Friday, October 11, 2013

“Гурван зуун шүлэгт”-ийн бүтээлүүдээс хүргэж байна



http://art.news.mn/content/158720.shtml

Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ хэмээх нэртэй шинэ антологи худалдаанд гарч, соёлт уншигчдын номын санд байраа эзлээд байна.

Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцолж буй бөгөөд өрнө дорнын шилдэг яруу найраг эн тэнцүү орсноороо онцлогтой аж.

Ингээд “Гурван зуун шүлэгт” антологи-оос орчуулгын бүтээлүүдийг хүргэж байна.



Вээд - ээс НТӨ ХХ зуун
Вээд нийтийн тооллын өмнөх хоёрдугаар мянган жилээс уламжлан туурвин цогцлоосон хүмүүний амин сүнсний гэгээрэл хийгээд  үнэний бурханлаг чанарыг агуулсан хамгийн эртний шүлэг, утга зохиол, гүн ухаан, шашин, шинжлэх ухааны уг сурвалж юм. Эртний Вээдийн шастирт үгүүлснээр Бурхан Кришнагийн оюунлаг мөн чанарыг хүртэж дотоод эрчим хүчийг олсноор тэнгэрийн жаргалыг олох арга замыг заан айлдсан ажгуу. Вээдийн судраас үндэслэж “Махаабаарата”, “Раамаяна” хэмээх агуу туульсын бүтээлүүд зохиогджээ. Орчлон ертөнцийн ухамсарт тэмүүлэл хэзээ анх үүссэн, тэр цаг үед Вээд үүссэн гэж бичсэн байх нь тааралдана. Вээд гэдэг бол “мэдлэг” хэмээсэн утгатай үг. Аричууд Энэтхэгийн Инд мөрний хөндийд ирж, Энэтхэг-Ари үндэстний шинэ соёл иргэншил бий болсон цаг үеэс Энэтхэгийн соёл дахин сэргэж яруу найраг, ёс заншил, гүн ухаан, дотоод ертөнцийн үлэмж баян сан хөмрөгийг агуулсан хүн төрөлхтний түүх соёлын хамгийн эртний утга зохиол цогцолсон юм. Их арш Вьяасагийн найруулсан “Махаабхаарата” туульсын хэсэг болох “Бхагавата-гийта” дахь яруу найргаас нь төлөөлөл болгон хүн төрөлхтний яруу найргийн ууган дурсгалынх нь хувьд Вээдээс цөөн шадыг толилуулбай.

***

Ухаант дээдэс гэдэг маань
Угаасаа миний урьдах дүр юм
Мэргэн ухаан, итгэл сүжиг нь
Миний зүрхнээ бат оршсон юм.

орчуулсан Ж.Гэндэндарам


Хүннү дуу  НТӨ II зуун

Хүннү гүрэн хүчирхэгжин мандаж ахуй цагтаа үлэмж их соёлыг цогцлоож буй болгосны ул мөр нүүдэлчдийн төрт улс хийгээд овог аймгуудын ахуй амьдралаар уламжлагдан өнөө үед хүрч ирсний дотор цөөн дуу шүлэг тэмдэглэгдэн үлджээ. Хүннүгийн үеэс хэд хэдэн дуу шүлэг уламжлан ирсний нэг нь НТӨ 129,121 онуудад болсон хоёр удаагийн их тулалдаанд Хүннү гүрэн Килэн уул (Тэнгэр уул)Яньжи уулыг Хан улсад алдсан гунигт түүхээс үүдэлтэй зохиогдсон юм. Энэ дууг анх их түүхч Г.Сүхбаатар орчуулсан бөгөөд орчуулгын хэд хэдэн хубилбар буй. Энэ удаа хятадач Я.Ганбаатарын орчуулгыг сонгов.

Тансаг сайхан Килэн уулаан алдаад би
Таван хошуу мал минь өсөхөөн болив.
Тэнгэрийн хаяанд сүүмэлзэх
Тэртээх ууландаа яаж хүрэх билээ?

Өнөр баялаг Яньжи уулаан алдаад би
Үзэсгэлэнт хатад минь өнгө зүсээ алдав.
Ямархан нутгийн зосоор одоо
Яаж шүү хатад минь хацараа гоодох билээ?

орчуулсан Я.Ганбаатар

Рудаки  858-941

Перс хэлт уран зохиолд Рудаки хэмээх нэрийг ихэд эрхэмлэн дуудах болой. Түүний залуугийн шүлгүүд нь ордныхонд шижир алтаар үнэлэгдэж асан гэдэг билээ. Рудаки Арарат нутгаас олзлогдсон үзэсгэлэнт боол бүсгүйтэй холбоотой байсныхаа төлөө, сангийн нэгэн сайдыг “цатгаландаа бүү галзуур, цагаа болохоор чи ч өлсөнө” гэж шүлэглэн дайрсныхаа төлөө нүдээ сохлуулан хөөгдсөн гэх домогтой. Нүдгүй болсон найрагч зовлон бэрхийг ханатал амсч нэгэн шавийнхаа ачаар төрөлх Рудак тосгондоо эргэн иржээ. Тэрбээр тууль, газээл, рубай, магтаал гунигийн дуулал зэрэг мянга орчим шүлэг, “Камила Димна хоёр”, “Синдбадын ном” хэмээх хоёр том найраглал туурвижээ.

***

Шанхны чинь сайхан үнэрийг үнэрлээд ч ханашгүй нь
Шагнаач дээ, намайгаа мэлрэгийн уяхан уруулаараа
Гишгэж өнгөрсөн элсний чинь ширхэг бүрд нь мөргөе
Гэгээн өлмийн тоосноос магнайдаан адис авья
Бэлзэгний чинь хээний мөр нь хүрсэн болгоныг
Бичиг захиа шиг үнсэж, аминаас харам энрхийлье
Ганцхан өдөр л хэрвээ биенд чинь шүргэж чадаагүй бол
Гараан тас цавчуулнаа, тэр гунигт өдөр нь
Уран шүлгээ аялаач гэж цэнгэхийг хүсэгч олон ч
Уянга дуундаан ганцхан л чамайг дуулсаар дүүрье.

орчуулсан С.Дулам

Канэко Мисүзү 1903-1929

Японы нэрт бүсгүй яруу найрагч Канэко Мисүзү загасчны тосгонд төрж, хорин долоохон жил хорвоод амьдрахдаа зовлон гуниг, үхэл хагацал бүхнийг үзжээ. Хорин настайгаасаа шүлэг бичиж яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд “од” болон гарч ирэв. Богино хугацаанд түүний шүлгүүд нийтлэгдэж Японы өнцөг булан бүрээс захидал талархал ирж яруу найргийн “гүнж” хэмээн алдаршиж байсан ч нөгөө талд амьдралын зовлон бэрхэд байнга нэрвэгдэж нөхөр нь түүнийг шүлэг зохиох, захиа бичихийг ч хориглож байв. Тийн цэл залуухан 27 настай яруу найрагч “энэ шөнийн саран ямар тунгалаг, ямар гэгээн, ямар анир гүм юм бэ? Яг л миний зүрх сэтгэл шиг анир юм гээч” гэсэн эцсийн үгээ үлдээгээд амиа хорложээ. Төрсөн дүүд нь түүний 512 шүлгийн гар бичмэл хадгалагдан үлдэж нас барснаас нь хагас зууны дараа “Амилсан гүнж” болон дахин од мэт цойлон гарч иржээ. С.Хишигсүрэн япон хэлнээс орчуулж номыг нь Монголд хэвлүүлжээ.


Зөгий ба бурхан

Зөгий нь цэцгэн дотроо
Цэцэг нь хашаан дотроо
Хашаа нь газар дотроо
Газар нь хот дотроо
Хот нь Япон дотроо
Япон нь ертөнц дотроо
Ертөнц нь бурхан дотроо
Тэгээд, тэгээд бурхан нь
Жижигхээн! зөгийн дотроо

орчуулсан С.Хишисүрэн


Эмили Дикинсон 1830-1886

Америкийн нэрт яруу найрагч Эмили Дикинсон Массачүсетсийн Эмхерст хотод төрсөн. Түүний шүлгүүд амьд байхад нь олонд хүрсэнгүй. Харин нас барахад нь гэрээс нь 40 дэвтэр 1800 гаруй шүлэг олдсон байна. 1955 онд хэвлэгдсэн “Эмили Дикинсоны шүлгүүд” бол түүний яруу найргийг бүрэн эхээр нь, засаж өөрчлөөгүй хэвлэсэн анхны ном болно. Түүнээс хойш Америкт төдийгүй, утга зохиолын соёлт ертөнцөд Эмили Дикинсоны яруу найраг танигдан алдаршжээ.

Ангаж цангахаараа л бид
усны үнийг мэддэг


Ангаж цангахаараа л бид усны үнийг мэддэг.
Алс далайд гарахаараа л эх газрaa санадаг.
Aз жаргалыг бид үхэл дуудахад л анзаардаг
Амар амьдрахын чухлыг тулааны талбарт л мэдэрдэг.
Өнгөрсөн дурсамжаасаа бид хайрыг oлж ухаардаг
Өвөл болж аниргүй нөмрөхөд шувуудыг бид үгүйлдэг.

орчуулсан Ц.Оюундарь

No comments:

Post a Comment