Өрлөг ээж минь байвал өнөөдөр 100
сүүдэр зэрэгцэх байжээ. Дарьгангын хээр талд ээж минь наян хаврын яргуй
нүдлэхийг харсан юм. Дарьгангын бүгдийн тэргүүн Цэвэг вангийн төрсөн ах,
сүргийн галай ла Гүнсэнгийнд 1914 онд мэндэлж 16 настайдаа хохь тайж
Дугарсүрэнгийнд бэр буусан гэдэг бөгөөд өрхийн тэргүүн нь хожмын их хуурч 15
настай Гомбожав бөлгөө. 18-тайдаа охин төрүүлж Цэвэлмаа хэмээх нэр хайрласан нь
намайг төрүүлсэн ээж болой. Дараа нь 1945 оны чөлөөлөх дайны хөлд сүйдсэн Өвөрмонголын
нэгэн сүмийн нуранги дотроос өнчирч үлдсэн 7 настай хүүг үрчилж өсгөсөн нь
миний ах Цэнд болой. Миний ээж Цэвэлмаа Намжилын Лувсантай гэрлэж, удалгүй
намайг хэвлийдээ тээгээд төрхөмдөө буцаж ирсэнд би төрсөн юм. Ийнхүү голомтын
зээ би бээр нагац Гомбожав, Хундай хоёрын алган дээр бөмбөрч хүн хүлэг болсон
бөлгөө. Энэ тухай цухас дурдаад, хожим дэлгэх намтар зохиолдоо бусдыг үлдээж,
бас ээжийнхээ 100 жилд нэгэн шинэ бүтээл амлаад, хамгийн сүүлд ээждээ зориулсан
“Яруу найрагчийн ээж буюу Гэтэлгэгч эхийн сүм” хэмээх эсээгээ уншигчдадаа толилуулж байна. Энэ эсээ
Онгон элснийхээ өвөрт ээжийгээ нутаглуулж байх мөчид анд найз Л.Мягмарсүрэнгийн
минь ивээлээр монголын радиогоор дуурсаж байв. Бас анд О.Дашбалбарын ивээл дор
“Зохист аялгуу” сонинд “Хэн ээждээ хайртай бол тэр үүнийг уншигтун” гэсэн
малгайтайгаар нийтлэгдэж байв.
Зохиогч
Морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн найман