Saturday, October 19, 2013

"Өөрийн эгшиг" шүлгээ 2010 онд гаргасан "Зөөлөн ай" цомогтоо уншсаныг минь дүрслүүлжээ

http://www.youtube.com/watch?v=YA-MqZyJK94&feature=youtu.be



ӨӨРИЙН ЭГШИГ

Хээр тал минь үес үесхэн чагнархана
Хэн нэгнийг хүлээж, хэзээх цагийг анирлана
Гэрэл сүүдэр хоёр уулзаад хагацахын зуурханд
Гэтэлгэгч аялгууг хүлээж гэнэ гэнэхэн шүүрс алдана.

Тандаа намайг ирэхийн таатай нэгэн мөчлөгт
Талын уяхан эгшиг ингэ буйлж байсан,
Хэцийн салхин шувуудын жиргээг над руу илгээсэн
Хээр талын хамгийн зөөлөн аялгуунд би мэндэлсэн.

Өвгөн буурал талынхаа уя туяхан ургамал, би
Өвс бүхний шилбэнд салхин үлээж лимбэдэхэд
Үүрийн бялзуухай өглөөн удиртгал дуулж жиргэхэд
Үүлэн хөшигний цаанаас миний хүлэг янцгаахад

Friday, October 11, 2013

“Гурван зуун шүлэгт”-ийн бүтээлүүдээс хүргэж байна



http://art.news.mn/content/158720.shtml

Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ хэмээх нэртэй шинэ антологи худалдаанд гарч, соёлт уншигчдын номын санд байраа эзлээд байна.

Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцолж буй бөгөөд өрнө дорнын шилдэг яруу найраг эн тэнцүү орсноороо онцлогтой аж.

Ингээд “Гурван зуун шүлэгт” антологи-оос орчуулгын бүтээлүүдийг хүргэж байна.



Вээд - ээс НТӨ ХХ зуун
Вээд нийтийн тооллын өмнөх хоёрдугаар мянган жилээс уламжлан туурвин цогцлоосон хүмүүний амин сүнсний гэгээрэл хийгээд  үнэний бурханлаг чанарыг агуулсан хамгийн эртний шүлэг, утга зохиол, гүн ухаан, шашин, шинжлэх ухааны уг сурвалж юм. Эртний Вээдийн шастирт үгүүлснээр Бурхан Кришнагийн оюунлаг мөн чанарыг хүртэж дотоод эрчим хүчийг олсноор тэнгэрийн жаргалыг олох арга замыг заан айлдсан ажгуу. Вээдийн судраас үндэслэж “Махаабаарата”, “Раамаяна” хэмээх агуу туульсын бүтээлүүд зохиогджээ. Орчлон ертөнцийн ухамсарт тэмүүлэл хэзээ анх үүссэн, тэр цаг үед Вээд үүссэн гэж бичсэн байх нь тааралдана. Вээд гэдэг бол “мэдлэг” хэмээсэн утгатай үг. Аричууд Энэтхэгийн Инд мөрний хөндийд ирж, Энэтхэг-Ари үндэстний шинэ соёл иргэншил бий болсон цаг үеэс Энэтхэгийн соёл дахин сэргэж яруу найраг, ёс заншил, гүн ухаан, дотоод ертөнцийн үлэмж баян сан хөмрөгийг агуулсан хүн төрөлхтний түүх соёлын хамгийн эртний утга зохиол цогцолсон юм. Их арш Вьяасагийн найруулсан “Махаабхаарата” туульсын хэсэг болох “Бхагавата-гийта” дахь яруу найргаас нь төлөөлөл болгон хүн төрөлхтний яруу найргийн ууган дурсгалынх нь хувьд Вээдээс цөөн шадыг толилуулбай.

***

Ухаант дээдэс гэдэг маань
Угаасаа миний урьдах дүр юм
Мэргэн ухаан, итгэл сүжиг нь
Миний зүрхнээ бат оршсон юм.

орчуулсан Ж.Гэндэндарам