Thursday, April 30, 2009

Он цагийн агсам хүлэг минь амаа булаан...

Түрүүхэн л үүгээр давхиж өнгөрсөн юмсан,
Түүх гээд очтол нугын цэцэг хагдарчихаж,
Удаагүй л санагдана, уулын өвгөнтэй танилцсан юмсан,
Уулзах гээд иртэл Шамбалдаа заларчихаж,

Хэрлэн мөрөн саяхан л саваа халин мэлтэлзэж байсан,
Хэдэн уул даваад иртэл, мөсөн баринтагтай болчихож,
Хөлчүү шүлэгч Нямсүрэнгий хөх өвс хөшилдөөд
Хөөрхий түүнийг дээгүүр хөндөлдөөд нойрсчихож,

Өөрийн минь үеийн намуун уянга дуулдахтай үгүйтэй
Өөөр цагийн төмөрмөг аялгуу, чихний хэнгрэг дэлдвэй
“Гол ус намуухан урсах”-ын гэгээн аглагт
Гал тойрон шөнөжин дуулсан минь даанч тоотой.

Хөл нүцгэн таанын цэцгэн дундуур дэрвэх
Хөвгүүн нас минь түүхийн балар луу гүйж явна.
Он цагийн агсам хүлэг минь амаа булаан одсоор ахуйд
Орчлонд бүх юм болоод өнгөрчихөж.

Хамаг нандин бүхэн минь тэртээх мананд бүрэлзэнэ.
Халин дэвэх галуудын цуваа гуниглангуй ганганана.
Хойшоогоо буцдаггүй цагийн хүлгээ яалтай
Хаашаагаа ингэж ер нь амаа булаан одно вэ?

2006.

No comments:

Post a Comment