджээ. Дэлхийн их утга зохиолын цаст ноён оргил өөд монгол шүлэг, монгол шүлэгч ийнхүү мацаж эхэллээ. “Шүлэг минь хүлэг минь чи бидэн хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэж дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан ямар зөнч мэргэнээр хэлсэн юм бэ. Эдүгээ түүний унаган шавь Гомбожавын Мэнд-Ооёо дэлхийн дээвэр болсон цаст Гимлайн зулайд тулж очсон мэт санагдана. Монгол угсаат Дэнзэн Норгойн зулайг нь анх мялаасан тэнгэрлэг их уулс мэт хүн төрөлхтний оюун санааны их оргилд монголын их хөлгөн судар – нүүдэлчний яруу найраг залрах цаг айсуй. Монголын яруу найргийн Дэнзэн Норгой хэн бэ ?



МЗЭ-ийн Уран зохиолын шүүмж судлалын төвийн
тэргүүн, хэл бичгийн ухааны доктор /Ph.D/ Ү. Хүрэлбаатар

"Зууны мэдээ" 2009,10,27
№251 /3323/

Thursday, July 2, 2009

МОНГОЛЫН ЯРУУ НАЙРАГ ДАХЬ СЭТГЭЛИЙН ТОЛЬ БУЮУ “ШҮЛГИЙН ДУНДААС ЗУРАГ ТОДРОХ ЁСНЫ ҮЛГЭР”

Хэлбичгийн ухааны доктор (Ph.D.) Я.Ганбаатар


Чанд хатуу шүүлтүүрээр шүүж үзвэл өнөөдрийн Монголын яруу найргийн ертөнцөд Д.Нацагдорж, Б.Явуухулан, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо нарыг эхний тавд дурдмаар байдаг юм. Хэн хэнийг та хуруу даран тоолох вэ? гэж асуувал тэр шүү дээ. Зарим хүн үүнтэй санал нийлэхгүй нь мэдээж. Гэвч энэ бол байх л зүйл. Яагаад гэвэл энэ бол зөвхөн нэг л хүний үзэл бодол, хүн бүхэн өөр өөрийн үзэл бодлоо энэ мэтээр илэрхийлж болно. Жишээ нь Г.Аюурзана өөрийн үзэл дүгнэлтээрээ өөр таван хүний нэрийг дурдсан байдаг. Утга зохиолын судлаач шинжээч, мэргэжлийн хүний хийсэн энэ мэт үнэлэлт дүгнэлт багцаатай байх нь мэдээж. Нийт Монголын бүх үеийн яруу найргийн энгээр авч үзэх юм бол эдэн дээр ноён хутагт Данзанравжаа яах аргагүй нэмэгдэнэ, бас В.Инжиннаш, Д.Пүрэвдорж, О.Дашбалбар... нар нэмэгдэнэ.

Дашдоржийн Нацагдорж монголын яруу найрагт эртний сонгодог шинж чанарыг орчин үеийн шинж төрхтэй хослуулсан бол Бэгзийн Явуухулан яруу найргийг өнгөц магтаалын өнгө аясаас сэтгэлийн гүн рүү алхам хийсэн, Бавуугийн Лхагвасүрэн үгийн урлаг талаас нь яруу тансаг болгосон гэж үнэлэгддэг билээ. Тэгвэл Данзангийн Нямсүрэнг үнэхээр гайхамшигтай шүлэгч, монголын сүүлчийн жинхэнэ сонгодог яруу найрагч байжээ гэж дүгнэхэд хэтрүүлсэн болохгүй ээ. Түүний уран бүтээл тэр чигээрээ гүн ухаан, тэр тусмаа дорнын гүн ухаан-нүүдэлчин ард түмний уламжлалт гүн ухааны охь шим мөн.
Энэ удаа би Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлийн талаар бодол саналаа хэлэхийг зорилоо. Гэхдээ түүний яруу найрагт дорно дахины сонгодог яруу найргийн нэг үндсэн шинж чанар шингэсэн байгааг олж харснаа товч дурдах гэсэн юм аа. Тэр бол яруу найргийн нүдэнд үзэгдэх, бүр тодотговол сэтгэлийн толинд үзэгдэх тэр шинж чанар бусдынхаас илүү тод, онцгой туссан байдгаараа ялгарч байна. Энэ нь эртний дорно дахины сонгодог яруу найргийн онолын нэг гол тодорхойлолт болох “Шүлгийн дундаас зураг тодормуй” хэмээх тэр шинж юм.

Ер нь дорно дахины яруу найраг, уран зураг, дуу хөгжим гурав салшгүй холбоотой үүсч, хөгжиж ирсэн агаад бийрийн үзүүрээс өнгө будгийн амин дэмээр амилан мэндэлсэн нэгэн гайхамшигт уран зургийн дээр жигүүрт үгийн увидсаар төрсөн бадаг шүлэг тэрлэн дурайлгаад түүнийгээ уншихуйяа сэтгэлд яруу аялгуу эгшиглэн дуурьсах мэт болж, нэгэн цогц урлагийн төгс бүтээл туурвил мэндэлдэг байна.

Хэдийгээр монголын яруу найрагт ийм арга хэлбэр төдийлөн нэвтэрч дэлгэрээгүй боловч шүүрдэн шигшин үзэхүл эл сонгодог арга барилд яв цав нийцэх шүлэг найраг манайд байгааг бид олж харж болно. Өнөө цагийн монголын яруу найрагчдын дотроос Г.Мэнд-Ооёогийн уран бүтээл энэ мэт уран зураг, яруу найраг хоёрыг нэг дор цогцлоох хос ёсны цогц бүтээл болсон байдгаараа онцгойрон ялгарч байна.

Орой сар хавиргалж байхад аавын хуурдсан аялгууг
Орчлонгийн тэр мөчид надаас бусад нь сонсоогүй ээ...

гэсэн энэ мөрүүд мөнөөхөн нангиадын их шүлэгч Ван Вэйгийн:

Хулсан шугуйн гүнд гагцаар хоногловой.
Хуураан гаргаж аялгуулан хуурдавай.
Гэвч энд хэн л намайг сонсоо аж даа,
Гэгээн саран л гагцаар тэнгэрээс анирдана

гэсэн алдарт бадагтай юутай адилхан сонсдоно(үзэгдэнэ) вэ? Хүн төрөлхтний оюуны гайхамшигт ертөнц хэзээ ч ганддаггүйг мянган жилийн заагт мэндэлсэн энэ хоёр шүлэг гэрчилнэм. Ер нь улс түмнүүдийн оюуны ертөнцөөс цолгорон гарч, нийт хүн төрөлхтний хүртээл болсон шилдэг сонгодог бүхэн эгүүн мэт нийтлэг дүр төрхтэй байдаг ажээ. Шотландын Роберт Бернс, германы Хенрих Хайне, оросын Иван Бунин, орчин үеийн сонгодог болсон Андрей Рубцов, японы хайкуч Мацуо Басё, Ёса Бусон, манай өөрийн Инжиннаш, Гүлранс, Гүннацаг ах дүүсийн шүлэг найрагт сэтгэлийн толинд зураг мэт тодрон ирэх ийм нийтлэг зүйл, дүр дүрслэл агаар нэгэн бий.
Г.Мэнд-Ооёогийн шүлгүүд ур хийц сайтай, уран яруу хэллэгтэй, дүрслэл тод томруун, утга санаа гүн гүнзгий байдаг. Тэдгээр нь аялгуу сайхан монгол хэлний гайхамшигт чадлыг илтгэсэн, зөвхөн яруу найргийн гэж хэлж болох тийм уран гоё, часхийсэн амттай үгс, үг хэллэг, бүхэл бүтэн мөр шадаар бялхаж байдаг ажгуу. “Угалзан үүлс, хөх магнаг сиймхий, цэцэг зайчилж алхах..., морин зэрэглээнд сундалдаад..., зуугийн бурхан намба, манхны сэрвээ, ембүү хөх уул, ямбуу цагаан уул, бор талын зоо нялхарч..., эвт шувуудын цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд..., нарны алтан учиг, үүлэн чивлүүр, дунайсан шөнө, сэвлэг цагаан туяа, саран шагалзах, эрвээхэй шандах, будан бургих, бороон сэмдэс, намбалаг уулс, нарны зовхи... гээд тоочоод байвал ихээ урт жагсаалт болох энэ олон яруу үг хэллэгийг түүний шүлэг найргаас төвөггүй олж үзэж болно.
Тийм ч учраас үүнийг өгүүлэгч бээр тэртээх наяад оны үест Ооёо найрагчийн “Бодлын шувуу”, “Өлзий утас” зэрэг шүлгийн номыг нь олж аваад олзуурхан үзэж судлан, энэ мэтээр үг түүж “Яруу үгсийн толь” хийх гэж тэмдэглэлийн дэвтэр өвөртөлж явснаа одоо эргэн үзэхэд тодхон, соньхон байна.
Г.Мэнд-Ооёогийн яруу тансаг үг хэллэг, цэцэн билигт үг сонголт бүхий адилтгал зүйрлэл, амттай мөр шадуудын тухай ганц би хэлж байгаа нь энэ биш аж. Найрагчийн хүж барилдсан ах дүү гэж болох их анд, нутгийн нь дүү, энэ цаг үеийн өөр нэг томоохон яруу найрагч О.Дашбалбар бүр 1992 онд бичсэн “Сарны шүлэгч буюу Гомбожавын Мэнд-Ооёо” гэдэг өгүүлэлдээ: “Дунайсан шөнийн сэвлэг цагаан туяаг гишгээд дууны сайхан эгшиг бие биедээ уусахуй... гэсэн мөрүүд “Гал” багийн яруу найргийн ерөнхий аяс, өнгө мэдрэмжийг эхэлсэн юм. “Морин зэрэглээнд уул толгод суудал солбиод, Эвт шувуудын цуюаа үүлэн сүвэгчийг сүвлээд, Урин цагийн амьсгал хүзүү заамаар шургаад, Үүлэн торлогийн чанадаас саран шагалзсаар гарч, бүрдэн уснаа ороод ичингүйрэн цэмцэгнэх үес” сэлтийг тэрбээр биднээс өмнө мэдэрч, “Цэвцгэр шаргын задгай суман хатираанд он цаг нисэж ирнэм” гэж гайхалтай сайхнаар дуун алдсан билээ. Чухам эндээс л наяад оныхны жинхэнэ яруу найраг эхэлсэн юм...” гэж дүгнэн бичсэн байдаг.
Г.Мэнд-Ооёогийн “Уулсын дүрийг бараалахуй” шүлэг бий. Энэ шүлгийн бадаг тус бүрийг тусгайлан авч үзэж болох боловч энэ удаад тэдгээрээс хоёрыг нь л сонгон авч ярилцья. Энэ хоёр бадаг бол дээр дурдсан дорно дахины сонгодог яруу найргийн онолын зарчимд цав хэмээн нийцсэн, дорнын их шүлэгчдийн алдарт бадгуудтай агаар нэгэн бөгөөд тийм ч болохоороо зүгээр нэг шүлгийн мөр бадгууд биш, харин бие даасан шүлэг, найраг, томхон уран бүтээлийн цогц шинж чанаруудыг өөртөө агуулсан байна гэж үзэж бүрэн болох байна. Эхнийх нь бадаг ийм аж:

Уулс гүн бодолд дарагдан дүнсийж
Униар будан дунд сүүмэлзэн мануурна.
Урьд өмнийн түүх шасдираа санан эмзэглэв үү,
Урт урт салхиар гэнэ гэнэхэн шүүрс алдана...

Энэ бадагт утгын гүнийг үзүүлэгч “Үгээр эс хэлэвч утгаар хөтлөхийн” үлгэр ч буй, мөнөөх “Шүлгийн дундаас зураг тодрохын” үлгэр ч буй ажээ. Тиймээс энэ дөрвөн мөрт нэг бадаг бол дангаараа нэг шүлэг юм, тэгэх тэгэхдээ жинхэнэ дорно дахины эртний сонгодог яруу найргийн шинж чанарыг цогцлоосон бие даасан бүтээл юм аа.

Энэ шүлгийн өөр нэг бадаг нь мөн л үүний жишээ болж байна:

Хөнгөн зуурын гунигаас тасарсан нулимс уу,
Хөх хөх дусал навчис бүр дээр гялтайна.
Уйтгараан тайлж манан будангаан хөөж,
Ухаалаг дөлгөөн болоод уулс намайг ажна...

Энэ шүлгийн тухай О.Дашбалбар ингэж бичжээ: “...Уулс мянга мянган жилээр бодлогоширч байна. Уулс өөрийгөө чагнаж, өөрийгөө туурвиж, өвс ногоо, цэцэгс, хад чулуугаа өөрчлөн байна. Ертөнцийн хувирал бүхэн шүлэгчийн мэдрэхүйд зурагдан, зөн совинг нь хөндүүрлүүлж байна” гээд бас цааш нь “ Уулс урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдахыг хэн алдахгүй сонсоно, тэр өөртөө нэгэн ертөнц бүтээж буй...” гэсэн авай.

Өөр нэг шүлгээс иш татья:

Хуучин сүмийн дээгүүр саран мандахад
Хувилгаан туяа нь эртний ганжирыг алтална.
Хулсан лимбэний нүхээр салхин гансрахад
Хуудуу холын гуниг зүрхэнд сэдэрнэ...
Энэ шүлгийн энэ бадгийг уншмагц зураглан хэлсэн утга нь нүднээ, сэтгэлийн толиноо нэгэн гайхамшигт уран зураг мэт тод томруун урган үзэгдэх нь яах аргагүй “шүлгийн дундаас зураг тодрон ирэх” мэт болох агаад уг нь тэрхүү нандин дүрслэлээр уран зураг туурвиад түүнийгээ үзэх аваас аанай бас “зургийн дундаас шүлэг сонсдох” шиг болох буй заа.
“Хөөрсөн саран үүлнээс сугарч
Самарсан сүү шиг туяа нь цайрахад
Орчлон цагаан мананд живээд
Ооно мөрөн цагаан мананг цуулна...”

“Ятгын аялгуу садран дуурсахад
Ялдам сарны туяа доргино.
Өр зүрхний хаа нэгтээ
Өөр нэгэн чавхдас доргино...”
гэх зэргээр түүний олон шүлгийг уншихад ямагт сарны тухай дуулсан мөр шад тааралдана. Нэхэн үзэхүл мөнөөхөн Балбар найрагч түүнийг “Сарны шүлэгч” хэмээн өргөмжилж ийн бичсэн байх юм: “Сар бол түүнд яруу найргийн бэлгэдэл, сартай шөнө бол түүний хувьд гоо жавхлангийн үлгэр, амин насных нь диваажин. Учир нь иймд тэрбээр “Сарны мөнгөн туяа бол миний шүлгээ бичдэг сууц” гэж баясангуй өгүүлсэн билээ” гэжээ.
Д.Нямсүрэн яах аргагүй өвсний философич байсан шиг Мэнд-Ооёогийн шүлэг найргийг үзэхэд тэр үнэхээр “Сарны дууч” мөн ажгуу.

Цаглашгүй гэрэлт

Яриг цагаан ботго үүрээр буйлахад гийе,
Явуул гэгээн саран үүлнээс бултайхад гэрэлтье,

Янзага хэнзлэх намрын улбар салхинд дүрэлзье,
Явуухулан багшийнхаа уянгын бадагт дэвэрье,

Ятга болоод хуурын яруухан эгшигт бадарья,
Яргуй цэнхэр талаасаа өглөөн нартай мандая,

Яргай ташуураан бариад ялгуун сааралдаа дарцаглая,
Янгир дүүлэх уулсынхаа ян өндөрт асья,

Яшил зандан модноос аялгуу сацрааж эгшиглэе,
Ембүү, манхаг хоёрын ялгааг арилгаж бясалгая,

Ялдам шөнийн тэнгэрт од асааж гялалзая,
Ямх ямхаар өгсөж өөрийнхөөн оргилд дүрэлзэе,

Янжилхам бурхны ятгын чавхдаст дурлая,
Яруу найргийн болор сүмд цагийн цагт гэрэлтье!

Хүн бүхэн нэг нэг ертөнц. Тэр тусмаа уран бүтээлч хүн чухамхүү өөрийн гэсэн өнгө гэрэлтэй, өвөрмөц дүр төрхтэй, зам тойрогтой, бие даасан ертөнц байдаг. Тэр нь давтагдашгүй байж, бусдаас ялгарах онцлогтой байж, дээр нь нөр ихийг бүтээж туурвисан цагт тооноос чанарт шилжих философийн жам ёсоор чанарын хэмжүүрт тэнцсэн бүхэн нь хүмүний хүртээл болж мөнхийн бүтээлийн зиндаанд хүрдэг авай. Үүнд хүрэхийн тулд гүнзгий боловсрох хэрэгтэй, зохист аялгуунд сайтар суралцах хэрэгтэй, дээр нь нэгэн насыг зориулж нөр их хөдөлмөрлөх шаардлагатай, яруу найргийн Янжинлхам бурханд шүтэж насан турхруу хэлбэрэлтгүй зүтгэх ёстой гэнэм. Халаглалтай нь өнөөдөр манайд ингэж Д.Нямсүрэн шиг амьдарч, Г.Мэнд-Ооёо шиг зүтгэж чадах хүн даанч ховордож дээ.
Бээжин хот дахь Юань гүрний үед баригдсан нэгэн чулуун гүүр бий. Хотын төв дундахь цэцэрлэгт хүрээлэнгийн нуураас эх авч аман дээр нь байх Галын бурхны сүмийн үүдээр урсан өнгөрдөг голын дээгүүр тавигдсан энэ гүүрийн зуун зууныг дамжин нар салхинд элэгдэж эмтэрсэн гантиг чулуун хашлагыг нь илбэн түшин зогсохуй эртний түүхэн их үйл явдлууд нүдний өмнө жирэлзэн үзэгдэх шиг болж билээ. Ооёо найрагч олон жилийн өмнө хагацан салсан танил дотно зүйлтэйгээ эргэн учрах шиг болж ихэд олзуурхан, сүүдэр зургаа татуулж, сэтгэл дотор нь эгээ л онгодын хур халгин цалгиж байгаа бол уу гэмээр санагдаж байсан юм. Тэр торгон агшинд найрагчийн сэтгэлд шаагисан онгодын хур ийм нэгэн гайхамшигт шүлэг төрүүлснийг өдгөө үзэхэд олзуурхам сонин байна.

Уд модны унжгар мөчир магнай шүргэж...

Уд модны унжгар мөчир магнай шүргэж
Утаа манантай гол ус холилдон урсчээ.
Хөх Монголын хааны сүүлчийн удаа түшиж зогссон
Хөх чулуун гүүр нь эмтэрч бараг л амжсангүй.

Долоон зууны тэртээх чулуун гүүр нь хэвээрээ ч
Домгийн цагаан сар нь усандаан хөвж үзэгдсэнгүй.
Тогоонтөмөр хааны тольдож зогссон мандалд нь
Том улаан навч л толботон урсчээ.

Дорнын гангар шаазан шиг долгин хэврэг хүүхнүүд
Дотор газрынхаа хулс шиг уялзан туялзаад
Эртний хаадын жаргалын хулсан ташуур
Эрин холын чанадаас хүйтэн салхиар ороолговой...

Энэ бол яах аргагүй дорно дахины сонгодог шүлэглэлийн дүр төрх, өнгө аястай, эртний билигт өвөг дээдсийн цэцэн яруу үгс чихнээ жингэнэн дуурьсах мэт тийм соньхон сайхан, тийм гэгээн тунгалаг шүлэг авай. Энэ шүлгийг уншихад Цогт хунтайжийн цэцэн билиг мэдрэгдэж, Ванчинбалын билигт хөвгүүдийн уянгын сэтгэлэгтэй агаар нэгэн бодогдоно. Монголын гэсэн юм бүхнээс хөндөн холдож, үгүйсгэн орхих болсон энэ будангуй цагт бидний өвөг дээдэс, бидний өнгөрсөн үе ийм байсан юм шүү! гэдгийг сануулан хэлж, марталгүй авч явахад соёл уламжлалаа өвлөн тээж яваа эрхэм найрагчийн энэ гэгээн ариун үйл чухал нандин байх нь дамжиггүй ээ.

...Өндөр авч ниссэн жил жилүүдийн далавчин дор
Өнгөрч улирсан хорвоогийн цадиг намтар бүдгэрч
Өвгөдийн нойрссон шороог нэгэн хуруу зузаалаад
Өвсөн толгой цантах аясаар он цаг нисэн ирнэм.

Буцах цагийг дэрлэн хүүрэг манан буугаад
Буурал сортой өвс намиа намиагаараа нийлээд
Амсах жаргал ханашгүй болоод хоргодон хоргодоход
Ажиггүйеэ нэгэн насыг аваад он цаг нисэн одном.

Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном...


Г.Мэнд-Ооёогийн уран бүтээлийн оргил гэж хэлж болох бүтээл бол дээр нэгэн бадгийг нь ишлэн буй “Он цагийн хүрд” хэмээх шүлэг нь гэж би боддог. Энэ шүлгийн бадаг, шад бүхнийг, үг хэллэг, дүрслэл илэрхийлэл, утга, зураг бүхнийг нь задлан шинжилж, дурдан ярилцаж болох боловч энэ удаад үүнийг уншигч таны оюуны мэлмийд даатган орхису. Харин энэ шүлэг бол Д.Нацагдоржийн “Миний нутаг”, Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Б.Лхагвасүрэнгийн “Манлайн цацлага хэмээх хуурын ёсөн татлага”, “Д.Нямсүрэнгийн “Дөрвөн цаг” зэрэг монголын яруу найргийн тэнгэрт жинхэнэ зохист аялгуу болон эгшиглэж байдаг яруу дууллуудын зиндаанд хэлцэгдэхүйц шилдэг туурвил мөн гэж боддогоо танд хэлэхийг хүслээ. Та таалалдаан болгоогтун.
Г.Мэнд-Ооёо зүгээр л шүлэг бичээд явсангүй. Тэрээр Монголын яруу найргийг дэлхийн тавцанд хүргэхийн төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр замнаж явна. Сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын үзэгт нэгт нөхдийн хамт энэ зүгт их ажил амжуулж, дэлхийн яруу найргийн ертөнцөд Монголын нэр алдрыг хүргэж чадсан томоохон алхамууд хийсэн юм. Үүний нэг тод жишээ бол 2006 онд Улаанбаатар хотноо чуулсан Дэлхийн яруу найрагчдын 26 дугаар Их хурал, түүнчлэн бусад улс орнуудад болж байгаа энэ мэт томоохон арга хэмжээнүүдэд найрагч нөхдөө зохион байгуулан идэвхтэй оролцож байгаа явдал мөн. Энэ бол түүний багш дорнын их найрагч Б.Явуухулангийн “Шүлэг минь, хүлэг минь чи бид хоёрт дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэсэн гэрээсийн нэг ёсны биелэл билээ. Энэ бол бас монголын яруу найраг, утга соёлын мандал бадралын төлөө хийж буй түүний буянтай үйл юм. Тиймээс ч Г.Мэнд-Ооёо нь зөвхөн яруу найрагч төдийгүй Монголын утга зохиолын томоохон төлөөлөгч, нэртэй зүтгэлтэн мөн.

2009 оны 3 дугаар сарын 28-ны өдөр,
Бээжин хот.

Thursday, May 21, 2009

Утгын бөмбөрцөг дэх Г.Мэнд-Ооёогийн шинэ ертөнц

Утгын бөмбөрцөг дэх Г.Мэнд-Ооёогийн шинэ ертөнц
(Шүүмж)

Монголын яруу найргийн түвшин дэлхийн сонгодгуудын хэмжээнд дөхөж буйг хоёр мянга гаруй жилийн түүхтэй бичгийн сонгодог зохиолын уламжлал маань батална. Энэ үйлсэд Г.Мэнд-Ооёо найрагчийн оюуны бүтээлч үйл ажиллагаа, онгодын үзэл баримтлал бүхий уран бүтээлүүд онцгой үүрэг гүйцэтгэх боллоо. Нэрт яруу найрагч О.Дашбалбар агсан яруу найргийн үнэт зүйлс, улс үндэстэн, шударга байдлын төлөө тууштай тэмцэж байсан бол уран бүтээлийн нь анд Г.Мэнд-Ооёо нүүдэлчдийн яруу найргийн өв соёл, үнэлэмжийн асуудлыг дэлхийтэй хөл нийлүүлэх санаархлаар даруухан зүтгэж буйгаараа мөн чанар нь ижил байна. Учир нь түүний хожмын шүлгүүд уран бүтээлчийн ааш аягийг тодорхойлсон, зөн сэрэхүйг нь зарлан тунхагласан, гуравдугаар төлөөний хэлбэрээр болон өгүүлэгчийн хэл, уянгын дүрийн зохиомжит урлалаар яруу тайлал хийж буй нийтлэг туурвил зүйн онцлогтой бүтээгдэх болсон юм.

“Өвгөдийн ёс билгийн дээвэр дор
Өөрийн намбатай явсаар өлийн даваанд гарюу
Усан борооны дүнчүүр тарни шиг дуслаар
Учигт сүвлэх ганцхан бадаг мэтгэюү” (1993) хэмээн уран бүтээлийн чин зорилгоо урнаар дэвшүүлсэн нь зохиолчийн хөдөлмөр, хүсэл тэмүүлэлтэй нь эрхгүй холбогдож байна. Энд түүний дөлгөөн зан төлөв шүлгийн нь амь, амьсгаа болон саруулсдагийг “өөрийн намбатай явсаар…” гэснээс тодорхой үзэж болох бөгөөд утгын сэжимд яргасан богино хэлбэрийн шүлэг бичих болсны тайлал болон харагддаг.

Энэ мэт Г.Мэнд-Ооёо найрагч бодролоор яруусгаж боловсролоор ухаажсан шүлгүүд тэрлэж энгийн үгсүүдэд амь тээлгэдэг нь дэлхийн чиг хандлагад дөхүүлсэн нүүдэлчдийн яруу найргийн өвөрмөц сэтгэмж болон бууж байна. Өөрөөр хэлбэл далд сэрэхүй, сэтгэлгээний алслал дахь утгыг шүтсэн сэтгэхүйн, бясалгалын найраг бүтээдгээрээ дорно дахины яруу найраг өвөрмөц сэтгэмжлэлийн онцлогтой гэж болно. Тиймээс

“Өнө эртний өвгөд минь элэр балрын цагт
Өвсөн өмбүүлээ орхиод нүүж одсон буурийг
Тэнгэрийн дуут сум хүрэл зэвээр онгилсон
Тэртээх он жилүүд дэрсний үндсэнд нойрсчээ” (Шинэ нутаг) гэсэн ахуйлаг дүрслэлтэй найраг туурвиж уран бүтээлчийн итгэл үнэмшил, чин зорилгыг дэвшүүлсэн агуулгатай шүлгүүд бүтээж эхлэсэн юм. Тухайлбал

“Талын хөх уулс морин зэрэглээнд сундалдаад
Танил өвгөд шиг мордож буун, мордож буун айсуй
Зээрд азаргатай адуу алтан хараацайд ээрүүлэн
Зээгт нарийн хэцээр дэргэж цогин, дэргэж цогин айсуй” гэх зэргээр ертөнцийн юмс үзэгдлийг урнаар цэцэлж уянгаар яруусгасан өнөө цагийн түгээмэл туурвил зүйн зэрэгцээ дэлхийн дэвжээг санаархсан Б.Явуухулан багшийнхаа хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх санааны утгыг гэрэлтүүлж байна. Энд нэг талаар талын хөх уулсыг монгол найрагчид хэмээн үзвэл морин зэрэглээ буюу монгол шүлгээр жигүүрлэн дэлхийн сонгодог яруу найрагт танил өвгөд шиг ялгаран содонсож мордож буун, нэг хойморт нь завилаад нэг хаяанд нь бараадаж буй өнөөгийн дүр зургийг дүрсэлсэн мэт. Мөнөөх зээрд азаргатай монгол найрагчид суурин соёл иргэншилд эргэцэн саатаснаа утгын нарийн харгуйгаар дэргэж цогин буй бөлгөө.

Энэ мэтчилэн “Зуны дунд сард шар бүрдэнд болох яруу найргийн наадмын урилга” хэмээх эл шүлгийн нүүдэлчдийн өрх бүрийн багачуудын дотоод уянга, далд санааг энэ агуулгад төвлөрөн тайлан уншиж болохоор байна.

“Одтой тэнгэр шиг торгоор шинэ дээл оёулъюу
Ончтой хэдэн шүлэгтэйгээ онгодын сүмд заларъюу
Арилсан мананы дараах солонгонд эс шимтэх
Алган дээрх хорвоог билгийн нүдээр шинжих…” (1996) хэмээн уянгат дүрслэл, утгын цараагаар сүүл давтан ижилсүүлж утгыг цогцлоодог туурвил зүйтэй юм.

“Өдгөө би түмэн оньсого, мянган сүлжээ
Үлэмж нь далайдаа живсэн мөсөн уул
Оюун сэтгэл, зүрхнийхээ гүнд далдмал
Онгод бадраах эх орныхоо сүлдэнд нуугдмал” (1980) гэж яруу найрагчийн дотоод ертөнцийн далдлаг, битүүлэг мөн чанарыг онцлон сэрэхүйн чинадад гүн утгаар багцалсан гүнзгий урлал, яруу тайллаар өөрийгөө нээх эрдмийг шүлэглээд

“Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм” (Нээхийн утган хэлхээ) гэж найрагчийн оюун санааны ертөнцөөр тайлал хийжээ. Ийнхүү үгийн ончтой зохирол, яруу таацал бүхий хийгүй, энгүүн хүүрнэл түүний яруу найргийн мөн чанар ажээ. Бас үзэгдэл юмсын дотоод учир шалтгааныг нээхийг эрмэлзсэн гүн бодрол, содон туршилтаар жигүүрлэсэн (Уулсын дүрийг тайлахуй гэх мэт) урлахуйн арга хэлбэр, мэдрэмжийн уран бүтээл онцгой байртай юм.

Уулс уйтгараа тайлж манан будангаа хөөн урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдаж буйг олзлон сэтгэж, онцлон дүрслэхдээ
“Моддын үзүүр үл мэдэг ганхасхийхэд
Норсон мөчрөөс тэнгэрийн нулимс под под унана
Арилсан мананы улаан бургидас агаарт сацрахад
Алтан үзүүртэй наран бийр, өнгө бүрийг түрхэнэ” хэмээн яруу найргийн сонгодог зарчмаар амьдралд байдаг энгийнийг гайхалтай урнаар цэцэлсэн агуулгын төвлөрөлтөнд шүтэгддэг туурвил зүй ажиглагддаг.

Алтан дарь овоог амьтан хүнгүй авран ивээгч, асралт тэнгэр хэмээн аргадан тайж, шүтэн дээдэлдэгийн адил түүний найраг шүлгүүд XXI зууны монголын яруу найргийн алтан овоо болон сүндэрлэж уянгын үлгэрлэл, ухааны их долгилол болон ялгарсаар байна. Түүний бүтээлээс “алтан овоо ертөнцийн багасгасан дүр”, “нүүдэлчин айлын гал голомт ертөнцийн төв мэт” гэсэн жинхэнэ монгол ахуйн бодрол сэтгэмж нуугдаастай. Энэ бол нүүдэлчний гэрт төрж өссөн найрагчийн хүсэл мөрөөдлийн утга юм, гэрэл гэгээ нь юм аа.
Юмс бүр хоорондоо ийм учир шалтгаан, дотоод зохицолтойг

“Бэлчээрт адуу янцгаахад хөхүүрт айраг шуугих
Тэнгэрт одод анивалзахад тулганд гал инэвэлзэх” гэж урнаар холбон шүтэн барилдуулж
“Ус болоод галыг золгуулж уураг цай болгох

Уг чанартаа буй юмс утгын бөмбөрцөгт эвсэн бүтьюү” гэж эрхилэн сэтгэж, эвцүүлэн нийтгэжээ. Утгын бөмбөрцөгт бүх зүйл агуулагдах, эс бөгөөс дэлхийн бөмбөрцөг өөрөө утгын бөмбөрцөг ч байж болохыг тарааж нэг, хурааж нэг зангидсан гэж болохоор юм. Энэ бол Г.Мэнд-Ооёогийн яруу найргийн шинэ ертөнц болой.

“Юм бүхэн өөрийн байрандаа, мөн чанартаа зохистой
Юмбүү хөх уул нь уйлахад бүрэлзэж, дуулахад дүрэлзэх
Ямбуу цагаан үүл нь гунихад сэмэрч, мишээхэд намирах
Юм бүхний энгийн чимэг нь энгүй утгыг хадгалюу” гэсэн ижил авиа, төсөөт үгээр бүрэн толгой холбож шадын дунд зэрэгцүүлэн туурвисан нарийн урлалаар гүн санаа, гүнзгий утгыг багцалсан юм.

Ингэж яруу найргийн төрөл зүйлүүдэд хүч сорьсон ч түүний дуулиуд дүрслэл султай, санаа цомхон, шийдвэрлэсэн утгагүй буюу бүхэлдээ урлал дутуу туурвисан нь байх бөгөөд онолын нэрийтгэлийн хувьд ч алдаатай, эндүүтэй нь бий. “Шөргөн шар атны туурь” хэмээх хүүрнэл тууриа “найраглал” хэмээн нэрийдсэн, “Нутаг буюу гүйсэн унаганы дууль” тэмдэглэлээ “ностальгия” гэж эндүүрсэн, “Дөчин нэгэн хунгийн дууль” хүүрнэлээ “клип-найраг” гэж гүтгэсэн, “Гэгээн зүгээс морьтон айсуй” эссегээ “понарам найраг” гэж онолдсон зэрэг нь төрөл зүйлийн хэвшиж тогтсон нэрийтгэлийн хувьд зохирохгүй байна. Хэдий ингэж онолын шинэ төрөл зүйлээр туршилт хийж буй нь уран сайхны зохиомжит эрлийн нэг хэлбэр боловч тийнхүү ялгагдах туурвил зүйн шинж үгүй, монгол гадаад хэлээр хольж хутган гүжирдсэн нь байна.

“Нүүдлийн шувуудыг нутаггүй гэх нь
Нүдээ ер олоогүй үгээ
Төөрөг тавилангийн эрхээр явахад
Төрөлх орондоо эгдэг юм” (Тогорууны дууль) гэх зэргийн хүүрнэн тоочиж төлөөлсөн үгээр үлбэгэр дүрсэлсэн, “төөрөг тавилан”, “төрөлх орон” мэтийн хамаагүй үгсийн цуглуулга төдий тоочлого ажиглагдана. Бас

“Тэс ондоо санаа гаргаж
Тээж ирсэн үр-өндөгөө
Хөл хүрэхгүй газар нуухыг
Хэн ер нь байг гэхэв дээ” гэх буюу
“Сүүгээр амалдаггүй жигүүртний өндгөнд
Сүүдрээ тусгахад хиртдэг гэсэн
Сануулга үг байсаар атал
Саваагүй нэг нь санаа авсангүй” (1990) гэх зэргийн амьдралд байдаг энгийн санааг ур муутайгаар улигласан сул шүлэглэл бий юм. Энэ нь харьцангуй эрт үед бичигдсэн монгол ахуйн дүрслэл бүхий төрөлжсөн шүлгүүдийн сонгомол эмхтгэл болсон “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” (2002) түүврийн нь чансааг буурахад нөлөөлжээ. “Биднүүс” гэж энгийн үгээр бичдэг онцлог байвч “Мануурна” гэсэн “шинэ” үгээ шүлэгт ч тэр, үргэлжилсэн тэмдэглэлдээ ч мөн давтан нуршсан нь өөрийгөө давтах сөрөг хандлагыг бий болгож байна.

Гэхдээ найрагчийн өвөрмөц мэдрэмж, содон туршилтаар
“Гэрлийн бор шувууд намайг уриалж
Гэгээн өглөөг эртэсгэнэ
Гэрэлт өдрийг уртасгана” (1985) гэж санааны эерүүлэл, зохиомжит шийдлээр дэвшүүлсэн уран онцлол хийгээд

“Нарны нэгээхэн цацраг голын усыг сүвлээд
Чулуунаас нь ойхдоо үлэмжийн гялбаа гялбуулдаг
Насны туршид харсан энэ мэт гэрэлт агшин
Чухамхүү, амьдралын минь хором бүрийг гийгүүлдэг ээ!” гэсэн тарни шившсэн мөрүүдийг “Ямар сайхан яруу найраг вэ Мэнд-Ооёо ахаа, яасан гайхалтай онч вэ?” хэмээн шагшихад хүргэдэг юм.

Шөнийн гэгээ, саруулхан үдшийн ажин түжин, амгалан тайвныг тэрбээр “цагаан шөнө урсана…” гэсэн цогц утгад төвлөрүүлэн бадаг холбон давтахдаа мөн чанарыг нь зүслэн, мөнхийн хөдлөнги цаг хугацааг урсаж буйгаар буюу утгын өөр бодомжинд аваачин уран нээлт болгож чаддаг уран сайхны эрэл нь анзаарагддаг. Ингэж нүүдэлчдийн сонгодог бичгийн уламжлалыг баримтлан аяс сэтгэхүй, сэтгэлгээний аглагаас урссан найраг бүтээдэг онцлогтой гэж болно. Тиймээс тэнгэрийн хаяанаас нүүдэллэн айсуй яруу найргийн “их жин тээлт” Г.Мэнд-Ооёогийн “утгын бөмбөрцөг” болох уран сайхны ертөнцөд нь өөрийн агуулгатай, зөн мэдрэмжтэй бүтээгдэж буй нь найрагчийн онож хэлснээр нүүдэлчдийн яруу найргийн “он цаг нисэн нисэн ирнэм”, бас “нисэн нисэн одном” за гэсэн оюун дүгнэлтийг эрхгүй төрүүлж байна.


Утга зохиол судлагч, шүүмжлэгч
Д.Цэвээндорж Доктор (Ph.D), дэд проф.

Wednesday, March 25, 2009

ОЮУН САНААНЫ ОН ЦАГИЙН ХҮРДЭН

Уран бүтээлчийнхээ хувьд Г.Мэнд-Ооёо нүүдэлчин монголчуудын яруу найргийг дэлхийн өв санд тодорхой байр эзлүүлэх, сурталчилан таниулахад бие сэтгэл, бүтээлч үйл ажиллагаагаа зориулж яваа найрагч юм. Тиймээс ч өөрийн бичсэн нүүдэлчин ахуй, бага нас, монголчуудын зан сэтгэхүйн өвөрмөц уламжлалын аястай шүлгүүдээ багцалж “Тэнгэрийн хаяанаас нүүдэлчин айсуй” хэмээх ном 2002 онд бүтээсэн байдаг. Эл номд “Он цагийн хүрд” шүлэг нь дахин хэвлэгдсэн нь цаг хугацааны асуудлыг төдийгүй, сэдэв туурвил зүйн хувьд монгол ахуйн сэтгэлгээг тодорхой илтгэсэн бүтээл гэж үзэхэд хүргэдэг. Тийм болохоор зүгээр нэг цаг хугацааны асуудлыг дэвшүүлээд зогсохгүй нүүдэлчин малчдын байгалийн үзэмжтэй холбож он цагийн мөн чанарыг авч үзсэнээрээ дүрслэлийн олзлол хийгээд уран чадварын хувьд өвөрмөц болсон юм.
Бадаг бүрт “Өвсний шүүдэр хурын шимийг хөхөж ханаад”, “Цэцгийн баланд эрвээхэй шандаж биесийг хөөцөлдөөд” эсхүл “Цаад уулын жимс одод түгэх шиг үржээд” гэх зэргээр улирлын төдийгүй орчлонгийн эргэх хүрдэнг урнаар тоочин
“Үүлэн гивлүүрийн чанадаас саран шагалзсаар гарч
Бүрдэн уснаа ороод ичингүйрэн цэмцгэнэх үес
Цэргээс буусан залуу болзоот хүндээ зориод
Цэвцгэр шаргын задгай суман хатираанд он цаг нисэн ирнэм
Дунайсан шөнийн сэвлэг цагаан туяаг гишгээд
Дууны сайхан эгшиг бие биедээ уусахуйд
Амьтай болгон гүм болж хайртай хосод найр тавиад
Айл саахалтаар хуримын урилга тарааж он цаг яарсаар нисч одном” гэсэнд цэргээс халагдсан бус буусан гэж цаг хугацааны “нэр томъёогоор” буюу уянгын мэдрэмжээр хамаатуулан тохож, зуны дэлгэр цагт дөнгөж цэргээс буугаад цэвцгэр шаргаараа хатируулан аанай л он цагийн гэрч болсон “болзоот” бүсгүйдээ очин намар нь хуримаа хийх тэр агшинд он цаг яарсаар нисч одох ажээ.
Ер нь түүний бүтээлд яруу найрагчийн дотоод мэдрэхүйн торгон агшинг буулгасан аяс сэтгэхүй ажиглагддаг. Жишээлэхэд нэгэн шүлэгт нь яруу найрагчийн билгийн нүд, сэрэхүйн онгодоор олзолсон цаг хугацааны нэгээхэн агшин амьдралын хором бүрийг гийгүүлдэг гэж уншигч, өргөн олны сэтгэлийн хойморт дэвшүүлсэн нь бий. Үүгээрээ яруу найргийн хүн бүрийн сэтгэлийн дайдад булталзах яруу уянгыг үгийн цэц, ухааны цараагаар амилуулснаараа ухаарал бясалгалын агуулгаа тодотгодог. Аливаа хувь хүн, улс орон, дэлхий нийтээрээ цаг хугацаа ямар их үнэ цэнтэйг мэднэ. Үүнийг сурган давтах бус яруу найргийн хэлээр “он цаг нисэн нисэн ирнэм”, “он цаг нисэн нисэн одном” гэсэн уянгын давталт бүхий оновчтой үгээр сануулсан нь тарни мэт цээжинд хадааширч хүмүүсийн зүрхэнд хоногших хувь тавиланг олсон юм. Нөгөө талаар нүүдэлчдийн яруу найраг, улс үндэстний хувь заяа цаг хугацаа ашиглалтанд хамаатай, нийгмийн бүтээмжид илүү хамааралтай гэсэн санааг ч хөндсөн гэж болно. Орчлонгийн он цагийн хүрдэнг өөрийн оюун санааны цаг хугацаа болгож чадаж гэмээнэ хувь хүн бие хүн болж төлөвшдөгийг, аливаа мөн чанарын эцсийн үр дүн түүгээр хэмжигдэггийг сурган суяж хэлсэн юм.
“Эрин зууны хил алхсан мэргэдийг бидэнтэй нөхөрлүүлэн
Ирж байгаа хойч үе рүү зуучилсаар он цаг нисч одном” гэж цаг хугацааны залгамжлалыг илүү бодтой, өнгөрсөн ба ирээдүйн холбоосоор гаргахдаа
“Энгүй сансарт байгуулах дэн буудлын төслийг бодож
Эсэргэн цагийг яаран зорьсоор он цаг нисч одном” хэмээн гараг эрхэст шилжин суурьших хүн төрөлхтний хэтийн санаа зорилго, ирээдүйн цаг хугацааны өмнө буйгаар хийсвэрлэн буулгаж
“Эргэх орчлонгийн жам зүрхэнд хөндүүр авчирч
Эхийнхээ өтөлснийг гэмшин харахуй он цаг нисч одном” гэсэн ухаарсан, хүн бүхэнд урнаар сануулсан энгийн атлаа эгэлгүй гүн ухааны мөн чанарыг дэвшүүсэн нь бас бий.
Орон зай, цаг хугацааны асуудал уран зохиол, ялангуяа яруу найрагчийн оюун санаанд өвөрмөц хэлбэрээр, хэтэрхий хийсвэр байдлаар тусгагддаг гүн ухааны ойлголт байдаг. Хавар цагийн зэрэглээнд уул толгод дуниартаж байгаль дэлхийтэйгээ илүү садансдагийг “Урин цагийн амьсгал хүзүү заамаар шургаад” гэж Д.Нацагдоржийн урнаар тоочих яруу хэллэг, сэтгэлгээний уламжлалаар шүлэглэж найман мөр, арван хоёр бадаг шүлгийнхээ шадын эхэн ба эцэст “он цаг яаран нисч ирнэм”, “он цаг яарсаар нисч одном” гэсэн уянгын давталтаар бадаг болон шадын сүүл хашиж шүлэглэсэн байна.
Жилийн дөрвөн улирал, өглөө эртийн үүр, өнө холын ирээдүй, өнгөрсөн хойчийн үе гээд цаг хугацааны бүхий л асуудлыг хамран дүрслэхдээ “Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм” гэж бичсэн нь хүн бүр өөрийн хийх ёстой, мэдэх ёстой, суралцах ёстой зүйлүүдээ өөр өөрийн цаг хугацаанд нь л амжиж бүтээхгүй юм бол дараагийн юмсын он цаг ирэхэд бие болоод сэтгэл зүйн бэлтгэлгүй байж болохгүй гэдгийг сурган сануулсных юм. Ерөөсөө аливаа юмс үзэгдэл өөр өөрийн цаг хугацааны хувь тавилантай байдаг гэдгийг онцолж хэлсэн гэж дүгнэж болно. Жишээ нь хүнд сурч боловсрох хугацаа, тэр завсраа мэдлэгээ гүнзгийрүүлэн бататгах, түүнийгээ тухайн салбар, улс нийгэмдээ хувь нэмэр оруулах гээд бүхий л зүйл цаг хугацааны хүрээнд захирагдаж явах ёстой. Ингэхгүй бол эцсийн үр дүн өөрөө гарч чадахгүйд хүрэх юм.
Үдэш шөнө дүл болж буйг “Өрхний хошуу эргэж шөнийн зүүг заахад” гэж дүрсэлсэн нь өрх хошуулдан татаж одод тооноор инэвэлзэх тэр агшинд өрхний хошуу шөнийн зүүг буюу арван хоёр цагт хандаж буй нь гэр, сууцаа ямагт урагш харуулж барьдаг монгол ахуйн уламжлалт ойлголттой холбоотой сэтгэмж болой.
“Ээжийнхээ дээлийг нөмрөөд үлгэр сонсох багачуудын дэргэд
Эртээ урьдын цагт гэсээр он цаг нисэн ирнэм” гэж амьдралын хэв маяг, монгол ахуйн зан байдалтай нийцүүлэн дүрсэлсэн нь өгүүлэмжийн шийдлийн хувьд содон бөгөөд оновчтой болсон байна. Энэ бол наяад оны уран бүтээлчдээс анхлан “Бодлын шувуу” түүврээ 1980 онд гаргаад 1982 онд бичсэн шүлэг бөгөөд одоогоос хорин хэдэн жилийн тэртээ бичигдсэн гэхэд утга дүрслэл сайтай, гүн агуулга, гүнзгий санаатай шүлэг болсон нь найрагчийн туурвил зүйн өсөлт, уран чадварын тод илэрхийлэл болдог. Тийм ч учраас эл шүлгийн санааг Данзангийн Нямсүрэн нэлээд гүнзгийрүүлж бичсэн байдаг билээ. Энэ тухай нэрт яруу найрагч О.Дашбалбар “Сарны шүлэгч буюу Гомбожавын Мэнд-Ооёо” хөрөгтөө “Тэр үед бидний гол удирдагч нь Г.Мэнд-Ооёо, оюун санааны лидер нь Д.Цогт байсан юм” гээд Г.Мэнд-Ооёогийн “Нээхийн утган хэлхээ”, “Он цагийн хүрд” шүлэг нь Д.Нямсүрэнгийн яруу найргийн замыг зааж өгсөн бөгөөд “Дөрвөн цаг”, “Ирж яваа цаг” зэрэг олон шүлэг нь цөм тэдгээрээс санаа эхэлж авсан юм. “Он цагийн хүрд” шүлэг нь наяад оны найргийн өнгө аяс, мэдрэхүй, хэмнэл дүрслэл, гоо зүйг эхэлж тодорхойлсон юм” хэмээн үнэлж “Гал багийн ерөнхий аяс, өнгө мэдрэмжийг тунхагласан, Г.Мэнд-Ооёо бол сэтгэлийн байгалийг бидний үеийнхэнд нээсэн” гэж дүгнэсэн байдаг. Энэ бүхэн найрагчийн санааны эх үүсвэрийн үнэ цэн, мэдрэмжийн торгон ир, авъяасын илрэл зэргийг бахадсан томоохон үнэлэлт гэж болно. Шүлгийн эцэст санаагаа багцлан цаг хугацаа байгалийн бүхий л зүй тогтолтой шалтгаант хийгээд урвуу хамааралтайг
“Нарны гэрэл сарны туяагаар зам нэхэж
Навчилж цэцэглэж хагдарч хуучрах жам хэлхэж” хэмээн тодотгож
“Юм бүхэн таны тулд найрсан оршихын учир
Юу санаснаа амжиж бүтээ гэж он цаг нисэн ирнэм” гэж урнаар өчөөд оюун санааны орон цагийг өөрийн болгож хийж бүтээж чадаагүй хэн бүрийг оноосон цаг хугацаа, хувь тавилан эгүүлээд “байцаан лавладаг” гэсэн санаагаа шашины ойлголт, уламжлалт сэтгэмжээр баяжуулан
“Өгөх насаа тээж ирээд өнгөрч элснийг буцааж аваад
Өглөг хишиг эдлүүлж хүртээснээ эргүүлж шалаад” хэмээн энгийнээр гаргалгаа хийж
“Эдүгээ хэний үйлс үнэн болоод бусдад тустайг
Эрин зуунуудад дамжуулан гэрчлэхээр он цаг нисч одном” гэсэн ухаарлын, сургаалийн, бясалгал бодролын санааг зангидан өгүүлэн төгсгөсөн байдаг. Ийнхүү дөрвөн улирал, байгалийн гоо үзэмж, монгол ахуйн дүрслэлтэй цаг хугацаа, түүний үнэтэй хором агшиныг уран сайхны нээлтийн түвшинд дүрслэн үзүүлснээрээ “Он цагийн хүрд” шүлэг жинхэнэ огторгуйн, оюун санааны “Он цагийн хүрд” болж чадсан чанарын үзүүлэлттэй, ухаарал, бясалгалын намуун аястай болсон байна. Г.Мэнд-Ооёо найрагчийн эл шүлэг бол түүний залуу идэр ахуйдаа орчлонгийн зүй тогтол, учир шалтгаан, цаг хугацааны мөн чанарыг эрт олж харсан, басхүү утга уянгын нарийн өгүүлэмжээр цогцлоосноороо санааны эрэл, дүрслэлийн уран чадвар бүхий хамгийн шилдэг бүтээлийн нэгэнд зүй ёсоор тооцогдох цаг хугацаа, оюун санааны хувь тавиланг олсон юм.
Утга зохиол судлагч, шүүмжлэгч Д.Цэвээндорж
Доктор (Ph.D), дэд проф.

Thursday, January 29, 2009

НОМАДИЗМЫН ДУУЛАЛ

Г.МЭНД-ООЁОГИЙН ГЭРЭЛТЭХ АГШИН БҮР БУЮУ НОМАДИЗМЫН ДУУЛАЛ
/Dr. Shaleen Kumar Singh/

Яруу найрагч Г.Мэнд-Ооёо өнөөдөр нэн онцгойн дээр ихэд нөлөө болохуйц нэгэн туурвилаа Англи хэлнээ хөрвүүлэн гаргажээ. Тэрээр “Гэрэлтэх агшин бүр” хэмээх яруу найргийн энэхүү номоороо дамжуулан нүүдэлчдийн амьдрал, уламжлалт ахуй заншлыг маш нарийн мэдрэмжээр нээн гаргаж чадсан байх тул түүний номыг “Номадизмын дуулал” хэмээн нэрлэж ч болмоор санагдана.
“Гэрэлтэх агшин бүр” хэмээх хамгийн сүүлд хэвлүүлсэн энэ яруу найргийн ном нь юун түрүүнд Нүүдэлчдийн ахуй заншлын бодит байдал, дүр төрхийг ихээхэн нарийн илэрхийлсэн бүтээл болжээ. Г.Мэнд-Ооёо “-Нүүдэлчин монголын үр сад билээ, би. Үүр цүүрээр ачаалж нүүдэг сэн. Ачаатай тэргэн дээр, арган дотор сууж, атан тэмээний нэгэн жигд алхаанд өглөөн нарны туяаг угтсан балчир ахуйдаа ирээдүйнхээ яруу найргийн хэм хэмнэлийг мэдэрсэн ч байж магадгүй.” гэж нэгэнтээ дурсчээ. Үнэхээр ч нүүдэлчин амьдралын тэр хэв маяг нь түүнийг яруу найрагч болоход ихээхэн нөлөө үзүүлсэн аж.
Тэрээр мөн “Аян холд ангаж яваа хүнийг баярлуулахын сайхныг, газар дэлхийдээ шүтэн амьдрагч бүхэн бие биеэс хамаат оршиж, найрсан туслалцахын учрыг багадаа узэж амталсан маань хожим бичих найргийн минь зан чанарт шингэсэн буй заа.” хэмээн өөрийн уран бүтээлийн гарваль мөн чанарыг нэмэн тайлбарлажээ.
Г.Мэнд-Ооёо хөдөөд өнгөрүүлсэн, хотод суурьшсан он жилүүдийнхээ аль алинаас нүүдэлчдийн үлгэр домог мэт амьдралыг ямагт мэдэрч, санагалзан, энэ нь ч түүний уран бүтээлд нөлөөлсөөр байх шиг. “Эрдэм номын мер хөөж энд тэнд бишгүй л "нүүж" явлаа. Язгуурын нүүдэлчин миний хот хүрээнд суурьшин суусан он жилууд ч нүүдэл мэт санагдаж байна” хэмээн найрагч маань хэлжээ. Түүний амьдрал бүхэлдээ нүүдэлчний язгуур мөн чанараа эрэн бэдсэн их нүүдэл ажээ. Энэ ч утгаараа Г.Мэнд-Ооёо найрагчийн шүлгүүдээс алгуурхан зогсолтгүй хөдөлгөөн, холыг түүчээлсэн эерүү урсгал, зөн совингоо эрэн бидсэн басхүү эргэн тойрныхоо бүхий л зүйлийг сониуч агаад өөдрөг нүдээр харсан, гэгэлгэн, уянгалаг зүрх сэтгэлийн өнгө аяс хөвөрч, нүүдэлчдийн амьдралын хэв маягийг эрхгүй тодосгодог. Номонд орсон бүхий л шүлгүүд нүүдэлчдийн зүрх сэтгэлийн гүнд хамгийн ихээр тусч, хүсэл сэтгэлийг нь хөвсөлзүүлэн татдаг бүхнийг илэрхийлэн бичиж, нүүдэлчдийн яруу найргийн онцгой шинжүүдийг өөртөө хадгалсан байх аж. Номын хамгийн эхэнд байх
Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршимуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй
Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй
Гүмүда цэцэг үдшээр л дэлбээгээ нээмүй
Гүйгүүл морь үүр хаяаруулж янцгаамуй
Дуу сонсоход л сэтгэлийн бүрэнхий туяармуй
Дурласан цагтаа л хүн хамгийн их гэрэлтмүй…
хэмээн үргэлжлэх “Гэрэлтэх агшин бүр” шүлгээс харахад л энэ шүлэг нь жинхэнэ нүүдэлчин хүний сэрэл сэтгэлгээг илэрхийлэн байгаа нь мэдрэгдэнэ. Тааламжтай сайхан нь юунд буй хэмээвээс агшин хормын зогсоц бүрийг шүлэг найрагтаа зохиогч өөрийн төсөөллөөр үргэжлүүлж, гүн утгыг эрэн олсон нь:
…Үүлэн чөлөөний нар л хамгийн хурц буюу
Үйлийн үр л ертөнцийд хамгийн үнэн буюу
Од харвах агшинд л онцгой нэг гэрэл гармуй
Орчлонг гэрэлтүүлэх хүү тэр агшинд л мэндэлмүй… хэмээх мөртүүдээс
харагдаж байна. “Чамруу би явж байна” нэртэй хоёр дахь шүлэгтээ салхитай олон жимийг туулж, сарьдаг их уулсыг давж, зуу зуун ус мөрнийг гатлаад хайр сэтгэлээн олохоор хэрэн явах нэгэн залууг /түүнийг дагалдагч сарыг ч бас/:
Хэзээ учрахаа тааж эс мэдэвч,
Хэлэх үгээ хэлхэн бодсоор
Чам уруу би явж байна"(11) … гэх мэтээр дүрслэн бичсэнээс нь мөн л сайх найрагчийн туулж ирсэн нүүдэлчний амьдарлын зам мөр тодхон харагдаж байна.
Тэрээр шүлэг найрагтаа намар цагийн уйтгар гунигийг хавар цагийн сэргэн мандалттай нь хамт дүрсэлж, алтан нарыг атгасан мэт халуун залуу насныхаа илч гэрлийг бахдаж, хязгааргүй оюун санааныхаа чинад ертөнц дэх аян холын гэрэлт бодлууд, амьдрал цадигийн гэгээн агшнууд, хүмүүний оршихуйн нандин нууц, яруу найргийн зам замнал бүрээ дотоод сэтгэлийнхээ бодрол бясалгалаараа нээн бичсэн байх аж. Энэ нь түүний:
Чам руу би явж байна.
Чимх чимх зүүд нойроо хугаслан
Чирам хийн бүхнийхээ дээж найргаас шимлэн
Чиний зүрхэнд өөрийнхөө чавхдасыг олохоор
Хангал өндөр уулсын ангал хавцгайг өгсөн
Хангил их бартаатай халил жимийг мөшгөн
Хайрын охь мөнхийн дуугаа эрсээр
Чам руу би явж байна… хэмээн үргэлжлэх сайхан шүлгээс ч
тодорхой харагддаг. Мөнхүү Яруу найрагч Г.Мэнд-Ооёо:
…Чулуун довжооны завсраар зэрлэг өвс сөрвийж
Чуулган их бурхадын зам дээр шарлана
Гэрэл татсан тэртээ цагийн улбаа тэмдэг төдий
Гэгээн бурхад нь хаашаа одсоныг мэдэхгүй…
хэмээн нэгэн шүлгэндээ бичсэн байх нь “Хуучин сүмийн дээгүүр саран мандахад хувилгаан туяа нь сэтгэлийн бүрэнхийг гэрэлтүүлэх” Бурхан Буддагийн өнө цагийн алдар сууг нэн гоо сайхнаар дуулсан мэт сэтгэгдэлийг төрүүлж байна.
Яруу найрагч тэрбээр 'Нээхийн утган хэлхээ' хэмээх сайхан шүлгээрээ өмнөх олон найрагчдын нээн чадахыг ямагт тэмүүлсэн ч хараахан түвдээгүй жамын ертөнцийн нууцын нууцыг гүн ухааны бодрол бясалгалын үүднээс тайлахыг оролдсон ч байж болох юм. Түүний энэ шүлэг “Би” хэмээх үйлийн эзэн дээр үндэслэгдсэн байх ба шүлэг маань бүхэлдээ “Би”-гээр дамжуулан үнэн мөний нүд хийгээд цэцэн билгийн нүдийг нээхүйн харилцан хамаарлыг батласан байх ажээ. Мөсөн уулын орой нь хүний нүднээ үзэгдээд, ёроол нь далайн гүнээ хөвөн огт харагддаггүйтэй адил яруу найрагчид шүлгийнхээ гол утга санааг далд битүү утгаар хэлэх, салаалан нуух хандлага ихээхэн ажиглагддаг. Г.Мэнд-Ооёогийн:
Өнөөг хүртэлх хорвоон түүх намайг бүтээж нээнэм
Өнөө миний амьдрал тэмцэл өөрийгөө тодруулж нээнэм
Ая дуу найраг шүлэг минь намайг бүтээж нээнэм
Ардынхаа сэтгэлд хүрч чадвал өөрийгөө илчилж нээнэм… хэмээх
мөртүүдээс ч бас утга найрслын ийм түүн лугаа жишээг олж харав би. Тэгвэл эл шүлгийн дараах мөртүүдээрээ тэрбээр:
…Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм... хэмээн нууцалсан
нууцынхаа тайллыг нээн толилуулах нь нэн зохист туурвил болжээ.
Энэхүү номонд нүүдэлчний ахуй сэтгэлгээний шүлгүүдээс гадна хайр сэтгэл, байгаль дэлхий, гоо сайхан, гүн ухааны сэдэвт олон сайхан шүлгүүд багтсан байна. Яруу найргийг орчуулна гэдэг нэн бэрх ч энэ номын орчуулагч яруу найрагчийн шүлгүүдийн үнэ цэнэ, үнэн мөнийг огт алдагдуулахгүйгээр гойд сайн орчуулсан байгааг бас онцлон хэлүүштэй. Г.Мэнд-Ооёо найрагчийн “Цагийг эргүүлэгч шувууны даллага, 'Чиний хөмсөг нисч яваа тогорууны далавч шиг', “Уулсын дүрийг тайлахуй”, 'Дөрвөн улаан навч' “Алтан хараацай” гэх мэт шүлгүүдэд нүүдэлчдийн амьдралын хэв тусгал, байгаль дэлхийн шим мандалтайгаа салшгүй холбоотойгоор дүрслэгдсэн. Мөнхүү Г.Мэнд-Ооёо найрагчийн шүлгүүдээс Буддизмын мөн чанар, сэтгэлгээ, урлал зүйн хэв шинжүүд олонтоо илэрдэг билээ. Энэ нь түүний шүлгүүдийг Монголын уламжлалт соёлын тусгалтай салшгүй холбоотойг харуулж байна. Профессор Я.Баатар “Г.Мэнд-Ооёо уламжлалт найруулах ухааныг орчин үеийн найруулах ухаантай холбож, уламжлал шинэчлэлийн нарийн судсыг нь атгаж чадсан юм. Хэрвээ ингэж чадаагүй бол дан ганц уламжлалт найруулгыг шүтээд сонгодог бичгийн найруулга мэтээр хэн хүнд авсаар ойлгогдохгүй хэдэн хуучин үгээр хөөцөлдөж явах байсан билээ. Гэтэл яруу найрагч тэгсэнгүй. Хуучин үгсийг сонгохдоо ч гэсэн зүй журмын дагуу зохих байрыг нь олж шигтгэж өгдөг учраас этгээд гажуу байдаггүй юм.” хэмээн бичсэн нь ч дээрхийг гэрчилнэ. Энд нэгэн жишээг дурдахад Энэтхэгт Хинди шашны үзэл санаан дээр тулгуурлсан уран зохиолын өв дуурьсал давамгайлах бөгөөд эндэхийн хамгийн нэртэй яруу найрагчдын нэг болох Раул Санкритъяаяан хэмээх хүн нүүдэлчдийн уугуул сэтгэлгээнд ихэд татагдаж, түүний мөн чанарыг олон олон бүтээлээрээ нээн бичиж байсан билээ. Тэрээр нэгэн шүлэгтээ:
"Sair kar duniya ki gafil zindgani phir kahan
Zindagani gar rahi to naujabani phir kahan."
хэмээн шүлгэлсэнийг нь хөрвүүлвээс
“Агуу ертөнцөөрөө хэсэгтүн, ахиад төрнө гэж үгүй ээ.
Амьдралаа нэгэнт үрсэн хойноо дахиад залуу болохгүй ээ” гэсэн утгатай юм.
Эцэст дүгнэхэд “Гэрэлтэх агшин бүр” яруу найргийн ном нь бүхэлдээ Нүүдэлчдийн амьдрал, сэрэл, сэтгэлгээний дуулал болж чаджээ. Тиймээс ч энд орсон шүлгүүд нь хайр сэтгэл, байгаль дэлхий, амь амьдрал, басхүү төрж өссөн газар шорооныхоо эгэл сайханд ууссан нэгдсэн, нүүдэлчин ахуйн тэр л гоо сайхныг магтан дуулсан гүн хүндэтгэлт учир агуулгыг өөртөө шингээсэн байх юм. Эцэст нь зүрх сэтгэлийн яруу дууллын нандин эгшгийг бүхий л талаараа тун хүчирхэгээр атгаж чадсан яруу найрагч Г.Мэнд-Ооёо таньд би чин сэтгэлийнхээ гүнээс амжилт хүсэн буйгаа ирэлхийлье.


Англи хэлнээс орчуулсан Б.Баясгалан