Thursday, January 7, 2010

Уулсын дүрийг тайлахуй

Уулс гүн бодолд дарагдан дүнсийж
Униар будан дунд сүүмэлзэн мануурна
Урьд өмнийн түүх шаштираа санан эмзэглэв үү
Урт урт салхиар гэнэ гэнэ шүүрс алдана

Хөнгөн зуурын гунигаас тасарсан нулимс уу
Хөх хөх дусал навчис дээр гялтайна
Уйтгараа тайлж манан будангаа хөөж
Ухаалаг дөлгөөн болоод уулс намайг ажна.

Моддын үзүүр үл мэдэг ганхасхийхэд
Норсон мөчрөөс тэнгэрийн нулимс под под унана
Арилсан мананы усан бургидас агаарт сацрахад
Алтан үзүүртэй наран бийр өнгө бүрийг түрхэнэ

Нарны туяаг утас шиг сүлжсэн бороон сэмдэс
Намбалаг уулсынхаа бор ногоон дээлэнд учиг шингээнэ
Өнгийн цэцгийг янз янзаар алаглуулан
Өлмий биедээ хивсний хээ нэхнэ

Наян хэлний шувуудаа мөчир болгонд томилж
Намуун аястай жигүүртний чуулгыг дэглэнэ
Өнгө эгшиг бүхэн нь эрхэмсэг найрсуу болоод
Өвс, чулуу болгон нь утга уянга хэлхэнэ

Хүүгийн минь эрх хонгор дууг уулс чагнаж
Хүрэн улаан хадандаа соронзон бичлэг хийнэ
Хөлгөн их уулсын баяслын айзмаар донгодох
Хөхөөн дуу их хангайн ятга чавхдас юм заа

Ганцхан ширхэг гандсан шар навч нь ч
Газар дэлхийн амьдралын зуун түүх ярих
Буянт их уулсынхаа ухаалаг гүн бодлыг
Буурал хорвоогийн нэгээхэн агшинд тааж ядна…

Үй түмэн танил хөх ногоон өвсөн дунд
Үзэж таниагүй шинэ цэцэг ургажээ та минь!
Өвгөн уулсын бодолд мянган жил бойжоод
Өнөөдөр биеэ олсон уран туурвил мөн үү?

No comments:

Post a Comment