Wednesday, April 1, 2009

ОН ЦАГИЙН ХҮРД

Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.
Бор талын зоо нялхарч дэлхий ээж дэлгэнээд
Өвсний үндэс хурын шимийг хөхөж ханаад
Эрт шувууны цуваа үүлэн сүвэгчийг сүвлээд

Морин зэрэглээнд уул толгодын суудал солбиод
Урин цагийн амьсгал хүзүү замаар шургаад
Энгэр газар нарны алтан учгаар цэцэг хатгаад
Ээлжлэн хувьсах цагийн жам нэхэн он цаг яарсаар нисч одном.

Үүлэн гивлүүрийн чанадаас саран шагалзсаар гарч
Бүрдэн уснаа ороод ичингүйрэн цэмцэгнэх үес
Цэргээс буусан залуу, болзоот хүндээ зориод
Цэвцгэр шаргын задгай суман хатираанд он цаг нисч ирнэм.

Дунайсан шөнийн сэвлэг цагаан туяаг гишгээд
Дууны сайхан эгшиг бие биедээ уусахуйд
Амьтай болгон гүм болж хайртай хосод найр тавиад
Айл саахалтаар төдхөн хуримын урилга тарааж он цаг нисч одном.

Ногооны униар дунд гон бие хун чулуу
Нойрмог янзаар салхинд гуядуулан торойгоод
Орчлонд энэ хүний зүрх юуны төлөө цохилж байсан бол гэх
Оньсого тааврын гарваль эрж он цаг нисэн ирнэм.
Инч хурам бүрийн эрхин цуваа хэлхэж
Эрдэнийн алтан үсгийн уран мэлмий амсхийх завгүй,
Эрин зууны хил алхсан мэргэдийг бидэнтэй нөхөрлүүлэн
Ирж байгаа хойч үе рүү зуучилсаар он цаг нисч одном.

Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.

Ор санаандгуй явтал он цаг яарсаар нисч ирнэм.
Олон адууны үнэр ханхалсан цэнхэр суунаг босоод
Цэцгийн баланд эрвээхий шандуурч биесийг хөөцөлдөөд
Цэн тогоруу байгалийн заяаны цам бүжгээ дэглээд
Цаад уулын жимс одод түгэх шиг үржээд
Цагаан морь хөрвөөхөд улаан болж босоод
Амталж ханашгүй эх нутгийн аман хишиг дэлгэрээд
Амьтан бүхэн эдэлж баршгүйд он цаг яарсаар нисч одном
Гол усны чулууг хүүхдүүд царгил хөгжим болгоод
Ган цохилуур шүргэх ялдар “Дөрвөн цаг “ налайгаад
Элгэн биедээ түмэн жилийн дуу сонсож шингээсэн
Эх дэлхийн чулууны аялгуугаар он цаг нисэн ирнэм.
Амгалан үдшийн ухаа ягаан уулсын сэрвээгээр
Алтан хараацай дөлөн жигүүртэй нисэлдээд
Аз жаргалын гал авчирсан эртний домог нэхэж
Ахмад үеэ адилтган санахуй зуур он цаг нисч одном.
Өнө эртний хүмүүс өрлөг түүхэнд минь давхилдаад
Өнгөт дэлгэцнээ цэл залуу өвгөд минь инээмсэглээд
Өөр өөр үе нүүр нүүрээр золгоод
Өчигдрийг өнөөгийн толинд тусгаж он цаг нисэн ирнэм.
Газар дэлхийнхээ амгаланг зүрх бүхний айзам хэмжиж
Гараг оддын солбицолд түмэн бодисын нууцыг магадалж
Энгүй сансрын хаа нэгтэйх ураг саднаа төсөөлж
Эсэргэн цагийг яаран зорьсоор он цаг нисч одном.

Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.

Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.
Одод зүүрмэглэх цагаар цагаан хяруу унаад
Үнэгэн сор гялтганах нь дурангийн үзүүрт тороод
Үелзсэн тариа нарны алтан тунгаамалд булхаж давалгаалаад
Тойрмын захад зуссан хоёр дэгдээхий өдлөөд
Тогоруун сүрэгтээ дүйцэж тэнгэрийн цээж рүү хаваад
Будан бургисан тэнгэр сөхөж комбайн нүргэлээд
Буцах шувуудтай цуг он цаг яарсаар нисч одном.
Болжмор өглөөн туяаг магтан жиргэлдээд
Булгийн уснаа нарны элтэс хэсэг бусгаар хөвөн
Хүлээн авагчийн долгион эх үрийн сэтгэлийн айзмыг тэмтэрч
Хүмүүсийн зүрхний хариуг чагнаархан он цаг нисэн ирнэм.
Үрээ дуудсан шувууд сэтгэл эмзэглүүлэн ганганаж
Үймж бужигнасан цуваа мөстсөн мандлаа орхиход
Эргэх орчлонгийн жам зүрхэнд хөндүүр авчирч
Эхийнхээ өтөлснийг гэмшин харахуйд он цаг нисч одном.
Өндөр авч ниссэн жил жилүүдийн далавчин дор
Өнгөрч улирсан хорвоогийн цадиг намтар бүдгэрч
Өвгөдийн нойрссон шороог нэгэн хуруу зузаалаад
Өвсөн толгой цантах аясаар он цаг нисэн ирнэм.
Буцах цагийг дэрлэн хүүрэг манан буугаад
Буурал сортой өвс намиа намиагаараа нийлээд
Амсах жаргал ханашгүй болоод хоргодон хоргодоход
Ажиггүйеэ нэгэн насыг аваад он цаг нисч одном.

Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.

Ор санаандгүй явтал он цаг яаран нисч ирнэм.
Оёоргүй хөх мандалд нарны зовхи мөстөөд
Жихүүн хүйтний үзүүр лоовуузны соронд шантраад
Жигүүртэн шувуудаа тэнгэр үгүйлж эзгүйрээд
Мөнгөн талыг сарны туяа өнгөлөн зүлгээд
Мөсөн дэнлүү хороон дээр жавар хэмжиж гялтганаад
Дээд тэнгэрт гудайсан Гурван маралыг тохиогоод
Дэлхийн дагуул анивалзан жилийхүй он цаг яаран нисч одном
Өвөлжөөнөөс гарах дулаан илч тэнгэрт царцаад
Өрхний хошуу эргэж шөнийн зүүг заахад
Ээжийнхээ дээлийг нөмрөөд үлгэр сонсох багачуудад
“Эрт уръдын цагт “ гэсээр он цаг нисэн ирнэм.
Адуу янцгаахад уул толгодын цуурай биесийг өртөөлөөд
Анир чимээ цасан ширхэг болгонд шингэж уусан
Ахуу ертөнцийн зоо тавирч дөрвөн зүгтээ амирлаад
“Амар сайхан жаргажээ “ гэхүй он цаг нисч одном.
Нарны гэрэл сарны туяагаар зам нэхэж
Навчилж, цэцэглэж, хагдарч хуучрах жам хэлхэж
Юм бүхэн таны тулд найрсан оршихын учир
Юу санаснаа амжиж бүтээ гэж он цаг нисэн ирнэм.
Өгөх насаа тээж, өнгөрч элснийг буцааж аваад
Өглөг хишиг эдлүүлж хүртэснээ эргүүлж шалаад
Эдүгээ хэний үйлс үнэн болоод үлэмжийн тустайг
Эрин зуунуудад дамжуулан гэрчлэхээр он цаг нисч одном.

Он цаг нисэн нисэн ирнэм.
Он цаг нисэн нисэн одном.

No comments:

Post a Comment