Өдгөө би түмэн оньсого, мянган сүлжээ
Үлэмж нь далайдаа живсэн мөсөн уул
Оюун сэтгэл, зүрхнийхээ гүнд далдмал
Онгод бадраах эх орныхоо сүлдэнд нуугдмал
Байгаль эхийн гоо сайханд би оршном
Барагдашгүй бялхах уянга нь намайг нээнэм
Одон ертөнц, түмэн бодис намайг нээнэм
Одох, ирэх цаг хугацаа намайг нээнэм
Элсэн ширхгийн есөн өнгө намайг нээнэм
Эрхэс гарагийн ураг холбох дохио намайг нээнэм
Найз нөхдийн дуу хуур намайг нээнэм
Нарны гэрэл, түүний толбо намайг нээнэм
Түмний дундаас ширтэх харц намайг нээнэм
Түүнд би яаж хандахаас өөрийгөө нээнэм
Мөчөөрхөл атаархлын хорон үгс намайг нээнэм
Миний үзэн ядахуйн шуурга салхин намайг нээнэм
Их Нацагдорж найргаараа намайг нээнэм
Эрдэмт өвгөдийн мэргэн сургаал намайг нээнэм
Нулимс бөмбөрүүлсэн хонгор өдрүүд намайг нээнэм
Нууцыг хадгалсан шөнийн харанхуй намайг нээнэм
Зүрхний минь айзам хөг намайг нээнэм
Зүүдний минь зөн мөрөөдөл намайг нээнэм
Энэ биений тасархай үр хүүхэд намайг нээнэм
Ирээгүй, үзээгүй, мэдээгүй бүхэн намайг нээнэм
Өнөөг хүртэлх хорвоон түүх намайг бүтээж нээнэм
Өнөө миний амьдрал тэмцэл өөрийгөө тодруулж нээнэм
Ая дуу,найраг шүлэг минь намайг бүтээж нээнэм
Ардынхаа сэтгэлд хүрч чадвал өөрийгөө илчилж нээнэм
Амьдарсаны минь утгын цэг намайг нээнэм
Алсын замд үдэгсэд тэр өдөр намайг нээнэм
Эргэн тойрон ургах цэцэгс намайг нээнэм
Эргэж авчрах хожмын дуртгал намайг нээнэм
Орчлон ертөнц надад найрсан нуугднам
Оюун сэтгэл, зүрхний минь гүнд нуугднам
Юм бүхэн, мөч бүхэн намайг нээнэм
Ертөнц надаар дамжин өөрийгөө нээнэм
1980 он
No comments:
Post a Comment