Monday, July 7, 2014

Г.Мэнд-Ооёо: Монгол бичгээс аялгуу сонсогдож байна гэж гаднынхан дуу алдсан

 “Өнөөдөр” сонины энэ удаагийн уншигч- сурвалжлагчаар Төрийн шагналт, зохиолч Ц.Бавуудорж ажиллалаа. Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Мэнд-Ооёотой ярилцах урилгыг түүнд илгээхэд хувь, хувьсгалын ажил, уран бүтээлийн цагаа зохицуулаад манай редакцад хүрэлцэн ирсэн юм. Учир нь Монголын утга зохиол хэмээх өнөр өтг өн гэр бүлээс дэлхийн тавцанд нэрээ гаргах зам мөрийг түүчээлэн буй Г.Мэнд-Ооёо хэмээх эрхэм хүнтэй ярилцана гэдэг бол татгалзах аргагүй санал гэдгийг тэр сайн мэднэ. Оюунлаг, гэгээлэг хэрнээ худал хуурмаг зүйлгүй, бас нэг тийм дулаахан, дотно уур амьсгалд өрнөсөн хоёр уран бүтээлчийн яриа уншигчдад олон зүйл бодогдуулна хэмээн найдаж байна.

-Баяр наадмын өдрүүд хаяанд ирсэн үед хоёулаа ярилцаж байна. Зохиолч бид наадмын тухай ярихаараа морь, бөх хоёроор лав нэг их урагшаа явдаггүй талтай. Би ч энэ талын хүн. Тиймээс наадам үзнэ гэж давхихаас илүү өнгөрсөн хойно нь хүмүүсийн амнаас сонин сайхан сонсвол амттай санагддаг. Ингэхэд Ооёо ах хэрхэн нааддаг вэ. Багадаа ер нь хурдан морь унаж байв уу?
-Би тавтайгаасаа тавдугаар анги төгст өл өө морь унасан. Олон ч хоцорсон доо. Хоёр гурван удаа айраг амссан. Ганц л түр үүлсэн.
-Сумынхаа наадамд уу?
-Тийм ээ. Сумын наадам. Ер нь морь уралдахаар бас хийрхэнэ шүү.
-Бас хөөрхөн долгисоод л.
-Долгисоод л. Наадам дөхөхөөр тийм нэг долгисол бий болчихно. Тэгээд аль нэг морины тоосонд орчихвол сэтгэл амгалан болчихдог юм.
-Та хамгийн сүүлд Дарьгангынхаа наадамд хэзээ очсон бэ?
-Очоогүй их уджээ. Хамгийн сүүлд 1995 онд очсон санагдаж байна.
-Таныг Италид очиж, мянгаад жилийн настай сүмд уран бүтээлийн “бясалгал”-д суугаад саяхан ирсэн гэж сонслоо. Ойрын үед манай утга зохиолд дорвитой зүйл сонсогдохгүй байсан. Тиймээс танаас их сайхан зүйл дуулах болов уу гэж бодож байна.
-Италийн яг төв дунд байх Чивителла хэмээх эртний шилтгээнд бүтээл хийж зургаан долоо хоног суугаад ирлээ. Эртнийхээ төрх байдлыг хадгалж үлдсэн тэр шилтгээнийг хойч үеийнхэн нь их сайхан хадгалж хамгаалж, тохижуулсан байна. “Чивителла Рэйнери” сан байгуулж, хорин жилийн өмнөөс дэлхий дахинд, ялангуяа уран бүтээлчдэд ээлтэй хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн юм билээ. Чивителла шилтгээнд зохиолч, зураач, хөгжмийн зохиолчдыг жилд гурван ээлжээр урьж аваачдаг юм байна. Энэ удаад Америк, Бразил, Иран, Энэтхэг, Тайланд, Франц, Эстони, Латви, Монголоос 14 уран бүтээлчийг урьсан. Хүн болгонд бүтээлийн онцлогт нь тохирсон урлангууд бэлтгэснээс гадна, номын сан, уулзалтын танхим, концертын студи, цэцэрлэгт талбай гээд ажиллах, амрах бүх л зүйлийг иж бүрэн шийдсэн байна. Шилтгээн нь уулын орой дээр, чимээ шуугианаас хол. Өглөөдөө түмэн шувуудын жиргээн, оройдоо нуга хөндий дагасан мэлхийн дуу, шөнө нь моддын мөчир сүлжин гэрлээ асаан нисэлдэх галт цох гээд үзэсгэлэнт сайхан орчинтой.
Үнэхээр л өөрийн чинь хэлснээр бясалгал буюу нямба дияаны аглаг гэхээр газар байна билээ. За тэгээд, түүх соёлын дурсгалт газруудаар долоо хоногт нэг удаа аялж байсан гээд яриад байвал урт түүх дэлгэх болно оо. Италичууд бол өвөг дээдсийнхээ бүтээсэн уран барилга, уран баримал, уран зураг тэргүүтэн урлагийн бүтээлийг үе дамжуулан хамгаалж, хайрлаж, сэргээж, түүгээрээ бахархаж амьдардаг ард түмэн юм байна. Өөрөөр хэлбэл, тэд бүхий л цаг үеийнхээ түүх, соёл, урлагтай цуг аж төрж байна. Урлаг нь өдөр тутмынх нь амьдралын хэв маягийг илэрхийлж, ахуй амьдрал нь тэр аяараа урлаг гэмээр аж төрдөг нь бахдалтай. Ийнхүү уран бүтээлчдийг эх орондоо аваачиж, аялуулж, бүтээл туурвил хийлгэж байгаа нь хүн төрөлхтний соёл урлаг дахь хөрөнгө оруулалт, буянт үйлс төдийгүй нэг талаар уран бүтээлчдээр дамжуулан бас улс орноо, түүх соёлоо дэлхий дахинд сурталчилж байна.

-Зардлыг нь хаанаас гаргах юм?
-“Чивителла Рэйнери” сан. Бас ЮНЕСКО дэмждэг гэсэн. Уг сан ч бас ивээн тэтгэгч нартай болчихсон юм билээ.
-Цаашид манайхан энэ сангийнхантай холбогдох боломж байх юм уу. Хариуд нь та нараас юу хүсэж байна вэ?
-Гуравхан болзол бидэнд тавьсан. Нэгд үгээрт, тэнд хийсэн уран бүтээлдээ Чивителлагийн нэрийг дурдах. Хоёрдугаарт, өөрийнхөө ямар нэгэн бүтээлээс сангийн хөмрөгт хандивлах. Гэхдээ хандивлахгүй ч байж болно гэсэн л дээ. Мэдээж, бүгд л бүтээлээсээ хандивласан. Би гэхэд гадаад хэлнээ гарсан найман ном, нэг каллиграфиа бэлэглэсэн. Хорин жилийн туршид цугларсан уран бүтээлийн маш баялаг сан хөмрөг тэнд цогцолж байна даа. Гуравдугаарт, Чивителла дахь аглагийн урланд суралцсанаа намтартаа заавал бичих. Ийм л гурван болзолтой.
-Тийм сайхан газарт очсон юм чинь уран бүтээлч хүний хувьд зохиол бүтээлийн шинэ санаа сэдэл төрсөн биз. Та ер нь ямар бодол тээж очсон бэ?
-Мэдээж би зорилготой очсон л доо. Бичиж буй романыхаа төгсгөлийн бүлэг дээр ажиллалаа. Намайг уран бичлэг оролддогийг судалж мэдээд, миний урланд бичгийн том ширээнээс гадна каллиграфи хийх боломж бүрдүүлж бэлдсэн байсан. Завсар чөлөөнд нь шүлэг ч бичлээ. Аглагт амар амгалан сууж юм бодох, урьд хожидыг тунгаах, алс хэтээ төлөвлөх гээд дотоод ертөнцөө анирлаж суухын жаргалыг эдэллээ гэх үү дээ. Зохиолч, зураач, хөгжмийн зохиолчид нэг баг болж нэгдэх нь харилцан суралцах, бүтээл туурвилынхаа онгод урмыг авах, урлагийн олон төрлийн найрсал бий болгох өвөрмөц хэлбэр юм билээ.
Уран бүтээлч болгонд хоёр ч удаа өөрийнхөө тухай танилцуулах цаг өгсөн. Эхнийх нь таван минутын хугацаатай. Би Монголынхоо үзэсгэлэнт байгаль, нүүдэлчин ахуй, түүх соёлыг танилцуулсан таван минутын дүрс бичлэг хийж очсоноо үзүүлсэн. Сарын дараа 30 минутын танилцуулга хийсэн. Шүлгээ л уншлаа. Англи, испани, франц хэлний орчуулгуудаа дэлгэцээр үзүүлээд, өөрөө монголоороо дуудсан. Тэнд манай багийнхнаас гадна бусад хотоос ч монгол яруу найргийг сонсоно гээд машин, автобус хөлөгл өөд хүмүүс ирсэн нь сайхан санагдаж байлаа. Би чинь шүлгээ тааруухан уншдаг хүн шүү дээ. Гэтэл тэд монгол хэл ямар гоё аялгуутай юм бэ гэцгээж, “гайхалтай” хэмээн нижигнэтэл алга ташиж шуугицгаасан шүү. Энэ бол миний мундагийнх биш л дээ. Монгол хэлний минь гайхамшиг, хөх тэнгэр уудам тал, од мичид нүүдэлчдийн сэтгэлгээ, түүний үнэт зүйлсийг бичсэн нь тэдэнд онцгой сэтгэгдэл төрүүлсэн байх. Нөгөө л миний ярих дуртай “яруу найргийн эрчим хүчний шидэт долгион” гэдэг тэр болов уу. Шүлгүүдийнхээ завсраар өөрийн хийсэн уран бичлэгүүдээ үзүүлсэн. Би ер нь хаа явсан газраа монгол бичгээрээ гайхуулах дуртай. Энэ удаа бол өнөөгийн дэлхий ертөнцөд танигдсан уран бүтээлчид, ялангуяа зураачид хэрхэн хүлээн авах бол гэж зовсхийж байлаа. Зураачид нь “монгол бичиг дүр дүрслэлийн хэллэг сайтай юм” гэж байсан бол хөгжмийн зохиолчид “монгол уран бичлэгээс аялгуу сонсогдож байна” гээд л дуу алдсан.
Бие биенийхээ урлангаар зочилно оо. Нэг өдөр Бразилийн хөгжмийн зохиолч Флэп Лара миний урланд саатаж суугаад монгол бичгээрээ “хөгжим” гэдэг үгийг бас “гал ус” гээд бичээд өгөөч гэлээ. Би ч бичээд өглөө. Уран бүтээлчид чинь сэтгэлийн хөөрөлтэй. “Гал ус” гэсэн энэ бичээсийг бие дээрээ шивүүлнэ гээд л баярлаж байна гэж жигтэйхэн. Нэг удаа оройн хоол хамт идэж суугаад “Маргааш орой танд нэг сюрприз барина аа” гэдэг юм байна. Юу юм бол л гэж бодлоо. Нью-Йоркийн их сургуульд багшилдаг тэр залуу Америкаас өнөө цагийн шилдэг хөгжимчин Клэйр Чэйсийг урьж авчраад, тоглолтоо зохион байгуулсан. Өөрийн уран бүтээлээ танилцуулах ажилд ямар их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байгаа биз. Тэр тоглолтынхоо төгсгөлд нөгөө “сюрпризээ” барьсан даа. Флэп Ларагийн хамгийн сүүлд хийсэн шинэ бүтээл нь “Бясалгал ба каллиграфи” гэдэг нэртэй. Тэрбээр энэ бүтээлээ сонсгохын өмнө “Монголын яруу найрагч Г.Мэнд-Оо ёод зориулж байна” хэмээгээд миний урланд зочилсон сэтгэгдлээ бяцхан түүх болгон яриад дараа нь лимбэчин бүсгүйг урьсан. Клэйр Чэйс ч үнэхээр дэлхийд үнэлэгдсэн хөгжимчин гэдгээ харуулж гайхамшигтай тоглосон. Тэгэхэд хүмүүс тэмдэглэлийн дэвтэртээ дурсгалын үг бичүүлж, “ийм бичиг үсэг хүн төрөлхтөнд байсан юм уу” гэцгээн гайхаж байлаа. Тавтайдаа ааваараа цасан дээр шилбүүрээр бичүүлж монгол бичгийн цагаан толгой заалгаж байсан минь, монгол бичгийнхээ төлөө амиа тавьж зүтгэсэн Шагж, Лувсанжав багш тэрг үүтэн мэргэдийн нөлөө тэрхэн агшинд дурсан санагдаж байлаа. Тиймээс төгсөлтийн үдэшлэг дээр зарим уран бүтээлчдийн санал болгосноор “Дэлхийн урлан-Чивителла шилтгээн дэх бүтээлч өдрүүд” гэсэн үгсийг монгол уран бичлэгээр бичээд, бүгдийнх нь гарын үсгийг зуруулан жаазлаад “Чивителла Рэйнэри” санд бэлэглэсэн. Нэг үгээр хэлбэл, монгол бичиг соёлоороо гайхуулж байгаад ирлээ.
-Явсан газрын сонин сайхнаасаа төр засаг, салбарын яамныханд дуулгаж амжсан уу. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэж их ярьдаг болсон манай оронд юуг нь хэрэгж үүлж болохоор санагдах юм?
-Чивителлад байхад бодогдсон нэг зүйл гэвэл, манай Монголд ч гэсэн нүүдэлчний амьдралын хэв маяг бүрдүүлсэн ийм урлан байгуулаад, дэлхийн алдартай уран бүтээлчдийг уривал тэд дуртай ирнэ дээ гэж. Тэгээд сайхан бүтээлүүд хийнэ. Монголыг дэлхийд танин мэдүүлэх хамгийн том сурталчилгаа тэр болно. Яагаад гэвэл тэдгээр уран бүтээлч сая сая уншигчидтай, үзэгч, сонсогчидтой. Бага зардлаар томоохон сурталчилгаа хийчих боломжтой юм байна. Ирснийхээ дараахан Ц.Оюунгэрэл сайдтай уулзаад, аяллынхаа тухай болон энэ санаагаа танилцуулсан. Сайд ч үүнийг уриалгахан хүлээн авч, аялал жуулчлалын мастер төлөвлөгөөндөө тусгана гэсэн. Уул уурхай бол хэзээ нэгэн цагт шавхагдаад дуусчихна. Харин манай Монголд давтагдашгүй, шавхагдашгүй нэг нөөц байна. Тэр бол нүүдэлчдийн өв соёл, мэдлэг ухаан дээр суурилсан соёлын аялал жуулчлалын ирээдүй. Үүний тулд язгуур өв соёлоо хадгалан хамгаалах, ард иргэдийнхээ уугуул мэдлэг ухааныг сэргээх, хөдөө рүү хандсан нэгдсэн том бодлого хэрэгтэй байна.
-Сүүлийн үед Ооёо ах роман руу нэлээд шимтэнгүй ороод байх шиг. Яруу найраг бичдэг хүн үргэлжилсэн үгийн хамгийн том хэлбэр рүү зоригтойгоор халдан довтолж байна уу даа гэж бодож сууна.
-Роман бичихсэн гэдэг бодол залуу байхад хааяа орж ирдэг л байсан. Гэхдээ залуу хүнд амьдралын туршлага, тэсвэр тэвчээр яалт ч үгүй дутдаг юм билээ. Ер нь Данзанравжаа хутагт л намайг роман руу татаад оруулчихлаа ш дээ (инээв). Хутагтынхаа тухай нэг юм бичье гэж бодсон минь “Гэгээнтэн” романыг төрүүлсэн. Тэр туршлагаараа ч гэх үү бас нэг роман эхлээд, одоо бараг дуусаж байгаа.
-Мэдээж тэр романы төгсгөлд Италийн алдарт мянган жилийн настай Чивителла сүмийн нэр бичигдэх нь ээ?
-Тэгэлгүй яах вэ. Заавал бичнэ.
-“Гэгээнтэн” романаа бичихдээ таныг Хамарын хийд рүү байн байн очиж, агуйд бясалгахын зэрэгцээ зөн совингоо чагнаж, ноён гэгээнтнээс ном туурвих “эрх” авсан тухай сонсоод сэтгэл хөдөлж байлаа. Цагаан сараар шинийн хоёронд намайг танд золгохоор очиход “Маргааш Хамарын хийд явлаа” гэж байсан. Тэгэхэд роман тань төгсөх их дөхсөн байсан байх аа даа? 

-Тийм л дээ. Тэнд очоод 14 хоног бясалгаж байхдаа “Гэгээнтэн” романыхаа төгсгөлийг бичиж дуусгасан юм. Номын мэргэдийн цэдэг тэргүүтнийг үзэж байхад “цамд суув” гэсэн үгс тааралддаг юм. “Цам” гэдэг нь “завсарлага” гэсэн үг л дээ. Олны үймээн шуугианаас ангид, өөрийнхөө бүтээл туурвилд хамаг анхаарлаа хандуулахыг хэлж байгаа хэрэг. “Гэгээнтэн” романыг бичиж байх үед Данзанравжаа хутагтын шавь нартаа зориулан өөрөө дүвлэсэн бясалгалын горимыг олж үзэх завшаан таарсан юм. “Аглаг дор суугч гэнэн сахилтан хийгээд гэргийтний нимгэн горим болой” гэсэн байдаг. Тэгэхээр цам, бясалгалд суух нь зөвхөн лам нарын хэрэг биш байжээ. Одоогийн Хамарын хийд орчим тэр аяараа бясалгалын орон болж байж. Ноёд ихэс, эгэл ардууд хүртэл хутагтын боловсруулсан тиг горимоор бясалгадаг байсан нь мэдэгддэг. Хамарын хийдийн аараг толгод, агуй хонгилуудад байгалийн эрчим хүчний их хуйлрал байгаа төдийгүй, оюуны их адистэдийн хур буусан орон юм. Хутагт өөрөө ч Хамарын хийд орчимдоо бараг бүтэн жил цам буюу бясалгалд байсан тухай намтартаа бичсэн нь бий.
Өндөр гэгээн Занабазар, Цахар гэвш Лувсанчүлтэм тэргүүт олон мэргэдийн намтарт цамд суусан тухай тэмдэглэсэн нь тааралдана. Хамгийн сонирхолтой нь бясалгалд байхдаа зохиосон гүр дууллууд нь онцгой сайхан болсон байдаг. Сая Чивителла шилтгээн дэх урланд ирсэн уран бүтээлчид ч мөн л бясалгалд төвлөрч байж бүтээл рүүгээ орж байхыг нүдээрээ харах завшаан таарлаа. Ер нь сэтгэлээ ариусгах, оюун санаагаа тунгалагшуулахын хамт орчин тойрноо гэрэл гэгээлэг байдлаар хүлээн авч, өөрийн сэтгэлийн хир толбыг арилгаж байж л, тийм эх булгаас сайн сайхан уран бүтээл ундарна гэж үздэг юм. Онгон зэрлэг уулнаас л ариун дагшин рашаан ундарна гэдэгтэй адил юм. Атгаг санаа, хорт сэдэл дотроо агуулдаг хүнээс сэтгэл ариусгах сайн бүтээл яагаад ч гарахгүй.
-Та биднийг зохиолч Юй Сигийн гайхамшигтай сайхан урлан, сүмд очоод ажиглаж байхад бясалгалд нэлээд цагаа зарцуулдаг юм шиг байсан. Харин манайд сансарлаг, бясалгалт байдалд шилжин орж байж үзэг, цаас нийлүүлдэг эрхэм чанар зохиолчдоос маань нүүр буруулаад байна уу гэж хааяа санагдах юм.
-Юй Си жилийн бүтэн зургаан сард нь аглагийн сүмдээ бясалгаад суучихдаг юм билээ. Үлдсэн хугацаанд нь аялж, уран бүтээлээ хэвлүүлэх, хүмүүстэй уулзаж ажил хэргээ явуулдаг шиг байсан. Бавуу! Чиний санаа зовниж байгаа зүйлийг би мэдэрч байна. Би ч мөн ялгаагүй, уран зохиол хэмээх тэнгэрлэг ертөнц дотор байгаа бол наанадаж нийгмийн дотор биеэ аятайхан авч явахаас эхлээд, дотоод сэтгэлээ буртаггүй байлгах ёстой биз дээ. Харамсалтай нь өнөөдөр нүүр улаймаар юм их байгаа нь нууц биш л дээ.
-Одоо хоёулаа “Сувдан сондор” хөтөлбөрийн талаар ярилцъя. Нэлээд хугацаанд завсарлаж байгаад өнгөрсөн жил томоохон бүрэлдэхүүнтэйгээр тал нутгаар аялсан танай хөтөлбөрийн талаар олон сайхан мэдээ дуулдаж л байлаа. Энэ жил дахиад аялна гэл үү?
-Наадмын дараагаар явна аа. 1990-ээд оны эхэн үед үүсгэсэн “Сувдан сондор” соёл, эрдэм шинжилгээний аялал маань долоон жил үргэлжлээд, санхүүгийн бэрхшээлээс болж тасраад байсан. Өнгөрсөн жил үүнийг сэргээсэн.
Гол зорилго нь Монгол орны өргөн уудам нутаг даяар тархан оршсон түүх, соёлын дурсгал, ардын билиг зүй, байгаль экологийн хадгалалт хамгаалалт ямар байгаа хийгээд түүний судалгаа шинжилгээ, хэтийн төлөвийг тодорхойлох судалгааг гүнзгийрүүлэх, санаа оноо дэвшүүлэх, төсөл хөтөлбөр боловсруулах явдал юм. Үүгээрээ асар уудам нутагтай манай оронд тэр болгон хүрч ажиллах хүчин мөхөсд өж буй төр засагтаа дэм болохын зэрэгцээ эрдэмтэн мэргэдээ судалгааны ажлаа хийхэд тусалж буй хэрэг юм. Эрдэм судалгааны хувьд гэвэл түүх соёлынхоо дурсгалыг шинжлэх ухааны олон салбарын уулзвар, судалгааны олон өнцгөөс шинжлэх боломж олгож байгаагаараа арга зүйн хувьд онцлог, шинэ хэлбэр гэж эрдэмтэд маань их баяртай байдаг. Өнгөрсөн зун Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Бүрдэнэ элснээс Данзанравжаа хутагтын үед дүвлэсэн цагийн хүрдний тахилын чулуун байгууламжийг олж анхны тигээр нь сэргээсэн. Дарьгангад шинээр хүн чулуун хөрөг олж нээсэн зэргийг дурдаж болох байна. Аялалд мөн зураач, хөгжмийн зохиолч зэрэг уран бүтээлчид оролцож байгаа. Дүрс бичлэг, гэрэл зураг, дуу бичлэг зэрэг судалгааны ач холбогдолтой томоохон сан хөмрөг бий болж байгаагийн зэрэгцээ телевизийн нэвтрүүлэг, гэрэл зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, ном товхимол зэрэг материал бэлтгэн гаргахын хамт Соёлын өвийн төвд болон орон нутагт нь мэдээллийн багц болгон өгч байгаа. Соёлын салбарт насаараа зүтгэсний хувьд өөрийнхөө мэдлэг туршлагыг нийгмийн сайн үйлсэд зориулж буй идэвх санаачилга л юм даа. Өнөө маргаашийн хоол хүнс, уул уурхай, барилга гэсээр байтал өв соёл минь устаж алга болсоор л байна шүү дээ. Соёлыг дэмждэг байгууллагууд бий болж байгаа нь сайшаалтай. Өнөө жилийн “Сувдан сондор”-ыг “Нүүдэлчин” групп ивээн тэтгэсэн. “Нью жуулчин турс” компани мөн дэмжин оролцож байна. Түүнчлэн ССАЖЯ, Монголын үндэсний музей, МҮОНРТ зэрэг олон газар нэгдэж байгаа.
-“Сувдан сондор”-ыг судалгаа, танин мэдэхүйн ач холбогдлоос нь илүүтэй шүлэг уншиж явсан газар орон бүртээ бороо оруулж, ган тайлж явдаг хөтөлбөр гэж хошигнон ярьцгаадаг даа. Яруу найрагчид олноороо чуулж шүлэг уншсан газар оронд бороо орж тэр байтугай ган тайлагддаг бас сонин шүү. Үгийн эрчим, дотоод увидас гэж нэг юм бий дээ?
-Оюун эрдэм, бичиг номын хүмүүс олноороо очиж ном хайлсан газар байгалийн таатай үзэгдл үүд болдог юм билээ. Тэр жил Завханд Явуухулан найрагчийн яруу найргийн өдрүүд болоход яалаа даа. Төв талбайд “Би хаана төрөө вэ” шүлэг эгшиглэж байх яг тэр торгон мөчид нартай шахам бороо шаагиж билээ. Ялангуяа “Аадар хур бороог эзэгнэнхэн төрлөө би” хэмээх бадган дээр бүр илүү асгарах шиг санагдсан. Ийм тохиолдол алийг тэр гэх вэ. Өнгөрсөн зун Дорноговийн Бүрдэнэ элсэнд Данзанравжаа хутагтын цагийн хүрдний тахилын байгууламжийг сэргээн босгочихоод амсхийж байтал Алтангэрэл тахилч сарыг заагаад “Тэрийг хар аа” гэж байна. Цөмөөрөө тэр зүг хартал дөнгөж сая бидний сэргээн босгосон тахилын чулуун дээрх сийлбэр буюу ланз А үсэг хэлбэртэй хэсэгхэн цагаан үүл сарны наана давхарлан саатсанаа сарнин алга болж билээ. Бид гайхан дуу алдаад үлдсэн дээ.
-2001 онд Австралийн Сидней хотноо болсон Яруу найрагчдын чуулган дээр “Яруу найргийн эрчим хүчний шидэт долгион” илтгэлээ тавихад тань маш олон яруу найрагч сонирхон таныг болон Монголыг өөрсдөдөө нээсэн тухай сонсож байсан. Сүүлд илтгэлийг тань олж, шимтэн уншсан. Монгол яруу найраг дахь эрчимт долгион хүн төрөлхтний үнэт зүйлс болоод явчихаж байна аа даа.
-Яруу найргаар хэлбэржсэн, сэтгэл зүрх, онгодоор авшиглагдсан үгсийн эрчимлэг долгионы тухай би 2000 оны үеэс ярьж эхэлсэн. Онгон байгалийн хад чулуу, өвс ургамал, агаар амьсгалд оршиж буй долгион “мембрам”-ыг үгийн шидээр доргион сэрээхэд хариу эрчим хүч гарган цочроож байгаа хэрэг юм. Хүний дууны хөвч, хэлний дуу авианы долгион нь сэтгэл зүрхний догдлолын хүчээр идэвхжин байгаль дахь эрчим хүчтэй ижил давтамжаар нэгдэх үед байгалийн таатай үзэгдэл болох бороо орох гэх мэт чанарын хувьсалд шилждэг бололтой юм билээ. Байгалийн таатай эрчим хуйларсан газарт шүтлэг тахилга байх нь бий. Гэтэл хязгааргүй цаг хугацааны хаа нэгтэй болж өнгөрсөн янз бүрийн үзэгдэл, үйл явдлуудаас хамаараад сөрөг эрчмийн хуйлралтай болсон газар ч байдаг. Тийм газраас хүн амьтан цэрвэж чөтгөрийн гүйдэлтэй гэх зэргээр ярьдаг шүү дээ. Тэр нь янз бүрийн дүр байдлаар зүүдэнд, заримдаа нүдэнд үзэгдэж болно. Тухайлбал, Данзанравжаа хутагт Хамарын хийдээ байгуулж байх үед лам нар нь элдэв хий үзэгдэл үзэх, галзуурах гэх мэт цөв гараад байсан гэдэг. Энэ үед дөнгөж 19 настай байсан Данзанравжаа хутагт Дамдинянсан бурхны догшин дүрд буусан байна. Үлэмж догшин тэр буултын үеэр Өвөр Хамарын орны тэнгэрийг номхтгож эрхшээлдээ хураасан энэ явдлыг хутагт өөрийн намтартаа маш тодорхой бичиж үлдээсэн байдаг. Үүнийг энгийнээр хэлбэл, уул усанд буй сөрөг эрчмүүдийн хуйлралыг үг хэллэг, ая дан сахиусын буултын эрчмээр эерүүлэн найрсуулж зохилдуулж байгаа явдал юм.
Үг гэдэг сайн ч эрчимтэй, бас саар ч эрчимтэй. Сүүлийн бараг хориод жил шар хэвлэлүүдээр хов жив, гүтгэлэг, хар бараан үгс дүүрсэн нь ад мөрийг дагуулснаас бус сайн юм авчраагүй байх. “Сөрөг муу үгс тулам дүүрэхэд үр дүн нь гамшиг болдог” гэсэн үг бий. Мэдээллийн орон зайд үүрлэсэн сөрөг үгсийн хуйлралын үр дүн нь энэ цаг үед манай монголчуудыг их л муу амлах, хүний мууд дурлах, хов живээр хооллодог болгочихож. Нийгмийн гамшиг гэхээр оюуны энэ бохирдол дээр дөрөөлж бусдыг гутаан доромжилж нэр ашиг олох гэсэн хүмүүс бас дагаад бий болчихсон бололтой. Муу зүйлд донтох нь бараг өвчин болж, хар бараан мэдээллээр таашаал авагч нийгмийн тэр хэсгүүдэд сонингоо борлуулж подхийтэл ашиг олсон хүн ч нэлээд бий. Муу амлаж, сөрөг муу мэдээлэл цуглуулахаар гэтэж суудаг тэр хүмүүст мөнгө л олж байвал монгол хүн, монгол хэл бузартах нь юу ч биш. Ийм бизнесийн давалгаанд тархиа угаалгаж, оюун санаа нь хиртсэн нийгмийг ариусгах илааршуулахад утга зохиол, ялангуяа яруу найраг их чухал үүрэгтэй гэж боддог. “Үгээр үхүүлснийг өвчиж болдоггүй, амаар алсныг ачиж болдоггүй” гэдэг айхавтар үг шүү. “Үг бол сум” ч гэж үг бий. Бидний цөөхөн монголчууд бие биеэ үгээр барьж идэхгүй, амаар алахгүй, хов живээр хооллохгүй байх тийм гэрэл гэгээг уран бүтээлчид л бий болгох үүрэгтэй.
-Үгийн ид шид гэснээс туульсыг долоо хоногоор бүр бүтэн сараар хайлж байхдаа туульч нь онго сахиус хүлэглээд явчихаж байгаа юм шиг зарим үед жингүйдэж хэд гурван өдөр чухам ямар үгтэй, ямар ая дантай хайлснаа ч эргээд санадаггүй байсан тухай өвгөдөөс сонсож байлаа. Тууль хайлсан нутаг хошуунд муу юм ирдэггүй, жилээ даадаг байсан ч гэдэг. Үгийн шидэт долгионыг бидний монголчууд тэгэхээр эртнээс эзэмшиж ирсэн баримт энэ мөн өө дөө.
-Дунд сургуульд байхад говийн ерөөлч Гэлэгбалсангийн “Тэнгэрээс хур бороо гуйсан шүлэглэл”-ийг уншиж, тэр шүлгээ дуудаад удалгүй үүлгүй тэнгэрээс бороо орж, ган тайлсан тухай домог сонсож байсан минь яруу найргийн ертөнцөд амьдарч үг дэнслэх болсон үеэс миний итгэл үнэмшил болтлоо хөгжсөн хэрэг. 2001 онд Сиднейд намайг яруу найргийн эрчим хүчний тухай илтгэлээ тавьсны дараа чамгүй шуугисан. Японы утга зохиол судлаач Мита Ёо “Яруу найраг ертөнцийн гэрэл гэгээ” гэсэн шүүмж бичиж тэндхийн утга зохиолын сэтгүүлд нийтэлсэн. Тэр хүн “Японы хэлний экологи Эдогийн үе хүртэл байсан, одоо харин зөвхөн багаж хэрэгсэл төдий л болж дээ” гэж өөрийн хэлнийхээ тухай эмзэглэн бичсэн байна лээ. Бас Бельгийн Ловайн их сургуулийн профессор Ши Чаоин Тайваньд илтгэл тавьсан. Грекийн Такис, Энэтхэгийн Нираж Кумар, Унгарын Имрэ гээд утга зохиол судлаач, орчуулагч хүмүүс миний тэр сэдвийг дэмжин хүлээн авч бичицгээсэн дээ. Манайд ч яруу найргийн эрчим, долгион гэх үгнүүд үүнээс хойш утга зохиолын ертөнцөд хэлэгдэх болсон нь анзаарагддаг.
Монгол тууль ч тэр, бөөгийн онгодоор ирж буй буулт, хутагт гэгээнтнүүдийн бясалгалд ургасан гүр дууллууд ч тэр, аль нь ч үгийн шидэт долгион юм. Энэ бүхэн яалт ч үгүй хүн төрөлхтний соёлын үнэт зүйлс мөн. Би үүнийг л монгол соёл, уугуул мэдлэг ухааны үнэт зүйлсийнх нь хувьд дэлхийд гаргаж ирье гэж бодсон юм. Яагаад гэвэл өнөөгийн дэлхий нийтийн хэлнүүдээс манай монгол хэл дотоод амь, эрчим хүчээ гээгээгүй, тарнилаг шидэт чанараараа байгаа ганц нь гэж хэлэхэд буруудахгүй болов уу.

-Гурван жилийн өмнө Тайваньд болсон яруу найрагчдын чуулганы үеэр Хятадын алдарт яруу найрагч Лү Фү “Яруу найрагчид минь хүн чанараас л зугтаж болохгүй шүү. Орчлон ертөнцөө тогтоон барих өөр оосор бүч хүн төрөлхтөнд үлдсэнгүй...” гэсэн утгатай үг хэлж байсныг санаж байна. Яруу найраг бол хүн төрөлхтний оршихуйн дотоод тэнхлэг нь биш байгаа.
-Тийм ээ. Яруу найраг хэдийгээр маш цөөхөн хүний уншдаг хэрэглээ мэт байгаа боловч, хүн төрөлхтөн дэлхий ертөнцөөс алдагдан арилж болзошгүй байгаа оршихуйн хамгийн нарийн торгон утсыг тогтоон барьж буй тэр зүйл юм. Яруу найргийнх нь судсыг барихад тухайн улс үндэстний дархлаа ямар байгаа нь мэдэгдэнэ дээ.
-Монголчууд эрт цагаас хүүхдийн заяа төөргийг гурван сарын турш зурж, нягталж байж гаргадаг байсан тухай сонин дэлгэж байна билээ. Удам судар нь, аав ээж нь үр хүүхдээ төрөхөөс нь эхлээд ингэж санаа тавьдаг байж. Бид чинь нэг ийм л соёл, заншлын эзэд юм байна. Уламжлал гэхээр сонин ойлголтоор хүлээж авдаг мэргэд олон болсон цаг. Бидний үнэт зүйл юу юм бэ. Тэр хаана байна гэдгийг боддог, мэддэг байх нь зөв гэж бодох юм. Хүүхдийг 13 нас хүртэл нь адуу битгий хариулуул. Ааш нь эвдэрчихнэ, хонь хариулуул гэдэг аж төрөхүй дотор өссөн болохоор өөрийн эрхгүй ёс заншил, жудаг энэ тэр гэж эмзэглэж явах юм.
-Би бол хээр талдаа тоонот гэрт төрж, нэхий өлгийд өлгийдүүлж, уураг сүүл хөхөж өсөөд, ишиг хургатай наадаж, хурдан морь унаж, худгаас ховоо татаж малаа услаад нүүдлийн замд хүн хөлөг болсон жинхэнэ язгуурын нүүдэлч малчин ахуй амьдралын оргил үеийн хөдөөний хүүхэд. Ер нь хүний ургаж цэцэглэж байх үе л сэтгэлд нь хамгийн тод үлддэг юм шиг. Би түүнээ л бичдэг. Намайг аав минь хуурын аялгуугаараа хөглөсөн. Тэр л хөг миний яруу найргийн хэм хэмнэлийг эрхшээдэг. Тэгээд л би хөдөө нутаг нүүдэлчдийг бичдэг, зохиол маань монгол байдаг.
Одоо цагт нүүдэлчдийн уламжлалт ахуй асар хурдтай хувьсан өөрчлөгдөж, уламжлалт ёс жудаг, байгаль дэлхийтэйгээ гүн шүтэлцсэн ардын мэдлэг ухаан улам бүр бүдгэрэн баларч байна. Энэхүү тасарч буй утасны сүүлчийн учгийг нь ч хамаагүй торгоож үлдээе гэсэн эмзэглэл намайг уг сэдэвтэй уяж холбосоор байдаг. Зарим нь намайг хуучинтайгаа зууралдлаа гэдэг л юм. Гэхдээ би ч бас залуудаа янз бүрийн моод хөөцөлдөн бичиж үзэж л байлаа. Болох л юм билээ. Гэтэл яагаад би монгол ухаан, монгол ёс заншил, монгол нүүдэлчдийн соёлыг бичих болов. Тэдгээрийн үнэт зүйлсийг уран зохиолын дотор хадгалж үлдээх гэсэн миний зөн совин өөрөө намайг хөтөлсөн хэрэг. Онгон байгальд маань, уул усанд маань, хээр хөдөөгүүр тархан оршсон хүн чулуу, булш бунхан, хад чулуунд сийлсэн тамганд өвгөд дээдсийн ой санамж сэрүүнээрээ байгаа юм. Магадгүй өөрийн чинь түрүүчийн нэг асуултандаа дурдсан нөгөө их хөлгөн туульс, ерөөл магтаал, сан тахилгын яруу найраг чинь уул усандаа оршиж, үе үе ой санамжаа сэргээн бидэнтэй холбогддог юм шиг санагддаг. Нутаг ус, уугуул соёлтойгоо шүтэлцэхийн нууцлаг хүч энд байгаа юм. Өвөг дээдсээсээ уг язгуураараа өвлөн аваад, өөрөө түүнээ тээж яваа бол уран зохиол, зураг хөгжим, ном судалгаа ямар ч хэлбэрээр болов хойч үедээ дамжуулан өгөх үүрэгтэй. Монголчууд бид төрөлх зөн совингоо чагнаж амьдрах ёстой.
Уржнан зун би Японы Киорицү их сургуульд каллиграфийн үзэсгэлэн гаргаад, бяцхан лекц уншсан. Манай бурханч лам Г.Пүрэвбат Японы Фүкүшимад болсон аймшигт цүнамигийн дараа монголчуудын газар хөдлөхийг шинжих мэдлэгийн тухай бичсэн номыг авч явснаасаа жишээ авч ярьсан л даа. Уг нь үүлний дүрс, усны давалгаа, амьтны өгсөн дохиог мартаагүй байсан бол гамшиг болох шинж тэмдэг хоёр долоо хоногийн өмнөөс танигдаад байсан юм билээ. Гэтэл тэр өндөр хөгжсөн орны нарийн багаж 15 минутын өмнө л мэдсэн шүү дээ. Зөн совин буюу уугуул мэдлэгээ чагнахын учир энэ. Их сургуулийн захирал хэлэхдээ “Япон улс энэ хэт их хурдтай хөгжилдөө тоормос хийх хэрэгтэй болоод байна” гэж байсан. Тэгэхэд манай элчин сайд С.Хүрэлбаатар тэнд сонсоод сууж байсан даа. Өөр нэг профессор 2050 он гэхэд манай дэлхийн түлшний нөөц дуусна. Тиймээс шавхагддаггүй эрчим хүч буюу нар, салхи болон ургамал амьтны, тэр ч бүү хэл, хүний энергийг хүртэл хэрэглэх тухайд ярьж байв. Дэлхийд буй нөөцийг нь сороод дуусчихвал дэлхий хэврэгших тухай яриа тэр оройжин өрнөсөн. Тэгэхээр монголчууд бидний ирээдүйд итгэх итгэл Оюутолгой биш оюунлаг монгол хүний толгой юм. Монголчуудын баялаг газар доорхоосоо илүүтэй гавал дотроо бий. Байгалиа цэвэр тунгалгаар нь хадгалбал уул усны ой санамж амьд байна, ард түмнийхээ сэтгэл зүрх, оюун санааг цэвэр ариун байлгавал монгол үндэстэн өнө удаан оршино гэсэн санаа үүнээс урган гарч ирж байгаа юм.
-Улс үндэстнийхээ ой санамжинд байгаа үнэт зүйлсийг цагийг нь олж сэрээж, сэргээж өгнө гэдэг чухал зүйл гэж ойлгодог. Түүхээ таньж мэдэх, соёл заншлаа дээдлэх чиглэлээр авч хэрэгж үүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал санаачилга, бодлогыг талархан дэмждэг. Зөвхөн Хүннү гүрнээ л гэхэд бид сая л тодорхой хэмжээгээр таньж мэдлээ шүү дээ. Гэтэл өнөөдөр биднээс хавьгүй дээр өөрсдийгөө “Хүн” угсаатан гэж үздэг 300 сая хүн энэ дэлхий дээр аж төрдөг байх жишээтэй л байна шүү дээ.
-Ер нь миний ажигласнаар хүн төрөлхтөн уламжлалаа дурсан санагалзах байдал хүчтэй мэдрэгдэх боллоо. Филиппиний нэгэн алдартай кино найруулагч Кидлат Тахимик Уугуул мэдлэг ухаанаа тээгчдийн форум гэж зохион байгуулдаг юм байна лээ. Түүнийг нь Ерөнхийлөгчөөсөө эхлээд Засгийн газар нь хүртэл дэмжиж жил бүр төсөв баталж өгдөг гэсэн. Багуа хотноо 2012 онд зохион байгуулсан форумд нь би оролцохдоо бас л бяцхан уран бичлэгийн үзэсгэлэнтэй очиж монголчуудын дэлхий ээжээ хамгаалах уламжлалт соёлын тухай илтгэл тавьсан. Филиппиний арлын овог аймгуудын төлөөлөгчид, Америкийн индианчууд, Японы айнү, Австралийн аборгеничүүд хүрэлцэн ирсэн байсан. Намайг Монголоос урьсан шалтгаан нь малчин язгууртай зохиолч, нүүдэлчин ахуй, ардын ёс заншил, уламжлалыг бичдэг нь тэдний анхаарлыг татсан гэсэн. Ер нь хүн төрөлхтөн ирээдүй рүүгээ улам бүр хурдалсаар байна. Хэт хурдлах тусам язгуур мэдлэг ухааныхаа олон үнэт зүйлсийг хөгжлийн тоосондоо гээсээр байгаа юм байна. Иймд орхисон түүхийнхээ алс руу эргэн зорчиж, ой санамж, зөн совин дахь мартагдсан эрхэм чухал зүйлсээ өөрийн цаг үед буцааж авчрах тухайд уугуул соёлоо хадгалан буй орнууд ялангуяа хүн төрөлхтнийг сэргээх хэрэгтэй тухай их ярьцгаасан даа.
Бид болохоор нүүдэлч малчдын ахуйд үлдэж хоцроод буй иймэрхүү зүйлээ нэг бол хоцрогдсон гэж үзээд, эсвэл ач холбогдол өгөхгүй, тэртээ тэргүй мэддэг гэж боддог. Магадгүй бидний анзаарахаа байсан, тоохоо больсон тэр зүйлс гаднынхны нүдэнд бол ер бусын гайхалтай мэдлэг ухаан, өв соёл болж харагддаг юм шиг байна. Өөрсдөөс нь алга болсон зүйлсээ эндээс тэд олж хардаг. Гэтэл бид ямар үнэт зүйл тээж яваагаа анзаардаггүй, тэгсээр яваад он цагийн салхинд хийсгээд тоосон дундаа хаячихдаг. Одоо улам бүр цөөрсөөр байгаа нүүдэлчдийн соёл, малчдын тухайд Монголын хөдөө рүү чиглэсэн төрийн дорвитой бодлого хэрэгтэй байна. Устахад ч амархан, сэргэхэд ч амархан яг тийм л торгон ирмэг дээр ирээд байгаа соёл бол манай нүүдэлчдийнх. Ерээд онд дахин сэргэсэн түүх соёл, өв уламжлал, язгуур мэдлэг ухаан руугаа чиглэсэн манай ард түмний өөдрөг, романтик үе хаашаа алга болчихов гэмээр нам гүм байгаа. Ахиад нэг сэрээн дуудсан үйл явдал үгүйлэгдэж байх шиг. Ер нь нүүдэлчдийн соёл руу хандсан нэг л хувьсгалтай тэнцэх том үйлс хэрэгтэй болоод байна.
“Нэг их баяр ёслолын байдалтай цугласан хэрнээ нээлтийн туузаа хайчилчихаар хэдэн тийшээ салаад явчихдаг албархаг хүмүүс биш дээ. Хэдүүлээ яриагаа аажуу тайвуу эхэлнэ шүү” гэсэн Ооёо ахын үг хууль тул чамгүй урт хугацаанд үргэлжилсэн ярилцлагын дараа Бавуу найрагч түүнтэй хамт цай, кофе уухаар гарч, би ажилтай гэдгээ учирлаад үлдсэн юм.

 Тэмдэглэсэн Л.ГАНЧИМЭГ




No comments:

Post a Comment