Sunday, February 24, 2013

ЗУУН ЗУУНЫ ХҮЛЭЭЛТ




А.Очирболдын баримал "Зуун зууны хүлээлт" photo by G.Mend-Ooyo



Юм бүхэн юу нэгнийг хүлээнэ. Мэлмий хурцалж хараагаа сунган хүлээнэ. Чихээ сортойлгож анирлан хүлээнэ. Алсаас юу нэгэн торойх. Үл сонсогдох чимээ. Орчлон бүгд тэнд төвлөрчээ. Анир гүм.
Саяхан нээгдсэн дөрвөн залуугийн уран бүтээлийн үзэсгэлэн дэх “Зуун зууны хүлээлт” хэмээх хүрлээр урласан уран барималын дэргэд би зогсож байна.
photo by G.Mend-Ooyo
Хүлэг морь. Хүлэг гэж ажнай. Хур дэл нь намиран унжиж, газар унхиалах ажнайн чих сортосхийн, ямар нэгэнд төвлөрчээ. Тэгш сайхан ташаан дээр нь байх ирвэс бас л яг тэр чигт бүхий л шөрмөсөө хөвчлөн онилжээ. Эмээлийн бүүрэг тушаа ирвэсийн нэг хөл. Дүүлэн харайхын өмнөхөн биеэ хураах агшин. Энэ бол уран барималч А.Очирболдын бүтээлийн харагдах байдал. Харин үл харагдах орон зайд, үзэгчийн дотоод оршихуйд дүр болоод сэтгэлгээнүүд урган буух аж. Ойролцоо нь баатар эр нумаа эвшээлгэж, сумаа хөвчлөн байгаагаар сэтгэлд дүрслэгдэнэ. Хүлэг морь болоод хүчит ирвэсийн дүүлэн одох гэж төвлөрч буй ан юмуу яг тэр цэг дээр баатар эрийн анхаарал, харц, сонор бүх юм төвлөрч, онилсон нум чивчирэн өдөн гилбэрт сум нь дүүлэн нисэхэд бэлэн байгаа. Сум исгэрэхэд ирвэс дүүлнэ. Ирвэс дүүлэхэд баатар эр хүлэг мориндоо харайн мордоно. Хүлээх агшин тайлагдан, ертөнц өөр хэм хэмнэлд шилжих болно.
Ийм сонор соргог агшин бүрийг зуун зуун жил хүлээх бөгөөд, басхүү агшин бүр оньсоос тайлагдан дараагийн шинэ хэмнэлд шилжих боловч, дахин их хүлээлтийн өмнө тулах нь хорвоогийн жам буюу.
Бидний цөөхөн Монголчуудын билиг оюун сэрж, бийрийн үзүүр чивчирчээ. Туйлын эрхэмсэг, хурууны үзүүр шүргэвэл хиртэм тийм ариухан нандин энэ бүтээлийг би юутай зүйрлэхээ эс мэднэм. Зүйрлэшгүй нэгэн их эрч хүч, гэгээн мэдрэмж судас бүхнээр лугшин байснаа л сананам. Агуу их Микэланжелогийн суут Давидын дэргэд нэг ховсдуулан догдолсноо санаж байна. Суу билигт Занабазарын бүтээлүүдийн дэргэд ер бусын долгис шидэнд ховсдуулан өөр орон зайд шилждэгээ дурснам.
Яг бидний цаг үе бол бүтээх туурвих эрин бололтой. Энэ залуугийн бүтээлийг зуун зуунаар адислагдсан суут туурвилуудын зиндаанд тавих гэсэн санаа бусаа. Яагаад ч юм, тийм суу гайхамшигийг бүтээх билиг авьяас эрч хүч монгол уран бүтээлчдаас мэдрэгдээд байгааг л хэлэх гэсэн совин минь энэ бөлгөө. Монгол төр эдэндээ итгээд томоохон захиалга өгөөсэй. Монголын хөрөнгөтөнүүд ч гэсэн хорь гучин жилийн настай том том байшингийнхаа оронд зуун болоод мянганд хүрч улам үнэд орох томоохон бүтээл туурвилууд буй болгоход хөрөнгөө оруулаасай.
Агуу их хаадын он жилүүд судар шастиртайгаа цуг шарлаж, өвөр зуураа эрх мэдлийн төлөө тэмцэлдэн хүчин чадал сульдаад харь Манжийн эрхшээлд гурван зуун жил бөгтийж, хойд хөршийн хормой доор жижгэрч явсан “зуун зуунд” монголчуудын эрдэм билгүүн, авьяас онгод чухамхүү сэргэн чивчирэх энэ цагийг л хүлээж байсан бус уу.
Авьяаслаг уран барималч Аюурзанын Очирболдын “Зуун зууны хүлээлт” хэмээх бүтээлийн дэргэд хөшсөн бийр минь гэнэт ийн ивэлвэй. Авьяас билгүүн дүү нар минь ар араасаа төрөх суу гайхамшигт бүтээлүүдийг чинь хүлээж байя даа. Билгийн гэрэл цацартугай.
2013.01.13
Г.Мэнд-Ооёо

No comments:

Post a Comment